| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01755/И |
| Дугаар | 101/ШШ2020/02300 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2020/02300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УХ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** тоотод оршин суух, Чимэг овогт С*******ын Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦБ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух Ожоо овогт Ж*******гийн Гт холбогдох,
288,400,095 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.С*******, Ж.Г нар харилцан тохиролцож 192,266,730 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 290.38 м.кв талбайтай амины сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Уг төлбөр барагдуулах гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлбөр төлөгч Ж.Г нь төлбөл зохих төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Иймээс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн төлбөр 192,266,730 төгрөг, алданги 96,133,365 төгрөг нийт 288,400,095 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөр гаргуулах хүсэлтэй байгаа тул учирсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 онд Г.С******* нь “Ц*******” ХХК-иас авах авлагын 169,000,000 төгрөгийн үлдэгдлийг манай компани руу шилжүүлж бидний дунд өр төлбөрийг асуудал үүссэн. 2016 онд Г.С*******той энэ өр төлбөрийг баталгаажуулан өр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Миний хамтрагч Соронзонболд 2015 онд С*******од 30,000,000 төгрөг төлсөн энэ төлбөрийн талаар төлбөр барагдуулах гэрээнд тусгасан билээ. Одоо төлөх төлбөр 139,000,000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2014 оноос таун хаус барин зах зээлд борлуулахыг хүссэн боловч 2015 оноос эхэлсэн барилгын салбарын зах зээлийн уналт нөлөөлөн өдий хүртэл хүндрэлтэй байгаа билээ. Зах зээлийн хүндрэлтэй үед хүү, алданги тооцон өр төлбөрт орон байж осгосон эд хөрөнгөөр минь хангуулахыг хүссэнд гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ж.Гт холбогдуулан 288,400,095 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 139,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Нэг талаас Г.С******* нөгөө талаас Ж.Г нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр Ж.Г нь төлбөрийн үлдэгдэл 160,266,730 төгрөг, ашигласан хугацааны хүү 32,000,000 төгрөг нийт 192,266,730 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх ба уг 192,266,730 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү2204066474 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 21/2 тоот хаягт байршилтай 290.38 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 дахь талд/
Тус гэрээний нэг тал болох Г.С******* нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байх ба түүний хүү С.Б 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний дагуу иргэн Ж.Гээс авах 192,266,730 төгрөгийг өмчлөх болон шаардах эрхийн хөрөнгийг өвлөн авсан байна. /х.х-ийн 6 дахь талд/
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж зааснаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийг С.Б хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С.Бэд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийг хариуцагч Ж.Гээс шаардах эрх байх боловч тус гэрээний хүсэл зориг, агуулга зэрэгт дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан талаар хариуцагч маргахгүй байх бөгөөд тус гэрээ нь талуудын өмнө тохиролцсон цемент худалдах худалдан авах гэрээний төлбөрийн тооцоог хийсэн баримт гэх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч тал маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Г нь цемент худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу 160,266,730 төгрөгийн үнэ төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд талийгаач Г.С******* хариуцагч Ж.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу 160,266,730 төгрөг, уг мөнгийг ашигласны хүү 32,000,000 төгрөг, алданги 96,133,365 төгрөг нийт 288,400,095 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь худалдан авсан цементийн үнэнд 160,266,730 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч Ж.Г нь 2015 онд Г.С*******од 30,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан байх боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй тул 160,266,730 төгрөгөөс хариуцагчийн тайлбараар 30,000,000 төгрөгийг хасах үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул 160,266,730 төгрөгийг ашигласны хүү 32,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хүү тооцох талаарх талуудын тохиролцсон хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байх тул уг хэлцлийг хийгдээгүйд тооцож, хүү 32,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2-т “... энэхүү гэрээнд заасан хугацаанд дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг ... төлнө” гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 240.1.3-т “үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” бол үүрэг дуусгавар болно гэж зохицуулсан.
Хариуцагч Ж.Гийн Г.С*******ын өмнө хүлээсэн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор төлөхөөр тохиролцсон хариуцлагын үүрэг буюу алдангийг Г.С******* нас барснаар дуусгавар болох үндэслэлгүй байх тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцлийн дагуу алдангийг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзэв.
Тайлбарлавал, алданги төлөх үүргийг хариуцагч нь гэрээний тохиролцооны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч С.Б нь өв залгамжлалын гэрчилгээ авсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй юм.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Ж.Гээс үндсэн үүрэгт 160,266,730 төгрөг, хариуцлагын үүрэгт 48,066,682 төгрөг нийт 208,333,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80,066,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардсан.
Хариуцагч Ж.Г, Г.С******* нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Гээс 208,333,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 80,066,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204066474 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 21/2 тоот хаягт байршилтай 290.38 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,670,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гээс 1,229,817 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ