| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0073/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0081 |
| Огноо | 2015-03-18 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0073/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000895 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, *** дугаартай, 1 -ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт сахиул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан зах дээр иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Марк-2” маркийн автомашинаа зарж байсныг 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр худалдан авч, уг автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг тохирсон хугацаанд өгөөгүй, мөн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ***гийн эзэмшлийн дээрхи автомашиныг барьцаанд тавьж зээл авч өгөх юм бол машины болон, барьцаанд тавьсан мөнгө зэргийг бүгдийг нь буцаан өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 19-нд Дархан захаас Монхоогийн машиныг үзчихээд орой 17 цагийн үед утсаар яриад та зээлээр өгөх үү? гэхэд уулзаж байгаад болъё гэж хэлэхээр нь очсон. Ингээд эхнэртэйгээ хамт очиж уулзаад 8 дугаар сарын 1-ний дотор мөнгө өгөхөөр тохироод авсан. Ингээд малчны зээл аваад өгөх гэтэл Хаан банк хугацаа хэтэрсэн зээлтэй байна гээд зээл өгөөгүй. Үүнээс хойш мөнгө хайгаад олоогүй өдий хүрсэн. Саяхан цалингийн зээл авах гэтэл ангилал шилжсэн байна гээд өгөөгүй” гэх мэдүүлэг,
/2015 оны/Шийтгэх тогтоол/***/148.1/
Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хэргээс болоод манай гэр бүлийн уур амьсгал байнгын хэрүүл маргаантай болсон. Өмнө нь ийм хэрүүл маргаан байдаггүй байсан. Би 2014 оны 7 дугаар сарын 19-нд машинаа зарах гээд Дархан зах дээр зогсож байсан. Миний машин зарах болсон шалтгаан маань гэвэл намар нурууны хагалгаанд орох гэж байсан юм. Тухайн үед *** гэх хүн ирээд 8 дугаар сарын 1-ний дотор төлнө гэсэн. Ингээд би түүнд найдаад, итгээд бичгээр гэрээ хийгээд өгсөн. Энэ үед эхнэр, төрсөн дүүт нар нь хамт байсан. Тохирсон хугацаа болох 8 дугаар сарын 1 гэхэд мөнгөө өгөөгүй бөгөөд бүтэхгүй байна гэсэн. Би тухайн үед машинаа авъя гэхэд 4 500 000 төгрөгөн дээрээ 500 мянган төгрөг нэмж өгнө гээд нотриатаар гэрээ хийсэн. 2014 оны 09 дүгээр сарын 1 болоход надтай утсаар яриад надад хуурай ах маань зээл авч өгнө гэсэн гээд ломбарданд машин тавиулаад 3 сая төгрөг аваад өгөөч гэж хэлсэн. Ломбардаа гуйж байгаад 3 % хүүтэй 7 хоногийн хугацаатай тавьсан. Ингээд хүү төлөх хугацаа болоход дахиад л бүтэхгүй байна гэсэн юм. Эхний хоёр 7 хоногийн хүү төлсөн. Үүнээс хойш төлөөгүй удаж би удаа дараа гэрт нь очиж байсан. Ломбард машиныг аваад задгай грашид тавиулсан. Ингээд 11 сард өвлийн засвар үйлчилгээ хиймээр байна гэж хэлээд грашны 80 000 төгрөгийг нь төлөөд ломбарданы нэр дээр машинаа шилжүүлээд гаргаж авсан. 7 хоногийн хугацаатай хийсэн гэрээг гуйж байгаад сарын хугацаатай болгосон. Ломбардны үндсэн мөнгө төлөгдөхгүй байсаар байгаад өдий хүрсэн. Ломбардны хүн байнга мөнгөө өг гээд ажил хийлгэхгүй байна. Одоо ломбардны мөнгөө хурдан өгөөч гэж хүсэж байна. Өөр тооцож байсан юм байхгүй. Би одоо энэ хүнээс 3 900 000 төгрөг л нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Буян захын автомашин зардаг зогсоол дээр машин хараад явж байтал *** улсын дугаартай Тоёото марк-2 маркийн автомашиныг зарах гэж байсан. Би тэр Монхоо гэж эзнээс нь машинаа зээлээр өгөөч би хэд хоногоос мөнгө бүтэхээр өгье гэж хэлээд уулзаж ярилцаад явсан. Би тэгээд эхнэр ***тай уулзаад машины тухай яриад эргэж Монхоо гэх залуугийн утасруу залгаж яриад Монхоотой шинэ захын хажууд байрлах Сод Монгол ШТС-ын дэргэд уулзсан. Тэгээд би Монхоод 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлээр өгөх үү би мөнгө бүтэхээр дансруу чинь хийе, итгэхгүй бол Портерийн баримт бичиг, эхнэрийн иргэний үнэмлэхийг барьцаанд үлдээе гэж Монхоод өгөөд би машиныг 4.500.000 төгрөгөөр зээлээр авсан. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөнгө авах хүнтэйгээ яритал мөнгө бүтээгүй тул эргээд Монхоо гэх хүнтэй утсаар яриад 5.000.000 төгрөг болгоод өгье 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээгээч гэж хэлэхэд үүнээс хойш хугацаа байхгүй шүү наад хоногтоо зохицуулаарай гэж хэлсэн. Тэгээд би Монхоогийн эхнэр ***ын хамтаар нотариатын газраар орж хэлцэл хийсэн. Тэгтэл ах *** надад хандаж чи урьд нь авсан малчны зээлээ төлчих би буцаагаад малчны зээл аваад өгье гэж хэлэн намайг машинаа авдгаараа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монхоотой утсаар яриад манай ах *** надад малчны зээл аваад өгье гэж байна, харин 3.000.000 төгрөг төлчихье эргээгээд би 3 хоногийн дараа буцаагаад аваад өгье гэж хэлсэн. Би тэгээд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монхоогийн ажил дээр эхнэр ***ын хамтаар очиж уулзаад ломбардаар явж үзэхэд 2.000.000 төгрөгнөөс дээш авахгүй байсан. Тэгээд би Монхоогийн таньдаг Си Энд Чи ХХК-ны ломбарданд 3.000.000 төгрөгөнд 7 хоногийн хугацаатай барьцаалсан. 2014 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр Баруун бүрэн суманд Монхоо эхнэрийн хамтаар ***той очиж уулзсан. *** ах Монхоод хандан би хадлан өвч ихтэй энэ ажлаа дуусгаад зээлийг чинь авч өгнө гэж хэлээд явах үед нь би ломбардны хүү болох 90.000 төгрөгийг өгсөн. 3-4 хоногийн дараа ***руу утасдаад 800.000 төгрөг дутуу байна энэ мөнгийг олоод өгөх юм бол 3 хоногийн дараа зээлийг чинь гаргаад өгье би эдийн засагчтай уулзчихлаа гэхээр нь эхнэртэйгээ очиж хөдөө гэрээс нь ***ыг аваад Хаан банк орж 800.000 төгрөгийг хийсэн. 3 хоногийн дараа ***той уулзахад би төврүү орж явна мөнгөө хөөцөлдөөд аваатахъя чи байж бай гэсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 45-47 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Шинэ-Орчин захын хашаан дотор автомашин зардаг зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Марк-2 маркийн автомашин зарах гээд зогсож байхад 15 цагийн үед *** гэх залуу ирээд миний машиныг сонирхоод асууж байгаад би эхнэртэйгээ очиж уулзчихаад эргэж ирнэ гэж хэлээд явсан. Би зогсож байгаад 17 цагийн үед гэртээ очоод байж байхад *** гэх залуу надруу 18 цагаас 19 цагийн хооронд утсаар яриад намайг шинэ захын хажууд байрлах Сод монгол ШТС-ын үүдэнд хүрээд ир би тэнд байж байя гэж хэлэхээр нь би эхнэрийн хамтаар очсон. Намайг эхнэрийн хамтаар очиход *** эхнэр ***, өөрийн төрсөн дүү *** нарын хамт байж байсан. Тэгээд ***тай уулзахад *** надад хандан эхнэр, дүү хоёроо танилцуулаад манай эх Элчин сайдын яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарчихсан хүн байдаг удахгүй манай ахад улсаас мөнгө өгнө тэгэхээр танд мөнгийг чинь өгнө гэж хэлээд, итгэхгүй бол би танд портерийн бичиг баримт, эхнэрийнхээ үнэмлэхийг барьцаа болгоод үлдээчихье, та надад машинаа өгч явуулаач гэж хэлээд мөн удахгүй манай баруун бүрэн сумын 90 жилийн ой болоход надад машин хэрэгтэй байна гэж хэлэхэд дүү болох *** нь манай ах найдвартай та машинаа өгч тус болоочээ гэж хэлэхээр нь би зөвшөөрч гэрлүүгээ дагуулж очоод бичгээр гэрээ маягийн юм бичүүлээд машинаа өгч явуулсан. Тухайн үед би *** машинаа 4.500.000 төгрөгөөр зарахаар болж тохиролцсон юм. Тэгээд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хугацаа болоод мөнгөө ***аас нэхэхэд *** миний мөнгө бүтэхгүй байна, 14 хоног сунгаад өгөөч 5 сая төгрөг болгож өгнө гэхэээр нь нотариатын газар руу манай эхнэр ***, иргэн ***ын хамтаар очиж хэлцэл хийсэн. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** эхнэрийн хамтаар надтай ирж уулзахад манай хуурай ах *** малчны зээл авч өгнө гэсэн тэр зээл бүтэхээр таны мөнгийг өгнө гэсэн. Хэрвээ итгэхгүй бол та утсаар ярьж гэж хэлээд ***ын 9939-5930 дугаарын утасруу залгаж намайг яриулсан. Тэгээд би ярихад тиймээ би малчны зээл авах гэж байгаа юм, одоо би Улаанбаатар хотод явж байна, очоод шийдээд өгнө гэхээр нь би машинаа 7 хоногийн хугацаатай Си Энд Чи гэдэг ломбарданд 3.000.000 төгрөгөнд тавьсан. Ломбардны эзэн тухайн үед бэлэн мөнгө байхгүй байгаа учраас данс байвал дансруу чинь хийж болох уу гэж хэлэхэд *** *** руу ярьж дансны дугаар аваад мобиалаар 3 сая төгрөг шилжүүлсэн. *** банк руу залгаж мөнгө орсон уу гэж асуусан” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монхоо өөрөө орж ирээд би автомашинаа хүнд зарж байгаа юм. Миний машиныг авч байгаа хүний мөнгө удахгүй бүтнэ. Монхоо 7 хоногийн дотор мөнгө нь бэлэн болно гэж хэлчихээд 7 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй тооцож манай Си Энд Чи ХХК-ны нэр дээр болгоод автомашинаа барьцаанд тавьж 3 сая төгрөг ломбарднаас зээлхээр болсон. Тэгээд би мөнгийг нь Б үсгээр эхэлсэн хүний данс руу өөрийн хаан банкны 5045243821 гэсэн данснаас Мобайл банк үйлчилгээгээр 5049036070 гэсэн хаан банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** над руу яриад таны 3.000.000 төгрөгийг чинь одоо төлнө та өөрөө үлдэгдэл 800.000 төгрөгийг нь төлчих тэгээд надад хаан банкнаас зээл аваад өгчих би банкинд хүүг нь төлж байна гээд гуйгаад байхаар нь би за гээд хэлсэн юм. Тэр үед би Улаанбаатар хот явж байсан. Тэгээд нэг хүн ***ын утаснаас та зээл авч өгөх гэж байгаа юм уу гэж асуусан. 800.000 төгрөгийг нь төлөх гэж байгаа юм уу гэхээр нь би тэгнэ гэж хэлсэн. Тэгээд дараа нь би хаан банкны үлдэгдэл 833.000 төгрөгийг нь төлчихнө одоо та банкнаас ахиад зээл авч өгч болох уу гээд Баруун бүрэн сумын хаан банкны эдийн засагч Пүрэвдоржтой уулзахад та урьд нь зээл авчихаад үндсэн мөнгө болон зээлийн хүүг маш удааж хугацаа алдаж төлсөн байна, танд дахиад зээл өгөх боломжгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...*** манай хаан банкинд хүсэлт гаргаж байсан гэхдээ *** гэх хүн Бямбадоржоор дахин зээл авахуулах гээд байсан. Тэр үед *** надтай уулзаад *** надаар зээл авахуулах гээд байна гээд над дээр ирэхэд нь би хүнд авч өгөх гэж байгаа юм бол зээл өгөхгүй гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...бид уулзаад Монхоотой ярьж 4.200.000 төгрөгөнд машиныг авахаар болж тохиролцоод мөнгийг нь 2014 оны 08 дугар сарын 01-ний өдөр өгөхөөр болоод Монхоогийн гэрт очоод бичгээр гэрээ маягийн юм бичээд машинаа аваад явсан. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Дархан ирж Монхоотой уулзаад хамт явж Си Энд Чи ломбард ороод автомашинын 3.000.000 төгрөгөнд 7 хоногийн хугацаатай барьцаалсан. ...хугацаа хэтрэлтэй байна гээд хаан банк зээл өгөхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудасс/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14-26 дугаар хуудас/,
Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан зах дээр 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн ***г өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Марк-2” маркийн автомашинаа зарах гэж байхад нь шүүгдэгч *** уг машиныг зээлээр худалдан авч, автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг тохирсон хугацаанд өгөөгүй, мөн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ***гийн эзэмшлийн дээрхи автомашиныг барьцаанд тавьж зээл авч өгөх юм бол машины болон, барьцаанд тавьсан мөнгө зэргийг бүгдийг нь буцаан өгнө гэж итгүүлэн машиныг барьцаалан зээлдүүлэх газар тавиулж авсан мөнгөөр нь бусдын зээлийг төлүүлж хуурч мэхлэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн шүүгдэгч *** /хэргийн 45-47 дугаар хуудас/, хохирогч *** /хэргийн 27-28 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 30 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 31 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 32 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 33 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 34-35 дугаар хуудас/, гэрч Ш.Чойнхор /хэргийн 36 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 38 дугаар хуудас/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14-26 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг хуурч мэхлэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь бусдыг хуурч мэхлэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон боловч энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул түүнд ял оногдуулах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан болно. Гэтэл шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан үндэслэлээр мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ***аас хохиролд 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч ***д олгох үндэстэй байна. Харин хохирогч *** нь өөрт учирсан гэх бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн холбогдох хүмүүсээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгө өгөхийг нотлосон бичиг /хэргийн 20 дугаар хуудас/, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг хэргийн хамт хадгалах, хэргийн улмаас *** урьдчилан цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг бусдыг хуурч мэхлэн бага бус
хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгө өгөхийг нотлосон бичиг, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл зэрэг бичгийн эд мөрийн баримтын зүйлийг хэргийн хамт хавсарган хадгалсугай.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***аас 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч ***д олгож хохирогч нь өөрт учирсан гэх хохирлоо /нотлох баримтгүй/ баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА