| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0717/З |
| Дугаар | 221/МА2026/0445 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0445
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Ю.А
Нэхэмжлэгч: Ю.К
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ю.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаартай татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0349 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээд Ю.А, өмгөөлөгч Б.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0717/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ю.К-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаартай татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0439 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Ю.К-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Ю.К-ийн гаргасан хүсэлт, өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, холбогдох нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаар албан бичгээр албан ёсны хариуг хүргүүлэн шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага тухайн асуудлаар огт шийдвэр гаргаагүй, эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд тодорхой агуулга бүхий захиргааны шийдвэрийг нэгэнт гаргасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс уг асуудалд дахин зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан нь захиргаан байгууллагыг нэг асуудлаар давхар шийдвэр гаргах нөхцөл байдалд хүргэж байгаа төдийгүй бодит байдал дээр аль хэдийн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр даалгаж буй агуулгатай байна. Энэ нь зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнээс давсан, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.
Мөн шүүхээс маргаан бүхий албан бичгийг хууль бус гэж дүгнэсэн атлаа уг албан бичгээр ямар хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар хангалттай үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Ю.К нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаартай татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ “... зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн.
Иймд талуудын тэгш байдал, маргааны бодит үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын ач холбогдлыг харгалзан эрх тэгш байх зарчмыг удирдлага болгон шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Ю.К-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаар татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Ю.А нар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамж 460 тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөх эрхтэй холбоотойгоор маргах бөгөөд анх Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 19 дүгээр тогтоолоор “... газрыг өмчилж авах эрх бүхий гэж маргаж буй нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нар болон гуравдагч этгээд Ю.А-ийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа зөрчлийг засах” гэж шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргаас биелүүлж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Ю.К, Ю.Э, Ю.А, Ю.В нарт маргаан бүхий газрыг өмчлүүлжээ.
4. Уг захирамжийг Ю.А-ээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 529 дүгээр шийдвэрээр “... Улсын дээд шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолд зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг зэргийг хавсаргасан хуульд заасан өргөдлийг хүлээн авч тухайн иргэн өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр хуульд заасны дагуу газрыг түүнд өмчлүүлэх тухай захирамж гаргах үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0632 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 497 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна.
5. Үүний дараа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд холбогдох баримтыг бүрдүүлэн газар өмчлөх тухай хүсэлтээ гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01-08/1009 дүгээр албан бичгээр “... газар өмчлөх хүсэлт нотлох баримтын бүрдлийг хангаагүй тул ханган ирүүлнэ үү”, 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 01-08/1942 дугаар албан бичгээр “... 529 тоот шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэн тус албанд хандана уу”, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/4128 дугаар албан бичгээр “... таны ирүүлсэн материалыг үндэслэн дахин шинэ акт гаргах боломжгүй”, маргаан бүхий акт болох 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаар албан бичгээр “... 2023 оны 128/ШШ2023/0529 дүгээр шийдвэрээр тогтоосон зургаан сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамж хүчингүй болж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн Ю.А-д холбогдох хэсэг сэргэсэн” гэх хариуг,
гуравдагч этгээдийн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/1821 дүгээр албан бичгээр “... 529 тоот шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэн тус албанд хандана уу”, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/3805 дугаар албан бичгээр “... хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу судалж байна” гэх хариуг тус тус хүргүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд хариуцагчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг оролцуулах, бодит нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг бүрдүүлэх талаар тодорхой дурдсан байтал бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зөвхөн хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авсан, мөн татгалзсан хариу хүргүүлэхдээ ямар үндэслэлээр татгалзаж буйг тодорхой дурдаагүй нь хариуцагчийн буруу гэж үзэхээр байна.
7. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар маргаан бүхий газартай холбоотой хэргийн оролцогчид шүүхэд удаа дараа маргаж байх боловч хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох ажиллагааг хийгээгүй нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
8. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгасан ажиллагааг хийгээгүй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актад дурдсан “... нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамж хүчингүй болж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн Ю.А-д холбогдох хэсэг сэргэсэн” гэх дүгнэлт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу “Ю.К-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан” анхан шатны шүүхийн шийдвэр зөв бөгөөд гуравдагч этгээдийн “... нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
10. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Ю.Э Ю.В нараас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “... миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй” гэх хүсэлт гаргасан байх тул Ю.К болон Ю.А нарын газар өмчлүүлэх талаар гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0349 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... зохих журмын дагуу” гэсний өмнө “Ю.К, Ю.А нарын газар өмчлөх хүсэлтийг” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН