Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0089

 


       
                                        


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    Хэргийн индекс: 171/2015/0095/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000751 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1 -ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн  Орхон сумын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлийн төв засмал замын 90/225-аас 91/254 тэмдэгт хооронд Хар морьтын хөтөл гэх газарт *** улсын дугаартай Субару Проестер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган иргэн ***ын амь насыг хохироож, иргэн ***, *** нарын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын хэлэлцүүлэгт  өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 11-ний  өглөө 9 цаг өнгөрч байхад манай найз *** над руу залгаад ээж модруу явах гэж байна танайхаар очно гэж яриад удалгүй манайд эхнэр 2  хүүхэдтэйгээ ирсэн тэгээд  хоол унд идчихээд *** би ядраад байна чи хамт яваад өгөөч гэхээр нь би өөрийнхөө  машинаар жолоо барьж яваад ийм зүйл болсон. Тэр үед ээж модонд өдөр 15 цагийн үед очоод цаг ч болоогүй байхад бид нар буцсан. Тэгээд буцаж явж байгаад Хар морьтын тэнд 16 цаг өнгөрч байхад гүүрээр гарч явсан. Тэгтэл миний өмнө нэг мотоцикл зам хөндлөн хөрөөдөж яваад байсан. Тэр мотоциклыг гүйцэж түрүүлэх гээд урдуур нь орох гэж мотоциклоос зайлах гэтэл миний машин өнхөрч ийм зүйл болсон. Тухайн үед би Субару /***/ цагаан өнгийн субару проестер машин унаж явсан. Ослын үед манай найз *** болон охин *** нар нь хүнд гэмтэж, ***ын эхнэр амь насаа алдаж том охин нь хөнгөн гэмтэл авсан байсан.  Ослоос хойш юу болсныг би мэдээгүй байсан, тэгээд сүүлд мөрдөн байцаалтанд очоод мэдсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний талийгаач эгч, нөхөр *** нар нь 2 хүүхдийн хамт өглөө 9 цаг болж байхад манайд ирсэн. Тэгээд эгч нь ээж мод явж байна. Газар хөлдөхөөс өмнө очихгүй бол болдоггүй юм байна гэж хэлээд тэр өдөр манайд их удаагүй гарч явсан. Тэгтэл орой 18 цагийн үед бид нар луу том охин нь утасдаж осол болсон талаар хэлсэн. Шүүгдэгч болох манай хүргэн ахын найз *** нь 11.395.000 төгрөгийн хохирол төлсөн. Энэ мөнгө нь зөвхөн талийгаачийн оршуулгын зардалд зарцуулагдсан байгаа. Оршуулгын ажлаас хойш 1.200.000 төгрөгний зардал гарсан энэ мөнгийг шүүгдэгч нь төлөхөөр тохиролцсон. Одоо хохирогч ***, охин *** нар нь хүний асаргаанд байгаа. Охин *** нь ээжийгээ орой бүр нэхэж байнга уйлдаг болсон. *** ахын хувьд нэг нүд нь хараагүй бас хүүхэд нь байнга уйлдаг болсон учраас ажил эрхлэх боломжгүй байна. *** нь группын болон тэтгэмжийн мөнгөний дэвтрийг банкинд зээлд тавьж эмчилгээ хийлгэсэн. Эгч минь амь насаа алсдан болохоор сэтгэл санааны хохирол барагдана гэж байхгүй, тэр 2 жаахан охин, хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй аавынх нь өмнөөс гомдол саналгүй гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ хүнийг хорих хэрэггүй байх гэж хэлмээр байна. Харин  ажил төрөл хийж хүргэн ах болон эгчийн минь хоёр охиныг харж хандах байх. Харин  хүүхдүүдийн тэжээгчээ аддсаны тэтгэвэр, талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг гаргуулах мөн ***  тахир дутуугын тэтгэвэр тогтоолгосон тул авч байсан цалингийн зөрүү зэргийг хуульд зааснаар  гаргуулан  авах талаар  шүүхийн тогтоолдоо тусгаж өгөөч гэж хэлмээр байна. гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн: “Эхнэр *** эзэмшилийн 1096 ДАХ улсын дугаартай , цагаан өнгийн Субару проестер маркийн автомашиныг би жолоодоод *** болон эхнэр *** мөн 2 охин нь бас манай 2 хүүхэд бид хэд Сэлэнгэ аймаг руу ээж мод руу явсан. Ээж модонд мөргөөд 17 цагийн орчим ээж модноос хөдлөөд Орхон сумын Шарын голын гүүр өнгөрөөд наашаа Дархан чигт явж байхад Хар морьтын хөтөл өнгөөд явж байхад миний урд зам дэр мотоциклтэй хүн эрэгсэн. Тэгээд би мотоциклийг гүцэж түрүүлэх үйлдэл хийхэд эсрэг урсгалыг хартал машин байгаагүй. Мотоциклийг гүйцэж түрүүлээд зэрэгцэж ирсэн. Би эсрэг урсгал руу ороод мотоциклийг гүйцэх гэхэд над руу дарахад нь би машинаа асфальтан замын зорчих хэсгээс бүр давж гараад эргээд эгнээ байрандаа орох гэж машиныхаа рулиг дарахад тэнд машин маань онхолдсон” гэх мэдүүлэг /хэргийн 310-313 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчим миний төрсөн эгч *** нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянчандманьд байх манай гэрт ирсэн. 10 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн ээж мод явна гээд нөхөр 2 хүүхдийн хамт өөрсдийн Хюндай аванти машинтай явсан. Орой Улаанбаатарлуу буцахдаа аавынхаар дайраад гарна гээд явсан. Тэгсэн 18 цаг 40 минутын орчим манай аав Бямбаа надруу утсаар яриад нөгөө хэд чинь аваарт орсон гэнэ явъя гэсэн. Тэгээд манайхан ихэнх нь Төв аймагийн Баянчандмань суманд байдаг болохоор машинтай гарцгаасан 2014.10.11-ний өдрийн 20.20 минутын орчим Дарханд ирээд *** утасруу залгахад *** эмнэлэг дээр ирсэн байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд эгч ***ыгаа осолд орж газар дээрээ нас барсныг мэдсэн ба хүргэн ах *** сэхээний тасагт ухаангүй хэвтсэн 1.7 сартай охин *** нь гавлын яс цуурсан, *** толгой нь өвдсөн байдалтай арай бэртсэн нь гайгүй байсан. *** эгч маань жирэмсэн 7 сартай байсан юмаа. Ийм л зүйл болсон. Хэний машинтай явж байгаад осолд орчихвоо гэхэд *** аавын найз *** гэх хүний машинтай ээж модноос ирж яваад осолдсон гэсэн. Манайд ирэхдээ *** эгч *** ах болон 2 охин нь бүгд зүгээр эрүүл явсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/, 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 11-ний өглөө би эхнэр 2 охиноо аваад өөрийн эзэмшилийн 98-55 УНК машинтай Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн ээж модонд очиж мөргөхөөр явсан юм. Ингээд Дархан-Уул аймагт 12 цагийн орчим очоод найз Болдоотой Субару маркийн авто машинтай Сэлэнгэ аймгийн ээж мод руу явсан. Тэгээд ээж модонд очиж мөргөөд орой 18 цагийн орчим ээж модноос хөдөлсөн. Би охин *** өвөр дээрээ аваад сандалаа хойшлуулж унтсан. Осол болох үед би жолоочийн хажуугийн суудал дээр бага охин *** өвөр дээрээ суулгаж авч явж байсан. Арын суудалд яг миний ард талийгаач суугаад хажууд нь миний том охин *** суугаад мөн Болдоогийн 2 хүүхэд нь сууж явсан. Би 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014.11.09-ний өдрийн хооронд 3-р эмнэлэгийн тархи мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 18-ний хооронд сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд миний оношыг эмч нар хэлэхдээ тархины гэмтэлтэй, мөн нүдний хоорондох яс хугаралттай гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч *** өгсөн: “2014.10.11-ний өдрийн 08 цагийн орчим аав *** өөрийнхөө машинтай ээж ***, дүү *** бид 4 Сэлэнгэ аймагт байх ээж модонд мөргөхөөр Улаанбаатараас хөдөлсөн. Тэгээд 11 цагийн орчим Дарханд аавын найз *** гэх хүний гэрт ирсэн. Тэднийд 30-40 минут болоод аав машинаа тэдний хашаанд үлдээгээд *** ахын өөрийхөн цагаан өнгийн жийм машинтай ээж аав дүү бид 4 болон *** ах 2 хүүхэдтэйгээ ээж модруу явсан. Тэгээд ээж модон дээр 17 цагийн орчим очиж мөргөөд тэнд нэг цаг орчим байж байгаад 18 цагийн орчим буцаад *** ахын машинтай Дарханлуу хөдөлсөн. Замдаа *** ах машинаа нилээд хурдтай миний баримжаагаар лав 100 гаран км цагийн хурдтай жолоодож явсан юм. Тэгээд би хэсэг унтаад хэсэг сэрээд явж байхад  *** ах машинтайгаа машин гүйцэж түрүүлээд явж байсан. Машиныг *** ах өөрөө жолоодоод аав миний дүү *** өвөр дээрээ суулгаад *** ахын хажууд урд жолоочийн суудлын хажууд суусан. Харин ээж бид 2 хойд талын суудлын 2 захад голд нь *** ахын 2 хүүхэд нь ***, *** нар сууж явсан юм. Тэгтэл намайг замд унтаж явтал ээж замдаа “аа” гээд хашгирхаар нь хартал бид нарын суусан машин 2-3 удаа хэд гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан 1 биш удаа бүтэн эргээд замын хажууд унсан. Тэгээд би нэг ухаан орсон чинь машин дотор машинтайгаа доош харан унасан байсан. Машинд зөвхөн ээж бид 2 байсан ба ээжийгээ би дуудтал ээж хариулахгүй ээжийн чих толгой зэргээс нь зөндөө цус гараад байсан ба би өөрөө машины шилний хагархай хэсгээр гараад ээжийгээ гаргах гээд чадаагүй. Машины гадаа гартал *** ах мотоциклтэй 2 бандийг чи яаж байгаа юм бэ? Яагаад дохиогоо өгөөгүй эргэж байгаа юм бэ? Гэтэл нөгөө мотоцизлийн жолооч таны өөрийн чинь буруу бик дээ би зүгээр л явж байсан бик дээ гээд хоорондоо маргаад байсан. Тэгсэн гадаа аав маань газарт хэвтсэн толгойноос нь зөндөө цус гараад байсан.  Тэгсэн портертэй эмээ  өвөө 2 ирээд бид 2 танай машины ард явсан юм гэж хэлсэн. Дүү *** машины эсрэг талд замын хажууд шидэгдсэн байсан. Тэгээд машинууд зогсоод бид нарт тусалсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Баттулга, *** бид 3-г прусс 20 машинтай хүн эмнэлэг хүргэж өгөөд буцсан” гэх мэдүүлэг /хэргийн 116 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч н.*** өгсөн: “ 2014.10.11-ний өдрийн 18 цагийн орчим талийгаач эгч ***ын охин *** надруу залгаад анай бид нар аваарт орсон ээж машинд хавчуулагдсан ээжийг би гаргаж авч чадахгүй байна гэсэн. Тэгтэл манөй дүү *** манайд орж ирээд эгч ээж модноос ирж явах замд Дархан орчимд аваарт орсон байна хэдүүлээ яаралтай явъя гэсэн...Дээрх ослоос болоод эгч маань 8 сартай жирэмсэн байсан осол гарсан газар газар дээрээ нас барсан.Харин нөхөр *** нь толгойдоо хүнд гэмтэлтэй, гэмтлээсээ шалтгаалж баруун нүд нь хараагүй болж байгаа, мөн охин *** биеийн байдал гайгүй, айхтар бэртэж гэмтсэн юм байхгүй. Харин бага охин *** гавлын яс цуурсан хүнд гэмтэлтэй байгаа. Одоо энэ 2 хүүхдийн ээж нь байхгүй болсон би бага охин *** харж миний асаргаанд биеийн байдал хүнд байгаа.... Осол болсон талаар ***эс асуухад *** жолооч ах машинаа маш хурдтай жолоодож явж байсан, мотоциклийг гүйцэд түрүүлэх гэж байгаад аваар гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 118 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч ***ын өгсөн: “2014.10.11-ний өдөр би Хар морьтийн хөтлийн орчим гэрээсээ үхрээ харах гээд аавынхаа улсын дугааргүй улаан өнгийн мустанг-5 марзийн мотоциклийг жолоодоод хойд талдаа 9 настай дүүгээ Сэлэнгэ чигт шороон шороон замаар яваад осол болох газрын цаадах талд бэлчиж байгаа үхрээ харчихаад буцаад дүүгийнхээ хамт мотоцизлтэй хар замаар харьж явтал/ Дархан чигт/ миний хажуугаар цагаан өнгийн жийм машин маш хурдтайгаар “дүүн” гэх чимээ гарсанаа миний урд засмал зам дээр нэг харсан машин дээшээ хараад 4 дугуй нь дээш хараад унасан байсан ба би сандараад нөгөө онхолдсон машин дотроос нэг ах гарч ирээд чи яаж байгаа юм бэ чамаас болоод би онхолдчихлоо гээд байсан. Тэгээд би ахаа би буруугүйшдээ би явдаг замаараа удаан явж байсан та миний хажуугаар хурдтай орж ирээд өөрөө л машинтайгаа онхолдчихлоош дээ гээд би уйлаад таныг ээждээ хэлнэ дээ гэж хэлээд дүүгээ мотоциклоос буулгаж үлдээгээд гэртээ ирж ээжийгээ аваад осол болсон газарт ирсэн. Тэгээд ээж яасан бэ зүгээрүү гэтэл жолооч ах цагдаа дуудсан гэж байсан. Миний харсанаар 3 хүүхэд тэр онхолдсон машинаас гараад гадаа байсан. Жолооч ахын гарнаас цус гарсан. Өөр хүн тэнд харагдаагүй.Тэгээд би Дарханд байх *** буюу Маамуу ахруугаа залгуулж дуудуулсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 119 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч *** өгсөн: “2014.10.11-ний өдөр харморьтын хөтлийн очим байх гэрийн гаднаас ах Амарболд аавын мотоцизлийг жолоодоод үхэрээ хураах гээд явах гэхэд нь би ахын ард мотоцикл дээр сундлаад явсан. Тэгээд ах бид 2 мотоциклтой уулын энгэрт үхрээ очиж үзээд байхгүй болохоор нь би агаадаа “ агаа би даараад байна” гэтэл агаа маань за за  тэгвэл 2-лаа харья харья гэсэн. Тэгээд ах мотоциклоо жолоодоод би ард нь суугаад хар замаар гарлүүгээ явж байтал  урд түс тас хийх чимээ гарсан. Энэ үед би мотоцизл дээрээ бөгтийсөн ахынхаа нуруунд наалдсан явж байсан ба намайг урагшаа замруу хартал урд зам дээр нэг цагаан өнгийн жийп машин 4 дугуй нь дээшээ харсан онхолдсон байсан. Тэгсэн онхолдсон машины жолооч бууж ирээд манай агааруу чамаас болж би онхолдчихлоо гэж байсан. Тэгээд агаа би яагаачгүйшдээ гээд уйлсан тэгээд агаа намайг эндээ байж бай би яваад ээжийг аваад ирье гэж хэлээд мотоциклтой яваад ээжтэй хамт ирсэн. Онхолдсон машин дотор нэг эгч байсан. Тэр эгч огт хөдлөхгүй байсан,,, ” гэх мэдүүлэг /хэргийн 122 дугаар хуудас/, 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн: “2014.10.10-д...Эрдэнэтэд байх эгчийн бие муудаж намайг дуудуулаад би 2014.10.10-нд өдрийн шөнө машинтай Эрдэнэт явсан. Тэгээд 2014.10.11-ний өдөр Эрдэнэтэд байж байхад манай эхнэр Зина надруу залгаад  хүү *** чинь мотоцизл унаад үхрээ эргүүлэх гэж яваад ард нь явсан машин осол гаргасан байна, тэгээд бид нар Дарханы цагдаа дээр ирсэн байна гэж хэлэхээр нь би сандараад Эрдэнэтээс шөнө таксидаад Дарханд ирсэн... ” гэх мэдүүлэг /хэргийн 125 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “... цагаан өнгийн жийп машины жолооч машинаа нэлээд хурдтай жолоодож яваад мотоциклийг гүйцэж түрүүлэх гэж байгаад хэтэрхий огцом дараад тэгээд хурдтай явсан машин тэр эрчиндээ эргэд онхолдсон. Тэр машин мотоциклийн урд талд 2 эргээд унахдаа дээшээ хараад онхолдсон. Түүнээс урдаас буюу эсрэг урсгалаас ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй. Мөн тухайн үед зам ямар ч халтиргаа, гулгаагүй, цас ороогүй, цаг агаарын байдал тогтуун, хур тундас ороогүй, бага зэгийн бүрэнхий болж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 334 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “... тухайн ослын би 200-300 метрийн зайнаас харсан. Нэг харсан чинь цагаан өнгийн жийп машин зам дээр 2-3 эргэж онхолдоод тэгээд 4 дугуйн дээшээ хараад унаж байхыг харсан. Тэгээд нөхөр бид 2 машинтайгаа очиж машинаасаа буугаад осолд орсон хүмүүст тусалсан...” гэх мэдүүлэг /хэргийн 336 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: “2014.10.11-ний өдөр би Баянчандмань гэртээ байж байгаад 18 цаг өнгөрч байхад манай аав Бямбаа дүү Даавкаа чинь Сэлэнгээс ирж байгаад осолд орчихсон гэнээ яаралтай явъя гэж гэсэн... Тэгээд ***эс юу болсон талаар асуухад *** ахын машинтай бид хэд ээж мод орчихоод Дархан ирэх замдаа бид нар осолд орсон. Ээж ирдэггүй бид хэд ирсэн гэж байсан. Тэгээд удалгүй ***ыг түргэний машинаар авчирсанба осолд ороод газар дээрээ нас барсан байна гэж эмнэлэгийн ажилтан хэлсэн. Тэгээд *** аавыг асуутал ухаангүй сэхээнд байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 140 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “ ... уг осолд дээр очиж хэргийн газрын үзлэгт оролцоход Дархан-Сэлэнгийн чиглэлийн хатуу хучилттай зам дээр зам тээдрийн осол гарч хүний амь нас хохирсон байсан. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийхэд зам дээр ямар нэг тормозны мөр байгаагүй ба уг авто машин хатуу хучилттай замаас гарч замын шороон хөвөө, түүний  хажуугийн шуудуу руу орж буцаад хатуу хучилттай зам нийлсэн автомашины дугуйны мөр байсан ба ямар нэг зогсоох арга хэмжээ авсан тормозны ул мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 342 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: “... авто машин хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд ажлын тормоз ашиглагдана. Зогсоолын тормоз гэдэг маань гар кардан гэдгийг ойлгоно. Ажлын тормоз зөрүүтэй байгаа үед тормоз гишгэх үед нэг талын дунд нөгөө талын дундаас хоцорч тормоз барина гэсэн үгээ. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь шарвалт үүсэх эрсдэл өгнө. Бүүр цаашлаад тухайн авто машин  хурд ихтэй зорчиж явсан тохиолдолд автомашин унах, онхолдох, шарвах эрэсдэл үүсдэг аюултай. 1096 ДАХ машины уг осол болсон гол шалтгаан нь ажлын тормоз зөрүүтэй байсан, хурд ихтэй явж байгаад тормоз жигд бус зөрүүтэй барьж онхолдож унасан гэж үзэх бүрэн боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 228, 337-338 дугаар хуудас/,

Дүгнэлт:
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 99 тоот дүгнэлтэд: 
 1. “Талийгаач ***ын цогцост дагз, 2 талын пирамид яс, турк эмээл, баруун чамархайн ясны хугарал, 2 тал бөмбөлөгийн дух зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлүүд, цус хуралт, хуйханд цус хуралт, зүүн сарвууны 5-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн сархвуунд шарх, дух баруун хацар шанаа эрүүнд, зүүн хацар, хамрын нуруу, хүзүү, баруун эгэм, баруун мөр, баруун тохойд зулгаралт, зүүн суга хөхний гандан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
2. Талийгаач дээрх дагз, 2 талын пирамид яс, турк эмээл, баруун чамархайн ясны хугарал, 2 тал бөмбөлөгийн дух зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хуралт гэмтдийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хэргийн 198-200 дугаар хуудас/, 

Техникийн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10-07-025-060 дугаартай дүгнэлт /хэргийн 212-214 дүгээр хуудас/,

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт дугаар-16731 дүгнэлт...” 
1. ***ын биед дух ясны шугаман хугарал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хараа, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморовын хөндийн ар хана, зүүн хацар яс, зүүн шуу, богтос ясны хугарал,  зүүн гайморов, суурийн хөндийд цус хуралт, дух зүүн хацар, эрүүний зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо”
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх /хэргийн 190 дүгээр хуудас/ 

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт дугаар-16732 дүгнэлтэнд: “ ...  
1. Т.Нандин-Эрдэнийн биед баруун чамархай, дух ясны хугарал,тархи доргилт, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /хэргийн 194 дүгээр хуудас/ 
2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт дугаар-20....” Субаруу простер загварын *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 
-2-р бүлэг 2.3/А-д ...жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”
-2.3/Б-д “ жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” мөн дүрмийн
-6-р бүлэг 6.1/А-д дуут дохиог зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд  хэрэглэж болно”
-6.1/Б-д “ дуут дохиог зөвхөн суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолооч нарт анхааруулах зорилгоор хэрэглэж болно”
-9-р бүлгийн 9.3-д “ тээврийн хэрэгсэлийн хубрдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”
-9.2-д жолооч жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт “ /хэргийн 213 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн  Орхон сумын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлийн төв засмал замын 90/225-аас 91/254 тэмдэгт хооронд Хар морьтын хөтөл гэх газарт *** улсын дугаартай “Субару Простер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг 2.3/А, 2.3/Б, 6.1/Б, 9-р бүлгийн 9.3, 9.2-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн ***ын амь насыг хохироож, иргэн ***, *** нарын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 310-313 дугаар хуудас/, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***ын /хэргийн 24-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.*** /хэргийн 24-26 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 188 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч ***ын /хэргийн 119 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч *** /хэргийн  122 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 125 дугаар хуудас/, гэрч ***гийн /хэргийн 334 дүгээр хуудас/, гэрч ***ийн  /хэргийн 336 дугаар хуудас/, гэрч ***ийн /хэргийн 140 дүгээр хуудас/, гэрч ***ын /хэргийн 342 дугаар хуудас/, шинжээч Л.Лхагвасүрэнгийн /хэргийн 228, 337-338 дугаар хуудас/, талийгаач ***ын үхлийн шалтгааныг тогтоохоор 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт дугаар-99 /хэргийн 198-200 дугаар хуудас/, Шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон 16731, 16732 дүгнэлтүүд, техникийн байдлыг шалгасан тухай 10-07-023-060 дүгнэлт зэрэг хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
 
Техникийн шинжээчийн дүнэлтээр тухайн авто машин нь урд талын тэнхлэг тохиргоо хийгдээгүй, ажлын тормос зөрүүтэй жолооны хүрдний сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнээс их зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр  тогтоогдсон тул жолооч техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байна.  

Шүүгдэгч ***од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж шүүх дүгнэв.
 
          Шүүгдэгч ***од холбогдох хэргийн зүйлчлэл зөв,  шүүхээс түүнийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохирсоон, 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 11.395.000 /арван нэгэн сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
 
           Шүүгдэгч *** нь хорих ял оногдуулах гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан /нэхэмжилсэн/ хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж, хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.  
           
           Харин хохирогч ***, хохирогч *** нар нь шүүгдэгчээс гэм хор учруулсны төлбөр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг 2 хүүхдэд гаргуулна гэж байгааг Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3-д зааснаар нас барсан хохирогчийн авч байсан сарын дундаж цалинг тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр дээр тогтоогдсон хэмжээгээр буюу 476.085 төгрөгөөр тооцно, 4 ам бүлд хувааж нэг хүнд 119.021 төгрөг ноогдож байх бөгөөд нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай байсан ***ыг хасч тооцоход 2 хүүхдэд 238.042 төгрөг ногдож байх бөгөөд 2 хүүхдийн тэтгэвэр 207.300 төгрөөр тогтоогдсон тул зөрүү 30742 төгрөгийг хүүхдүүдийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар сар тутам ***оос гаргуулах үндэслэлтэй байна. Мөн хохирогч *** нь ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 12 сарын хугацаагаар тахир дутуугын тэтгэвэр тогтоолгосон ба сарын дундаж цалинг 337.632 төгрөгөөр тооцож сард 172.200 төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь тэтгэврийн дэвтрийн хуулбар баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар цалин тэтгэврийн зөрүү 165.432 төгрөгийг сар тутам ***оос гаргуулан хохирогч ***д олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

           Хохирогч *** нь шүүх хуралдаанд оршуулгын зардалд 11.395.000 төгрөг гарсныг шүүгдэгч төлсөн харин эмчилгээнд 1.200.000 төгрөг гарсныг шүүгдэгч төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэхгүй, харин тэтгэврийн зөрүүг гаргуулах саналтай гэсэн тул тэжээгчээ алдасны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.   

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн  №610636 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлж, *** улсын дугаартай Субару Порестор тээрийн хэрэгслийн гэрчилгээг  ***од буцаан өгөхийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
            1. Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироож, 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/  жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 10 хоног /арав/ хоног  хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***од оногдуулсан 2 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  №610636 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлж, *** улсын дугаартай Субару Порестор тээврийн хэрэгслийн гэрчилгээг  ***од буцаан өгөхийг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

            7.  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар ***оос 2001 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн охин ***, 2013 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн охин *** нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож  30.742 төгрөг сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

            8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар ***оос 2015 оны 01 дүгээр сарын 21-ний  өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр, цалингийн зөрүү 165.432 төгрөгийг сар бүр гаргуулан ***д олгосугай.  

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
            
   10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           
                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА