| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0108/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0092 |
| Огноо | 2015-04-01 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0108/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000985 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ***. /РД: ***/
Шүүгдэгч ***нь 2014 оны 12 дугаар сарын 16-наас 2014 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв зам дээр явган зорчигч иргэн ***ыг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....2014 оны 12 дугаар сарын 16-ны орой ***, ***гэх 2 найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хуучин хорооллын 8 дугаар байрны тэнд хохирогч ***ыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Би машиныхаа рулиэ зүүн тийш дарсан. Цуг явж байсан эрэгтэй ***ыг татаж босгосон. Би эхлээд түргэн дуудаад, дараа нь цагдаа дуудсан. Түргэний машин ирэхгүй болохоор такси дуудсан. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийж, намайг авч явсан. Тэр өдөр би эрүүлжүүлэхэд хоносон .. гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой ***, ***гэх найзуудын хамтаар хуучин Дарханд арбатын гудамжинд байх Эргэн дурсахуй гэдэг бааранд архи ууж байгаад 00 цагийн орчим гарсан. Бааранд гурвуулаа нэг шил архи хувааж уучихаад гарч яваад *** гэдэг залуугийн гэрт очиж обой наангаа нэг нэг пиво уучихаад шөнө 01 цаг өнгөрч байхад *** гурвуулаа цуг гарч яваад Шинэ Дарханд Цуурай цо ХХК-ийн байрны хажууд байсан дүү ***с ***улсын дугаартай автомашиныг нь аваад Хонгор сум руу явах гэж байсан юм. Машиныг нь аваад Цуурай цоХХК-ийн байрны гаднаас хөдлөөд Дархан-Номин-ийн уулзвараар баруун гар тийш эргээд Дархан-50 цогцолборын урдуур гараад явж байх үед зүүн гар талд соната-5 маркийн автомашин зогсчихсон нэг залуу жолоочтой нь юм яриад зогсож байсан. Мөн тэр үед миний зүүн гар талд замын хажууд 2 эмэгтэй зогсож байсан ба би тэр хоёрыг такси барих гээд зогсож байна гэж бодоод хажуугаар нь өнгөрсөн чинь миний урдуур нэг эмэгтэй гэнэт гүйгээд гараад ирэхэд нь гүйсэн зүг рүү нь дарсан чинь нөгөө эмэгтэй машин дагаж гүйгээд миний урдуур яваад орчихсон юм. Тэр эмэгтэйг урд гуперээрээ мөргөөд газар дээрээ зогссон юм. Тэр үед би архи хэрэглэчихсэн байсан боловч өөрийн ухаантай байсан. Осол болох үед 40-50 км\ц-ийн хурдтай явж байсан юм. Би машин жолоодож явсан ба *** арын суудал дээр сууж байсан, ***урд суудал дээр сууж байсан ... гэх мэдүүлэг /хэргийн 66-67 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2014 оны 12 дугаар сарын 16-ний өдөр би гэртээ байж байхад ***, ***нар манай гэрт орой 22 цагийн орчим ирсэн юм. Бид гурав шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад Дархан-50 цогцолбор тал руу зам хөндлөн гараад явж байхад *** түрүүлээд зам гараад ***бид хоёр араас нь яваад зам хөндлөн гараад бараг дуусах гэж байхад миний баруун гар талаас гэнэт машин хүрч ирээд мөргөхөд би зам дээр унасан. Унаад ухаан алдсан байсан ба нэг мэдхэд *** хэсэг залуучуудтай хэрэлдээд маргалдаад байх шиг байсан. Би босох гэтэл хөдөлж чадахгүй байсан ба хэсэг хугацааны дараа эмнэлэг рүү хүргэгдсэн. Би зам гарч явахад замын ирмэг боржур хүрэхэд 1 метр зайтай байсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хэргийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ***, *** нарын урд зам хөндлөн гарсан ба тухайн үед хоёр тийшээ харахад ямар нэг машин байхгүй байсан. Тэгээд би түрүүлж гараад Дархан-50 цогцолборын хаалганы үүдэнд байж байсан чинь миний ард хүн орилох чимээ гарахаар нь эргээд харсан чинь ***ыг нэг цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн ***ын толгой нь ертөнцийн зүгээр баруун тийшээ Хараа буудал чиглэлд зам дээр хэвтэж байсан. Би гүйгээд очиход ***ын цагаан өнгийн түрийтэй гутал нь сугараад Дархан-Номин тал руугаа шидэгдчихсэн байсан. *** дээр очиход ухаан алдчихсан байсан ба хамрынх нь доод талд гараараа дарсан чинь ухаан орсон юм. Тэр машин нэлээн хурдтай явсан байх гэж бодож байна. Тэр машиныг зогсчихсон байгааг нь харахад тэр машин Дархан-Номин талаас ирсэн юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...***ын гэрээс гарахад *** түрүүлж гараад утсаараа яриад явсан ба би араас нь явж байсан юм. Харин миний араас *** явж байсан. Ингээд зам хөндлөн гараад ***гийн араас явж байсан чинь миний ард түс хийсэн чимээ гарахаар нь эргээд харсан чинь хажуугаар машин өгнөрөөд ***ыг мөргөсөн. Тэр машин миний ардуур өнгөрөхөд намайг шүргэх шиг болсон. Би гэхдээ сайн санахгүй байна. *** миний биед гар хүрсэн байж магадгүй. ***ыг харсан чинь мөргүүлсэн машины урд газар хэвтэж байсан ба гутал нь сугараад газар уначихсан байсан. Тэр машин Дархан-Номин-гоос Комфорт чиглээд явж байсан ба би зам хөндлөн гарахдаа нэлээн хол явж байна гэдгийг нь харж байсан юм. Ингээд зам хөндлөн гарч дуусах гэж байхад тэр машин ***ыг мөргөчихсөн. Бид гурав ***ын гэрт хоол идээд нэг пиво уучихсан гараад явж байсан ба эрүүл шахуу байсан. Тэр машин нэлээд хурдтай явж байсан болохоор тийм хурдан ирээд мөргөсөн байх гэж бодож байгаа. Замын гэрэлтүүлэг маш сайн тусаж байсан, хүн явж байгаа нь харагдахаар байсан... гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр өдөр *** бид хоёр Дархан сумын 4 дүгээр баг Россия-ийн байранд засвар хийгээд байж байсан ба орой 22 цаг өнгөрч байх үед ******гар утас руу залгаад бааранд ганцаараа байна хүрээд ирээч гэхээр нь *** бид хоёр Арбатын гудманд байдаг Эргэн дурсахуй гэдэг бааранд очход ***ганцаараа сууж байсан. Тэгээд бид гурав хамт нэг шил архи хувааж уусан ба ***эхнэр төрчихлөө шөл хийх хонинд Хонгор сум руу явмаар байна гэж ярьж байсан. Ингээд нөгөө архиа хувааж уучихаад баар хаасны дараа 23 цаг өнгөрч байхад тэндээсээ гараад Гантулга бид хоёрын хийж байсан засварын ажлаа дуусгачихаад 00 цаг өнгөрч байхад эргэж Эргэн дурсахуй бааранд очиж нэг авдар пиво аваад шинэ Дархан руу таксинд суугаад явсан юм. Шинэ Дарханд ирээд ***та хоёр Гандангийн урд хүлээж байгаарай, би дүүгээсээ машинаа аваад ирье гэж хэлээд машинаа авахаар явсан. Удалгүй ***машинаа аваад ирсэн ба *** бид хоёрыг суулгаад Хонгор сум руу явахаар тэндээсээ хөдлөөд Хараагийн голоор ороод Дархан-50 цогцолборын урдуур явж байсан чинь хоёр согтуу эмэгтэй зам хөндлөн гарахаар явж байсан. Тэр хоёр эмэгтэй гэнэт л замын хажуугаас гараад ирсэн. Би тэр эмэгтэйг хараад ***од наана чинь хүн гэж хэлсэн чинь зам хөндлөн гарч явсан хоёр эмэгтэйгийнх нь нэг нь буцаж эргээд гүйхэд нөгөөх нь чигээрээ гүйсэн юм. Хоёр эмэгтэйг зам хөндлөн гарч явааг ***хараад зүүн гар тал руугаа машиныхаа рулиэ дарахад эхлээд явж байсан эмэгтэй машины руль дарсан тал руу дагаад гүйсэн болхоор машины урд хэсгээр тэр эмэгтэйг мөргөсөн юм. Зам хөндлөн гарч явсан хоёр эмэгтэйтэй цуг тухайн үед нэг эрэгтэй хамт явж байсан. Би бодохдоо эргэтэй нь такси зогсоогоод тэр таксиндаа суух гээд нөгөө хоёр эмэгтэйгээ дуудахад нь тэр хоёр эмэгтэй зам хөндлөн гараад явж байсан юм шиг байна лээ. Тэр хоёр эмэгтэй 5-10 метрийн зайнаас л гэнэт гараад ирсэн юм. Замын гэрэлтүүлэг асчихсан, гэрэлтэй байсан, үзэгдэх орчин сайтай сайн харагдаж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр өдөр ***, *** бид гурав Эргэн дурсахуй бааранд 1 шил 0,75 литрийн архи уусан юм. Архи ууж дууссаны дараа 00 цагийн орчим манай гэрт очиж обой наачихаад байж байсан чинь ***хөдөө явж хонь авна гээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд эхнэр төрчихсөн хонь олж ирнэ, шөнө яваад өглөө эрт хонио аваад ирнэ гээд байхаар нь тэгье гээд гурвуулаа манай гэрээс 01 цаг өнгөрч байхад гарсан юм. Баарнаас гарахдаа нэг авдар пиво аваад гарсан болохоор тэр пиво аваад шинэ Дархан 16 давхар хүртэл таксинд сууж яваад *** бид хоёр Гарден нэртэй рестораны хажууд зогсож байхад ***дүүгээсээ машины түлхүүр аваад ирье гэж яваад удалгүй машинаа аваад ирэхээр нь би арын суудал дээр суугаад *** урд суудал дээр суугаад тэндээсээ Хонгор сум руу явахаар хөдөлсөн юм. Тэгээд Хараагийн голоор ороод Дархан-50 цогцолбор өнгөрөөд явж байхад ***хүн мөргөчихлөө гэхээр нь машинаас буугаад харахад зам дээр машины урд нэг эмэгтэй хэвтэж байсан. Би арын суудал дээр сууж явсан болохоор сайн хараагүй... гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 9 ширхэг \хэргийн 5-6 дугаар хуудас\
- Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад ***ын гаргасан ослын дүгнэлт, схем зураг\хэргийн 22-25 дугаар хуудас\
- 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт \хэргийн 40-44 дүгээр хуудас\
- Шүүх эмнэлгийн үзлэгийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 тоот ***ын биед сээрний ТН-10 дугаар нугаламын дарагдаж шахагдсан хугарал, хацарт зулгаралт, бугалга өвдгөнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.. гэх дүгнэлт\хэргийн 28-30 дугаар хуудас\
- 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10.07.025.03 тоот техникийн шинжээчийн тоёото кровн маркийн ***улсын дугаартай автомашины урд салхины шил цууралттай, хөдөлгүүрийн хаалт\копут\ хонхойсон зэрэг нь ослын дараахь эвдрэл байна. Уг автомашин зуны дугуйтай байсан нь хөдөлгөөний удаашралт, зогсолтонд нөлөөлсөн байна гэх дүгнэлт\хэргийн 34-37 дугаар хуудас\
- 2014 оны 12 сарын 16- ны өдөр жолооч ***ын согтуурал шалгасан тухай тэмдэглэл: *** согтуурлын зэргийг шалгахаар согтуурлын зэрэг хэмжигч Драйгер багаж үлээлгэн шалгахад 1,14 % -ийн согтолттой гэсэн заалт гаргасныг тогтоов. /хэргийн 73 дугаар хуудас/,
- Ял шийтгэлийг шалгах хуудас /хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Дархан – 50 цогцолборын орчим ***улсын дугаартай Т.Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а, 2.7.а заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилээр хасуулсан байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн бүлгийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж иргэн ***ын биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ***од тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 70 дугаар хуудсанд/
Шүүх шүүгдэгч ***од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролыг нөхөн төлсөн, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж , шийтгэх тогтоол хүчин төгөлөдөр болмогц түүний эзэмшлийн 27 инчийн 150 000 төгрөгний үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай .
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***ын эзэмшлийн 27 инчийн 150 000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 517 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ***од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***од мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ