| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0076/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0064 |
| Огноо | 2015-03-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0076/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох 201409000925 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1 -ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д хөрөө рамчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймгийн ***тоотод түр оршин суух хаягтай, цаашид энэ хаягт оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн ***тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс шүрэн толгойтой халтар манан хөөрөг, гар утас, тоос сорогч зэргийг хулгайлж бусдад нийт 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр архи уусан эгчийнхээ дэлгүүр дээр очиход *** ахтай утсаар ярьсан тэгээд ах намайг явуулчих гэж байна гэж эгч хэлсэн. Тэгээд очтол ах согтуу байсан. Намайг архи аваад ир гээд шүүгээнээсээ мөнгө гаргаж өгсөн. Тэгээд намайг гэр цэвэрлээд, хоол хийж идээд байж бай гээд гаднаас түгжээд гарсан. Гэрт байж байгаад ууж байгаад үлдээсэн архийг нь уугаад дахин архи уумаар санагдсан. Архи аваад ир гэж хэлэхдээ мөнгө авч өгсөн шүүгээг нь үзэхэд мөнгө байгаагүй. Даалинтай хөөрөг байхаар нь аваад, мөн тоос сорогч, цэнэглээд орхисон утсыг аваад тагтаар нь дамжаад буугаад үйлчилгээний төвөөс машинд суугаад зах дээр ирээд танихгүй хүнд гар утас, тоос сорогчийг зараад хуучин захын ард очиж архи уусан. Тэгээд тэндээ нэг залууд хөөргөө үзүүлээд 100.000 төгрөгөөр хөөргийг зарсан” гэх мэдүүлэг,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төрсөн эгчийн хүү *** Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн хүнд үйлдвэрлэлийн машины сургалтанд суух гээд ирсэн. *** нь төрсөн эгч *** гэрт байсан. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** миний гар утас руу залгаж *** гадуур архи уугаад, таних танихгүй хүмүүстэй нийлээд яваад байна гэж надад хэлсэн. *** 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим манай гэрт согтуу орж ирсэн. *** бид 2 манай гэрт хоол хийж идээд ***д би архи битгий уу гэх мэтээр хэдэн үг хэлээд тэр өдрөө *** манайд хоносон. Маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед би ажилдаа явахад *** гаднаас нь түгжээд, гэрт хоол унд бэлэн байгаа гэрт байж байгаарай гэж хэлээд гарсан. Ингээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 27-ны өглөө 10 цаг орчим гэртээ ирэхэд гэрт *** байхгүй тагтны цонх онгорхой байхаар нь би *** цонхоор уначихсан юм болов уу гэж бодоод цонхоор доошоо хартал ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд цонхоо хаагаад эргээд хартал хувцасны шкафны доод талын шүүгээ онгорхой, хажууд нь шар иштэй отверк хэвтэж байсан. Би шургуулга нь дотор байсан хөөргөө үзэхэд даалин нь хоосон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Миний хөөрөг алтан нуухтай, шүрэн толгойтой, өөр дээрээ сийлбэртэй халтар манан хөөрөг байсан. Миний өвөөгөөс 1995 онд ирсэн хөөрөг юм. Би хөөргөө буцааж авсан, одоо надад байгаа. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18-19, 62 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нагац ах ***гийн гэрт очиж уулзаад бид 2 гэрт нь 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад хоносон. Маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө босоод дэлгүүрээс тамхи аваад ороод ирэхэд *** ахын гэрт нь 3 найз нь ирээд уугаад сууж байсан, ууж байсан архинаас надад нэг хийгээд өгөхөөр нь би нэг удаа уусан. *** ах архи ууж дуусаад гэрээсээ гарахдаа би чамайг түгжээд гарлаа, чи гэр цэвэрлээд байж байгаарай гэж хэлээд намайг гаднаас түгжээд гарсан. Би гэрт нь сууж байгаад урьд орой нь намайг архинд явуулахдаа мөнгө авч өгсөн шүүгээг нь онгойлгоод дотроос нь мөнгө хайгаад олдохгүй болохоор нь даалин дотор нь байсан хөөргийг нь аваад, гэрээс нь тоос сорогч аваад тагтаар доошоо буугаад явсан. *** ахын гэрээс гараад үйлчилгээний төв дээрээс таксинд суугаад Бирж дээр явж байсан нэг танихгүй залууд тоос сорогчоо 20.000 төгрөгөөр зараад, зах дээр явж байсан *** гэдэг залуутай танилцаад бид 2 тоос сорогч зарсан 20.000 төгрөгөөрөө 2 шил 0.75 литрийн архи аваад хуучин захын хажуугийн хаалганы хажууд суугаад архи ууж байхад танихгүй архи уудаг хүмүүс хаанаас ч юм хэд хэдээрээ гарч ирээд нэг мэдэхэд их олон хүн хувааж уусан. Тэгээд *** бид 2 тэр хүмүүсээс салж явж байгаад би *** ахын гэрээс авсан хөөргөө ***од үзүүлээд энэ хөөргийг заръя гэхэд *** яваад 100.000 төгрөгөөр зарчихлаа гээд ирээд надад 100.000 төгрөг өгсөн. Би 10.000 төгрөг ***од өгсөн, түүнээс цааш юу болсон гэдгийг нь санахгүй байна, нэг мэдсэн чинь Микро хорооллын нэг орцонд сэрсэн. Тэгээд би шууд зам гарч үйлчилгээний төв дээр буугаад *** эгчийн дэлгүүр рүү ороод хүргэн ахаас таксины мөнгө авч таксины жолоочид өгсөн. Тэгээд би хүргэн ахад харилаа гэж хэлээд, гэрлүүгээ харихаас айгаад хажуугийн байрны орцонд хоноод өглөө босоод батлион гэж газар манай нутгийн *** ахын гэр байдаг гэж сонсоод хүнээр заалгаж батлион очоод *** ахын гэрийг олоогүй орой болсон. Орой болоод би өөрөө хаана байгаа гэдгээ мэдэхгүй төөрөөд гудамжинд явсан хүний гар утсаар эгч рүү ярьж, эгчтэй уулзсан. Би архи уумаар санагдаад хулгай хийсэн. Би *** ахын хөөргийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 34-37, 64 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ захын үүдэнд ээжийгээ хүлээж зогсож байхад 3-4 хоногийн өмнө архи ууж байгаад танилцсан *** гэх залуу тоос сорогч гартаа барьчихсан намайг дуудсан. Би яваад очиход *** энэ тоос сорогчийг заръя гэсэн тэгээд бид 2 махны лангууны ойролцоо нэг танихгүй хүнд тоос сорогчийг 20.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь 2 литрийн Түмний хишиг нэртэй архи аваад бид 2 хуучин захын хаалганы хажууд суугаад авсан архиа ууж байхад хаанаас ч юм мэдэхгүй бирж дээр архи уудаг хүмүүс хүрч ирсэн. Ингээд 2 литрийн архийг олуулаа хувааж ууж дуусаад *** бид 2 тэр хүмүүсээс салаад явсан. Тэгэхэд *** өврөөсөө нэг хөөрөг гаргаж ирээд үүнийг зармаар байна гэж хэлсэн. Би наадах чинь хулгайн эд зүйл биш биздээ гэж асуухад *** үгүйээ, энэ хөөрөг миний хөөрөг, би энэ хөөргийг зараад Улаанбаатар хот явмаар байна гэж хэлсэн. Тэгээд *** бид 2 хуучин захын алт мөнгөний дархан Ганбат гэх залууд хөөргийг 100.000 төгрөгөөр зараад надад 10.000 төгрөг өгөөд, би Улаанбаатар явлаа гээд надаас салаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай ээжийн дүү *** ахын гэр рүү *** явсан. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *** ах надад гэрт байсан хөөрөг алга болсон байна, *** хулгайлчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байхад манай нутгийн залуу *** нэг танихгүй залуутай орж ирээд надад хагарсан шүрэн толгойтой, гуулин нуухтай ямар чулуу гэдэг мэдэгдэхгүй, дээрээ морьтой хүний сийлбэртэй хөөрөг үзүүлээд 100.000 төгрөг хэрэг болоод байна аваач нь би ***ын хэлсэн үнээр нь уг хөөргийг худалдаж авсан юм. Би ***оос энэ хөөрөг хулгайн эд зүйл биш биз гэж асуухад *** үгүй энэ хулгайн эд зүйл биш санаа зоволтгүй гэж надад хэлсэн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. 100.000 төгрөгөө буцааж авсан” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 8-11 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын шийдвэр /хэргийн 7, 66 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 5-6 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 131 дүгээр байрны 15 тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс шүрэн толгойтой халтар манан хөөрөг, гар утас, тоос сорогч зэргийг хулгайлж бусдад нийт 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***гийн /хэргийн 18-19, 62 дугаар хуудас/, гэрч ***ын /хэргийн 22 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 20-21 дүгээр хуудас/, гэрч, иргэний нэхэмжлэгч ***ын /хэргийн 24 дүгээр хуудас/ мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 8-11 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын шийдвэр /хэргийн 7, 66 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 5-6 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ***д учруулсан хохирлоо *** нь төлж барагдуулсан болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон бичгийн баримтаар тогтоодсон тул хохирогч ***гийн хохирол төлөгдсөн гэж үзэв.
Шүүгдэгч ***д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр жил/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад О.Эрхэмзаяагийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 82 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг жил/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА