Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 44

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр багын 2 найзтайгаа гэрийнхээ хажууд тааралдаад ойрхон байдаг пабд 18 цагийн үед ороод 23 цаг хүртэл суусан. Манай 2 найз архи, би пиво уусан. Намайг бие засах өрөө ороод ирэхэд манай 2 найз байхгүй байсан. Манай нэг найз мобайл банкаар тооцоо хийнэ гэж хэлж байсан. Би тэднийг хайх зорилготой гараад хайтал байхгүй байсан. Гэтэл Гүнчин-Иш араас гарч ирээд намайг “тооцоогоо хийчих” гэхээр нь би “манай найзууд хийх юм. Би  хайгаадахъя” гэж хэлсэн. Тэгтэл намайг “чи одоо тооцоогоо хийчих” гээд байсан. Би “надад одоогоор мөнгө байхгүй байна. Танай пабын хажууд байх Төрийн банкыг өглөө 9 цагт онгойхоор нь мөнгө аваад тооцоогоо хийе” гэж хэлсэн. Нэг мэдэхэд би газар унасан байсан. Тэгээд сэргэхэд “чи намайг цохичихлоо” гэж байсан. Тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байна” гэв. 

 

Хохирогч Г.Гүнчин-Ишээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би ажил шалгахаар лоунждаа очсон. Намайг очиход манай найз ирсэн байсан. Манай зохион байгуулагч “нэг ширээний хүн тооцоогоо хийхгүй гарчихлаа” гэхээр нь би хамт гарсан. Намайг очиход Ганзориг цаашаа хараад явж байсан. Би араас нь очоод “хөгшөөн тооцоогоо хийхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд “манай найзууд тооцоо хийх гэж байсан. Би маргааш өгчихье” гэсэн. Тэгэхээр нь би “одоо хийчих” гэж хэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн маргаан болоогүй. Энэ үед Мөнхзориг тооцооны хуудас аваад араас ирэхэд Ганзориг “чи намайг зодох гэж байгаа юм уу” гээд Мөнхзориг руу дайрахаар нь би түүний араас нь татсан. Гэтэл миний нүд рүү цохисон. Удалгүй цагдаа ирсэн. Одоогоор нүүрний өнгөц мэдрэл алдагдсан. Тухайн үед надад учирсан гэмтлийг нүдний ухархайн хананы доод хэсгийн хугарал гэж байсан. Би Ганзоригоос хагалгааны мөнгө авч хагалгаанд орсон. Одоо үүссэн гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Өмнөх шүүх хурлаар үүнтэй холбоотой баримтыг тодорхойгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн. Би өнгөц мэдрэлийн судал тасарсныг залгах хагалгаанд /инфро орбитал/ оруулж өгөхийг хүсэж байна. Энэ нь нүдний ухархайн доод ханыг дагаж байрладаг. Миний нүдний ухархайн яс хугарахад доош дараад мэдрэлийн судал тасарсан” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны Жагаа-с Лоунжийн гадна Г.Гүнчин-Ишийг нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн доод ханын хугарал, баруун гайморовын хөндийд цус хуралдалт гэмтэл учруулсан  болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Г.Гүнчин-Ишийн “Би өөрийн ажиллуулдаг “Жагаа’с лоунж”-ийг 2016 оны 06 дугаар сарын БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаh Алтай хотхон дотор байрлах Жагаа’с лоунжийг эргэж очиж найз нартайгаар уулзахаар очтол манай зохион байгуулагч Мөнх-Эрдэнэ, найз Мөнхзориг, Од-Оч нар нь сууж байсан юм. Бид нар юм яриад байж байтал цаана сууж байсан Ганзориг гэх залуу найзын хамт ширээнээсээ босоод тооцоогоо төлөлгүй гараад явсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр араас нь гараад очтол Ганзориг нь үлдээд нөгөө хоёр залуу нь цаашаагаа яваад өгсөн. Ардаас найз Мөнхзориг нь Ганзориг гэх залуугийн сууж байсан ширээний тооцооны хуудсыг бариад ардаас гараад ирэхэд Ганзориг гэх залуу Мөнхзоригийг чи намайг зодох гэж ирж байгаа юм уу гээд дайрахад нь Ганзоригийг ард талаас нь татсан чинь эргэж хараад миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд Ганзоригийг Мөнхзориг барьж аваад Мөнх-Эрдэнэ цагдаа дуудаад 5 орчим минутын дараа цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Миний биед учирсан гэмтлийг Ганзоригийг ард талаас нь татахад эргэж хараад баруун гараараа баруун нүдрүү 1 удаа цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

“... Тэр үед Мөнхзориг тооцооны хуудас бариад ирсэн бөгөөд Ганзориг гэх залуу Мөнхзориг руу чи намайг зодох гэж ирж байгаа юм уу гэж дайрсан тэгэхээр нь би Ганзоригийг хойноос нь татсан чинь эргэж хараад миний баруун нүд рүү гарааараа нэг удаа цохьсон тэр үед Мөнхзориг тэр залуугийн гарыг мушгиад газар суулгаад цагдаа дуудсан. Өөрөөр тэр залууг цохиж зодсон асуудал болоогүй. Надад одоо байгаа баримт нь 1.280.000 төгрөгийг эмчилгээ хийгдсэн баримт байна. Одоо баруун нүд тэгшлүүлэх, хараа тэглүүлэх, алдагдсан мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэнэ тэрийг 09 дүгээр сарын 01-нд үзлэг хийж байгаад шийднэ гэсэн. Эдгээр зардлуудыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Мөнхзоригийн “2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би БГД-ийн 1 дүгээр хороо Алтай хотхон Жагаа’с лоунж дээр өөрийн найз болох Гүнчин-иштэй уулзах гээд 20 цагийн үед очсон тэгж байж байгаад 23 цагийн үед нэг гурван залуу сууж байгаад хоёр залуу нь түрүүлээд мөнгө авчирна гээд гарсан. Тэгээд ирэхгүй цаг орчим болсон бөгөөд нөгөө үлдсэн нэг залуу нь найзыгаа олж ирнэ гээд гарсан бөгөөд араас нь Гүнчин-иш, Мөнх-Эрдэнэ хоёр тооцоогоо авах гээд гарсан. Тэгээд намайг байж байтал Гүнчин-иш залгаад саяны гурван залуугийн тооцооны  хуудсыг нь аваад ир гэж дуудсан. Тэгэхээр нь би тооцооны хуудсыг аваад гадаа гарахад Гүнчин-иш, Мөнх-Эрдэнэ хоёр тэр залуутай хамт зогсож байсан бөгөөд би явж очоод тооцооны хуудсыг өгөх гэтэл тэр залуу над руу чи намайг зодох гэж ирсэн үү гэж дайрсан тэгтэл Гүнчин-иш тэр залууг болиулах гээд наадах чинь тооцооны хуудас авчирч ирсэн хүн чи яах гээд байгаа юм гээд гарнаас татахад тэр залуу эргэж хараад Гүнчин-ишийн нүд рүү баруун гараараа нэг удаа цохьсон. ... Ганзоригтой маргалдсан хүн байхгүй. Намайг араас нь очоод тооцооны хуудас өгөхөд чи намайг зодох гээд ирсэн үү гээд дайрсан. Тэгээд би үгүй тийм зүйл байхгүй гээд байж байтал Гүнчин-иш хажуунаас нь гарыг нь татаад наадах чинь тооцооны хуудас авчирах гэж ирсэн хүн байна гэхэд эргэж хараад нүүр рүү шууд цохьсон. Би тухайн үед Гүнчин-ишийг цохихоор нь Ганзоригийн гарнаас өчөөд доош нь суулгасан. Газар унасан байхад нь цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч А.Мөнх-Эрдэний “2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Жагаас лоунж дээр ажиллаж байсан.Тэгээд 20 цагийн үед гаднаас Ганзориг гэх хааяа орж ирж байсан зүс таних залуу хоёр найзын хамт орж ирээд ширээн дээр суугаад 1 шил 0,75л архи, 10 орчим пиво, хүний 100гр виски авч уусан. Тэгээд 23 цаг хүртэл сууцгааж байгаад нилээн согтоцгоогоод байж байгаад нэг харсан чинь Ганзориг гэх залуутай хамт явж байсан хоёр найз нь гараад явчихсан Ганзориг нь өөрөө гараад явахаар нь араас нь Гүнчин-иш бид хоёр яваад Лоунж доошоо буугаад 14 дүгээр байрны урд очоод уулзаад та тооцоогоо хий гэхэд утсаар хүн дуудъя хүнээр тооцоогоо хйилгэнэ гээд Гүнчи-ишийн утсаар нэг хүн рүү яриад байсан. Тэгээд бид хоёр Ганзоригтой юм яриад зогсож байхад Мөнхзориг тооцооны хуудас барьж ирээд тооцоогоо төлчих гэхэд Ганзориг Мөнхзориг руу чи намайг зодох гэж ирж байгаа юм уу гээд дайрсан. Тэр үед Мөнхзориг би чамайг зодохгүй зүгээр тооцоогоо өгчих гэж байна гэхэд Ганзоригийг Гүнчин-иш салгах гээд хойноос нь татсан чинь Ганзориг эргэж хараад гараараа баруун нүд рүү нэг удаа цохьсон тэгтэл Мөнхзориг Ганзоригийн гарыг нь мушгиж унагаагаад цагдаа ирэхэд нь хүлээлгэж өгсөн. Би Ганзориг гэх залууг танихгүй өмнө нь ганц хоёр удаа манайхаар үйлчлүүлж байсан зүс мэдэх юм. Ганзориг ямар учраас тооцоогоо хийгээгүйг мэдэхгүй. Ганзориг нилээн согтуу байсан. Гүнчин-иш бид хоёр тооцоогоо авах гэж араас нь гарсан. Тэгээд Ганзоригтой тооцоогоо хийх талаар ярьж байхад Мөнхзориг тооцооны хуудас аваад араас хүрээд ирсэн. Ганзоригтой маргалдсан асуудал байхгүй. Тооцоогоо хийх талаар ярьж байхад Мөнхзориг ирсэн тэгээд Мөнхзориг руушууд чи намайг зодох гэж ирж байгаа юм уу гээд дайрсан. Ганзориг Гүнчин-иштэй маргалдаагүй. Ганзориг Мөнхзориг руу дайрах үед нь Гүнчин-иш Ганзоригийн араас татсан тэгтэл эргэж хараад юу ч ярилгүй нүд рүү нь нэг удаа гараараа цохьсон. Би Ганзоригт гар хүрээгүй. Харин Ганзориг Гүнчин-ишийг цохих үед Мөнхзориг Ганзоригийг гарыг нь мушгиж газарт суулгаад цагдаад өгсөн” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №8088 дугаарт актын:

“1. Гүнчин-Ишийн биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн доод ханын хугарал, баруун гайморовын хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашинд эмнэлгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Ганзориг нь Г.Гүнчин-Ишийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин түүнд хүч хэрэглэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл  бөгөөд  хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцож, мөн дээрх хуулийн  зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ганзориг нь хохирогч Г.Гүнчин-Ишэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг төлсөн” баримт хэрэгт авагдсан тул /хэргийн 46 дугаар хуудас/ шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч Г.Гүнчин-Иш “нүүрний өнгөц мэдрэлийн судас тасарсан” гэмтэл учирсан гэж мэдүүлж байх боловч гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор томилсон шинжээч эмч Д.Мөнхбатыг мөрдөн байцаалтын явцад энэ талаар байцаахад тэрээр мэдүүлэхдээ “ Гүнчин-иш нь  тухайн үед мэдрэлийн эмчид үзүүлээгүй уг гэмтэл нь оношлогдоогүй байсан байна. Ийм учраас шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй. Тийм учраас тухайн цагт үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” /хэргийн 91 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж дүгнэв.

Гэхдээ хохирогч Г.Гүнчин-Иш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь хууль зүйн хувьд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Ганзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг ял  оногдуулахдаа харгалзаж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Хөхдан овогт Жаргалсайханы Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзоригийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.        

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганзориг нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Хохирогч Г.Гүнчин-Иш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Ганзоригт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ