Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0070

 


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    Хэргийн индекс: 171/2015/0080/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000885 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***,  ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ил далд уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Найс” кафед хамгаалагч ажилтай, ам бүл 5, хадам ээж, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 
Урьд: 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 

    Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***ы *** улсын дугаартай Т/Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***ы Т/Приус 11 маркийн 11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг DBS телевизийн байрны урд байрлах асфальтан нь зам дээр 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 8.11, 2 дугаар бүлгийн 2.7а заалтуудыг зөрчсөнөөс иргэн ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай Тоёото марк 2 маркийн автомашин, иргэн ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай Соната-5 маркийн автомашин, иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Соната-2 маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаж уг ослын дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в гэсэн заалтуудыг зөрчин осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
            /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
  
                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим ажлынхаа газрын ***, ***, Мийгаа гэх 3-н залуутай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нүүдэлчин буудалд пиво ууж байгаад *** руу залгасан. Хотоор тойроод хүн алга байна наана чинь яваад очих уу гэсэн. *** хүрч ирээд 1 шил архи, 1 том пиво уугаад унтсан. Өглөө босоод ахиад пиво уусан. Гараад машиныг нь харсан чинь 3 хаалга нь онгорхой байсан. ***д би машиныг нь аваачиж тавьчихаад ирье гэж хэлээд түлхүүрийг нь авч гарсан. Би машиныг нь аваачиж тавихаар авч яваад, байрных нь гадаа очсон. Жолоо төгсөөд удаагүй байсан болохоор машиныг барьмаар санагдаад, гялс шинэ Дархан руу унаж явчихаад авчраад тавьчихъя гэж бодоод унаад явсан. Шинэ Дархан явчихаад буцаад ирэх замдаа Марк 2 машиныг шүргэж, Соната 2 маркын машины араас мөргөөд, соната 5 маркын машины араас орсон. Тохирчихъё гэсэн чинь би тохирч болно, энэ хүмүүс тохирохгүй шдээ гэсэн. Би тамхи татчихаад ирье гээд мөнгөгүй байсан болохоор ширхэгийн тамхи авах гээд 16 давхар руу явсан. Би цагдаа ирэхээс өмнө гялс яваад очъё гээд автобусанд суусан. Автобуснаас буух гэж байхад цагдаа дохиод тэгээд буусан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ы өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед би таксинд явж байгаад ганц нэг пиво уухаар ажлынхаа 3 залуу руу ярьсан. Архи, пиво ууж согтоод унтсан. Маргааш нь ахиад пиво уугаад унтаж байсан. Машинаа буудлын гадаа тавьсан байсан чинь байхгүй байсан. Эхнэр рүүгээ ярьсан чинь чи аваар хийгээд зугаатсан юм уу? чамайг цагдаа асуугаад байна гэсэн. Үнэлгээний төвөөр ороод 3.800.000 төгрөг болсон. Ярьж байгаад 3 сая төгрөг авсан. Одоо хохиролгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буудалд найзуудын хамт архи ууж байсан чинь *** намайг чи ***ы гэртээ ойрхон байдаг юм чинь машиныг нь аваачаад өгчихөөч тэгэхгүй бол наадах чинь согтуу машинаа барих гээд байна надад ***ы машины түлхүүрийг өгсөн юм. Би түүний автомашиныг авч яваад байрны урд тавьчихаад гэртээ орох гэж байснаа жолооны курс төгсөөд удаагүй байсан болохоор машин баримаар санагдаад түүний автомашиныг бариад шинэ Дархан руу үйлчилгээний төв орчихоод буцаад олон улсын худалдааны төвийн урдуур орж шинэ хорооллын арын замаар явж байсан юм. Тэр үед ДБС –ийн байрны урдаас нэг машин гараад ирэхээр нь тормоз гишгэх гэж байгаад андуураад хаазан дээр гишгээд осол гаргачихсан юм. Тухайн үед нэг автомашиныг шүргээд 2 автомашин мөргөчихсөн юм. Машинаас буугаад Соната-2 маркийн автомашиныг жолоодож явсан Бумшүртэй уулзаад 2-уулаа тохирье гэж хэлэхэд нөгөө залуу нөгөө хэдэн машинууд тохирохгүй шүү дээ гэж хэлэхээр нь тамхи байна уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлэхээр нь би Бумшүрт тамхи татчихаад хүрээд ирье гэж хэлчихээд хээтэй хорооллын дэлгүүр ороход ширхэгээр тамхи байхгүй байхаар нь 16 давхар байрны хажуугийн дэлгүүрээс тамхи авч татсан юм. Тэр үед замаар автобус явж байсан болохоор автобус хурдан очих болов уу гэж бодоод автобусанд суугаад осол гаргасан газар дээр очих гээд явж байсан чинь цагдаа автобусыг зогсоосон юм...би тухайн үед ***тай хамт буудалд хоночихоод архи уучихсан согтуу өөрөө машинаа барьж явна гээд байхаар нь би түүний машиныг гэрт нь хүргэж өгөх гэж авч явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 65-66, 92 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ы өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад би өөрийнхөө *** улсын дугаартай Т/Приус маркийн автомашинтай таксинд явж байгаад би ***ын гар утас руу залгаж хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Нүүдэлчин буудалд ганц 2 пиво уух гээд байж байна гэхээр нь би тухайн буудалд очсон юм. Намайг буудалд очиход ***, Мийгаа, *** нар байхаар нь бөөнөөрөө 2 шил архи пиво ууцгааж байгаад шөнө унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь босоод дахин 1 билүү 2 шил ууж байгаад би эргээд тасарчихсан байна лээ. Би орой 16 цаг өнгөрч байхад сэрсэн чинь хажууд *** бид 2 л байсан ба миний машины түлхүүр алга болсон байхаар нь ***аас асуусан чинь *** аваад явчихсан шүү дээ гэж надад хэлсэн. *** чиний машины түлхүүрийг аваад явахдаа гэрт чинь аваачиж тавина гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Би эхнэр лүүгээ утсаар ярьсан чинь чиний машин яасан юм бэ цагдаагаас асуугаад байна гэхэд нь би мэдэхгүй гэж хариулсан юм. Тэгээд би шууд гэртээ ирсэн чинь чиний машин аваар хийгээд жолооч зугтаачихсан байна гэж надад хэлэхээр нь би журмын хашаанд ирсэн чинь миний автомашиныг чирчихсэн журмын хашаа руу оруулж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25-26, 93-94 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***жавын өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** *** нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байх Нүүдэлчин нэртэй зочид буудлын 2 давхарт өрөөнд пиво ууж байсан чинь орой 21 цагийн орчим *** гаднаас ирсэн юм. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад архи пиво уугаад хоносон. Маргааш өглөө нь босоод бөөнөөрөө архи ууцгааж байгаад *** унтчихсан байсан. Машины түлхүүрээ орон дээр хаячихсан байхаар нь би түүнийг нь олоод ***д өгсөн юм. Тэгэхэд ***ыг ***тай нэг байрных юм чинь гээд түүнд машины түлхүүрийг нь өгсөн. Ингээд байж байгаад 15 цагийн орчим *** гэртээ харилаа гээд явчихсан. ***ыг явах үед *** согтуу унтаж байсан. Тэгээд 18 цагийн орчим гэж санаж байна *** *** бид 3 буудлаас гараад гэртээ харьцгаасан. ***ыг тэр өдөр зам тээврийн осол гаргасан гэдгийг мэдээгүй байсан...*** тухайн үед ***ы автомашиныг авч явсан гэдгийг мэдээгүй орой ***ы архи нь гараад буудлаас гарч явахад машинаа яасан юм бол гээд гайхаад хайгаад явж байсан. Би тэгээд түүнд *** түлхүүрийг чинь аваад явсан гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...Тэр өдөр гэртээ байж байсан чинь орой 17 цаг өнгөрч байхад гэж санаж байна. *** гэртээ ирэхгүй болохоор би ***ын гар утас руу залгасан чинь утсаа тасдаад байсан. Сүүлдээ гар утас нь холбогдохгүй болохоор нь ***ын гэрт яваад очсон чинь эхнэр *** нь байж байсан ба тэгээд ***д надад ***, *** нар хамт явсан юм шиг байна *** гэртээ байхгүй байна гэж хэлж байсан. Би тэгээд буцаад гэртээ орж ирээд байж байсан чинь *** манай гэрт орж ирээд миний гар утсаар ***ын ээж рүү утсаар ярихад *** энд аваар хийчихсэн байна гэж хэлж байсан. ***ы машинтай явж байсан юм шиг байна гэж хэлэхээр нь анх мэдсэн юм. Үүний дараа *** гэртээ 18 цагийн орчим ирэхээр нь түүний машинтай *** явж байгаад аваар хийсэн байна гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...Тэр өдөр Дархан сумын 8 дугаар баг Микрт байх буудалд *** бид нар архи ууж сууж байсан... *** *** нар согтуу явна гээд байхаар нь би тэднийг явж яах гэж байгаа юм бэ гээд болиулсан юм. Би тэгээд буудлын өрөөнөөс гараад дэлгүүр орох гээд гарсан чинь ***ы машин асаалттай хаалга нь онгорхой байхаар нь машиныг нь унтраагаад түлхүүрийг нь ***д өгсөн юм. Тэгээд хэсэг байж байсан чинь ***ы түлхүүр буудлын өрөөний орон дээр хэвтэж байсан чинь *** тэр түлхүүрийг авчирхаар нь чи наад түлхүүрээ надад өгчих гэж хэлсэн чинь надад өгөхгүй байсан. Тэгээд үргэлжлүүлж архи ууцгааж сууж байсан чинь бүгд архиндаа согтоцгоосон ба *** уусан архиндаа тасраад уначихсан байсан. Архи ууж дуусаагүй байж байхад би ***ы хажуугаар ороод унтчихсан юм. Ингээд үдээс хойш нилээн орой болчихсон байхад *** бид 2 буудлын өрөөнд сэрсэн юм. Цуг архи ууж байсан ***, Мийгаа нар явцгаасан байсан. *** бид 2 буудлын өрөөнөөс гараад дотогшоо буусан чинь ***ы машин алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 95 дугаар хуудас/,

Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг нотолж буй байдлын зураг /хэргийн 4-5 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-5 дугаар хуудас/,
Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 46-47 дугаар хуудас/,
Зам тээврийн байдал дээр тогтоосон ослын дүгнэлт /хэргийн 88 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “...би тэр өдөр өөрийнхөө *** улсын дугаартай марк-2 автомашиныг жолоодоод эхнэр ***ийн хамтаар хуучин Дарханаас олон улсын худалдааны төв чиглээд 16 цаг өнгөрч байхад явж байсан чинь гэнэт урдаас буюу Дархан зочид буудал талаас нэг Приус маркийн автомашин гарч ирээд эхлээд миний автомашиныг зүүн гар талаас шүргэж автомашины толиноос хойд талын хаалга хүртэл шүргээд хажуугаар өнгөрөөд явсан юм. Тэгээд л тэр машин хойшоо өнгөрч яваад 2 автомашин шүргэчихсэн байсан. Би машинаа шүргүүлээд тэр доороо зогссон юм. Би тэр жолоочийг эргэж хараагүй. Осол болсоны дараа цагдаагийн ажилчид ирээд хэмжилт хийж дууссаны дараа намайг машинаа аваад журмын хашаа яв гэхээр нь би осол болсон газраас явсан” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “...явж байхад миний ард автомашин мөргөлдөх чимээ гарахаар нь эргээд харсан чинь намайг чиглээд нэг автомашин ирж байхаар нь зугтаагаад замын цаана гарч зогсоод эргээд харсан чинь миний автомашиныг Приус маркийн автомашин болон соната-2 маркийн автомашинууд ирээд мөргөчихсөн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч ***ын өгсөн: “...Гэтэл автомашин авч яваад удаагүй Бумшүр надруу утсаар яриад намайг явж байхад миний ардаас Приус маркийн автомашин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...ДБС телевизийн байрны урд өөдөөс урсгал сөрөөд Приус маркийн автомашин нилээн хурдтай ирээд миний сууж явсан талыг шүргээд арагшаа явсан” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...хээтэй хорооллын хойгуур ороод явж байсан чинь араас гэнэт нэг автомашин ирээд мөргөчихсөн юм. Тухайн автомашин миний араас нилээн хүчтэй мөргөсөн болохоор доороо 2 эргэсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ****ын өгсөн: “...тухайн осол болсон газар ирэхэд зам тээврийн осол гаргасан автомашины жолооч нь алга болчихсон байсан ба тухайн газар байсан хүмүүсээс асуухад алга болчихсон байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/,

Драйгер үлээлгэсэн тэмдэглэл /хэргийн 45 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***ы *** улсын дугаартай Т/Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***ы Т/Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг DBS телевизийн байрны урд байрлах асфальтан нь зам дээр 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 8.11, 2 дугаар бүлгийн 2.7а заалтуудыг зөрчсөнөөс иргэн ***ийн жолоодож явсан *** ДАР улсын дугаартай Тоёото марк 2 маркийн автомашин, иргэн ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай Соната-5 маркийн автомашин, иргэн ***ын эзэмшлийн *** ДАР улсын дугаартай Соната-2 маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаж уг ослын дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в гэсэн заалтуудыг зөрчин осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, хохирогч *** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын /хэргийн 65-66, 92 дугаар хуудас/, хохирогч ***ы /хэргийн 25-26, 93-94 дүгээр хуудас/, гэрч ***жавын /хэргийн 39 дүгээр хуудас/, ***ийн /хэргийн 41 дүгээр хуудас/, ***ын /хэргийн 95 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг нотолж буй байдлын зураг /хэргийн 4-5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-5 дугаар хуудас/, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 46-47 дугаар хуудас/, зам тээврийн байдал дээр тогтоосон ослын дүгнэлт /хэргийн 88 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч ***ийн /хэргийн 29-30 дугаар хуудас/, ***ийн /хэргийн 32-33 дугаар хуудас/, ***ын /хэргийн 34-35 дугаар хуудас/, ***ийн /хэргийн 40 дүгээр хуудас/, ***ийн /хэргийн 43 дугаар хуудас/, ***ын /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлэг, драйгер үлээлгэсэн тэмдэглэл /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

             Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

             Иймд шүүгдэгч ***ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

             Шүүгдэгч *** нь 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 202 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасны дагуу ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

             Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

             Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
           
           1 Шүүгдэгч ***ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 сар /хоёр сар/ баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил /хоёр жил/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***ад оногдуулсан хөнгөн ялыг нь хүнд ялд нь багтааж эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 сар баривчлах ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нь багтаан биечлэх эдлэх ялыг нь 2 жил /хоёр жил/ хорих ялаар тогтоосугай.

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***ад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан ***ад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
 
                6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
              

                     
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА