Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 689

 

187/2020/0127/Э

 

 

 

  2020             05            28                                        2020/ДШМ/689    

 

Д.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Ж-,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 11910023140093 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.... Ж-, 1964 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..../,

Ажилчны районы ардын шүүхийн 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 6 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан;

 

Д.Ж- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэгт иргэн Ч.О-тай “хүүхдийн гутал дээр гутал тавьсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..... Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ж-ыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би ам бүл 5, дөрвөн дүүгийн хамт амьдардаг бөгөөд дүү Д.Янжмаа нь унаж татдаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, би асран хамгаалагчаар нь байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэгт дүүгийн охин Есүгэнийг авахаар очих үед хэн нэг нь үргэлж гутал дээр нь гутлаа тавиад байгааг анзаарч доод талынх нь хоосон тавиур дээр тавь гэж хэлэхээр зогсож байтал нэг эмэгтэйн хүүхэд тавиад байгааг мэдэж, тэр эмэгтэйд “шкафны доод талд хоосон зай байхад та тэнд хүүхдийнхээ гутлыг тавьж болдоггүй юм уу” гэж хэлэхэд тэр эмэгтэй “хуцаж бай, муу тэнэг минь, би мэдэхгүй” гэсэн. Тухайн үед би хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ хамт дагуулж явж байсан. Тухайн эмэгтэй дүү бид хоёрыг хараад маш дээрэнгүй харьцаж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж намайг гүтгэж “чи юу гээд байгаа юм бэ” гэж чанга хэлээд тэр эмэгтэй над руу цохих гэж давшлахад хажууд зогсож байсан настай эрэгтэй хүн хориглон гараас нь барьсан. Энэ үед дээд давхраас туслах багш бууж ирэн “ажил дээр яагаад маргаад байгаа юм бэ” гэж хэлээд би дүүгээ дагуулан гарсан. Миний хувьд тухайн эмэгтэйн гар байтугай хувцсанд нь ч хүрээгүй. Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Намайг зүй ёсны шаардлага тавихад урьдаас дайрч давшилж, улмаар хэрүүл маргаан үүсгэсэн. ...” гэв.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч Ч.О- нь цэцэрлэгээс ач хүүгээ авах гээд гутлыг нь аваад байж байтал Д.Ж- гутлыг нь булааж авснаас болж уг маргаан үүссэн. Улмаар Д.Ж- хохирогчийн зүүн мөр лүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Ж- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэгт иргэн Ч.О-тай “хүүхдийн гутлан дээр гутал тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн мөр лүү цохиж эрүүл мэндэд нь зүүн мөрний үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.О-гийн “...хувцас солих өрөөнд 50 гаран насны эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй маргаад зогсож байсан. Энэ үед ач маань хойгуур нь ороод шкафнаасаа гутлаа автал нөгөө маргаан үүсгээд байсан эрэгтэй хүн эргэж хараад хүүхдийн гарнаас гутлыг нь булааж аваад “чи яахаараа дандаа хүүхдийн гутал дээр тавьдаг юм бэ” гээд чанга дуугаар загинасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, наадах чинь жаахан хүүхэд байгаа юм биш үү” гэтэл тэр уурандаа миний зүүн талын мөр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа чангаар цохисон. ...” /хх 18-21/,

гэрч Л.Гүндэгмаагийн “...Ж- гэх хүн “манай хүүхдийн гутлын хажууд гутлаа тавьсан байна, доод талд нь тавихад яадаг юм” гэж маргалдаж байгаад мөр орчимд нь  нэг удаа цохисон. ...” /хх 25/,

гэрч Г.Ариунзаяагийн “...Ж- хэрүүл маргаан хийж байгаад баруун гараараа тухайн эмэгтэйн зүүн талын булчин орчимд нэг удаа цохисон. ...” /хх 26-27/,

гэрч Б.Оюунхандын “...би тухайн хүнд “угаасаа нэг шүүгээнд хоёр хүүхэд гутал хийдэг” гэж хэлсэн чинь учиргүй уурлаад загнаад байсан. Би ”та улавчаа өмсөөч, та зөв юман дээр уурлаач” гэж хэлэхэд “чи миний өмсөж зүүхийг заах юм уу, холд” гээд хувцаснаас зулгаагаад угзарсан юм. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, хариуцсан багшаа дууд” гээд багшийг нь дуудах гээд манай хүүхэд гүйсэн, араас нь нэрийг мэдэхгүй эгч хүүхэдтэйгээ орж ирээд хүүхэд нь гутлаа авах гэтэл тэр ах тухайн хүүхдийг “холд” гээд түлхэхэд “чи яагаад хүүхэд түлхэж байгаа юм” гээд хэрүүл маргаан хийсэн. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

“...Ч.О-гийн биед зүүн мөрний үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11112 дугаартай дүгнэлт /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Ж-ы хохирогч Ч.О-тай “хүүхдийн гутал дээр гутал тавьсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн мөрөнд цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Ж-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ж- “...хохирогч эмэгтэйд би гар хүрээгүй. Намайг зүй ёсны шаардлага тавихад урьдаас дайрч давшилж, улмаар хэрүүл маргаан үүсгэсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ч.О-гийн “...тэр уурандаа миний зүүн талын мөр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа чангаар цохисон. ...” гэх мэдүүлгийг гэрч Л.Гүндэгмаа, Г.Ариунзаяа, Д.Оюунханд нар давхар нотлон мэдүүлсэн байх бөгөөд эдгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Д.Ж-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН