| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01801/и |
| Дугаар | 1786 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1786
2020 оны 06 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2020/01786 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дт холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,680,000 /найман сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэл, хариуцагч Ж.Д, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019.03.01-ний өдөр Ж.Д нь 6,0 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 8% хүүтэй зээлж зээлийн гэрээ хийсэн. Хариуцагч нь гэрээний хугацаанд зээл, хүүний төлбөрт 2,0 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй, бусдад дамжуулсан гэх шалтгаанаар төлбөр тооцоо хийхгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн хүү 2,680,000 төгрөг, бүгд 8,680,000 төгрөгийг тэмдэпиин хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нэр дээр 6,0 сая төгрөг зээлж, Алтантуяад өгсөн. Урьд нь энэ хүн надаас байнга мөнгө зээлж, буцаагаад өгдөг байсан. Хамгийн сүүлд 1,0 сая төгрөг аваад авья гэтэл надад мөнгө зээлдүүлдэг хүн байгаа, тэр хүнээс зээлээд өгчих, тэр мөнгөнөөс таны 1,0 сая төгрөгийг өгье, та надад тус бол гэхээр нь зээлээд өгсөн. Тэгээд Алтантуяа зээлийн хүүнд 2,0 сая төгрөг төлсөн. Би сургууийн насны 4 хүүхэдтэй, 6 сартай нялх хүүхэдтэйгээ амьдардаг, надад үнэхээр хэцүү байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Ө” ХХК нь Ж.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийг өөр этгээдэд өгснөөс үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.
Нэхэмжлэгч нь 2019.03.01-ний өдөр Ж.Дтай зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 8% хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь зээлийг бэлнээр шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, харин бусдад зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Ж.Д нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхтэй байна.
Талууд зээлийг 8 хувийн хүүтэйгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасанд нийцсэн ба хариуцагч нь 2,000,000 төгрөгийг хүүний төлбөрт төлсөн, энэ талаар маргахгүй байна.
Хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу сар бүр 480,000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний 12 сарын хугацааны хүүний төлбөрт /12х480,000/ нийт 5,760,000 төгрөг төлөхөөр байгаа боловч хүүний төлбөрийг 4,680,000 төгрөгөөр тооцож байх тул төлсөн 2,000,000 төгрөгийг хасч үлдэх 2,680,000 төгрөгийг гаргуулав.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас үндсэн зээлийн үүрэгт 6,000,000, хүүний төлбөрт 2,680,000 төгрөг, нийт 8,680,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 153,830 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 153,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Даас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,680,000 /найман сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулан, Ө” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 153,830 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 153,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ