Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/03015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 2  регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ШЕ  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Б******* овогт Н*******ийн А

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЧД  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Б******* овогт П*******ийн Г нарт холбогдох,

15,451,096.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Ичинхорлоо нар оролцов.                                                            

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.А нь Хтай 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 18300000413 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч Н.Агийн Х дахь ******* тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлдэгчийн эхнэр П.Г гарын үсэг зурсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,003,578.69 төгрөг, зээлийн хүүнд 5,441,469.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,169.15 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1830000413 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 340 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа гэрийн хаягаар очих, банкин дээр дуудаж уулзаж, утсаар холбогдож зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дэх заалт боон 1830000413 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 12,996,421.31 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар хүү 2,371,039.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,635.59 төгрөг, нийт 15,451,096.21 төгрөгийг хариуцагч Н.А, П.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.А миний бие эхнэр П.Ггийн хамт 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хас банкнаас өөрийн хэрэглээний зориулалтаар тус зээлийг авсан. Тухайн үед миний бие М******* ТӨХК-нд санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар халагдсан. Улмаар манай гэр бүлийн санхүүгийн байдал хүнд болж ирснээр тус зээлийг төлж чадахааргүй байдал үүсэж шүүхэд дуудагдаад байна. Мөн манайх бага насны 2 хүүхэдтэй айл бөгөөд эхнэр П.Г нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй хүүхдүүдээ хараад гэртээ байдаг болно. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын энэ хүнд үед улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэгэн адилаар зээл төлөх хугацааг 6 сараар хойшлуулж байгааг та бүхэн мэдэж байх. Бидний энэ хүнд байдлыг ойлгож банкнаас зээлсэн үндсэн төлбөр болох 12,996,421 төгрөгийг манай тал хүлээн зөвшөөрч байгааг үүргээр уламжилж байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй байх тул 2,371,039 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү. Иймд манай зүгээс нэхэмжлэгч талтай төлбөр төлөх хугацааг тохирч эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байх тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.А, П.Г нарт холбогдуулан 15,451,096.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 1830000413 дугаар зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

“Х” ХХК нь Н.А, П.Г нартай 2017 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 1830000413 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, жилийн 48 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон тус гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 10-12 дахь талд/

Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл 12,996,421.31 төгрөг, зээлийн хүү 2,371,039.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,635,59 төгрөг нийт 15,451,096.21 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар тус нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 12,996,421 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,454,674.9 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 15 дахь талд/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр тул хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хариуцагч нар дэлхий нийтэд тархсан цах тахалтай холбоотойгоор зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаарх татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна үүнтэй холбоотойгоор гэрээний хугацааг сунгах, чөлөөлүүлэх талаар зээлдүүлэгч талдаа аливаа хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлээгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлийн гэрэний үүргээ гүйцэтгээгүй хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасөн өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 12,996,431.31 төгрөгөөс талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүү тооцоход нэг өдрийн хүү 6409.194 төгрөг гарч байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн 340 хоногт тооцоход зээлийн хүүнд хариуцагч нар 2,179,125 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Н.А, П.Г нараас үндсэн зээл 12,996,421.31 төгрөг, зээлийн хүүнд 2,179,125 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 83,635.59 төгрөг нийт 15,259,181 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагаас 191,914 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.А, П.Г нараас 15,259,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191,914 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А, П.Г нараас 234,245 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ