| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0057/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0049 |
| Огноо | 2015-02-05 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0057/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000919 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /РД:***/,
Шүүгдэгч ***нь согтуугаар 2014 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоот гэртээ эхнэр ***г бусадтай хардаж, модон сандлаар цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн маргаан болж үүний улмаас эхнэрээ сандлаар толгой, хөлд нь зодсон бусад зүйлийн санахгүй байна....” гэх мэдүүлэг.
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчим гэртээ эхнэртэйгээ байж байгаад эхнэр ***г *** гэдэг залуутай хардаад зодчихсон юм. Яагаад хардсан бэ гэвэл тэр явдлаас хэд хоногийн өмнө би хадам аавтай 2 хоногоор явсан. Тэр хооронд *** гэдэг залуу манайд ирээд хонож өнжсөн байсныг хүнээс сонсоод мэдсэн. Тэгээд уурлаад хэрүүл болоод уурандаа зодсон юм. Тэр үед бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 34-37 дугаар хуудас/
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө манай нөхөр ***найз ***гийн хамт нэг шил архи хувааж уучихаад гараад явсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн орчим буцаж орж ирээд надад хандаж чи гадуур гарч уурын зуух дээр очиж, *** хоёртой уулзсан байна. Чамайг би алаад хаячихъя гэж хэлээд модон жижиг сандал аваад намайг цохиж зодсон юм. Тухайн үед би хүүхдийнхээ хамт газар хэвтэж байсан. Тухайн үед би ***эд хандаж болиочээ гэж хэлэхэд миний үгийг сонсолгүй намайг зодож байгаад гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг /хэгийн 16,17 дугаар хуудас/,
2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1417 дугаартай шинжээчийн:
1. ***гийн биед толгой, дух, чих, зовхинд оёдолтой. Зовхи хөмсөг, уруулд язарсан, гарын тохой, шуу, өвдөг, шилбэ, ууц нуруу, бүсэлхий өгзөг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. ГЗТЖ-н 2-3-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эрүүл мэнд, эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 22-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
• Шүүгдэгч ***нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гэртээ эхнэр ***г бусадтай хардаж, модон сандлаар цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч ***гийн: “...***найз ***гийн хамт нэг шил архи хувааж уучихаад гараад явсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн орчим буцаж орж ирээд надад хандаж чи гадуур гарч уурын зуух дээр очиж, *** хоёртой уулзсан байна. Чамайг би алаад хаячихъя гэж хэлээд модон жижиг сандал аваад намайг цохиж зодсон юм. Тухайн үед би хүүхдийнхээ хамт газар хэвтэж байсан. Тухайн үед би ***эд хандаж болиочээ гэж хэлэхэд миний үгийг сонсолгүй намайг зодож байгаад гэрээс гараад явсан....” гэх /хэргийн 16-17 дах тал/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн хохирогчид учирсан гэмтлийн талаар хийсэн дүгнэлт /хэргийн 22 дах тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст бүртгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** нь шүүхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн пивор сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***эд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***эд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ