Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0087

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0097/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга    Б.Нямдорж,
Улсын яллагч   Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч    Б.Содболд,
Иргэний нэхэмжлэгч  ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216  дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000946 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** төрсөн. 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух ***. /регистрийн дугаар ***/, 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч ***нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.1,9.2-д тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаад улмаар жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр мөн дүрмийн 2 дүгаар бүлгийн 2.5а, 2-5в-д заасан заалтуудыг зөрчиж ослын газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
  
ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд : 
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой зааланд тоглож байгаад *** багшийн машиныг жолоодоод ээжид нь хоол хүргэж өгөх гэж яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед жолооны үнэмлэхгүй, биеийн байцаалтгүй байсан тул осол болсон газраас явсан юм. Маргааш өглөө нь замын цагдаа дээр өөрийн биеэр очиж болсон явдлыг хэлж хохирол төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтад өгсөн: ..*** багшийн ээжид нь хоол хүргэж өгөөд буцаж явж байгаад цагдаагийн уулзварын орчим нэгдүгээр эгнээнд гранд маркийн 2 машин явж байсан юм. Би хурдаа тохируулж яваагүй болохоор тормоз гишгэхэд машин зогсохгүй байсан. Тэгэхээр нь уг машиныг мөргөхгүй гээд 2 дугаар эгнээ рүү ороод урдаа байсан саарал өнгийн соната -5 маркийн саарал өнгийн машиныг мөргөсөн юм. Тухайн үед жолооны үнэмлэхээ гэртээ орхисон болохоор цагдаа ирэхээс айгаад шууд яваад өгсөн юм. Би тэндээс яваад Худалдаа хөгжлийн банкны хажуугаар ороод микрийн дундуур гараад захын урд талын зам руу нийлээд хүнсний уулзвараар ороод тосгон руу явсан юм. Багш надаас үнэнээ хэл гэхэд нь үнэнээ хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчим багш намайг дагуулаад замын цагдаа дээр ирсэн юм... гэх мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ***дугаарын соната-5 маркийн автомашинтайгаа шинэ Дарханаас хуучин Дархан руу хүн тээврийн үйлчилгээ хийж байсан юм. Орой 20 цагийн орчимд микро хороололын харалдаа нэг хүн буулгаад хөдлөх гэж байхад миний машины зүүн хойд хэсэг рүү ***дугаарын хар өнгийн Т\Клугер маркийн машин мөргөөд машины хажуугаар гараад микрийн дундуур ороод зугатаасан юм. Тэгээд би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бид зааланд тоглож байсан. ***нь миний шавь байсан юм. Би *** итгэдэг учир эмнэлэг рүү явуулсан. Эмнэлэгээсээ гараад буцаад явж байх үедээ машин мөргөсөн байсан. *** эхлээд надад юм мөргөсөн гэж хэлсэн юм. Би тэр орой нь ***аас дахин асуухад надад үнэнээ хэлсэн. Би энэ хуулийн заалтыг мэддэг. Маргааш өглөө нь цагдаагийн хэлтэс дээр бид өөрсдөө очсон. Энэ хэрэг гарахад миний буруу байгаа учир гомдол санал байхгүй, Н.***аас мөнгө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг
 
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой би 4 дүгээр сургуулийн зааланд тоглож байгаад ээждээ хоол цай өгөх гээд шавь Н.***т өөрийн эзэмшлийн ***дугаарын автомашины түлхүүрийг өгөөд эмнэлэг рүү явуулсан юм. Ингээд тоглож дуусаад өрөөндөө сууж байтал *** гаднаас орж ирээд багшаа би сая таны машиныг жолоодож яваад шонгын мод мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад машинаа үзэхэд баруун урд талын гупер хагарсан байсан. Ингээд машинаа 7 буудлын хажуугийн граж руу оруулж тавиад гэр рүүгээ явсан юм. Ингээд маргааш өглөө нь Н.***ыг дагуулаад цагдаагийн байцаагч *** дээр очсон юм. Минйи машинд 200 000 төгрөгний хохирол учирсан  гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .. 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим зааланд тоглох гээд 4 дүгээр сургуулийн зааланд очиход ***, *** багш мөн *** нар тоглож байсан. Тоглож байхад *** ***ийг юманд явуулсан юм. Би хаачих гэж байгаа юм бэ? гэхэд багш намайг юманд яваад ир гэлээ гээд хувцасаа аваад заалнаас гарч байсан. Ингээд би 2-3 хоногийн дараа зааланд тоглох гээд ирэхэд *** түрүүн найз нь заалнаас гарч яваад *** багшийн машиныг жолоодож яваад машин мөргөсөн гэж надад хэлсэн юм. Ганхуяг зааланд тоглож байхдаа эрүүл байсан... гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
 
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 8 ширхэг / хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад *** зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, ослын дүгнэлт  /Хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,
-2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот  шинжээчийн дүгнэлт / хэргийн 22-25 дугаар хуудас/,
-Жолооч Н.***ын гаргасан ослын улмаас эвдрэл авсан иргэн *** эзэмшлийн ***дугаарын автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд-1 ширхэг /хэргийн 8-9  дүгээр хуудас/,
-Иргэн ***ын эзэмшлийн ***дугаарын автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл\хэргийн 7 дугаар хуудас\, 
- *** мэдүүлэг\  хэргийн 6 дугаар хуудас\,
- Иргэний нэхэмжлэгч *** байцаасан байцаалт\ хэргийн 12 дугаар хуудас\, 
- Иргэний нэхэмжлэгч ***ын мэдүүлэг\ хэргийн 15-16 дугаар хуудас\, 
- Гэрч байцаагч *** мэдүүлэг\ хэргийн 19 дүгээр хуудас\ зэрэг   болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а-д заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч явна гэх заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явалгүй тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэх, мөн бүлгийн  9-2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчиж, ***улсын дугаартай Т/Клүгэр  маркийн автомашин жолоодож явахдаа ***дугаарын соната маркийн автомашиныг мөргөж 1 250 000 төгрөгийн хохирол, иргэн *** 200 000 төгрөгийн хохирол  тус тус учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Н.***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 57 дах талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгч Ш.Баярсайхан, *** нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тайлбар өгсөн, мөн шүүгдэгч ***нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээр шударгаар мэдүүлсэн, гэмт хэргийн улсаам учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч ***  ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар *** ***ыг 1 / нэг/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.***т оногдуулсан 1 /нэг/ жил  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Н.***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Н.***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.***т  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХЖАРГАЛ