Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 39

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа буугаад Цамбагаравын автобусны буудал дээр гэртээ харих гэж байгаад цэрэгт цуг байсан найзтайгаа тааралдаад хамт нэг шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Гэртээ харьтал Цэдэнбал манай гэрт ирсэн байхаар нь хамт хорооллын нэг бааранд ороод пиво уусан. Тэгээд гараад явах гэж байтал үл таних 2 эмэгтэй гарч ирээд “наад баарнаасаа пиво аваад өгөөч, бид 2-т зарахгүй байна” гээд мөнгө өгсөн. Тэгэхээр нь би орж пиво авч өгсөн. Бид нар өөр баар руу ороод нэг нэг шил пиво уусан. Нэг мэдэхэд Цэдэнбал байхгүй байхаар нь би Туул гэх эмэгтэйн утсаар Цэдэнбал руу залгасан. Тэгээд би тэр эмэгтэйн гар утсыг авч гараад такси бариад гэртээ харьсан. Таксинд өгөх мөнгөгүй байсан учраас нөгөө эмэгтэйн гар утсыг өгөөд маргааш ярьж байгаад авъя гэж хэлсэн. Жолоочийн эргээд холбогдох дугаарыг авсан боловч тэр жолооч надад ашиглалтанд байхгүй дугаар өгсөн байсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Батбуян нь 2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаяа бааранд иргэн С.Туулын хүрэмний халааснаас Самсунг галакси эс 5 зүүм маркийн гар утсыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч  С.Туулын “2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны шилжих шөнө 20:00 цагийн орчимд хорооллын фаяа баарны хажууд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед эгч Мөнхсүрэн, дүү Эрдэнэчимэгийн хамт орсон юм. Тэнд бид гурав дөрвөн цаг дуу дуулсан манай дүү Эрдэнэчимэг түрүүлээд явсан манай эгч Мөнхсүрэн караокед дуу дуулж байсан чинь 2 эрэгтэй хүнтэй танилцаад бид нар караокенаас 00:00 цагийн орчимд гараад хажуу талын Фаяа бааранд орсон юм Фаяа бааранд 04:00 цаг хүртэл байсан. Тэр хоёр үл таних эрэгтэйгийн нэг нь 02:00 цагийн орчимд түрүүлээд явсан би манай эгч , нөгөө үлдсэн үл таних эрэгтэйтэй бид гурав үлдээд бааранд 4 шил шар айраг хувааж уусан юм. Тэгээд би урьд өдөр нь идэшнд яваад ядарсан болохоор фаяа бааранд ороод текэн дээр гараа тавиад унтсан байсан. Унтсан хойгуур хамт байсан үл таних эрэгтэй миний куртекны халааснаас миний гар утсыг хулгайлсан байсан. Бид хоёр танихгүй, нэрийг нь санахгүй байна. Хамт ажилладаг гэсэн хоёулаа баруун нутгийнх Увс аймгийн юмуу Ховд аймгийнх гэж ярьж байсан. Миний алдагдсан гэх гар утас самсунг галакси зүүм 5 маркийн гар утас байсан. 2015 онд манай нөхөр хүнээс авч өгсөн юм. Манай нөхөр машин зардаг юм тэгээд зарсан хүн нь 650.000 төгрөг дутуу өгсөн юм тэр мөнгөөр нь зөрүүнд нь гар утсыг нь авсан. 2015 онд манай нөхөр хүнээс авч байсан, сериал дугаар байхгүй. Хар саарал өнгөтэй, өнгөгүй гэртэй, эвдрэл гэмтэл байхгүй. Мөнхсүрэн эгч надтай хамт байсан бүгдийг мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Ж.Цэдэнбалын “2016 оны 11-р сарын 25-ны өдөр эгчийн тэнд эмээлтэд байдаг хэдэн чинжүүдтэй хамт архи уусан юм, тэгээд орой өөрийн найз Батбуян 80291912 руу залгаж би одоо хот руу орж байна, хорооллын эцэст караокед орж нэг шил шар айраг уухуу гэж асуусан чинь Батбуян тэгье гээд би Батбуяны гэр болох 3-р цахилгаан станцын 0.73 цэргийн хашаан дотор байр луу очиж Батбуянг гэрээс нь авч явсан тэгээд бид 2 хорооллын эцсийн караоке руу орсон нэрийг нь сайн мэдэхгүй байна тэгээд орж нэг, нэг шил шар айраг уусан юм бид хоёрын хажуу ширээнд 2 хүүхэн сууж байсан Туул гээд нэг хүүхэн бид хоёрын ширээн дээр ирээд та хоёр гайгүй дуулдаг хүмүүс байна хамт дуулъя гээд 2 дуу хамт дуулаад би Батбуян, Туул гэдэг хүүхэн түүний найз эмэгтэй бид дөрөв хажуу талын фаяа баар луу ороод бүгд нэг, нэг шил шар айраг аваад ууцгаасан юм. Би удалгүй баарнаас яваад өгсөн миний бие өвдөөд байхаар нь Батбуянгийн гэр лүү нь явж очоод унтсан юм. Тэгээд би Батбуянгийн гэрт унтаж байхад үүрээр 04:00 цаг өнгөрч байхад Батбуян орж ирээд надад Туулын гар утсыг таксины жолоочид 30,000 төгрөгт өгчихлөө гэж надад хэлэхээр нь би чи яаж байгаа юм бэ адилхан ууж, идэж байхад гэж хэлсэн чинь Батбуян яахав дээ уусныхаа халуунд хулгай хийчихлээ гэж надад хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/   

Гэрч Мөнхсүрэнгийн “2016 оны 11-р сарын 25-26-ны шилжих шөнө дүү Туул, дүү Эрдэнэчимэгийн хамт хорооллын эцсийн замын хойд талын нэрийг нь мэдэхгүй нэг караокед орсон юм тухайн үед цаг 20:00 цагийн орчимд караокед орсон. Тэнд бид гурав 2-3 цаг дуу дуулсан манай дүү Эрдэнэчимэг түрүүлээд 00:00 цагийн орчимд явсан, караоке хаахаас өмнө явсан. Би яг сайн санахгүй байна согтуу байсан болохоор ямарч байсан 2 эрэгтэй хүнтэй танилцсан хамт дуу дуулаад байсан. Би дүү Туултай хамт нөгөө 2 танилцсан эрэгтэйчүүдтэй хамт “Фаяа” бааранд 01:00-02:00 цагийн орчимд орсон, бид 4 ороод 4 шил шар айраг авч уусан. Тэр 2 үл таних эрэгтэй залуу нь түрүүлээд яваад өгсөн бааранд удалгүй, би талбай дээр бүжиглэж байгаа залуучуудыг хараад зогсож байсан манай дүү Туул, нөгөө 2 залуу ширээн дээр сууж байсан.Тэгээд би удалгүй Туул дээр очсон чинь манай дүү Туул ширээ дэрлээд унтсан байсан, хамт сууж байсан нөгөө өндөр залуу байхгүй байхаар нь би Туулын халаасанд байсан гар утсыг үзэхэд байхгүй байсан. Одоо санахгүй байна тухайн үед нээх дотно танилцаагүй. Би утасны маркийн мэдэхгүй байна, ямар ч байсан хар өнгөтэй байсан, утасных нь камер нь утаснаасаа илүү гарсан байсан. Мэдрэгчтэй утас байсан. Би караокед байсан 2 залуугийн нэг өндөр залуу харагдахгүй болохоор мэдсэн. Ухаанаа алдтал согтоогүй байсан, караокед байхдаа бид гурав 0,5 литрийн архи, хүн, хүний тоогоор шар айраг авч уусан бааранд ороод нэг, нэг шил шар айраг авч уусан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

Эд  зүйлийн үнэлгээ: “Самсунг галакси 5 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн баримт”. /хэргийн 41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Батбуянгийн яллагдагчаар өгсөн “... Бид нар тэр бааранд 02:00-03:00 цаг хүртэл суусан нэг мэдсэн чинь Цэдэнбал бааранд харагдахгүй байхаар нь тэр хоёр эмэгтэйгийн нэгийнх нь гар утас нь баарны ширээн дээр байхаар нь утсыг нь аваад Цэдэнбал руу 95831050 руу залгахад утас нь холбогдоогүй юм. Би Цэдэнбал руу залгахад тэр 2 эмэгтэй хамт ширээнд сууж байсан намайг утсаар ярихыг харж байсан, би тэр 2 эмэгтэйгийн нэгийнх нь утсыг нь аваад баарнаас гарч хорооллын эцсийн замаар гараа өргөөд таксинд сууж гэрлүүгээ харьсан, гэрийнхээ гадаа очоод таксинд өгөх мөнгө байхгүй болохоор нь бааранд танилцсан эмэгтэйгийн гар утсыг таксины жолоочид өгсөн юм, таксины жолооч холбоо барьж байгаад надаас энэ утсыг аваарай гэж хэлж байсан, надад 99-тэй дугаар хэлж байсан би цаасан дээр бичээд авч гарсан, цаастай бичгээ хаана хаясан санахгүй алга болгосон байсан, тэгээд би гэрлүүгээ ортол Цэдэнбал гэрт ирчихсэн байсан би гэрлүүгээ ороод унтсан. Маргааш нь би Цэдэнбалд бааранд танилцсан 2 эмэгтэйгийн нэгийнх нь утсыг ширээн дээр байхаар нь аваад таксинд барьцаанд өгсөн гэж хэлсэн. Би тэр 2 эмэгтэйгийн нэрийг нь санахгүй байна, утасны маркийг мэдэхгүй хар, бараан өнгийн мэдрэгчтэй утас байсан. Би таксины жолоочид барьцаанд өгсөн, машины марк, улсын дугаарыг хараагүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Тухайн үед би согтуу байсан болохоор ийм үйлдэл хйисэн. Хулгайлснаа санаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батбуян нь нууц далд аргаар шууд санаатайгаар бусдын халаасанд байсан Самсунг галакси эс 5 зүүм маркийн гар утсыг хулгайлан авч 250.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Туулаас шүүхэд ирүүлсэн “Хохирогч миний бие нь шүүгдэгч Батбуяны эгч болох Түмэнжаргалаас хохирлын мөнгө болох /250000/ төгрөг хүлээн авлаа. Цаашид Батбуянгаас нэхэмжлэх гомдол санал байхгүй болно” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Батбуянг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Батбуян нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Шүүгдэгч Б.Батбуян нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм хор арилсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзлээ.

 

Улсын яллагчаас “Б.Батбуян анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч сайн дураар эвлэрсэн тул түүнд  холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь  хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ.

Гэтэл хохирогч С.Туул нь шүүгдэгч Б.Батбуянтай сайн дураараа эвлэрсэн тухай баримт хэрэгт байхгүй, хохирогчоос шүүхэд ирүүлсэн баримтанд зөвхөн нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй гэсэн тул энэ баримтыг үндэслэн хохирогчийг шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд  шүүгдэгч Б.Батбуянд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Булгадар овогт Буянтогтохын Батбуянг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбуяныг 100 /зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Батбуян нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбуян нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Батбуянд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батбуянд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ