| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/00629/И |
| Дугаар | 101/ШШ2020/02366 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/02366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ТЯ регистрийн дугаартай, Дорнод аймаг, **** тоотод оршин суух Чонод овогт Ня н Бр,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЖЙ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух Дагнагад овогт Ж н Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүргийн **** давхарт байрлах ПХХК-нд холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г*******гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ж.Г тус компанид 2014 оноос 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн албанд хамгаалагчаар ажиллаж байгаад 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 19/21-173 дугаартай ПЕкомпанийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Мөн надаас гадна нэр бүхий 6 хүний хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. Тухайн албанд хамгаалагчийн орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хамгаалагчийн ажлын байр үгүй болоогүй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж байсан ажил, албан тушаалд нь гэрээт ажилтан авч ажиллуулж байна. Орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын бүтцээс хамаарч тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог уг ажлын байранд адил чиг үүргийн гэрээт ажилтнууд буюу П******* ХХК нь Т******* ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулж, Ж.Г*******гыг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо нь хассан нь үндэслэлгүй байгаа тул ажлаас халсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. ПЕХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-173 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн Ж.Г*******гыг хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н.Брын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Н.Бр нь тус компанид 2013 оноос ажилласан. Дорнод аймгийн Халх гол сум П******* ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн албанд хамгаалагчаар ажиллаж байгаад 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 19/21-172 дугаартай ПЕкомпанийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан Мөн нэр бүхий 6 хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Энэ тухай Н.Брт мэдэгдээгүй бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байхыг шаарддаг. Гэтэл бичгийн хэлбэрээр мэдэгдэж баталгаажуулсан зүйл огт байхгүй. Тухайн албанд хамгаалагчийн орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хамгаалагчийн ажлын байр үгүй болоогүй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж байсан ажил, албан тушаалд нь гэрээт ажилтан авч ажиллуулж байна. Орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын бүтцээс хамаарч тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог уг ажлын байранд адил чиг үүргийн гэрээт ажилтнууд буюу П******* ХХК нь Т******* ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулж, Н.Брыг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо нь хассан нь үндэслэлгүй байгаа тул ажлаас халсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. ПЕХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн Н.Брыг хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-17 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэсэн гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.18 дахь заалт хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудыг тус тус үндэс Петро чайна дачин тамсаг компанийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын ХАБЭАБО-ны хэлтсийн хамгаалагч Ж.Г, Н.Б******* нарыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тусгасан болно. Мөн Ж.Г, Н.Бр нарт Хөдөлмөрийн дотоод журмын дагуу 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл гардуулж танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог. Энэ тохиолдолд урьдчилан мэдэгдэж, тэтгэмж олгодог бөгөөд манай байгууллагын хувьд Хөдөлмөрийн хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд түүний ажилласан сүүлийн 3 сарын хугацаатай дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу олгохоор шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ПЕХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-172, 19/21-173 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Ж.Г, Н.Бр нарыг хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нар нь ПХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зохицуулсан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02015, 01955 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нарын хариуцагч ПХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /х.х-ийн 11, 132-133 дахь талд/
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нар нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын талаарх гомдлыг хуульд заасан нэг сарын дотор шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж тэдгээрийг ажлаас чөлөөлсөн ПХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-172, 19/21-173 дугаартай тушаалууд нь хууль бус гэж, ПХХК нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх болсон талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, зохих тэтгэмжийг олгосон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Ажил олгогч ПХХК нь нэхэмжлэгч Н.Брыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14/5 дугаар тушаалаар, нэхэмжлэгч Ж.Г*******гыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/21-45 дугаар тушаалаар тус тус компанийн 21 дүгээр үйлдвэрлэлийн баазын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хамгаалагчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 63, 66-78,188, 190-202 дахь талд/
ПХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-172, 19/21-173 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн Н.Бр, Ж.Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тус компанийн 21 дүгээр үйлдвэрлэлийн баазын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлөсөн байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 27, 165 дахь талд/
Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж зохицуулсан.
Хуульд зааснаар ажил олгогч нь нэг ажилтны орон тоо хасагдсан эсхүл тухайн ажилтны тоог цөөрүүлсэн эсхүл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд түүнд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд харин аж ахуйн нэгж эсхүл салбар, нэгж татан буугдсаны улмаас 2 буюу түүнээс дээш ажилтныг ажлаас чөлөөлөх бол ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээ хийх журамтай байна.
Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар гэдгийг Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дэх хэсэгт зохицуулснаар ойлгох бөгөөд харин хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтын бүтцэд хамаарах газар, хэлтэс, тасаг, албадыг тухайн хуулийн этгээдийн нэгжид хамааруулж ойлгоно.
Хариуцагч ПХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/85 тоот тушаалаар батлагдсан 2019 оны орон тооны бүтцээр Тамсаг 21 дүгээр талбайн захирлын удирдлагад олборлолтын хэлтэс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, захиргаа, аж ахуйн хэлтэс, техникийн хэлтэс болон нэгдсэн байгууламжийн Та-2 хэлтсүүд тус тус харьяалагдаж байсан байх ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн бүтцэд хамгаалагчийн орон тоонд 8 ажилтан байхаар тусгасныг тус компанийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19/21-68 дугаар тушаалаар 21 дүгээр талбайн бүтэц зохион байгуулалтыг батлахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн бүтэц дэх хамгаалагчийн 8 ажилтны орон тоог хассан байна /х.х-ийн 54-55 дахь талд/
Тус үндэслэлээр хамгаалагчийн ажилтнуудыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Тамсаг 21 дүгээр талбай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийг татан буулгаагүй, ажилтны орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь, хариуцагч нь хамгаалагчийн ажилтнуудын харьяалагдах компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийг татан буулгаагүй боловч уг хэлтэст харьяалагдаж байсан өөр чиг үүрэг бүхий нэгжийг татан буулгасан гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан ПХХК-ийн хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн чиг үүргээс өөр ажил үүргийг гүйцэтгэж байсан байна. /х.х-ийн 57-62 дахь талд/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бус харин ажил олгогч компанийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, ажилтны цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг хянах чиг үүрэг бүхий ажилтнууд байна.
Дээрхээс үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн бүтэц дэх хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ПХХК нь нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г болон хамт ажиллаж байсан бусад 5 хамгаалагчийн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгч улмаар тэдгээрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дэх хэсэгт заасан 45 хоногийн өмнө мэдэгдэх журмыг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 243-244 дэх талд.
Түүнчлэн, хариуцагч ПХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилтнуудыг бөөнөөр нь халах гэж байгааг үл зөвшөөрч, хэлэлцээ хийх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч энэ талаар зохих хариуг өгөлгүй ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. /х.х-ийн 233 дахь талд.
Дурдсан үндэслэлүүдээр, ажил олгогч ПХХК нь ажилтан Н.Бр, Ж.Г нарыг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарыг өмнө эрхэлж байсан ПХХК-ийн 21 дүгээр үйлдвэрлэлийн баазын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжилсэн.
Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч нарын ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс олговрыг дараах байдлаар тооцов.
Нэхэмжлэгч Н.Брын хувьд 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 1,758,901 төгрөг байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 123 хоног буюу /79,950.4х123/=9,833,855 төгрөг, нэхэмжлэгч Ж.Г*******гын хувьд 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 1,734,555 төгрөг байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 123 хоног буюу /78,843х123/=9,697,743 төгрөгийг тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ПХХК нь Н.Бр, Ж.Г нарт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хариуцагч ПХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/21-172, 19/21-173 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаал нь хууль бус гэж шийдвэрлэсэн тул тухайн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г нарыг ПХХК-ийн 21 дүгээр үйлдвэрлэлийн баазын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ПХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч Н.Брт 9,833,855 төгрөг, нэхэмжлэгч Ж.Гд 9,697,743 төгрөгийг тус тус олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бр, Ж.Г болон хариуцагч ПХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг харицагч ПХХК-нд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ПХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,607 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ