| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0414/Э |
| Дугаар | 688 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 688
105/2020/0414/Э
2020 05 28 2020/ДШМ/688
Н.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
хохирогч Д.Л-,
шүүгдэгч Н.Ж-,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Ж-т холбогдох эрүүгийн 2003000400076 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж-, 1955 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ач охины хамт Чингэлтэй дүүргийн ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Н.Ж- нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын “Аюулгүй тойрог уулзварын” урд талын замаар “Toyota Prius” загварын ....УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Замын Хөдөлгөөний дүрэм”-ийн 16.1-т “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Л-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч . Ж-ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Н.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирол 3.002.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Л- нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, шүүгдэгч Н.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний биеийн байдал тааруу, толгой, ууц нуруугаар өвдөх, нойр хүрэхгүй, гар мэдээ орохгүй, сэтгэл санаа тайван бус маш их зовиур, шаналгаатай байна. Иймд миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж, анхан шатны шүүх хурлаас хойш гарсан хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлыг төлнө. ...” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Ж- нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын “Аюулгүй тойрог уулзварын” урд талын замаар “Toyota Prius” загварын ....УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Замын Хөдөлгөөний дүрэм”-ийн 16.1-т “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Л-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, баруун 8, 9, зүүн 1, 8 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Л-гийн “...”Төрийн банк” орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад машин ирээд мөргөсөн. ...” /хх 16-17/,
иргэний нэхэмжлэгч П.Лхагвадоржийн “...хадам ээж Дарьсүрэн над руу залгаад зам тээврийн ослын талаар хэлж, би гэмтлийн эмнэлэгт очиход настай эмэгтэй хүн явган хүний гарцаар гарч байхад нь мөргөсөн гэж ярьсан. ...” /хх 21-22/,
гэрч Д.Доржсүрэнгийн “...явган хүний гарцны наана зогсоход уг авто машины урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд настай эмэгтэй хүн алхаад гарч явсныг хараад би нөхөртөө “хүн явж байна” гэж хэлэхэд манай нөхөр автомашинаа зогсоохоор тоормос гишгэсэн боловч тухайн явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан настай эмэгтэйг автомашиныхаа урд хэсгээр зөөлхөн мөргөсөн. ...” /хх 27/,
Н.Ж-ын яллагдагчаар өгсөн “...сонсгож буй зүйлийг хүлээн зөвшөөрч байна. ..” /хх 54/ гэх мэдүүлгүүд,
“...Д.Л-гийн биед зүүн эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, баруун 8, 9, зүүн 1, 8 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1163 дугаартай дүгнэлт /хх 31-32/,
“...Toyota prius” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт /хх 45/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ж-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.Ж-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 750.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Д.Л-гийн “...хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон /2.682.728 төгрөг/, үүнээс шүүгдэгч 3.002.000 төгрөг төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус журамлах зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн техникийн хувьд үүсээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч . Ж-ыг ...“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч . Ж-ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН