Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­92

 

 

    2023              06                 27                                2023/ШЦТ/­­­­92                                               

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Т-ийн Б холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ш ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамтаар А аймгийн Э сум, 1 дүгээр баг, 30 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн Б /РД:*********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Базарсүрэнгийн өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 14-өөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд байх би цагаа сайн санахгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газарт үйл ажиллагаа явуулах “Шинэ өгөөмөр” ХХК-ийн кемпийн амрах гэртээ хамт нэг гэрт амардаг Эрдэнэбаяр бид хоёр байж байхад хамт нэг гэрт амардаг Бямбадорж Буянхишиг хоёр найз гээд нэг хүний хамт амрах гэрт орж ирэхдээ хоёр ширхэг 2,500 граммын пиво авч орж ирээд Базарсүрэн, Бямбадорж, Эрдэнэбаяр, Баярсайхан, би, нэр усын мэдэхгүй нэг залуу бид нар хөзөр тоглож байхдаа хувааж ууж дуусгаад байж байтал дахиад нэг шил хараа нэртэй 0.75 граммын архи авч ирж бид нар хувааж уугаад байж байтал ажилд гарах, тээвэрт явах хуваариас болж Буянхишиг гэдэг залуутай би маргалдаад байж байтал Бямбадорж гэдэг залуу бид хоёр маргалдаж байхад дундуур орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад бид хоёр заамдалцаж аваад гэрийн гадна талд заамдалцаж байгаад би газарт унах үед Бямбадорж миний баруун хацар хэсгээс хазаад авах үед нэг хүн Бямбадорж гэдэг залууг татаад салгасан юм. Тэгээд амрах гэрт ороод байж байхад Бямбадоржтой би дахиж маргалдаад байж байхад Бямбадорж намайг гэрийн шалан дээр унагаад миний дээр гараад миний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж авах үед миний хамар амнаас цус гарч байсан. Тэгээд зодуулж байгаад салсны дараа би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд удаагүй цагдаа ирээд байж байгаад явсны дараа дахиад намайг Буянхишиг гэдэг залуу нь чи яасан их цагдаа дууддаг юм бэ гэж хэлээд би чамайг цагдаатай чинь хамт ална шүү гээд миний толгой хэсэг рүү гараараа цохиж байгаад боож унагаад миний зүүн хавирганы хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед миний хавирга эвгүй болоод би ярьж чадахгүй болчихсон. Тэгээд дахиж цагдаа орж ирээд намайг Ханбогд сумын Хайрхан багийн эмч дээр хүргэж өгөөд би эмчилгээ хийлгэж байгаад Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлэг рүү 2023 оны 03 дугаар сарын 15-ны өглөө би цагаа сайн санахгүй байна очиж рентген харуулахад миний зүүн талын хоёр хавирга хугарсан байна гэж надад эмч хэлсэн. Тэгээд би цагдаад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж өгсөн юм. ... Би Т.Буянхишиг гэдэг хүний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг цохиод байхаар нь би орон дээр хэвтэж байх үедээ би хоёр хөлөөрөө хий өшиглөж байсан юм. Би А.Бямбадоржтой маргалдаж муудалцаад зодолдож байх үедээ гараараа ганц хоёр хальт цохисон зүйл байгаа. Тэхдээ А.Бямбадорж гэдэг хүнд ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. ... А.Бямбадорж миний баруун хацар дээр нэг удаа хазсан, миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Т.Буянхишиг намайг цохиж зодох үед миний хавирга хугарсан. ... эхлээд намайг А.Бямбадорж зодож байх үед Эрдэнэбаяр амарч байсан гэр байсан. Баярсайхан байсан, нэр усын мэдэхгүй нэг хүн байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Т.Буянхишиг намайг цохиж байх үед Эрдэнэбаяр, Бямбадорж бид нар байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,    

Хохирогч Б.Базарсүрэнгийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: “... Бямбадорж, Буянхишиг нар нь надад хохирол барагдуулж 1,200,000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ... Би шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эрдэнэбаярын өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 14-өөс 2023 оны 03 дугаар сарын 05-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинэ өгөөмөр ХХК-ийн амрах гэртээ амарч байхад амрах гэрт хамт амардаг А.Бямбадорж, Т.Буянхишиг, Мөнх-Эрдэнэ гээд байсан залуутай орж ирэхдээ хоёр том 2.500 граммын пиво авч орж ирээд Б.Базарсүрэн, А.Бямбадорж, Т.Буянхишиг, Мөнх-Эрдэнэ нар хөзөр тоглоод сууж байхдаа хувааж уугаад надад нэг хийж өгөхөөр нь би архи пиво уудгүй юм гэж хэлээд би уугаагүй. Тэгээд би орон дээрээ амарч байхад хэсэг унтсаны дараа хэзээ архи аваад ирсэн юм бүү мэд архи авч ирээд ууж байсан. Тэгтэл Б.Базарсүрэн агсан согтуу тавиад хайч бариад атгахан зүрхийг минь авуул ав гээд агсан согтуу тавиад гартаа хайч бариад байж байхад нь А.Бямбадорж Б.Базарсүрэнгийн гартаа барьсан хайчийг нь булааж аваад гэрээс гаргаж шидээд байж байгаад А.Бямбадорж Б.Базарсүрэн хоёр гэрээс заамдалцаж аваад гараад явахаар нь би араас нь удаагүй гэрээс гарахад Б.Базарсүрэн нь А.Бямбадорж гэдэг залуугийн толгой хэсгээр нь араар нь гараа оруулаад дээрээс нь газарт дарчихсан байхаар нь би очоод Б.Базарсүрэн гэдэг залуугийн араас нь татаж салгаж босгоод байж байтал тэр хоёр гэрт яваад орохоор нь би бие засаад буцаад амрах гэртээ ортол Б.Базарсүрэн, Бямбадорж нар ор орон дээрээ гараад сууж байхаар нь та нар одоо унтаж амар гэж хэлээд орондоо ороод байж байтал удаагүй цагдаа нар гэрт орж ирээд юу болсон талаар асуугаад байж байснаа одоо унтаж амар гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд байж байтал Б.Базарсүрэн дахиж агсан тавьж байснаа Т.Буянхишиг гэдэг залуутай муудалцаж байгаад ширээ авч шидээд очоод заамдаад авахаар нь Т.Буянхишиг түлхэж унагаад нэг удаа цээжин тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд автал ёо ёо гээд Б.Базарсүрэн босож ирэхгүй байхаар нь би өргөөд амрах орон дээр нь хэвтүүлээд байж байтал цагдаа нар дахиж орж ирээд Б.Базарсүрэн гэдэг залууг гэрээс аваад явчихсан юм. ... Мөнх-Эрдэнэ гэдэг залуу Б.Базарсүрэн гэдэг залуу Б.Базарсүрэн агсан тавиад эхлэнгүүт би явлаа энэ нөхөр бүтэхгүй нөхөр байна гэж хэлээд амрах гэрээс гараад яваад өгсөн. Б.Базарсүрэн А.Бямбадорж Т.Буянхишиг бид дөрөв байсан юм. Б.Базарсүрэн гэдэг залуу агсан тавиад тэрнээс болж маргалдаж муудалцаад зодоон болсон юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Бямбадоржийн өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 14-өөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинэ өгөөмөр ХХК-ийн амрах гэртээ амарч байгаад Т.Буянхишиг бид хоёр амрах гэрээс гараад хоёр том 2.500 граммын пиво аваад амрах гэртээ ороод Б.Базарсүрэн, Т.Буянхишиг, Мөнх-Эрдэнэ бид нар хамт хувааж ууж хөзөр тоглож байгаад дуусгаад дараа нь нэг 0.75 граммын нэг шил архи аваад бид дөрөв хувааж ууж дуусгаад хөзөр тоглож байх үед Б.Базарсүрэн уусан архиндаа согтуурхаад хөзрөө хурдан хурдан таслаад байхаар нь манай Базраа ажлаа сайн хийж байна шүү гээд хэлтэл Базараа би ажлаа сайн хийдэг гээд юм яриад тоглоод байж байхад та нар ажил хийж чадахгүй хүмүүс гээд тэрнээс болж Б.Базараа бид хоёр маргалдаж байтал Б.Базарсүрэн галын хажуу талд байсан хайч авахаар нь би гараас нь булааж аваад гэрээс гаргаж шидээд муудалцаад байж байгаад бид хоёр гэрээс заамдалцаж гараад гэрийн гадна талд заамдалцаж байгаад бид хоёр газарт унах үед Б.Базараа миний дээрээс дараад газарт унаад дээрээс дараад байхаар нь би Б.Базарсүрэнгийн баруун хацраас нь нэг удаа шүдээрээ хазсан юм. Тэгээд байж байтал Эрдэнэбаяр ах бид хоёрыг салгаад бид хоёр амрах гэртээ ороод гар бариад эвлэрээд ороо засаад орондоо ороод хэвтэж байхад цагдаа нар орж ирээд та нар унтаж амар гэж хэлээд гэрээс гараад явсны дараа Т.Буянхишиг чи яагаад цагдаа дуудаж байгаа юм бэ адилхан эр улсууд байж гээд хэлтэл Б.Базарсүрэн чи мэддэг юм уу гэж хэлээд Т.Буянхишигийн урд байсан ширээ авч шидэхээр нь Т.Буянхишиг уурлаад Б.Базарсүрэнг толгойн тус газарт нь гараараа цохиод автал Б.Базарсүрэн хөлөөрөө Т.Буянхишигийн хэвий хэсэг рүү нь жийж өшиглөөд ойртуулахгүй байсан. Тэгтэл Т.Буянхишиг гутлаа өмсөөд Б.Базарсүрэнтэй зууралдаж заамдаж автал газарт Б.Базарсүрэн унахаар нь нэг удаа цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд би тэр хоёрыг болиулаад байж байхад Б.Базарсүрэн босож ирэхгүй хэвтээд байж байхаар нь Эрдэнэбаяр ах өргөөд орон дээр нь гаргаад тавьж байсан. Удаагүй дахиад цагдаа нар дахиж орж ирээд Б.Базарсүрэнг эмчид үзүүлнэ гэж хэлээд аваад гарсан юм. ... би Б.Базарсүрэн нь эхлээд уусан архиндаа согтуурхаад агсан согтуу тавиад хайч авахаар нь би уурлаад хайчийг нь булааж аваад гаргаж шидээд гэрээс бид хоёр заамдалцаж аваад гэрийн гадна талд бид хоёр унаад намайг боогоод босгохгүй болохоор нь би баруун хацраас нь нэг удаа хазсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 438 дугаартай “1. Б.Базарсүрэнгийн биед зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун хөмсөг, зүүн хацар, дагзны хуйх, нуруунд зулгаралт, зулайн хуйх, нуруу, зүүн мөр, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Б.Базарсүрэнгийн зүүн 5-р хавирганы хугарал нь тусдаа, бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулгаралт, цус хуралт нь тус тусдаа бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,   

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ц-ийн “... зүүн 5-р хавирганы хугарал нь тусдаа хөнгөн, цус хуралт, зулгаралт нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... зүүн хацар, дагзны хуйх, нуруунд зулгаралт, зулайн хуйх, нуруу, зүүн мөр, цээжинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, 

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Б-ийн өгсөн: “... би Б.Б хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Шүүгдэгч Т.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Т.Б-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 128 дахь тал/

             Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

        

  

   Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 69 дэх тал/  

   Иймд шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт Т-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

  5. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Б-ийн эмчилгээний хохирол төлбөрт 1,200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдсугай.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ