| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01396/и |
| Дугаар | 1850 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 1850
2020 оны 06 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2020/01850 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ат холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 715,232 / долоон зуун арван таван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь Баянгол дүүргийн 18-р хорооны дэзсгэрт байрлах 83а, 836 байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн цахилгааны шугамыг хамгаалж, шинэчлэх, засварлах, орц хонгил талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган, оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Манай холбоонд хамаарах 836 байрны 12 тоотод оршин суух Ч.А нь хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, удаа дараа шаардсан боловч тавьсан шаардлагыг үл тоон нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, холбооны хэвийн үйл ажиллагааг доголдоход хүргээд байна. Хариуцагч нь 2017 оны 11 сараас хойш 2020 оны 02 сарын төлбөр 715,232 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 147.1, 148.2.3, 148.3, СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 13.2.3, 16.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“М” СӨХ нь Ч.Ат холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 715,232 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагчид 2020.05.06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасан байна.
Хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхэд мараагүй тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.
Хэрэгт авагдсан Төрийн банкны нэхэмжлэх баримтаар 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Ч.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 715,232 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 21,716 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 21,716 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигчдод энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Ааас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 715,232 / долоон зуун арван таван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан, “М” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 21,716 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 21,716 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ