Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0423

 

А.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Нэхэмжлэгч: А.С

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг хүчингүй болгож, аймгийн худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог дахин батлахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0041 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 110/2025/0085/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч А.С-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг хүчингүй болгож, аймгийн худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог дахин батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0041 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: “Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 661, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг хүчингүй болгож, аймгийн худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог дахин батлахыг даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.  

3.1. “... Аймгийн Засаг даргын А/799 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 1-01/1203 дугаар албан бичгээр төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах, бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Худалдан авах газарт үүрэг болгосныг анхан шатны шүүх харгалзаагүй.

Аймгийн Засаг даргын дээд шатны байгууллагын шийдвэр, төсвийн тухай хууль тогтоомж болон чиг үүргийн давхардлыг арилгах бодлогод нийцүүлсэн, Засаг даргын өөрийн захирах захирагдах салбарын нэгж, дотоод зохион байгуулалттай холбоотой дотогшоо чиглэсэн хууль ёсны шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүх дутуу үнэлж нэхэмжлэгч талын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. А.С-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг хүчингүй болгож, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог дахин батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/4038 дугаар албан бичгээр аймгийн Засаг дарга нарт “... Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Худалдан авах ажиллагааны газартай байхаар шийдвэрлэсний дагуу зохион байгуулалтын арга хэмжээг авч... орон тоог 8-12 байхаар тогтоох шаардлагатай” гээд Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг хавсралтаар хүргүүлсэн байх бөгөөд уг жишиг загварт нэхэмжлэгчээс нэмж оруулахаар маргаж буй дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо багтсан байна.

4. Засгийн газрын 312 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрыг Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар байгуулж, хавсралтаар тус газрын бүтэц, орон тоог нийт 12 байхаар баталсныг 2024 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн А/629 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийн хавсралтаар нийт 14 орон тоотой болгон өөрчилсөн. Уг батлагдсан бүтэц, орон тоонд нэхэмжлэгчийн маргаж буй дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй байна.

5. Гэвч аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/205 дугаар албан бичгээр тус газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж, улмаар нэхэмжлэгч А.С-аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтний орон тооноос шилжин ажиллах хүсэлт ирүүлсний дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар дээрх албан тушаалд томилогджээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/1203 дугаар албан бичгээр “... төсвийн тодотголоор төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах тул бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад урьдчилан мэдэгдэх” тухай мэдэгдлийг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлсний дагуу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/55 дугаар “Албан тушаалын тодорхойлолтын чиг үүргийн давхардалд дүн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, хурлын шийдвэрийг албан хаагчдад танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

7. Уг ажлын хэсгээс “... ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолттой харьцуулж чиг үүрэгт нь дүн шинжилгээ хийж үзэхэд зорилго, зорилт, чиг үүрэг болгон өөр өөр байгаа тул давхардал үүсээгүй байна. Хөрвөх чадвартай, ажлын ачаалал даах чадвартай, батлагдсан орон тооны дагуу ажиллаж байгаад нь тус тус дүн шинжилгээ хийж үзээд ахлах мэргэжилтэн болон дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв” гэх дүгнэлтийг гаргаж, аймгийн Засаг даргад тус газрын орон тоог нийт 10 байхаар саналыг хүргүүлсэн боловч 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог нийт 6 байхаар баталжээ.

8. Үүний дараа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар “Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2025 оны 1-01/1203 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/92 дугаар тушаалаар “Бүтэц, орон тооны хязгаарлалтыг баримтлан албан тушаал тус бүрд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийх, давхардлыг арилгах, судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан байна.

9. Ажлын хэсгээс маргаан бүхий орон тоог “... харьцангуй бага ачаалалтай чиг үүрэг бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг дээд шатны байгууллагууд /аймгийн Засаг даргын Тамгын газар, аудит, нийцлийн байгууллагууд/ гүйцэтгэдэг тул чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой... байгууллагын орон тоог 8 болгон бууруулах” гэж дүгнэн, улмаар аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/799 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны газрыг нийт үндсэн 6, гэрээт 2 орон тоотой байхаар баталж, уг захирамжийг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар А.С-ыг албан тушаалаас чөлөөлжээ.

10. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөний дараа аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, нийт 10 орон тоотой байхаар буюу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний 2 орон тоог нэмсэн үйл баримтууд тогтоогдож байна.

11. Хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргасан үндэслэлээ “дотоод хяналт, шалгалт хариуцсан албан тушаал нь байгууллагын хэмжээнд харьцангуй бага ачаалалтай, чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой, А/629 дүгээр захирамжаар батлагдсан орон тоонд тусгагдаагүй” гэж тайлбарлажээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.2.12-т “Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж тус тус заасан  

13. Хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, ямар үндэслэлээр дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний ажлын ачаалал бага гэж үзсэн, чиг үүргийг ямар орон тоонд нэгтгэсэн, бусад албан тушаалд нэгтгэх боломжтой гэдгийг хэрхэн тогтоосон талаарх холбогдох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварт”  дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо орсон, мөн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын А/55 болон А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өөр өөр дүгнэлт гаргасныг харгалзан үзээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

14. Мөн хариуцагч “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сангийн яамны бүтэц орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны 58 дугаар тогтоолын дагуу төсөвт тодотгол хийсэн тул маргаан бүхий актуудыг гаргасан” гэж тайлбарлан маргаж буйг хүлээн авах үндэслэлгүй байна.   

15. Учир нь Монгол Улсын Их хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын  1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д “... Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ”, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын 1.2-т “Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх...” гэжээ.  

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн нь удирдах албан тушаал бус ТЗ-9 ангиллын мэргэжилтний орон тоо, мөн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар Монгол Улсын Их Хурлын тогтоолд тусгасан байхад 14 орон тоотой байхаар баталсан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын орон тоог А/711 дүгээр захирамжаар 6 болгон бууруулсан, дараа нь А/799 дүгээр захирамжаар 6 үндсэн, 2 гэрээт орон тоогоор баталж, улмаар А/09 дүгээр захирамжаар худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний 2 орон тоог нэмсэн маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

17. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/799 дүгээр захирамж хууль бус, 2026 оны А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд нэмж дахин батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болжээ.       

18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН