Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0080

 


       
                                        
                                              


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0090/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000903 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1 ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Урьд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан. 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 

            Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6 дугаар баг, бригадын алтан гадас гэх газар *** улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашиныг жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 2 дугаар бүлгийн 2.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж ***гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө *** намайг гэрт байхад Дархан руу цуг машин жолоодоод яваад өг гэж гуйсан. Дарханаас ирээд байж байхад *** дахиад намайг машин  асахгүй байна гээд дуудахад нь би очсон юм. Бид хоёр Алтангадас гэх газар руу явж үхрийг нь эргүүлээд явж байгаад нэг ухаан ороход машин нь өөрөө яваад байсан” гэх мэдүүлэг,                                                                                                                                                                            
                                                                                                                                                                                  
            Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө дүү *** *** улсын дугаартай автомашиныг аваад танил дүү *** гуйж машин бариулаад Дархан-Уул аймгийн Дархан сум руу 3 хүн суулгаж бензин хийлгээд явсан юм. Нилээн орой 18 цагийн орчим *** машин жолоодож яваад би машины жолоочийн хажуугийн сандал дээр суугаад Алтан-Гадас руу явж үхрээ эргүүлээд явж байхад гэнэт онхолдсон...би яаж онхолдсон гэдгийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машины бүх цонх хагарсан байсан бөгөөд *** машин тойроод уйлаад явж байсан гэдгийг санаж байна. *** надад би яваад тусламж дуудаад ирье гээд явсан. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Миний хүзүү хугарсан бөгөөд мэдрэл дарагдсан доод эрхтэнүүд мэдээгүй болсон” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-8 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 20 цагийн орчим ***гийн эгч *** миний гар утас руу залгаад манай машин поль руу ороод эвдэрсэн байна, хамт яваад ирье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ***ийн гэрийн гадаа очоод ***эс яасан талаар асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Хонгорын төвөөс ертөнцийн зүгээс зүүн тийш Алтангадас руу явж байх замд ногоон өнгийн приус-10 маркийн *** улсын дугаартай автомашин замын хажууд онхолдсон байдалтай, 4 дугуй нь дээрээ уг машин байсан. Намайг очиход *** дээшээ хараад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би Хонгор сум руу найз ***тэй уулзах гээд очсон бөгөөд ***гийн машинтай Хонгорын төвөөс гараад ертөнцийн зүгээс зүүн урагшаа шороон замаар явж байхад замын хажууд ногоон өнгийн Приус 10 маркийн ногоон өнгийн машин онхолдсон бололтой бүх шил нь хагарсан байдалтай замын хажууд зогсож байсан. Нэг эмэгтэй жолоочийн хажуугийн суудал дээр авраарай, туслаарай гээд хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цагийн орчим *** нүүр, толгой нь цус болсон байдалтай орж ирсэн...*** миний бие өвдөөд байна гэж хэлээд орон дээр хэвтсэн тэгэхээр нь Бат-Эрдэнийн аав Жаргалбаатарыг аваад осол болсон газар очиход ...*** жолоочийн хажуугийн сандал дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний машины жолооны эд анги зүгээр хэвийн байсан, жолоодож явахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замын хажууд эвдэрч хэмхэрсэн приус маркийн ногоон өнгийн машин ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай байсан. Ингээд Алтанбат бид 2 юу болсон юм бол гэж бодоод яваад очиход жолоочийн хажуугийн суудлын арагшаа налуулаад нэг танихгүй эмэгтэй авраарай гэж хэлээд хэвтэж байсан. Тэр эмэгтэйгээс юу болсон юм бэ, хэнтэй хамт явж байсан юм бэ хүн чинь хаана байгаа юм бэ гэж асуухад тэр эмэгтэй авраарай миний 2 дүү, намайг хаяж явж болохгүй шүү гээд надтай хамт явж байсан хүн тусламж дуудах гээд явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

           Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сумын иргэн *** 6 дугаар бригад явах замд хөдөө онхолдсон байсан, дотор нь танихгүй эмэгтэй хүн байна гэж дуудлага өгсөн. Би сумын эмчээ дагуулаад ослын газар очиход *** гэх эмэгтэй машин дотор жолоочийн хажуугийн суудал дээр дээшээ хараад хэвтэж байсан. Осол болсон газар хөдөө хээр шороон зам байсан, уг шороон замын 2 талаар тариалангийн талбайтай тэгш тал газар байсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

Шинжээчийн 16866 дугаартай: “...***гийн бие хүзүүний 5, 6 дугаар нугаламын шахагдсан хугарал, жийргэвч мөгөөрсний задрал, хугарал мултрал, нугас дарагдал 4 мөчний саажилт, 2 хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зүүн шилбэ баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 10.07.025/08 дугаартай дүгнэлт /хэргийн 57 дугаар хуудас/,

Шинжээчийн 04 дугаартай: “*** нь Тоёото Приус маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргах үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.3-д зааснаар жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ, б.хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт /хэргийн 68 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 112 дугаар хуудас/,

Ял шийтгэлийн тэмдэглэл: “Шүүгдэгч *** нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан” /хэргийн 85, 92-93 дугаар хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 114 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчим хохирогч ***гийн гуйлтаар /бэлчээрт байсан үхэр эргүүлэх зорилгоор/ Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6 дугаар баг, бригадын алтан гадас гэх газар *** улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашиныг жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 2 дугаар бүлгийн 2.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж ***гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 82 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-8 дугаар хуудас/, хохирогч ***гийн /хэргийн 11-12 дугаар хуудас/, гэрч ***ын /хэргийн 18 дугаар хуудас/, гэрч ***ын /хэргийн 19 дүгээр хуудас/, ***ийн /хэргийн 22 дугаар хуудас/, *** /хэргийн 25 дугаар хуудас/, ***гийн /хэргийн 26 дугаар хуудас/, ***ын /хэргийн 29 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 16866 тоот дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 10.07.025/08 дугаартай дүгнэлт /хэргийн 57 дугаар хуудас/, шинжээчийн дугаартай дүгнэлт /хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг ялтай байх хугацаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-т зааснаар ялтайд тооцогдох, тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.3-т зааснаар энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах  үндэслэлтэй байна гэж үзэв.                         
            Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.10-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид тусламж үзүүлсэн зэрэг байдлыг ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  
 Энэ хэргийн улмаас шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогч ***д учруулсан хохирол төлбөрт 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн зүйлгүйг дурьдаж, 635931 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих байгууллагад нь шилжүүлэх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч *** ялтай байх хугацаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг жил/  хугацаагаар хасч, 6 сар /зургаан сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-т заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 6 сар баривчлах ял дээр өмнөх 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 113 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулснаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нь нэмж нэгтгэн шүүгдэгч *** биечлэн эдлэх ялыг 01 жил /нэг жил/ хорих ялаар тогтоосугай.   

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 01 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, 635931 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт шилжүүлж, ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
                              
                                 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХТУЯА