| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0064/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0053 |
| Огноо | 2015-02-11 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2015/0064/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Г.Уянга,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Хохирогч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000798 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***, 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан Политехникийн коллежийн цахилгаан техникчийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, ээж, аав, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн, ***, 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн хүнсний удирдлагын 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол Улсын иргэн, ***, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “***” ХХК-д агрономич ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 18-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны урд байх замын хажууд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 18-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны урд байх замын хажууд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа биед нь хөнгөн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 18-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны урд байх замын хажууд иргэн ***, Б.*** нарыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам ноцтой зөрчин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим хээтэй хороолол 4.4-р байрны Парадайсын урд замаар бид нар машинтай уулзвар луу ороод буцаад гарахдаа тэнд пиво уух гээд зогссон. Замаас нилээн зайтай 2 машин зогсож байсан. Тухайн үед хүн бууж ирж байгааг анзаараагүй, би машиныхаа урд талын цонхыг онгойлгосон чинь ахын дүү нар яагаад байгаа юм бэ өдөөд байгаа юм уу, яах гээд байгаа гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад цонхоо хаасан тэгээд *** машинаас эхлээд буусан, дараа нь хэсэг байж байгаад би буусан чинь тэр залуу надтай барилцаж авсан. Би тэр ахыг 1 цохисон, тэгээд доошоо тонгойгоод зодуулаад машины хаалга хүртэл чирж явсан. Намайг зодуулж байхад *** миний хажууд ирсэн байсан. Тэгээд намайг тэр буланд суу гэж хэлсэн, сууж байтал *** хүрч ирээд намайг босгоод одоо ахын дүү нар яв гэж хэлсэн. Тэгээд би явах гээд машиндаа суух гэтэл ***ын шүд хугарсан байна гэж орилоод та нарыг явуулахгүй цагдаа дууд гэсэн тэгээд явах гэтэл цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Соната-5 ***улсын дугаартай машинтай явж байсан. Хээтэйд хүүхэдтэй уулзах гэж байгаад болиод пивоо уугаад байж байтал урд нэг аксент ирээд зогссон. Тэгээд би машинаас буугаад очиход хажууд өндөр залуу ирээд намайг цохисон тэгэхээр нь би доош нь дараад 2-3 удаа өшиглөөд байж байхад хажуугаас нэг нь ирээд намайг үстээд аваад явсан. Тэгээд цэнхэр хашааны тэнд аваачаад наанаа өвдөглөж суугаад уучлалт гуй гэхээр нь би үгүй гэж хэлэхэд намайг хэд өшиглөсөн тэгээд *** ах суу гэж хэлсэн тэгэхээр нь би за за гээд суусан. Өвдөглөөд сууж байхад араас нэг нь өшиглөхөд би газар хэвтсэн удалгүй цагдаагийн машин ирсэн тэгээд би машиндаа суусан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 18-нд 23 цагийн үед бид нар Сатурн баарнаас гараад хажуу талын дэлгүүрээс нь ойр зуурын идэж уух юм аваад хөдөлсөн. Тэгээд Монгол Банкны уулзвараар явж байтал нэг машин шахаад гарын салаавч өгсөн. Тухайн үед би хойно сууж байсан учраас хүнтэй муудалцаад яахав чигээрээ явья гээд Монгол банкаар явах гэснээ болиод Хараа зочид буудлын урд замаар буюу голоор ороод компортын тэнд явж байтал тэр машин ахиж гарч ирээд шахсанаа түрүүлээд явсан. Тэгээд бид нар Парадайсын тэнд түрүүлж очоод зогсож байсан. Гэтэл тэр машин дахин орж ирж шахсанаа Парадайсын үзүүрээс салаад буцаж ирээд зогсоод *** эхлээд буугаад араас нь *** очсон. Би машин дотор тэд нарыг хараад сууж байтал *** доошоо тонгойгоод цустайгаа холилдсон байсан тэгээ би машинаас бууж очоод ***, *** хоёрыг 4-5 залуучуудтай маргалдаад нэг нэгнийгээ цохиж байхаар нь ***, *** хоёрыг салгах гэтэл *** намайг цохисон. Тэгээд би одоо зодолдохоо болио гээд ***, *** хоёрыг
салгах гэтэл *** гартаа чулуу барьсан, *** намайг цохих гэхээр нь би ***ыг үстээд доошоо суулгасан. Ийм зүйл болсон” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид нар Сатурнаас гараад найзыгаа гаргаж өгөх гээд дэлгүүрээс ойр зуурын юм авч уусан байсан. Тэгээд машинтайгаа явж байтал нэг машинаас салаавч гаргасан тэгээд хол замд явах гэж байж хүнтэй маргаад яахав гэж хэлсэн. Тэгээд Хараагийн голоор гараад хээтэйгийн урд зогсоод эхлээд *** машинаас буугаад дараа нь би бууж очсон. Бид нар зодолдсон. Энэ зодооны улмаас бид нар сайхан ах дүүс болсон. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугар сарын 18-ны өдөр найз нартайгаа яриад бид нар Сатурн бааранд ороод 1 шил архи уусан. Тэндээс гараад ***ийг хүргэж өгөх гээд явж байхад манай эхнэр залгаад хүүхэд уйлаад байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр шахаад байхаар нь энэ хүүхдүүд андуураад байх шиг байна гэж хэлээд машины руу дөхөж байхад тэр машины жолоочийн хажуу талын суудалнаас *** бууж ирсэн. Тэгээд би ахын дүү нар хүн андуураад байгаа юм уу яагаад байгаа юм бэ? гэхэд шууд цохиж авсан. тэгээд би доошоо хараад хамраас цус гарсан. Тэгээд *** ирсэн. Тэгээд зодолдож байхад *** ирээд зодолдож яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Миний хамраас цус гараад би цусаа цасаар арчаад байж байтал *** миний шүд унчихлаа гэхээр нь гэрэл тусгаад харсан чинь үүдэн шүд нь унасан байсан. Тэгээд цагдаа дуудаарай гэхээр нь би машинаас бууж цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө машинтай залуучууд хүрч ирээд ахын дүү нар өдөөд байгаа юм уу гээд жолооч талын хаалга руу өшиглөсөн чинь ард сууж байсан *** машинаас буугаад тэр хэдтэй маргалдсан юм. Миний хажууд сууж байсан Ерөөлт, *** араас гарсан...тэгээд нэг нь намайг хавсарч унагаах гэж оролдохоор нь би доошоо тонгойгоод байж байсан чинь *** гэх залуу над дээр хүрч ирээд намайг татаж босгож ирээд заамдаад чирээд явсан...хашааны үүдэнд очоод нүүр рүү нэг удаа мөргөөд цохьсон. Үүний дараа буцаж ирээд намайг чирч явж байтал машинаас *** гарч ирсэн чинь *** гэх залуу ***ыг нэг удаа цохиод нэг удаа нүүр рүү нь мөргөчихсөн чинь *** буцаад цаашаа явчихсан. Тэгээд *** намайг хашааны булан хүртэл чирч авч явж байгаад хашааны буланд намайг суу гэхээр нь би өвдөглөөд суусан чинь цаанаас *** хүрээд ирсэн чинь ***ыг доошоо суу гэж хэлсэн. *** доошоо суухгүй байсан. Би тэгээд ***ыг доошоо суу гээд суулгасан. Тэгтэл *** гэдэг залуу хүрч ирээд одоо боль боль эндээс яв гэж хэлэхээр нь би машиндаа суугаад машинаа хөдөлгөх гэсэн чинь урд нэг залуу ирж зогсоод Ганбаагийн шүд уначихсан байна гэж орилоод байсан” гэх мэдүүлэг /хэргийн 100, 115 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл хэдэн залуучууд гарч ирээд буугаад ир гэж орилоод машины хаалга өшиглөөд байхаар нь би машинаас түрүүлж буугаад та нар яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний хажуугаас нэг залуу заамдаад машины хаалга руу түлхэхээр нь би урд байсан нэг залуугийн нүүр рүү нь гараараа зангидаж байгаад цохисон юм. Тэгээд би доошоо хараад суусан чинь намайг чирээд машины ард тал руу гаргахаар нь би босоод хажууд байсан цэнхэр өнгийн хашаа руу зугтаасан чинь миний араас 2-3 залуу хүрч ирээд намайг бариад авсан. Тэр үед хажууд байсан цэнхэр өнгийн хашаанаас нэг нохой гарч ирээд дайрсан чинь салцгаасан. Тэгээд тэр нохой цаашаа явсан чинь нэг туранхай залуу ирээд намайг цохих гээд байхаар нь би хөлнөөс нь зуураад байж байсан чинь нэг залуу хүрч ирээд миний үснээс үсдээд зүүн хөлөөрөө өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хэргийн 105, 117 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед би машины арын суудал дээр сууж байсан, нэг харсан чинь хар өнгийн жижиг машинаас 5 залуу гараад ирчихсэн ***, *** 2-той маргалдаж байх шиг болохоор нь би машинаас буугаад очсон чинь ***ын хамарнаас цус гарчихсан намайг сая цохичихлоо гэж сууж байсан. ***ыг мөн газар унагаачихсан зодож байхаар нь би хар машины жолооч ***, *** нарыг болиоч гэж түлхээд ***ыг босгож авсан. *** гэх намхан залуу нь намайг 1 удаа өшиглөж, нэг удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд ***ы нүүр рүү гараараа цохичихоод үснээс нь зулгааж доош нь тонгойлгосон” гэх мэдүүлэг /хэргийн 110-113 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 18-ний өдөр найз ***ийг галт тэргэнд суулгаж өгөх гээд төмөр зам руу явж байхад гэрлэн дохион дээр хажуугаар хар өнгийн машин шахаж орж ирээд арын цонхоор нэг залуу салаавч гаргасан...*** түрүүлж буугаад очсон чинь өөдөөс нь жижигхэн биетэй залуу гарч ирээд тэр 2 хоорондоо маргалдаад ***ын нүүрэн тус газар гараараа цохисон чинь *** зөрүүлээд гараараа цохисон. Цохих үед би машинаас буусан юм. Би машинаас буугаад салгах гээд очсон чинь нөгөө машинаас цуг явж байсан залуучууд бууж ирсэн. Мөн тэр үед миний сууж явсан машинаас ***, *** нар бууж ирсэн. Тухайн хар өнгийн машиныг жолоодож явсан сэгсгэр үстэй залуу бууж ирээд миний нүүр орчимд гараараа цохиход би тэр залуугийн араас тэврээд авсан юм. Тэгтэл над дээр *** хүрч ирээд бид 2-ыг салгасан. *** тэр залуутай маргалдсан. Би цаашаа явж машин дээр очиж дээд талаараа өмсөж байсан куртикээ тайлаад эргээд харахад зодоон болж байсан. ***ын хамарнаас цус гарчихсан байхаар нь *** дээр очих гээд явж байсан чинь би хальтраад хашааны буланд уначихсан юм. Би газар унахдаа доошоо харж унасан болохоор дээшээ босох гээд байж байтал дээшээ харж амжаагүй байтал нэг нь хүрч ирээд миний ам хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Ам руугаа өшиглүүлснээс болж миний дээд талын нэг шүд хугарч, доод талын 4 шүд хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг банди бууж ирээд шууд миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь би хамраа дараад буцаад эргэсэн...намхан нуруутай, туранхай биетэй, үсээ дээшээ боосон, хоёр шанаагаа хуссан залуу байсан. Би явж очоод ахын дүү нар яагаад гарын салаавч гаргаад шахаж бариад байгаа юм бэ гэсэн чинь шууд гараараа цохиод авсан. Энэ үед хажуугаас *** жипнээс бууж ирж харагдсан бөгөөд нөгөө соната-5 машинаас баахан банди нар буугаад ирсэн, зодолдоод эхэлсэн. ***ыг унагасан 2 залуу өшиглөж байсан. Харанхуйд ямар хувцастай ямар хүн байсан гэдгийг хараагүй. Надад *** шүд хугарчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,
Хохирогч Б.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд тэр 2 машины арын машинаас 2-3 залуу бууж ирээд ***тай хэрэлдээд байхаар нь *** машинаас буухад бид хэд буусан. Намайг машинаас буухад нэг бүдүүн залуу ***ыг үсдээд арагшаагаа нүүр лүү 2 удаа өшиглөж байхаар нь би явж очоод ахаа би найзыгаа авчихъя гэхэд тэр ах шууд чих рүү цохиод, цохисон гараараа шилэн хүзүү нь дээрээс өөр лүүгээ татаад хамар руу нэг удаа мөргөсөн. Миний хамарнаас цус гараад би машины урд талын суудал дээр суусан юм” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл хэдэн залуучууд гарч ирээд буугаад гээд ир гэж орилоод машины хаалга өшиглөөд байхаар нь би машинаас түрүүлж буугаад та нар яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний хажуугаас нэг залуу намайг заамдаад машины хаалга руу түлхэхээр нь би урд байсан нэг залуугийн нүүр рүү гараараа зангидаж байгаад цохисон юм. Тэгээд би доошоо хараад суусан чинь намайг чирээд машины урд тал руу гаргахаар нь би босоод хажууд байсан цэнхэр өнгийн хашаа руу зугтаасан чинь миний араас 2-3 залуу хүрч ирээд намайг бариад авсан гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** машинаас буугаад нөгөө хэдэн залуучууд дээр яваад очиход үсээ хоёр шанаа хэсгээрээ хусуулсан залуу ***ын хамар руу шууд цохиод цус гаргасан чинь *** очоод салгах гээд байгаа харагдсан. Тэгсэн Зоригоо очоод тэр залуучуудыг салгаад явуулъя гэж байтал *** шүднээс цус гарч байна гэхээр нь явуулж болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 27, 29 дүгээр хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1229 “***ын биед хамар ясны цууралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 44 дүгээр хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1228
“***ын биед зүүн дээд 2 шүдний хугарал, доод, баруун 1, зүүн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 48 дугаар хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1240
“Б.***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 64 дүгээр хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1239
“***ы биед баруун зовхи, даланд цус хуралт, зүүн хөх, суганд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 74 дүгээр хуудас/,
***ийн сэжигтэнээр өгсөн: “...жип машинаас 5-6 залуучууд гарч ирээд яагаад дагаад байгаа юм бэ, чаддаг юм бол буугаад ир гэхээр нь *** эхлээд буухад хажуугаас нь нэг залуу хашгирч ирээд цохих шиг болсон. *** урдаа байсан залууг цохисон. Тэгэхэд 2 залуу ***ыг цааш нь аваад явахад манай найзууд машинаас буугаад зодоон эхэлсэн. Намайг машинаас буухад 2 залуу өөдөөс ирээд зодох гээд хөөхөөр нь би машин тойрч зугтаагаад баригдаагүй. Тэр үед баригдаж байгаа барилгын хашааны хажууд ***ыг нэг залуу цохиж байхаар нь би араас нь тэврээд татаад холдуулсан чинь миний араас нэг хүн барьж аваад газар унагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Би тонгойгоод нүүрээ дарсан байсан учир нүүр рүү цохиж чадаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 96 дугаар хуудас/,
***ын сэжигтэнээр өгсөн: “...машинаас эхлээд *** буухад нэг залуу заамдаад татсан чинь *** тэр залуугийн өөдөөс нэг цохисон. Энэ үед *** буусан чинь ***ын нэг залуу цохисон. Би бууж очоод ***ыг цохиж байсан 2 залуугийн нэгнийх нь араас татаж өшиглөсөн юм. Тэгээд нөгөө залуу намайг хөөхөөр нь би машинд ороод суухад *** жолоочийн суудал дээр суучихсан хамраас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь 2014 оны 10 дугаар сарын 18-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны урд байх замын хажууд үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, шүүгдэгч *** нь хохирогч ***ын биед хөнгөн гэмтэл учруулж, шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн ***ын биед хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч *** нь ***, Б.*** нарын биед хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***, ***, ***, хохирогч ***, *** нарыг өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*** /хэргийн 12-13 дугаар хуудас/, гэрч Э.*** /хэргийн 27, 29 дүгээр хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1229 /хэргийн 44 дүгээр хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1228 /хэргийн 48 дугаар хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1240 /хэргийн 64 дүгээр хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1239 /хэргийн 74 дүгээр хуудас*** /хэргийн 96 дугаар хуудас/, *** /хэргийн 108 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ***ыг дангаараа болон бүлэглэж, ***ыг бүлэглэж, ***ийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч ***, ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг дангаараа болон бүлэглэж, шүүгдэгч ***ыг бүлэглэж, шүүгдэгч ***ийг дангаараа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***д 3 жил 3 сар /гурван жил гурван сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***ад 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***т 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч ***ад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч
***д оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч ***ад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар
тэнсэгдсэн ялтан ***, ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***, ***, *** нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн
304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА