| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0206/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0078 |
| Огноо | 2015-03-13 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0206/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000271 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн , Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тариалдаг, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлснийг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилж 4 жил хорих ялаар шийтгэж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ***,
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг Уурын зуухны орчим 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмын ноцтой зөрчин иргэн *** зодож танхайрсан, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг Төмөр замын өртөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн ***ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Цагдаагийн хэсгийн өрөөнд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд нийгмийн хэв журам ноцтой зөрчин иргэн ***г илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж зодож давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
/2015 он/Шийтгэх тогтоол/***/181.2.1, 181.2.4/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр архи уугаад иргэн ***, нартай муудалдаж танхайрсан. Эхлээд орой 17 цагийн орчим иргэн ***тай муудалдаж танхайрсан. Дараа нь ***тай таарахдаа маргалдаад танхайраад хөөгөөд явуулсан. Тэр үед *** цугтаа явж байсан. Тэгээд цагийн дараа иргэн ***тай бас маргалдсан. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 27-ны орой ***, *** гэж хоёр хүнтэй Орхон сумын колонкын хажууд таарсан. Би ***тай юм яриад алхаж байхад араас *** дагаад яваад байхаар нь би “та яах гээд байгаа юм” гэхэд миний өөдөөс “чи яадаг болчихсон юм бэ” гэхээр нь би “за зүгээр байгаарай” гэж хэлсэн энэ муу шээс хэзээ ийм болсон юм бэ гээд маргалдсан. Намайг соом Жагайгийн шээс гэхээр нь би өөдөөс нь хуруугүй Чука гэж хэлсэн. Тэгээд цааш маргалдаад вокзалын харалдаа очоод маргалдаад зогсож байхад тэр 2 намайг нийлж зодох гээд байгаа юм шиг санагдаад байсан. Тэр үед вокзалын талбай дээгүүр Батаа гэж хүн явж байхаар нь би дуудаад ирэхээр нь мэндлээд зогсож байсан. Тэр хоёр хажууханд байсан тэгээд дахиад маргалдсан. Би ***ын нэг охинтой үерхдэг байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь чи муу яахаараа миний охидуудыг доромжилдог юм бэ гэж хэлээд дөхөөд ирэхээр нь барьцалдаж аваад нүүр рүү нь хамар орчим нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд салцгаасан хүн ирж салгаагүй, өөрсдөө салсан. Би ганцаараа вокзалын ард сууж байхад *** гэнэт ирээд шилээр миний нүүр рүү хатгахаар нь би нүүрээ гараараа дараад байхад ***тай хамт явж байсан *** гэж хүн хажуунаас наад бацаанаа алаач гэж хэлж байсан. Тэгэхэд дахиад нэг хатгаад ***, *** нар яваад өгсөн. Гэтэл Батаа гэх хүн гарч ирээд та 2 хүн алчихлаа гээд дуудсан. Тэгэхээр нь би Батаа ахаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн цагдаа ирээд эмнэлэг авч явсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 15-16, 55 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ***тай хамт төмөр замын дэлгүүрээс гараад явахад *** араас хөөе хуруугүй Чука гээд дуудаад байхаар нь би “чи ахыгаа ингэж дуудаж болохгүй шүү” гэхэд “чиний гурван охиныг чинь би шааж байсан шүү” гэхээр нь би *** руу юу гэнээ чи гээд очиход *** өөдөөс төмөр өргөстэй тор давж гарч ирээд шууд заамдаж аваад хамар руу мөргөж, миний дээрээс дарж унасан. Тэгээд миний цээж нь дээр суугаад өмсөж явсан куртикны захаар хоолой бооход нь би тавиулах гээд дийлэхгүй байсан. Ухаан балартаад би гараараа хажуудаа тэмтэрэхэд нэг юм баригдахаар нь аваад ***ийн нүүр орчим нь цохисон. Тэр үед ***ийн араас *** татаад холдуулсан юм. Миний хамарнаас тухайн үед их хэмжээний цус гараад байсан болохоор *** намайг арай гэж ***ээс салгаж авч яваад цаана очиж колонкын тэнд миний нүүрийг угаасан. Тэгээд манай эхнэр намайг ирж авсан юм. Би юугаар цохисоноо тухайн үед мэдээгүй ухаан орж гараад амьсгаа арай гэж авсан, сүүлд нь гартаа барьсан юмаа үзэхэд архины шилний хагархай байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 19-20, 21 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** гэнэт зүгээр юу ч яриагүй байж байхад миний баруун талын хацар руу намайг энгэрээс барьж аваад толгойгоороо нэг удаа мөргөөд 2 гараараа нүүрэн тус газар 3 удаа цохисон....гэмтэл бэртэл учраагүй тухайн үед бага зэрэг өвдөж байсан, одоо бол миний бие зүгээр байна...тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй одоо шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлаггүй” гэх мэдүүлэг /хэргийн 26, 27, 75 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** эмнэлэгт үзүүлээд ирж байна гэж орж ирсэн юм. Би цагдаад болсон асуудлын талаар ярьж байхад *** намайг “чи муу буриадын шээс юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд босож ирээд миний дээд уруул руу нэг удаа, зүүн нүдний дээр нэг удаа мөргөсөн ба хэсгийн цагдаа салгасан юм...тухайн үед миний дээд уруул, дээд шүд хөндүүртэй, бас зүүн нүдний дээр хөндүүр байсан юм. Ил харагдах гэмтэл байгаагүй юм. Одоо бие зүгээр болсон” гэх мэдүүлэг /хэргийн 105 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 27-ны орой найз ***тай төмөр замын дэлгүүр ороод гарч ирэхэд манай Орхон сумын Батаа, *** нар сууж байсан. Би дэлгүүрээс гарч ирээд юу байна, ахын дүү гэж мэндлээд явах гэсэн чинь араас *** хөөе *** нааш ир гээд дуудаад байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд цаашаа хашааны цаана гараад алхаад явж байтал *** араас нь ирээд хашааны цаанаас миний цамцнаас зуураад байхаар нь би гарыг нь тавиулсан чинь цаадах чинь хэн юм бэ надаас асуухаар нь би *** байна гэсэн чинь өө хуруугүй Чука би танай 3 охиныг гурвууланг нь шаасан ш дээ гэж хэлэхэд *** чи юу яриад байгаа юм бэ гэхэд *** төмөр тор маш хурдан давж гарч ирээд ***ын захнаас нь барьж аваад нүүр рүү нь толгойгоороо мөргөөд ***ын хоолойг боож байхад гарыг нь *** тавиулж чадахгүй байсан. Батаа бид хоёр гүйж очоод ***ийн араас нь арай гэж салгахад ***, ***ын дээрээс нь боссон юм. Тэр хоёрын нүүрнээс цус гоожиж байсан. Тэгээд би ***ыг ***ийн доороос нь салгаж аваад дагуулаад колонкын ардуур явж байгаад угаагаад цаашаа эхнэрт нь хүргэж өгөх гээд явж байхад өөдөөс эхнэр нь ирээд ***ыг авч явсан” гэх мэдүүлэг /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 27-ны орой Орхон сумын сургуулийн дотуур байранд охин дээрээ очиход тосгонд эмээгийндээ очиж хонохоор явсан байсан, би араас нь тосгон руу явж байсан юм тэгсэн төмөр замын вокзалын орчим зүс мэддэг *** гэж залуу таараад намайг дуудсан юм. Би очиход *** нилээн согтуу байсан. Би мэндлээд явах гэсэн чинь намайг байж бай гээд явуулахгүй байсан. Тэгээд бид хоёр хойшоо тосгон явах гээд төмөр замын талбайн хажууд байж байхад Орхон сумын иргэн ***, *** гэж хоёр хүн Ган-Зам дэлгүүр рүү орж явсан. *** явахгүй тэр хоёрыг дэлгүүрээс гарч ирэхийг хүлээгээд байсан. Тэгээд *** ах, *** хоёр дэлгүүрээс удалгүй гарч ирээд ***ийг тоохгүй хашаан доогуур шургаад явсан. Тэгсэн чинь *** хойноос нь хөөе *** хаачих гэж байгаа юм бэ гэж асууснаа хуруугүй Чука би танай охиныг гурвууланг нь шаасан чи мэдэх үү гэж хэлсэн. Тэгсэн чинь *** чи хүн андуураад байгаа юм биш үү гэхэд үгүй би хүн андуураагүй Чукаагийн охин мөн гэж хэлж байсан. *** гэж хүн ***ийг чи юу яриад байгаа юм бэ гэхэд *** маш хурдан төмөр замын тор ***д ***ыг заамдаж аваад нүүр рүү нь мөргөж унагаад дээр нь суугаад хоолойг нь боосон. *** ах бид 2 жоохон зайтай байсан. Гүйгээд очиход *** дээр нь гараад суусан, хоолойг нь боогоод байсан тул *** ах хойноос нь татаж буулгахад ***ийн нүүр цус болсон байсан. ***ын нүүр ч цус болсон байсан. Тэгээд би сумын цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “тэгээд би Ган-Зам дэлгүүрээс 50 орчим метр зайтай хэсэг хүмүүс харанхуйд зогсож харагдахаар нь Оюун эгч бид хоёр яваад очиход манай нөхөр ***ын хамраас цус гарсан, найз *** нь шалбаагны усаар цусыг нь угаагаад зогсож байсан ба цаанаас нь Доржоо гэдэг найз савтай ус бариад ирсэн юм. Манай нөхрийн хувцас хунар нь нил цус болсон байхаар нь юу болов, яасан бэ гэхэд Дашка намайг хуруугүй Чука гэж хэлээд миний охидуудыг маань бүгдийг нь шаасан гэж доромжлоод намайг уурлахаар хүрч ирээд миний хамар руу мөргөөд намайг газарт унахаар дээр гарч хоолой боолоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,
Шинжээчийн №408 дугаартай: “***ын биед хамар ясны цууралт, таславчийн мурийлт, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул цаашид гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 38 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг Уурын зуухны орчим 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмын ноцтой зөрчин иргэн *** зодож танхайрсан, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг Төмөр замын өртөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн ***ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Цагдаагийн хэсгийн өрөөнд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд нийгмийн хэв журам ноцтой зөрчин иргэн ***г илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж зодож давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар
Үүнд: Шүүгдэгч ***ийн өгсөн: “....2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр архи уусан явсан. Орхон сумын нутагт вокзалын орчим ***тай маргалдаж, хэрэлдэж, муудалцсан. *** намайг мөргөх гэж байгаа юм шиг нүүр рүү тулж ирэхээр нь би мөргөсөн.
....Цагдаагийн хэсэг дээр Даваа босч ирээд надруу дайрч, доромжлоод соом Жагаагийн шээс гээд босоод ирэхээр нь эхлээд би мөргөөд, дараа нь цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн-15-16 хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “....Би ***тай хамт төмөр замын дэлгүүрээс гараад явахад *** араас хөөе хуруугүй Чука гээд дуудаад байхаар нь би “чи ахыгаа ингэж дуудаж болохгүй шүү” гэхэд “чиний гурван охиныг чинь би шааж байсан шүү” гэхээр нь би *** руу юу гэнээ чи гээд очиход *** өөдөөс төмөр өргөстэй тор давж гарч ирээд шууд заамдаж аваад хамар руу мөргөж, миний дээрээс дарж унасан. Тэгээд миний цээж нь дээр суугаад өмсөж явсан куртикны захаар хоолой бооход нь би тавиулах гээд дийлэхгүй байсан. Ухаан балартаад би гараараа хажуудаа тэмтэрэхэд нэг юм баригдахаар нь аваад ***ийн нүүр орчим нь цохисон” гэсэн мэдүүлэг/ хэргийн 19-20, 21 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***гийн өгсөн: “....*** эмнэлэгт үзүүлээд ирж байна гэж орж ирсэн юм. Би цагдаад болсон асуудлын талаар ярьж байхад *** намайг “чи муу буриадын шээс юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд босож ирээд миний дээд уруул руу нэг удаа, зүүн нүдний дээр нэг удаа мөргөсөн ба хэсгийн цагдаа салгасан юм” гэх мэдүүлэг / хэргийн 105 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...*** гэнэт зүгээр юу ч яриагүй байж байхад миний баруун талын хацар руу намайг энгэрээс барьж аваад толгойгоороо нэг удаа мөргөөд 2 гараараа нүүрэн тус газар 3 удаа цохисон....гэмтэл бэртэл учраагүй тухайн үед бага зэрэг өвдөж байсан, одоо бол миний бие зүгээр байна” гэх мэдүүлэг /хэргийн 26, 27, 75 дугаар хуудас/,
Шинжээчийн №408 дугаартай дүгнэлт: “***ын биед хамар ясны цууралт, таславчийн мурийлт, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул цаашид гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хэргийн 38 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/, гэрч Г.Уранжаргалын өгсөн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** урьд нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 74 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-т заасны дагуу ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *** нь 102 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэхээр тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар шүүгдэгч ***ийг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***т мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *** энэ хэрэгт 102 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА