Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/02195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, С******* овогт А*******н Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***-р байранд байрлах “Х*******, Жсанд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,987,816 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ичинхорлоо нар оролцов.                                                            

                        ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.А би 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Жсангийн захирал Батцэцэгт нэхэмжлэл гаргаж, БЗД-ийн ИХАШШ-ийн 2020 оны 1-р сарын 14-ний өдрийн 0267 дугаартай шийдвэрээр Жижиг, Дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоогдож, 2019.06.12-ны өдрөөс 2020.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 9,619,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Харин хариуцагч тал шүүхийн энэ шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр биелүүлж, миний бие ЖДҮХС-ийн дэд захирлыг албан тушаалд 2020 оны 3 дугаар сарын 6-ны өрийн Б/223 дугаартай тушаалаар томилогдсон. Тиймээс албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанаас хойш ажилд томилсон тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний нэг сарын үндсэн цалин 1,369,416 төгрөг энэ цалинг 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 3-р сарын 5-ныг дуустал хугацаагаар ажилгүй байсан хугацааны нийт цалин 2,987,816 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 0267 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд хамруулан... нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй”. Тус шийдвэрийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар сангийн дэд захирлын ажилд эгүүлэн томилж, дээрх хугацааны цалинд 9,619,280 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Жсан”-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,987,816 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Аыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу “Жсан”-гийн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,619,280 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 11-16 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Хариуцагч “Жсан” нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “А.Аыг ажилд томилох тухай” Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Аыг “Жсан”-гийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан уг тушаалын хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зохицуулсан.

Дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч А.Аыг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзнэ.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэг сарын үндсэн цалин 1,366,816 төгрөг болж байх тул ажилгүй байсан бүтэн 6 сарын цалин /1,366,816х6=8,200,896/ төгрөг болон мөн ажлаас халагдсан сарын, шүүхийн шийдвэр гарсан сарын хэсэгчилсэн хугацааны 22 ажлын өдрийн 1 хоногийн цалин /1,366,816/21.4=64,472/ төгрөг нь 1,418,384 төгрөг болж нийт 9,619,280 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хангаж ...” шийдвэрлэв гэжээ.

Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 6 сар 22 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан.

А.Аыг ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үргэлжлэх ба уг хугацаанаас хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэр гарснаас хойш буюу 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч “Жсан” нь нэхэмжлэгчид олгоогүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 29-30 дахь талд/

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон өдрөөс эхлэн ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүрэг үүссэн байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 1 сар 14 хоногийн ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Жсан”-гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчид олгох цалин хөлсний олговрыг тооцохдоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрээр тогтоосон 1,366,816 төгрөгөөр тооцоход 2,271,224 төгрөг гарч байх тул ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 716,392 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00267 дугаар шийдвэрээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хүртэлх хугацаагаар нөхөн бичилт хийлгэж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Жсан”-гаас 2,271,224 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А болон ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг “Жсан”-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жсан”-гаас 51,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ