| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/02554/И |
| Дугаар | 101/ШШ2020/02442 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/02442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Цээл суманд оршин байх ТЗасаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЩ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Өөлд овогт Л*****ын Бт холбогдох,
1,839,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Б нь Д.О*******ын батлан даагчаар гарын үсэг зурж, хамтран 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Сүүний чиглэлийн үхэр үржүүлэх” зорилгоор 2,000,000 төгрөгийн зээл авсан. Гэрээнд заасан хугацаандаа төлж, барагдуулж дуусаагүй байтал үндсэн зээлдэгч нас барсан тул үлдэгдэл 1,839,027 төгрөгийг хамтран зээл авсан хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Цээл суманд амьдарч байхдаа Д.О*******ыг 5-6 сарын хугацаанд таньдаг байсан. Гэвч би эрүүл мэндийн улмаас 2011 оны 11 сард Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдтэйгээ амьдрахаар болж одоо хүртэл амьдарч байна. Би энэ Д.О*******ыг сумаас зээл авсан гэдгийг огт мэдэхгүй тул хариуцагч болж чадахгүй гэв.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТЗасаг дарга нь хариуцагч Л.Бат-Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,839,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2011 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний үүргийн дагуу гаргуулна” гэж тодорхойлсон.
Нэг талаас ТЗасаг дарга, нөгөө талаас Д.О*******, Л.Б нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаартай “ТСум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, сүүний чиглэлийн үхэр худалдан авах зорилгоор зээлдүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 3-4 дэх талд/
Тус гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Д.О******* нь нас барсан талаар зохигчид маргахгүй байх ба зээлдүүлэгч нь хамтран зээлдэгч Л.Бөөс зээлийн үлдэгдэл 1,839,027 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Л.Б нь тус зээлийн талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2011 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаартай “ТСум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан байх бөгөөд үүнийг үгүйсгэсэн, татгалзсан талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч хариу тайлбар татгалзал болон нотлох баримтаа гарган мэтгэлцээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээний агуулга, талуудын илэрхийлсэн хүсэл зориг зэргээс дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.
Зээлдэгч Д.О*******, Л.Б нар нэхэмжлэгч ТЗасаг даргатай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан байх тул тэд нэхэмжлэгчид уг зээлийг буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч тал тэдгээрийн хэн нэгнээс үүргийг бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй тул хариуцагч Л.Бөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.
Тайлбарлавал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2012 оны 8 дугаар сарын 19-ны өдөр дууссан байх тул уг өдрөөс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн бөгөөд энэ өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацааг тооцоход нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр дууссан байна.
Нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Л.Б үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Дурдсан үндэслэлээр, хариуцагч Л.Бөөс 1,839,027 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ТЗасаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бөөс 1,839,027 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ТЗасаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ