Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0079

 

  
 
 
 
 
 
 


 
 
 

 
                                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                        
 
                                                                                                       Хэргийн индекс: 171/2015/0089/Э
 
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Иргэдийн төлөөлөгч**, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Хохирогч ***,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000882 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

         Монгол Улсын иргэн, ***, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 

         Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, “Кайф” бааранд хохирогч ***ын гар утас, хохирогч ***ийн эд хөрөнгийг санаатайгаар гэмтээн, устгасан, мөн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин шилэн аягыг зэвсгийн чанартай ашиглан иргэн ***ын толгойн тус газарт нь цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 
 
                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

                                                                                                                                                                                    Doc/2015/Шийтгэх тогтоол/ ***/181.3/
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ***тай цуг Кайф гэдэг бааранд орж нэг цаг кароакед дуулаад байж байхдаа би өөрийн дүү Тогмиддоржийг дуудсан. Тэгээд сууж байгаад кароакены цаг дуусахаар нь явлаа гэсэн чинь *** явуулахгүй байсан. Тэгэхээр нь би маргалдаж байгаад стиканаар ***ын толгой руу цохисон. Тэгсэн чинь зөөгч охин над руу дайрч үсдэж авсан. Тэгээд тэр баарнаас гарсан чинь баахан хүмүүс ирээд зодсон чинь манай дүү салгаж аваад би зугтаагаад манай дүүг бариад үлдээд манай дүүгийн хамрыг хугалсан байсан. Зөөгч охин намайг зодсон байж зодоогүй гээд байгаа. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэхүү гэхээр нь үзүүлсэн чинь гэмтэл тогтоогдоогүй. Дараа би дүүгээ үзүүлье гэж байгаад үзүүлсэн чинь хамар нь хугараагүй байсан. Гэхдээ хөнгөн гэмтэл тогтоогдсон” гэх мэдүүлэг,

        Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хөдөө ажлаар явах гээд хөдөө явах хүнээсээ хэдэн цагт явах юм гэсэн чинь орой 23, 24 цагийн үед явна гэхээр нь би найз Отгоотой уулзах гээд очсон чинь манай найз ***, дүүтэй нь зогсож байсан. Тэгээд Отгоо надад ажил гарчихлаа гээд яваад өгөхөөр би *** дүү тэрний найз бид дөрөв Кайф бааранд орж кароакенд орц нэг цаг аваад бид хэд нэг шил архи 2 пиво авч уусан. Удалгүй цаг дууссан чинь *** цагаа сунгая гэхээр нь би сунгахгүй гэсэн чинт надтай маргалдаад босохдоо нэг стикан хагалсан. Тэгээд архины хундага баарны зөөгч охин руу шидсэн. Тэгээд миний утсыг булааж аваад унагаачихаар нь би утсаа авах гээд тонгойсон чинь дээрээс толгой руу цохисон. Тэгээд хоёр цагдаа ирээд аваад явсан. Тэрнээс биш би нурууг нь илсэн юм байхгүй” гэх мэдүүлэг, 

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх телебизороо 590.000 төгрөгөөр авч байсан. үнэлгээний комисс 450.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Би энэ мөнгөн дээр хундаг, стиканы үнэ 5000 төгрөг нэмээд нийт 455.000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний хохиролыг төлчих юм бол надад хүний мууг үзэх гэсэн санаа бодол алга байна” гэх мэдүүлэг,

        Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би дүү *** болон нөгөө залуугийн хамт караокены өрөөнд үлдээд дуу дуулж архи, пиво уусан. Тэгээд би буйдан дээр сууж байгаад босох гэж байгаад ширээн дээр байсан архины стаканыг унагаад хагалчихсан. Тэр үед караокены зөөгч эмэгтэй орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд нөгөө залуу зөөгч эмэгтэйд хандаж стакан унагаад хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй караокены захирал орж ирээд надтай хамт байсан залууд хандаж хагалсан стаканаа төлөөрэй гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу би төлчихнө гэж хэлэхэд баарны захирал зөөгч эмэгтэйгийнхээ хамт гарч явахад нөгөө залуу миний хажуу талд ирж суугаад чи стакан хагалвал хагалж болно, би төлчихнө, мөнгө байгаа чи хэдийг авмаар байна гэж хэлэхэд нь би нөгөө залууд хандаж би мөнгө авчихмаар харагдаад байна уу гэж хэлэхэд нөгөө залуу дуугүй болж хэсэг сууж байснаа надад хандаж чи яагаад уурлаад байгаа юм бэ гэж хэлээд надруу ойртож ирж суугаад миний нурууг илэхэд нь би чи яагаад байгаа юм гээд гарыг нь цохьсон. Тэгээд би явлаа гэж хэлэхэд миний гарнаас татаад буйдан сандал дээр суулгачихсан. Тэгээд тэр залуу надруу ойртоод миний хөхнөөс өвдтөл нь базаад байхаар нь би уурлаж өөрөөсөө түлхэж холдуулаад ширээн дээр байсан архины стакан аваад нөгөө залуугийн толгойн тус газарт цохисон. Тэр үед нөгөө залуугийн толгойноос цус гарахад нь гаднаас зөөгч эмэгтэй ганцаараа орж ирээд миний үснээс шууд зулгаасан. Тэр үед караокены захирал орж ирээд бид нарыг гарцгаа хамаг юм эвдээд гэж хэлээд гаргасан. Тухайн үед би хүний толгой хагалсандаа айгаад караокены өрөөнөөс гарч зугтаахад хойноос хэдэн хүн хүрч ирээд намайг барьж аваад үснээс зулгаагаад доошоо дарж тал талаас нь зодсон” гэх мэдүүлэг /хэргийн 62-63 дугаар хуудас/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би нөгөө хүүхэнд хандаж өөр газар орьё гээд Кайф нэртэй караокед орж 1 шил архи, 2 пиво авч хувааж уусан. Тэгээд караокены цаг дуусах үед нөгөө эмэгтэй гаръя гэж хэлэхэд нөгөө эмэгтэй дахин дуу дуулмаар байна гэж хэлсэн. Тухайн үед караокены зөөгч орж ирээд зурагтыг унтраахад нөгөө эмэгтэй уурлаад гартаа барьж байсан стаканыг аваад хана руу шидсэн юм... дүүтэйгээ маргалдаж байгаад дахин нэг стакан хана руу шидэж хагалсан. Тэгээд нөгөө хүүхэн утсаар ярина гээд ширээн дээр байсан гар утсыг нь авах гэтэл дүү нь уг утсыг аваад хармаандаа хийсэн. Тухайн үед гар утсаа гартаа барьж байхад нөгөө хүүхэн миний гар утсыг булааж авахад чи миний гар утсыг өгөөч гэж хэлээд оройтоход нөгөө хүүхэн миний гар утсыг үүд рүү шидсэн....буйдан дээр сууж байхад нөгөө эмэгтэй дүүгийн хамт караокены өрөөнөөс гараад зугтаахдаа нэг юмаар караокены өрөөний зурагтыг цохиод хагалчихсан юм. Би нөгөө хүүхэн рүү уурлаад зогсож байгаад буйдан дээр суухад нөгөө хүүхэн дүүтэйгээ ширээний наана, цаанаас хэрэлдэж байгаад гэнэт миний толгой руу шилээрээ цохисон. Тэр үед миний толгой хагараад, цус гоожоод тооцооны цаасаар арчихад үүдэнд зогсож байсан бармен хүүхэн дахин цохилоо ш дээ гэж хэлэхэд би нөгөө хүүхэн рүү хараад гартаа хагархай шил барьчихсан надруу далайхаар нь зүүн гартаа шил барьсан гарыг нь хаагаад хойш нь түлхэж буйдан дээр суулгасан. Тэгээд цусаа тогтоох гээд буйдан дээр сууж байхад нөгөө эмэгтэй дүүгийн хамт караокены өрөөнөөс гараад зугтаахдаа нэг юмаар караокены өрөөний зурагтыг цохиод хагалчихсан. Тэгэхээр нь би дахин хойноос нь гүйгээд дүүг нь барьж аваад цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 34-36 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг өөрийн караокены бааранд байж байхад зөөгч *** миний өрөөнд орж ирж уулзаад 3 номерийн өрөөнд үйлчлүүлж байгаа 2 хүний эмэгтэй нь караокены цаг сунгахгүй гэж хэлсэн чинь стакан шидээд хагалчихсан гэж хэлсэн юм... зөөгч *** дахин ирээд нөгөө эмэгтэй дахин стакан шидээд хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 номерийн өрөө рүү ороход дахин стакан шидээд хагалчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

 Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ бармен Цэвээний хамт байж байхад гаднаас ***, *** гэх 2 хүн орж ирээд *** гэх эмэгтэй караокены өрөө рүү орж *** гэх эрэгтэй нь захиалга өгөөд зогсож байсан. Тэгээд би караокены өрөө рүү орж зурагтыг нь асааж микрофон, дэлгэц зэргийг нь шалгаж *** гэх эмэгтэйд хүлээлгэж өгчихөөд захиалсан зүйлсийг оруулж өгчихөөд өрөөнөөс гарсан юм...би караокены өрөө рүү орж цаг сунгахгүй гэж хэлээд караокены удирдлагыг авч зурагтыг унтраачихаад өрөөнөөс гарч хаалга хаах үед хаалгыг нэг юм цохих шиг болсон. Тэр үед би буцаж өрөөнд орж ирэхэд газарт стаканы шил хагарсан байсан...би яагаад стакан шидэж байгаа юм бэ гэхэд *** гэх эмэгтэйгийн дүү нь гэх нэг залуу надад хандаж чи өмсөж явсан хувцасаараа шүргээд унагаачихсан шүү дээ гэж хэлэхэд би ширээ рүү чинь ойртоогүй ээ, тэгсэн ч хагарсан стаканы шил хаалганы хажуу тал хүртэл унахгүй гэж хэлчихээд өрөөнөөс гараад хаалга хаах үед *** гэх эмэгтэй дахиад шидсэн ч яадаг юм гээд надруу архины стакан дахин шидсэн” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/,

 Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хагалуулсан зурагтаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/,

 Ял шийтгэлийн тэмдэглэл /хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг болно.
 
 Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 10 дугаар сарын 31-ний оройн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Кайф” бааранд хохирогч ***ын гар утас, хохирогч ***ийн “Кайф” караоке баарны зурагтын дэлгэцийг гэмтээж, 3 шилэн аягыг хагалж эд хөрөнгийг нь санаатайгаар гэмтээн устгасан, мөн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин зэвсгийн чанартай бусад зүйл болох шилэн аяганы хагархай хэрэглэж хохирогч ***ын толгойн тус газарт нь цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч *** /хэргийн 62-63 дугаар хуудас/, хохирогч *** /хэргийн 34-36 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 41 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 47-48 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 49-50 дугаар хуудас/, гэрч А.*** /хэргийн 45-46 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 38 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн, мөн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
   
 Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.8, 55.1.9-т зааснаар бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч *** нь 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн *** /4 нас/, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн *** /2 нас/ гэх хүүхдүүдтэй болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 86, 95 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч *** нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ид учирсан 450.000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулж ***ид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч 01 жил /нэг жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 05 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 05 жил 10 хоног хорих ялд нь багтааж, биечлэх эдлэх ялыг нь 05 жил 10 хоног хорих ялаар тогтоосугай.
 
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 05 жил 10 хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.1.4, 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан гадагш явж болохгүй баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч ***д 05 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн байгууллагад даалгасугай.
 
   7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***гаас 450.000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-2 дугаар байрны 110 тоотод оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ид олгосугай.  

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
 
   9.  Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан гадагш явж болохгүй баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 
 
 
                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА
 
                                 ШҮҮГЧИД                                  Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                                    Я.ТУУЛ