Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0090

 

      

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       Хэргийн индекс: 171/2015/0098/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, Л.Оюунсувд,
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000753 дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1956 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д туслах аж ахуйн ажилчин ажилтай,  ам бүл 3, зээ, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

             Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын, Акума төвийн урдуур явах замд Х.Грейс маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг, 2.1/А “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна” мөн бүлгийн 2.7/А-д жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн ***ыг мөргөж хүнд зэргийн гэмтэл учруулсан. 
            Мөн Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5/Б-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч замын зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүрэг хүлээнэ” мөн бүлгийн 2.5/В-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэх хүртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
            /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед *** нэг шил 0.5 “хараа” архи бариад ирсэн. Тэр архийг уугаад *** согтчихсон. Түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд “Акума” төвийн ард талд машинтайгаа 20 цаг 30 минутын орчим явж байсан чинь нэг нүцгэн хүн явж байсан. Гэнэт буруу талын толь руу юмаар цохих шиг болохоор нь би согтуу хүн юм шидсэн байх гэж бодоод энэ хүнтэй маргалдаад яахав гээд цаашаа явсан. ***ийг ногоон зоорьны тэнд буулгах гэж жаахан хугацаа алдсан. Буцаад яваад Гэгээрэл төвийн тэнд цагдаа нартай таарсан чинь намайг хүн мөргөчихсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм гээд цугтаа яваад очтол нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа нар машинд үзлэг хийсэн. Би хуулийн зүйл ангийг зөрчсөн үнэн, хэдийгээр хохирогчийн буруутай үйлдэл байсан ч гэсэн би 2 сая төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ ослын газрыг орхиж зугтааасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүн орж ирлээ гэж ерөөсөө бодоогүй. Ослын газрыг санаатайгаар орхиж явсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, 

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Одоо аавын бие сайнгүй, хүний ярьсан хэлсэн зүйлийг муу ойлгодог, нэг талын гар хөл нь саажилттай, хүний асрамж байнга шаардагатай тул миний асрамжид байна. Осол болсон өдрөөс хойш аавын эмчилгээнд маш их зардал гарч байна. Шүүгдэгч *** нь бидэнд эмчилгээний зардлыг өгчих юм бол энэ хүнд заавал хүнд ял оногдуулах шаардлагагүй гэж байгаа. Одоо ***аас хэрэгт өгсөн нотлох баримттай байгаа эмчилгээнд зарцуулсан зардлуудыг мөн өөрийн ажилгүй байсан хугацааны цалин, Цанид эмнэлэгт хэвтсэн төлбөр 220.000 төгрөгийг нэхэмжилж авна. *** нь хохиролд 2.000.000 төгрөг өгсөн тул хасаад үлдэх хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

           Хохирогч ***ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд хохирлын талаар гаргасан нэхэмжлэлдээ:  “Осолд орсноос хойш ***ыг эмчлүүлэхэд гарсан зардлын нотлох баримт нь хэрэгт байгаа мэс заслын, КТГ зурагны, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн, төлбөртэй өрөөний, хэрэглэсэн эм тарианы, шатахууны, зардал зэрэг нийт 2.667.116 төгрөгийн зардал дээр Цанид эмнэлгийн төлбөр 220.000 төгрөг, баримт одоо өгч байгаа эм тариа авсан 2 баримттай 442.350 үлдэх 2.481.466 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

           Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 09-ний орой Монгол Алтны гражийн гадаа 20-21 цагийн орчим ***ийн хамт 0,5 шилтэй Хараа архи хувааж ууж дуусаад *** муудсан байхаар нь гэрлүү нь хүргэж өгөхөөр өөрийн машин болох *** улсын дугаартай Грейс маркийн тээврийн хэрэгслийг миний бие жолоодоод жолоочийн хажуугийн суудал дээр *** суугаад бид 2 дархан захын арын замаар явж байтал Акума төвийн харалдаа жолоочийн эсрэг талын зам дагаад нүцгэн эрэгтэй хүн явж харагдсан. Нөгөө хүн, миний машин 2 зэрэгцэж ирэхэд жолоочийн эсрэг талын тольруу юмаар цохих шиг болсон. Тэгээд би энэ архичин чинь толь хага цохьчихлоо гэж амандаа үглээд нэг зогсох гэж үзээд согтуу хүн маргаад яах вэ гэж бодоод яваад өгсөн юм. Инсида ХХК-ийн хашааны ар талаар явж байтал цагдаагийн ажилтангууд намайг ирээд зогсоосон. Тэгээд цагдаагийн ажилтангууд “ та хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Харин тэр цагдаа нарт би сая миний машины толийг нэг согтуу хүн цохиод хагалчихсан гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар та юу яриад байгаа юм бэ гээд ослын газар дээр намайг авч ирэхэд миний толийг хагалсан нөгөө нүцгэн хүн газар хэвтэж байсан. Би хүн дайрчихсан байна гэдгээ тэгэхэд л мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 50-52 дугаар хуудас/,
  
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд эрүүл саруул эцгийгээ ийм байдалтай болсонд тухайн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан *** гэх хүнд гомдолтой байна. Одоогоор баримтаар 2.327.5000 төгрөг баримтгүйгээр хоол, хүнс, унаанд 500.000  төгрөгний зардал гарсан байгаа. Ингээд нийт 2.827.500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр тал/,
 
            Гэрч Д.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *** ХХК-ийн граж дотор *** архи ууж байгаад *** намайг гэр рүү хүргэж өгөх гээд ажил дээр байсан Микро машиныг асаагаад *** жолоодоод ***ХХК-ийн уулзвараас Дархан захын ардуур явдаг засмал замаар явж байтал Хаш төв, Акума төвийн ойролцоо явж байсан байх би сайн мэдэхгүй байна. *** ах надад хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Би яг мөргөсөн талаар нь мэдээгүй. Би нилээн согтуу байсан, машины гэрэл муу байсан, би юу ч хараагүй ээ. Би өмнө нь архи уучихсан байсан. Бид 2-уулаа 0,5 шилтэй архи хувааж уусан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

            Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн жолооч надад хэлэхдээ хашаа шүргээд толио хагалчихлаа гэж хэлсэн. Харин энэ хүн жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан чинь нилээн байж байгаад “би сая нэг хүн шүргэсэн юмаа, буцаад харсан чинь босоод суучихсан юм шиг болохоор яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/, 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, *** улсын дугаартай микро автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 3-7 дугаар хуудас/,

            Зам тээврийн осол тогтоосон дүгнэлт: “2014 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цаг 25 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын, 8 дугаар баг, “Хаш” төвийн урд зам дээр Х.Грейс маркийн *** улсын дугаартай автомашиныг жолооч *** нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1/А.механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна, мөн бүлгийн 2.7А.жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5/Б-д зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж , түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүрэг хүлээнэ, мөн бүлгийн 2.5/В-д зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг нь мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчсөн боловч явган зорчигч 53 настай иргэн *** нь мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9/Б-д “явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатахыг хориглоно” гэсэн заалтыг мөн 3.9/Г-д явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэх дүгнэлт /хэргийн 32-35 дугаар тал/,

           Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №1203: “***ы биед баруун чамархай, суурь ясны хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, баруун хацар, баруун мөр, нуруу, баруун ташаа, баруун өвдөг, зүүн савруу,зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/,

           Согтуурал шалгасан тухай тэмдэглэл: “2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 57 минутад  ***ы согтолтын хэмжээ 1,59 хувийн согтолттой байсан” гэх тэмдэглэл /хэргийн 60 дугаар хуудас/, 

           Шинжээчийн №10-07-025-054 дугаартай дүгнэлт: “Хюнда-Грёйс маркийн *** улсын дугаарын автомашины зогсоолын тормосны ялтас /наклад/ элэгдэж дууссан, татуурга сунасан, жолооны хүрдний сул их зэрэг нь техникийн ашиглалтын явцаас шалтгаалсан ба осол гаргахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт  /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

         2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар Шинжээчийн дүгнэлт: Дархан-Уул аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад С.Хурцбилэгийн гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй байна. Жолооч *** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар заалтын 2.1-т заасан “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” Тайлбар: 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүртэл 06 сарын хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, Мөн дүрмийн 9 дүгээр заалтын 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой. Дүрмийн 2 дугаар заалтын 2.7-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осолд холбогдсон жолооч доорх үүрэг хүлээнэ. Үүнд: тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анханы тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэг байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээ зэргийг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, мөн зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэх, түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

          Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3 дугаар заалтын 3.9-т зааснаар “Явган зорчигч дор дурьдсан зүйлийг хориглоно” Үүнд: “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах” мөн “өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт зэрэг болно. 

          Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ эрхийн үнэмлэхгүй, согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын “Акума” төвийн урд замд Х.Грейс маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг, 2.1/А “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна” мөн бүлгийн 2.7/А-д жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс, мөн  бүрэн бус тээрийн хэрэгсэл жолоодож явснаас   хохирогч ***ыг мөргөж түүний бие махбодид баруун чамархай, суурь ясны хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа.. бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг,
           Мөн Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5/Б-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч замын зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүрэг хүлээнэ” мөн бүлгийн 2.5/В-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэх хүртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч болон хохирогч ***ын өгсөн мэдүүлэг, гэрч ***, *** нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1203 тоот дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 32-35 дугаар хуудас/, шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 15 тоот дүгнэлт, техникийн байдлыг тогтоосон 10-07-025-054 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38-39 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины толины хагархай болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
             
            Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаагүй, шүүгдэгч нь хохирогч ***ыг мөргөсөн гэдгийг мэдээгүй явсан гэж үзэн яллах дүгнэлтэнд бичигдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд судлагдсан мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу авагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.

            Хохирогч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9/Б-д “явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатахыг хориглоно” гэсэн заалтыг мөн 3.9/Г-д явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин согтуу биеэ хянах чадваргүй хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 32-35 дугаар хуудас/, шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 тоот дүгнэлт, шүүгдэгчийн болон гэрч Нарантуяагийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 
 
            Ослын улмаас хохирогч *** нь тархиндаа хүнд гэмтэл авсан ба энэ гэмтлийн улмаас хохирогч *** органик ойгүйдлийн хам шинж гэх сэтгэцийн өвчтэй болсон бөгөөд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй талаар Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа гарсан тул энэ хэрэгт хохирогчоор хүү ***ыг нь тогтоожээ.  

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар нь хэрэгт байгаа нотлох баримттай хохирогч ***ыг осолд орсон өдрөөс хойш эмчилгээ хийлгэхэд гарсан эм, тариа, үзлэгийн болон хагалгааны төлбөр, энэ хугацаанд зарцуулсан шатхууны зардал нийт 2.667.116 төгрөг, мөн Цанид эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 220.000 төгрөг, ***ын ажилгүй байсан хугацааны цалин /асаргаа сувилгааны/  1.152.000 төгрөг,  шинээр нэмж авсан 2 баримттай эмний үнэ 442.350 төгрөг нийт 4.481.466 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаагаас ***ы өгсөн 2.000.000 төгрөгийг хасч үлдэх 2.481.446  төргөг гаргуулахаар нэхэмжилснээс 
            -шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон хохирогч ***ыг эмчилэхэд зарцуулсан мэс заслын төлбөх 940.000 төгрөг, КТГ зурагны 250.000 төгрөг, нэр нь бичигдсэн баримттай эм тарианы 257.950 төгрөг, Нэгдсэн, эмнэлгийн төлбөр 300.000 төгрөг, Цанид эмгэлгийн төлбөр 220.000 төг, баримтыг нь эмчилгээний карттай тулгаж шалгасан эм тарианы 331.750 төгрөг, эмний 110.600 төгрөг, нийт 2.410.300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх,
            -баримт нь тодорхой бус нотлох баримт нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн шатахуун авсан төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин,  эм тарианы төлбөр  зэрэг нийт 2.481.466 төгрөгийн нэхэмжлэлийг энэ хуралдаанаар ханган шийдвэрлэх боломжгүй тул жич, хохирогчийн цаашид эмчлүүлснээс гарсан зардлын хамт  нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх,
            -хоол хүнс, мах, ахуйн хэрэглээний бараа авсан зардал,  гэх нийт 268.500 төгрөгийн нэхэмжлэлийг шууд гарсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй. 
     
            Гэмт хэрэг гарахад хохирогч ***ы Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн  тул  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учирах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан тул  хохирогчид учирсан нотлох баримтаар тогтоогдсон  2.410.300 төгрөгийн хохирлын 70 хувь болох 1.687.210 төгрөгийн хохиролыг шүүгдэгч ***аар төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
           
           Шүүгдэгч  ***  хохирогчид  2.000.000 төгрөг эмчилгээний зардалд тооцон өгсөн  нь баримтаар тогтоогдож байх тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 1.687.210 төгрөгийн хохирлыг төлсөн гэж үзэв.  

           Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

           Иймд шүүхээс шүүгдэгч ***ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол  эдгэрээгүй, гэм хор арилаагүй байх тул хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

           Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд тооцон 2.000.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 291, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ***ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын  бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 3 сар /нэг жил гурван сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн  216.2-т зааснаар 1 жил /нэг/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 01 жил 3 сарын хорих ялаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.          .  
            
           5. Иргэний  хууулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч *** нь нотлох баримтаар тогтоогдсон хохирогчид төлөх 2.410.300 төгрөгийн хохирлын 70 хувь болох 1.687.210 төгрөгийг хохирогчид төлөхөөс хохиролд 2.000.000 төгрөг төлсөн болохыг, 
               -хохирогчоос хэлэлцээгүй орхисон 2.481.466 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч ***ы цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогчийн хоол хүнс, мах, ахуйн хэрэглээнд авсан зардал гэх нийт 268.500 төгрөгийн  нэхмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
 
           6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины толины гэр, хүрээ, толины хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерийн бичлэг хийсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган хадгалсугай. 
         
           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  ***  энэ хэрэгт 52 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
                 
            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА