Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1755

 

                               

 

 

 

                 

 

                     

 

2020 оны 06 сарын 02 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01755                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тд холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т ,

Нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, Ж.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, гуравдагч этгээд Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Сүхбаатар, гэрч С.Батзориг, нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019.08.19-ний өдөр тус шүүхэд нотариатч С.Тд холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, Монголын нотариатчдын мэргэшлийн хороонд гомдол гаргахаар нэхэмжлэлээ татан авсан, одоо дахин нэхэмжлэл гаргаж байна. Би 2013.06.27-ны өдөр Б.Ттай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээг тус тус байгуулж “Саммит медикал сервис” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Тын эзэмшлийн 90 хувийн 110,700,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг “Саммит медикал сервис” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 хороонд байрлах 143006/0120 нэгж тапбарын дугаар бүхий 2291 м.кв газар дээр эмнэлгийн зориулалттай барилга барихаар би бүх санхүүжилтийг гаргаж эмнэлгийн зориулалттай барилга барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийн барилгыг барих, барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь хамгаалах зорилгоор үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож шилжүүлэн авсан. Улмаар талууд 2016.09.09-ны өдөр талуудын хамтын ажиллагааны үндсэн харилцааг зохицуулахаар 1 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.3-д зааснаар “Талууд гэрээний 1.1-д заасан төслийг хэрэгжүүлэхийн тулд 2 хамтарсан компанийг үүсгэн байгуулах бөгөөд тэдгээрийн хувъцааны 90%-ийг Б.Х, 10%-ийг Б. Т тус тус эзэмшинэ”, 2.4-т “талууд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө хариуцах компанийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлнэ” гэж зохицуулсан боловч хөрөнгө хариуцах дундын компани руу Б.Таас газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй. Гэтэл “Саммит медикал сервис” ХХК-ийн 90 хувийн хувьцааг би шилжүүлэн авах болсон гэрээний үр дүн биелэгдээгүй байтал 2017.04.21-ний өдөр намайг гэртээ байхад, би хүсэлт гаргаж, нотариатчийг дуудаагүй байхад Б.Т, Б.Батзориг, нотариат С.Тын хамт гэрт ирж гарын үсэг зуруулаад явсан. Гэвч “Хишиг арвин индустриал” ХХК-иас бүх хөрөнгө оруулалтыг гаргаж 10 давхар иж бүрэн эмнэлгийн зориулалттай барилгыг бүхэлд нь барьж дуусгасан ч өмчлөх эрх шилжээгүй, 90 хувийн хувьцаа буцаж шилжсэнээр хөрөнгө оруулалтын баталгаагүй болсон төдийгүй “Саммит медикал сервис” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 7 хороонд 2291 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019.07.08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан. Өдөр хоног өнгөрөх тусам барилгад элэгдэл, хорогдол тооцогдож, үнэ цэнэ буурсаар байна. Би 2017.04.21-ний өдөр байгуулсан гэх Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, тэдгээрийг гэрчилсэн нотариатч С.Тын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг гэрээнүүдийг гэрчилж байна гэж ойлгоогүй. Ийнхүү Архиваас нотариатын баримтыг шалгаж үзэхэд нотариатч дараах хууль бус үйлдлүүд, мэргэшлийн алдаа буюу хууль, дүрэм, заавар зөрчсөн гэж үзэж байна Үүнд: Нотариатын бүртгэлийн дэвтэрт миний зөвхөн 1 гарын үсэг байдаг ч 3 гэрээг гэрчилсэн. Гэрээний нэр нь Хувьцаа худалдах, Эрх шилжүүлэх гэрээ гэж бичсэн байтал гэрээний 359 дугаарт 2016.09.09-ний өдрийн гэрээг, 360 дугаарт Хувьцаа шилжүүлэх гэрээг, 361 дүгээрт Эрх шилжүүлэх гэрээг тус тус дугаарласан. Өөрөөр хэлбэл 3 гэрээг 1 гарын үсгээр гэрчилсэн байдал, гэрээний нэр /огт хийгээгүй хувьцаа худалдах/ болон дугаарлалтын зөрүүтэй байдал, бичилтийн мөр хоорондын зай гэх зэргийг шалгаж үзвэл нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдэл хуульд нийцэхгүй, мэргэшлийн алдаатай байна. Дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална”, 26.2-т “Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оришн суугаа газрын хаяг, хэрэв нотариатын уйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ”, 26.3-т “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна”, 26.4-т “Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна” хэмээн заасныг ноцтой зөрчсөн. Б.Ттай байгуулсан 2016.09.09-ны өдрийн 1 дугаар гэрээг тухайн үед нотариатаар гэрчлүүлээгүйгээр талууд баталгаажуулсан. Гэхдээ уг гэрээг гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 7.3-т “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ”, 46.7-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно” гэж заасныг үзэж, шалгалгүй гэрчилсэн. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3.1.1-д “хууль дээдлэх”, 3 .1.2-т “хараат бус, бие даасан байх”, 3.1.6-д “ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах” зарчмыг зөрчсөнөөс гадна, уг хуулийн 5.2-т “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар уйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011.10.07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1-д “Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийхдээ хууль, энэхүү зааврыг мөрдөнө”, 2.10-т “Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 5.2-т заасны дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил, хаяг, цаг хугацааг тэмдэглэнэ” гэж заасныг зөрчиж, би хүсэлт гаргаагүй байхад гэрт минь ирж нотариатын үйлдэл хийсэн, тусгайлан тэмдэглэгээ хийгээгүй. Маргаан бүхий гэрээнүүдийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21.2.1-д “Үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зуйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэг хүлээнэ; 30.1-д заасан “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна” гэснийг зөрчиж гэрт ирж, архи уусан согтуу амарч байхад ямар гэрээ болох үр дагавар хэрхэн үүсэх талаар тайлбарлалгүй гарын үсэг зуруулсан зэргээр хэд хэдэн мэргэшлийн алдаа гаргасан. Дээрх маргаан бүхий гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын баталгаа нь Нотариатын тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс гаргасан заавал даган мөрдөх шинжтэй журам бүхий зааварт нийцэх учиртай. Энэхүү зааварт заасан журмыг нотариатч үйл ажиллагаагаа явуулахдаа зөрчсөн бол нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсэхийг Нотариатын тухай хуулийн 31.3-т зааж өгсөн. Иймд Баянгол дүүргийн тойргийн нотариатчын Б.Х, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017.04.21-ний өдрийн Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээг, 2016.09.09-ний өдрийн 1 дугаар гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тухай хуулийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж заасан. Гэтэл нотариатч ямар 1 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Б.Тын хүсэлтээр 2017.04.21-ний өдөр Б.Хийн гэрт очиж, Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээг тус тус гэрчилсэн байдаг. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.10-д Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 5.2-т заасны дагуу үйлчүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил, хаяг, цаг хугацааг тэмдэглэнэ” гэж заасан байхад тусгай тэмдэглэл үйлдээгүй, тэр талаар баримтгүй байгаа нь Нотариатын тухай хуулийн 26.1, 26.2-т заасан бүртгэл, тэмдэглэл үнэн зөв, тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэсэн байх шаардлагыг зөрчсөн зөрчил болно. Иймд Нотариатын тухай хуулийн 31.1.6 заасны дагуу 31.3-д заасан үндэслэлээр нотариатын гэрээ гэрчилсэн үйлдэл хууль бус хүчингүй байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д “Баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно” гэж заасан байхад 2017.04.21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээний эхний нүүр хэсэгт баталгааны тэмдэг буюу хөндлөн тамгыг дарж гэрээний төгсгөлд зөвхөн нотариатчийн тамгыг дарсан байна. Энэ нь Нотариатын үйлдэл хийх зааврын шууд зөрчил болох бөгөөд 2017.04.21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, 4.6-д “Нотариатч нь үйлчлүүлэгч-хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтоон шалгана”, Нотариатын тухай хуулийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх” гэж заасан. Гэтэл хариуцагч “Саммит медикал сервис” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслээгүй, нягтлан шалгаагүй Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээг гэрчилсэн байна. Учир нь Нотариатын тухай хуулийн 46.10-д “Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална” гэж заасан байхад “Саммит медикал сервис” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл нь архиваас ирсэн баримтад байхгүй байгаа нь үндэслээгүй, түүнийг шалгаагүйг илтгэж байна. Тиймээс Нотариатын тухай хуулийн 31.1.6-д заасан үндэслэлээр, 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй. Нотариатын тухай хуулийн 21.2.1-д “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэг хүлээхээр заасан байхад хариуцагч гэрээнүүдийн эрх зүйн дагавар, эрх, үүрэг, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлалгүй гэрчилсэн. Учир нь С.Т нь нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрчилсэн гэрээг тэмдэглэхдээ Хувьцаа худалдах гэрээ гэж буруу тэмдэглэсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээнд хувьцаа худалдах агуулга байхгүй, үнэгүй шилжүүлэхээр тусгасан. Эрх зүйн үр дагавар өөр, хоёр өөр төрлийн гэрээг хольж бичсэн байх ба өөрөө ч гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүйг харуулж байна. Тиймээс Нотариатын тухай хуулийн 31.1.6-д заасан хуулийн зөрчил болох бөгөөд 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж заасан. Иргэний хуулийн 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ нь хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх шинжтэй бэлэглэлийн гэрээг халхавчилсан шинжтэй байхад нотариатч түүнийг гэрчилж хууль, журмын дээрх заалтыг зөрчсөн тул Нотариатын тухай хуулийн 31.1.1-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын тухай хуулийн 26.1-д “нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална”, 26.4-д Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна” гэж заасан байтал нотариатын бүртгэлийн дэвтрийн Хувьцаа худалдах гэрээний дугаар 359 байхад 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 360 гэж зөрүүтэй буруу тэмдэглэгдсэн, Эрх шилжүүлэх гэрээний дугаар 360 болон 361 хэмээн 2 дугаараар тэмдэглэгдсэн байхад нотариатаар гэрчилсэн Эрх шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 361 гэж зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. 2017.04.21-ний хамтран ажиллах гэрээний хувьд нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийгдээгүй байх бөгөөд нотариатаар гэрчилсэн 2016.09.09-ний өдрийн гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 359 гэж тэмдэглэгдсэн байна. Дээрх байдлаар баталгааны дардсын тэмдэглэл нотариатын бүртгэлийн дэвтэр дээрхээс зөрүүтэй, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй зөрчил алдаа гарсан нь Нотариатын тухай хуулийн 31.1.1, 31.1.6-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын тухай хуулийн 30.1-д “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2017.04.20-ны шөнө өөрийн гэртээ найзуудын хамт виски ууж өглөөний 04 цаг хүртэл болсон. Маргааш буюу 2017.04.21-ний өдөр 11 цагийн үед гэрээг нотариатч гэрчилсэн ба тухайн үед өмнө уусан архи нь гараагүй байсан. Иймд Нотариатын тухай хуулийн 30.1-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 31.1.1, 31.1.6-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын тухай хуулийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална”, 26.2-т “Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж тус тус заасан байхад нотариатч нь 3 гэрээг 1 гарын үсгээр гэрчилсэн мэтээр тэмдэглэл үйлдэж бүртгэсэн байна. Энэ нь тухайн гэрээний ач холбогдлыг ойлгоогүй, нэхэмжлэгчид тайлбарлаагүйн дээр тухайн гэрээг яарч сандарч, батлах ёсгүй гэрээг баталсан хууль зөрчсөн гэдгийг илэрхийлж байна. Иймд дээрх тайлбар, хууль зүйн үндэслэлийг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Тын зүгээс Б.Х, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2016.09.09-ний өдрийн 1 дугаартай гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017.04.21-ний өдөр өөрийн нотариатын байрандаа байхад Б.Т гэх хүн орж ирээд Баянгол дүүргийн 5 шард компанийн хувьцаа шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээ гэрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч оффис дээр нь очиж гэрчлэхээр хамт явсан, замдаа Б.Т гэрээ гэрчлүүлэх гэж байгаа хүн рүүгээ утсаар залгахар хүүхэд хараад гэртээ байна, хүрээд ирэх үү гэсний дагуу түүний гэрт нь очсон. Хан-Уул дүүрэгт байрлах гэрт нь биднийг очиход хүүхдийнхээ охиныг харж байна гэсээр өөрөө хаалгаа тайлж, биднийг эелдгээр угтаж авсан хүн нь Б.Х байсан. Тэрбээр “Саммит медикал сервис” ХХК-ийн эзэмшлийн 90 хувийн хувьцаагаа тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Тд шилжүүлэхээр тохиролцсон Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг хянаж гэрчлүүлэхийг хүссэн ба би холбогдох баримт бичгийг шалган талуудад эрх, үүрэг, гэрээнээс үүсэх үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгч, аливаа дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөнд авталгүй өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээнүүдийг байгуулж чадсан эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрчилж нотариатын бүртгэлийг үйлдсэн. Мөн тус өдөр өмнө нь байгуулсан 2016.09.09-ний 1 дугаартай гэрээг талуудын хүсэлтээр гэрчилж холбогдох бүртгэлийг хийсэн. Дээрх гэрээнүүд болох 2016.09.09-ний 1 дугаар, 2017.04.21-ний өдрийн Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг бүртгэлийн дэвтэрт 359-361 дүгээрт дугаарлаж,  засваргүйгээр бичиж, нотариатын үйлдэл хийсэн газрын байршил, он, сар, өдрийн дарааллаар бүртгэж талууд тус бүрээр гарын үсэг зуруулсан. Гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийсэн нотариатч минии зүгээс талуудын аль нэгэнд ямар 1 зүй бус нөлөөллийг үзүүлээгүй, гэрээний талууд дарамт, шахалт дор бус харин найрсаг харилцаатай, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байсан, энэ үйлдэлд хэн нэгний эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хууль, Нотариатын тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Б.Х нь согтуурсан буюу өөрийгөө удирдах чадваргүй болсон зүйл байгаагүй, би талуудад байгуулагдсан гэрээний агуулга, үр дагаврыг хуульд заасны дагуу тайлбарлан өгч, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээнүүдийг бүртгэн, талуудад тус бүр 1 хувийг өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан миний гэрчилсэн гэрээ нь компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээ байсан тул Нотариатын тухай хуулийн 7.3-т заасан тойргийн харьяаллыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, Монголын Нотариатчдын танхимын зөвлөлд гаргасан гомдлыг 2020.01.30-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл тогтоох боломжгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Саммит медикал сервис” ХХК-ийг 2010 онд үүсгэн байгуулж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2011 онд “Антек” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт байрлах 2291 м.кв талбай бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эмнэлэг барих зориулалтаар шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2011.05.30-ны өдрийн 438 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Манай компани анхнаасаа тус газарт эмнэлгийн зориулалттай барилга барьж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед бид эмнэлгийн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан тул эмнэлгийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, баримт бичгүүдийг бүрдүүлж, эмнэлгийн төслийн ажилд тодорхой хэмжээний зардлыг хэдийнээ гаргасан байсан. Тус төслийг 2012 онд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Х болон түүний эхнэр Т.Бямбажамц нарт танилцуулахад оролцох сонирхолтойгоо илэрхийлж, эмнэлгийн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр ямар 1 гэрээ хэлцэл хийгээгүй, аман хэлцлийн дагуу, итгэлцлийн үндсэн дээр эмнэлгийн барилгын ажилд хамтран ажиллах харилцаа үүсч, гэрээгээр баталгаажуулах шаардлага бий болсны үндсэн дээр эмнэлгийн барилгын ажил хийх, эмнэлгийн үйл ажиллагаа хамтран эрхлэхтэй холбоотойгоор хэдэн гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг тухай бүр биелэгдэж, дуусгавар болсон, 2017.10.11-ний гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. 2016 оны намар эмнэлгийн барилга, ирээдүйн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой аман тохиролцоонуудыг бичгийн хэлбэрт оруулан Б.Хтой 2016.09.09-ний өдөр 1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр манай компанийн хувьцааг надад эргүүлэн өгөх, дундын хамтарсан компани байгуулж, 2 тал өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгө хариуцах компанийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу хамтарсан “Азурион” ХХК-ийг үүсгэн байгуулагдсан ба компанийн нийт хувьцааны 90 хувь нь Б.Хийн нэр дээр, 10 хувь нь миний нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн. Ийнхүү “Саммит медикал сервис” ХХК-ийн нийт хувьцааны Б.Хийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Б.Тд буцаан шилжүүлсэн, тухайн үед эмнэлгийн барилгын ажил ямар 1 саадгүй явагдаж байсан болон хамтарсан компанийг үүсгэн байгуулсан зэргээр 2016.09.09-ний өдөр 1 тоот Гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдэж, тус гэрээ дуусгавар болсон. Энэхүү гэрээнд дурдсан журмын дагуу эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор баталгаа болгон Б.Хид шилжүүлсэн “Саммит медикал сервис” ХХК-ийн 90 хувийн хувьцааг Б.Тд эргүүлэн шилжүүлэхээр талууд тохиролцож, Хувьцаа шилжүүлэх, Эрх шилжүүлэх гэрээ 2017.04.21-ний өдөр байгуулагдсан. Ингээд өөрийн “Саммит медикал сервис” ХХК-ийн 90% хувьцааг миний бие буцаан шилжүүлэн авсан. 2016.09.09-ний өдрийн гэрээгээр тохирсон дундын компанид хөрөнгө шилжүүлэх тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд 2017.10.11-ний өдөр “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Х, “Кэй эй пропертийз” ХХК-ийн захирал Х.Батхишиг нартай би “Саммит медикал сервис” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулж, талуудын санхүүгийн оролцоотойгоор эмнэлгийн зориулттай зоорийн давхар бүхий 10 давхар барилга барьж, ашиглалтад оруулах, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилго бүхий тус гэрээний 8.3 дах заалтаар 2016.09.09-ний өдрийн гэрээг хүчингүй болсонд тооцсон ба талууд цаашид уг гэрээний дагуу аливаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон. 2017.04.21-ний өдөр “Саммит медикал сервис” ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн авахаар “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 хороонд байрлах оффист хувьцаа шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцож Баянгол дүүргийн нотариатч С.Тын ажлын байранд байж байхад Т.Бямбажамц эгч манай нөхөр С.Батзориг руу залгаж “ах нь хүүхэд хараад гэрээсээ гарч чадахгүй байгаа, нөгөөдөр Япон удаан хугацаагаар явна, иймээс та нар өнөөдөр манайд очоод гэрээгээ батлуулсан нь дээр байх” гэсний дагуу манай нөхөр С.Батзориг Б.Х ах руу утсаар ярихад “ах нь гэртээ байна, одоо хүрээд ир, хувьцаа шилжүүлэх гэрээгээ байгуулья” гэсэн. Би нөхөр, нотариатч нарын хамт Б.Хийн “Анома” хотхонд байрлах гэрт нь очиход өөрөө хаалгаа тайлсан, зээ охиныгоо хараад шөлтэй хоол идээд сууж байсан. Б.Х тэр үед архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан, найрсагаар угтсан. Нотариатч бидэнд гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, байгуулж буй гэрээний үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгсний дараа талуудын байгуулсан Хувьцаа шилжүүлэх гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, мөн бидний өмнө байгуулсан 2016.09.09-ний өдрийн 1 тоот гэрээг тус тус гэрчилж, нотариатын бүртгэлийн дэвтэртээ бүртгэж талуудаар гарын үсэг зуруулсан. Нотариатчийн хамт бүгд нэг дор цугласан юм чинь гээд Б.Х ахтай өмнө нь байгуулсан 2016.09.09-ний өдрийн 1 тоот гэрээг нотариатаар батлуулсан. Хэрэв Б.Х ах согтуу байсан бол нотариатч үйлдэл хийхээс татгалзах байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан учраас уг гэрээнүүдийг гэрчилж баталгаажуулсан. Ингээд гэрээнүүдийг гэрчилж дууссаны дараа Б.Х гэрээсээ бидэнтэй хамт үдэж гаргасан. Ийнхүү өмнө хийгдсэн тохиролцсоноороо хувьцаагаа би буцаан шилжүүлэн авсан. Мөн бидний хооронд компанийн хувьцаа шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохоос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гэрээ огт байгуулагдаагүй тул нотариатын тойрог зөрчиж үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Нотариатч бүртгэлийн дэвтэрт мөр хоорондын зайг хэрхэн авах, гэрээг хэдэн гарын үсгээр гэрчлэх зэрэг нь түүний ажил хэргээ явуулж сурсан арга барилтай хамааралтай. Нотариатын үйл ажиллагаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нотариатын тухай хуульд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа ба бидний хоорондын гэрээг баталгаажуулсан үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25.1.1, 46.1.8-д зааснаар хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа байна. Түүнчлэн хуулийн 5.2-д зааснаар “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж зааснаар Б.Х нь гэрээсээ гарах боломжгүй буюу бага насны хүүхэд харж байгаа байдлыг хүндэтгэн, түүний хүсэлтээр гэрт нь очиж нотариатын үйлдлийг хийсэн тул нотариатын үйл ажиллагаа хууль бус байх үндэслэлгүй. Өөрийнх нь хүсэлтээр очиж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг нь баталгаажуулсны төлөө нотариат буруутан болох ёсгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Х нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Тд холбогдуулан 2016.09.09-ний болон 2017.04.21-ний өдрийн гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Нотариатын тухай хууль болон журам, зааврыг зөрчсөн гэж, хариуцагч нь зөрчөөгүй гэж маргалаа.

 

Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Т нь 2017.04.21-ний өдөр Б.Хийн гэрт очиж, Б.Т, Б.Х нарын хооронд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээг тус тус гэрчилсэн байна.

 

Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болохоор зохицуулжээ.

 

Тухайн өдөр гэрээний нэг тал болох Б.Т нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Тын ажлын байранд очиж гэрээний нөгөө тал болох Б.Х нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 хороонд байрлах оффист хувьцаа шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцон явж байхад нь Б.Х ирэх боломжгүй буюу хүүхэд харж байгаа шалтгаанаар энэхүү хүсэлтийг дэмжсэн нь гэрч С.Батзоригийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын 2.10-т нотариатч нь Нотариатын тухай хуулийн 5.2-т заасны дагуу үйлчүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил, хаяг, цаг хугацааг тэмдэглэнэ” гэжээ.

 

Нотариатчийн Бүртгэлийн дэвтрийн 359-361 дугаарт Хувьцаа худалдах агуулгаар 2 гэрээ, Эрх шилжүүлэх 1 гэрээ гэж, ХУД, 15 хороо, 4 улирал цэцэрлэг, С-2-310 болон ХУД, 11 хороо, 2 хэсэг, Анома, 76-2 тоот хаяг тус тус бүртгэгдсэн, хаяг тус бүрийн ард  Б.Т, Б.Х нар гарын үсэг зурсан, харин цаг хугацааг тэмдэглээгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т нотариатч үйл явдлыг гэрчлэхдээ бүртгэл хөтөлж он, сар өдрийн дарааллаар үнэн зөв, засваргүй гаргацтай, тодорхой бичих, тэмдэглэл хөтөлсөн бол бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх гэж, 26.4-т нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэж заасан байна.

 

Нотариатын бүртгэлийн дэвтэрт 3 гэрээг бүртгэсэн дарааллаас харахад 359 болон 360 дугаарт Хувьцаа худалдах, 361 дугаарт Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн, хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хувьцаа шилжүүлэх гэрээний өмнөх нүүрний дардас дээрх дугаар 360 гэж, төгсгөлийн хуудсанд дардас дарагдаагүй баримт байна.

 

Гэвч шүүхийн журмаар УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар хариуцагч нь Хувьцаа шилжүүлэх гэрээний нүүрэн хэсэгт 361 дугаараар тэмдэглэснээ Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д нийцүүлэн төгсгөлийн хуудсанд нь 360 гэж залруулсан талаархи тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Эрх шилжүүлэх гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийсэн баталгааны тэмдгийн дардас дээрх дугаарыг 361 гэж, Б.Хийн “Саммит медикал сервис” ХХК-ийн 90 хувийн хувьцаагаа нөгөө хувьцаа эзэмшигч Б.Тд шилжүүлэхээр тохиролцсон гэрээг гэрчилж дугаарыг 360 гэж тус тус гэрээнүүдийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж тэмдэглэжээ.

   

Харин 2016.09.09-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээг нотариатын бүртгэлийн дэвтрийн 359 дугаарт гэрчилсэн байх бөгөөд баталгааны тэмдгийн дардас дээрх дугаартай ижил байна.

  

Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д “Баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ. Тогтоосон маягтын дагуу бичигдэж, тусгайлан гэрчилгээ олгодог үйлдлийн хувьд маягтыг гараар бөглөж зөвхөн нотариатчийн тамга дарж гэрчилнэ. Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно” гэжээ.

 

Тухайн тохиолдолд нотариатч нь тогтоосон маягтын дагуу бичиж, маягтыг гараар бөглөж, нотариатчийн тамга дарж гэрчилсэн, дээрх 3 гэрээнүүдэд соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод дарж, баталгааны бичилтийг хийж баталгаат гарын үсгээ зурж, гэрчилсэн байх тул нотариатчийн үйлдэл хүчингүйд тооцогдох үндэслэлгүй байна.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, 4.6-д “Нотариатч нь үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтоон шалгана”, Нотариатын тухай хуулийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэнэ” гэжээ.

 

Нотариатч нь хуулийн этгээдийн тухайд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоох бөгөөд хариуцагч нь “Саммит медикал сервис” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслээгүй талаархи нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн “Саммит медикал сервис” ХХК-иас эрх зүйн чадамжтай эсэх талаар маргаагүй, тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч 2 этгээдийн хоорондын хэлцлийг гэрчилсэн, Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн нь 2019.08.12-ны өдөр Нотариатын лавлагааг авахдаа “Саммит медикал сервис” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг авахаар хүсэлт гаргаагүй, зөвхөн гэрээг авах хүсэлтийг гаргасан байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэг хүлээхээр заасан ба гэрээнүүдийн эрх зүйн дагавар, эрх, үүрэг, хууль зүйн ач холбогдлыг хариуцагч тайлбарлалгүй гэрчилсэн талаархи шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлохгүй байх бөгөөд харин хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбаруудаар няцаагдаж гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр нотариатч нь Б.Х нь “Саммит медикал сервис” ХХК-ийн 90 хувийн эзэмшлийн хувьцаагаа Б.Тд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоныг бүртгэлийн дэвтэртээ хувьцаа худалдах гэж бүртгэсэн байгаа боловч шилжүүлэх бүртгэснээр талуудын тохиролцооны агуулга өөрчлөгдөхгүй бөгөөд тэдгээрт эрх, үүрэг, үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаагүйг шууд нотлохгүй байна. 

 

Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд тухайн тохиолдолд үнэ төлбөргүй хувьцаагаа шилжүүлж байгааг бэлэглэлийн гэрээг халхавчилсан гэж үзэх боломжгүй юм.

 

Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатч нь үйлдэл хийхээ хойшлуулах ба өмнөх шөнө нь согтууруулах ундаа хэрэглэснээс өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа байснаа нэхэмжлэгч нь баримтаар нотлохгүй байна.

 

Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээс бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүйг 31.2-т заасан бөгөөд дээрх заалтыг зөрчиж үйлдэл хийсэн бол шүүх хүчингүй тооцох юм. Гэтэл нотариатч нь хуульд зааснаар үйлдэл хийхээс татгалзах үндэслэлийг зөрчиж Б.Х, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2016.09.09-ний өдрийн гэрээг гэрчилсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Х, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх болон Эрх шилжүүлэх гэрээ, 2016.09.09-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх тухай 1 дугаартай гэрээг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч Тын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ