Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/02061

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд  9 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метробизнесс төв 609 тоотод байрлах, МХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн Л  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Хилчин овогт Б*******ын Бд холбогдох

57,972,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь тус ББСБ-иас 2017.01.07-ны өдөр 10 сая төгрөг, 2017.02.23-ны өдөр 15 сая төгрөгийг тус тус 2 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй өөрийн компанийн эргэлтийн хөрөнгө, мөн 2 давхар баригдсан нийтийн байраа дуусгах зорилгоор авсан. Эргэн төлөлтийг барилгын борлуулалтын орлого, мөн барилгын материал үйлдвэрлэдэг үйлдвэрийн борлуулалтын орлого мөн бусдаас авах авлагаас төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ хугацаанд бид байнга холбоотой байсан ба зээлийн эргэн төлөлтийг Төв аймагт Хөшигтийн хөндийд барьж байгаа хаус хорооллын төслийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх санхүүжилтийг хүлээх, төслөө худалдан борлуулах мөн зээлийн зээлийн барьцаанд байгаа дуусаагүй барилгыг гүйцээн барьж борлуулсан үнийн дүнгээс төлнө гээд хүлээлгэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт гарсангүй. Хамгийн сүүлд Шархаданд байрлах барьцаанд байгаа хашаа байшинг энэ оны 11 сарын 15 гэхэд хүн авахаар тохиролцсон, худалдан авах мөнгөө бүрдүүлж байгаа гэсэн боловч тухайн хүн нь худалдан авсангүй. Иймд бид зээл болон зээлийн хүүг төлүүлэхээр шүүхэд хандаж байна.  Манай зүгээс хангалттай хүлээцтэй хандсан болно. Иймд төлөгдөөгүй зээл зээлийн хүү 57,972,000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох  Баянзүрх дүүрэг *** тоот хаягт байршилтай 677 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 134 м.кв хувийн сууц, 384 м.кв нийтийн байраар хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан 57,972,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн дагуу тус тус хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй нь нэхэмжлэгчийн шаардлагад маргаагүй гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 МХХК нь Б.Бтай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, мөн өдөр 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг *** тоот хаягт байршилтай 384 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шархадны 37 дугаар гудамж 545 тоот хаягт байршилтай 134 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг *** тоот хаягт байршилтай 677 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлдэгчийн анкет, зээл хүссэн өргөдөл зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 6-21, 32-40 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 22-24, 26-31 дэх талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүргийг хугацаанд гүйцэтгээгүй зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу 428,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлснийг зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 32,972,000 төгрөгийг нэхэмжилснийг талуудын хооронд байгуулсан үндсэн зээл, хугацаа хэтрүүлсэн хүүг тооцоолж дараах байдлаар шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийн дагуу үндсэн хүү 2 сарын 800,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцоход 32 сар 18 хоногийн 13,039,999 төгрөг, нийт 13,839,999 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээн”-ний үүргийн дагуу үндсэн хүү 2 сарын 1,200,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцоход 29 сарын 17,400,000 төгрөг нийт, 18,600,000 төгрөг буюу хариуцагчийн төлбөл зохих хүү 32,439,999 төгрөг гарч байх ба үүнээс хариуцагчийн төлсөн 428,000 төгрөгийг хасч, нийт 32,011,999 төгрөгийг үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд хариуцагчаас гаргах үндэслэлтэй байна.

Тус тооцоолол нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Баас үндсэн зээл 25,000,000 төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд 32,011,999 төгрөг нийт 57,011,999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 960,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Баас 57,011,999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 960,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай 384 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай 134 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай 677 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,010  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 513,210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ