| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0248/З |
| Дугаар | 221/МА2026/0444 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0444
Н.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан
Нэхэмжлэгч: Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0335 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ч нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0248/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 0335 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/ 29 дүгээр зүйлийн 29.9, 33 дугаар зүйлийн 33.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3, 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг Газрын тухай хуулийн /2002/ 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасан журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж”
2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 180 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
3 дахь заалтаар “Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь зөвхөн нэхэмжлэгчдэд бус, тухайн газрын эрхийг хууль ёсны үндэслэлээр олж авсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд мөн адил хамаарах ёстой. Хэрэгт авагдсан газрын үзлэгийн баримтаар тухайн байршил дээр гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө баригдсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тухайн газрын нэхэмжлэгч нарт дахин олгох шийдвэр гаргасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын эрхийн давхардсан маргаан үүсэх нөхцөл бүрдэхээр байна.
Нэхэмжлэгч нар нь газар олгох хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлэх явцад тухайн газар нь газрын төлөвлөлт, нөөцөд тусгагдаагүй болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, албан ёсны хариу хүргүүлсэн байна. Энэ талаар хариуцагч байгууллагаас шүүхэд тайлбар болон холбогдох баримтыг гаргаж өгсөн.
Газрын тухай хуульд зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажиллагаа нь батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох төлөвлөлтийн баримт бичигт үндэслэх ёстой. Нэхэмжлэгчдийн хүсэлт гаргасан тухайн газар нь тухайн цаг хугацаанд төлөвлөлтийн баримт бичигт тусгагдаагүй шийдвэрлэх боломжгүй байсан нөхцөл байдал кадастрын мэдээлэл болон холбогдох байгууллагын тайлбараар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгчдийн гаргасан хүсэлтийг заавал хангах хууль зүйн үндэслэл бүрдээгүй бөгөөд захиргааны байгууллага тодорхой шийдвэр гаргах үүрэг үүсээгүй нөхцөлд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолын 2.8 дахь хэсгийн 76-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам орчимд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт газар эзэмших эрх олгосон шийдвэрийг төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргахыг даалгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн газрын кадастрын мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгчдийн хүсэлт гаргасан байршил нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн нэгж талбаруудтай бүрэн давхцаж байгааг холбогдох байгууллагын албан бичгээр нотолсон болно. Энэ нь тухайн газрыг нэгээс олон этгээдэд зэрэг олгох боломжгүй болохыг харуулах бөгөөд газар олголт нь өргөдөл гаргасан дараалал бус, хуульд заасан төлөвлөлт эрх зүйн шаардлага, холбогдох зөвлөлийн шийдвэрт үндэслэн хийгдсэн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчид өөрсдийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэн маргаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэдэг нь захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл огт шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдлыг ойлгоно.
Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчдэд холбогдох албан бичгээр хариу хүргүүлж, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй үндэслэлийг мэдэгдсэн байх тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангасан.
2.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрын эзэмших эрхийг “Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан” гэх үндэслэлээр олгожээ.
2.2. Нэхэмжлэгч нар нь “... нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээд нарт олгосон нь үндэслэлгүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 66 дугаар тогтоолоор зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх талаар нэмж төлөвлөсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрыг 4 иргэнд эзэмшүүлж болохоор нэмж заагдаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргах бөгөөд анхан шатны шүүхээс “... нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, уг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж “Гуравдагч этгээд нараас гаргасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Жаргалантын ам гэх газрын байршил нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 66 дугаар тогтоолын аль заалттай, хэрхэн хамаарч байгааг тодруулах, улмаар нэхэмжлэгч нарын гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэсэн.
2.3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
2.4. Хэрэгт авагдсан баримт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралтын 2.8-д “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх” гэсэн хэсгийн 76-д “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, амины орон сууцны зориулалт” гэж тусгасан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газарт шинээр газар эзэмших эрх олгох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэж үзэхээргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгох үндэслэл болсон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан тохиолдолд газар эзэмших эрх хууль ёсоор үүсэх боловч 2022 онд буюу гуравдагч этгээд нарыг хүсэлт гаргах үед төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан нь баримтаар тогтоогдож байх тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.
2.6. Нэгэнт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад гуравдагч этгээд нарт уг газрыг эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1214 дүгээр захирамж эрх зүйн зөрчилтэй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шийдвэр үндэслэл бүхий байх, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна.
3. “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
3.1. Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.07 га газар эзэмших хүсэлт” гаргасныг 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 03-ны өдөр “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй” гэжээ.
3.2. Мөн нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “... Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Тайны аманд амины орон сууцны зориулалтаар 0.07 га газар эзэмших хүсэлт” гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Н.Э-д 19/584, Ё.Н-д 19/585, Г.С-д 19/586, Т.Б-д 19/591 дүгээр албан бичгээр тус тус хариу өгсөн байна.
3.3. Үүний дараа нэхэмжлэгч нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “2022 онд гаргасан газар эзэмшүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй, гэтэл бидний эзэмших өргөдөл гаргасан газарт байшин барьсан байна” гэх агуулга бүхий 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гомдолд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдолд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 дугаар албан бичгүүдээр “... 19/584, 19/585, 19/586, 19/591 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн” гэж,
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийслэлийн Засаг даргад гаргасан “... нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж тухайн газрыг бидэнд эзэмшүүлж өгнө үү” гэх гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр “... гомдолд дурдсан тухайн байршилд иргэн Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нар нь газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцүүлж тус хурлаас зөвшөөрсөн дүгнэлт гаргасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар... 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Газар эзэмших эрх баталгаажуулах тухай гаргасан хүсэлтэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгүүдээр хариу хүргүүлсэн ... газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгчээ.
3.4. Анхан шатны шүүхээс “... хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшихээр гаргасан өргөдлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэж энэ талаараа бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь захиргаа тэдний гаргасан хүсэлтэд хуульд заасан журмын дагуу хариу мэдэгдээгүй ... нэхэмжлэгч нараас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Тайнын ам гэх байршилд газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд буюу өөр хүсэлтэд өгсөн хариунууд болохын хувьд нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтэд холбогдохгүй байна” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.5. Учир нь хэрэгт авагдсан баримт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтаас үзвэл, нэхэмжлэгч нарыг хүсэлт гаргах үед нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй нь баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.6. Хэдийгээр хариуцагч нь шийдвэрийг зохих журмын дагуу мэдэгдээгүй боловч маргаан бүхий газар нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш дахин гаргаагүй, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан газар нь маргаан бүхий газраас өөр байршилд болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариу хүргүүлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
3.7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.
3.8. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш хуульд заасан хугацаанд хариуцагч хариу хүргүүлээгүй тохиолдолд тухайн үедээ хуулийн хугацаанд нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан дээд шатны захиргааны байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0335 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хасч, 5 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай” гэж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН