| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01487/и |
| Дугаар | 2394 |
| Огноо | 2020-08-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2394
|
|
|
|
2020 08 26 102/ШШ2020/02394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бд холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранцэцэг, хариуцагч Ч.Б, гэрч В.Бадамдорж, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018.07.11-ны өдөр Сүхбаатар аймгийн наадмаар аймгийн цолтон болгож өгнө гэхээр нь Ч.Бд 6,0 сая төгрөгийг дансаар, 4,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 5-ын даваа эхлэхэд Ч.Б нь хэлсэндээ хүрээгүй төдийгүй утсаа унтраан алга болсон. Ингээд би цолгүй, мөнгөгүй үлдсэн. Ч.Бд 4,0 сая төгрөг бэлнээр өгөхдөө өөрийн машинаа 2018.07.07-нд ломбарданд барьцаанд тавин зээл авч өгсөн ба энэ хугацаанд үндсэн зээлээ хүүтэй нь би өөрөө төлсөн. Наадмын талбай дээр Ч.Бтэй уулзаж, 4,000,000 төгрөгийг гэрч Бадамдоржийн хажууд бэлнээр өгсөн. Наадмаас хойш 2 сарын дараа Ч.Бтэй холбогдож 2,0 сая төгрөг буцаан авсан. Үлдсэн 8,0 сая төгрөгөө янз бүрийн шалтгаан хэлж аргацаасаар өгөхгүй өдий хүрсэн тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Жгээс 6,0 сая төгрөгийг дансаар авч, 2,0 сая төгрөгийг буцааж өгсөн. Надад бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй. Наадмын талбай дээр уулзаж 4,0 сая төгрөг бэлнээр өгсөн гэж байна. Би Наадмын талбай дээр Б.Жтэй уулзаагүй. Б.Жгийн дарга надтай ирж уулзаад миний дансны гуйсаар байгаад авсан. Гуйгаад байхаар нь би 4-ийн давааны тахимаа тавьж өгсөн. Гэтэл одоо ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас 3,0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 5,0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ж нь Ч.Бд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ аймгийн цолтон болгох амлалтаа биелүүлээгүй гэж, хариуцагч нь 6,000,000 төгрөг авснаас 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн, 4,000,000 төгрөг бэлнээр аваагүй гэж маргав.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн ХААН банк дахь дансанд 2018.07.11-ний өдөр 3,500,000 болон 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн, зохигч энэ талаар маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2018.07.07-ны өдөр “Гуртын тавилан” ЗГБХН-с 4,000,000 төгрөг зээлсэн, гэрч В.Бадамдоржийн “Б.Ж дэвсгэртүүд холилдсон 3 боодол мөнгийг Ч.Бд өгсөн” гэх мэдүүлэг зэргээр хариуцагчийн 4,000,000 төгрөг аваагүй талаархи тайлбар няцаагдаж байна.
Зохигчийн хоорондын тохиролцоо нь хууль зөрчсөн буюу илт үндэслэлгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх юм.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.
Иймд Б.Ж нь Ч.Бд 10,000,000 төгрөгийг өгснөөс 2,000,000 төгрөгөө буцаан авсан байх тул үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан Бгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан, Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ