| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0101/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0085 |
| Огноо | 2015-03-25 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0101/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000100 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1 ий өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ***тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Урьд: 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг нь хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1-5 тоот хашаанаас иргэн ***ийн эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий дундад ази үүлдвэрийн нохойны гөлөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр толгойтын майхантын гудамжаар явж байгаад нохойны гөлөг харагдаад, тэгээд авсан юм. Найздаа хүргэж өгсөн. Маргааш нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гөлөгийг өгсөн” гэв
2015 он/Шийтгэх тогтоол/***/145.1
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “Би 2015 оны 02 дугаар сарын 06-ны орой Буян захын арын Майхантын гудамжинд архи ууж байгаад айлын хашааны завсраар харсан чинь нэг хөөрхөн бандгар гөлөг байхаар нь аваад ганц шил архи аваад уучихъя гэж бодоод хашааг нь даваад орж нөгөө гөлөгний хүзүүвчийг нь тайлаад аваад гарсан. Тэгээд тэр өдрөө зарах гэсэн чинь хүмүүс авахгүй болохоор нь тэврээд явж байтал Санж тааралдсан тэгээд нөгөө гөлөгөө өгч явуулаад маргааш авахаар болсон. Тэгээд маргааш нь Дархан зах дээр явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***ийн өгсөн: “Би 2015 оны 01 сард нохойны үзэсгэлэн худалдаа болоход тэнд очоод явж байгаад дундад ази үүлдвэрийн эр гөлөг байхаар нь ярьж байгаад 350.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1-05 тоот өөрийн хашаандаа бараг нэг сар гаран хугацаанд тэжээж байгаад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим гаднаас мод оруулахдаа харахад уяатай байсан. Тэгээд 19 цаг 40 минутын орчим нохойндоо хоол өгөх гээд гараад харахад манай гөлөгний гинж хүзүүвч нь байсан, нохой алга байсан. Тэгээд тэр орчмоор хайгаад байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч ***гийн өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэгээ тасрах гэж байсан юм Дархан захын гадаа явж байсан чинь ***той таарсан. Тэгээд бид нар явж байсан чинь эргүүлийн 2 цагдаа таарсан бас нэг энгийн хувцастай тарган ах хамт явж байсан тэгээд тэд нар бид нар дээр ирээд хөөе та нар тэжээвэр нохой аваад явж байгаа юм уу гэсэн чинь *** үгүй гэж хэлээд тавьсан тэгэхээр нь би том биетэй гөлөг болохоор нь гэртээ тэжээдэг юм билүү гэж бодоод тэврээд авсан тэгээд удаагүй цагдаа нар явсан. Тэгсэн тэд нар нэг шил архи авчихсан уугаад явж байсан. Би тэр архинаас нь хувааж уучихаад тэр гөлөгөө гэртээ аваачсан. Тэгээд маргааш нь зах дээр явж байсан чинь *** нэг хулдаас тэвэрчихсэн явж байгаад цагдаа нарт баригдсан. Тэгээд цагдаагийн газар очоод байж байтал *** надаас нөгөө гөлөгөө яасан гэхээр нь би гайхаад ямар гөлөг бэ өчигдөрийн гөлөг үү гэсэн чинь тийм гэхээр нь яасан гэсэн чинь *** надруу хараад тэр гөлөгийг чинь би хулгайлчихсан байсан юм аа гэхээр нь би бас дахиад худлаа хэрэг дээр хам болчихлоо гэж бодоод ***руу уурласан. Тэгээд цагдаа дагуулж очоод гэрээсээ нөгөө гөлөгийг авч өгсөн. Аз болоход би тэр гөлөгийг гудамжинд хаяагүй байсан юм тэгээгүй байсан бол хулгайд хардагдах байсан байна” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,
Ял шийтгэлийг шалгах тухай хуудас : “Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 470 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон” зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1-5 тоот хашаанаас иргэн ***ийн 200.000 төгрөгийн үнэ бүхий дундад ази үүлдвэрийн нохойны гөлөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/, хохирогчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/, гэрчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 470 дугаар тогтоолоор шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1-т заасан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгө /гэрийн тэжээвэр амьтан/ хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9, 55.1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгө хулгайлж
бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ***ийг 1 сар /нэг сар/ баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ***ийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА