| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
2023 05 03 2023/ШЦТ/92
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан,
*******-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 2218001790118 дугаартай, 163/2023/0083/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Сүхбаатарын *******, Улаанбаатар хотод 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот ******* дүүрэг 4 дүгээр хороо 010-00 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 33 настай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар тогтоож тус тус шийтгүүлсэн, /РД:У390111517/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг 20-3 дугаар байрны 30 тоот иргэн Г.*******ийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах "Чулуу бичил уурхайн нөхөрлөлийн ажилчдын амьдардаг гэр кеймп дотроос /тус нөхөрлөлд жолоочоор ажиллаж байх үедээ/ иргэн Н.*******ын эзэмшлийн “Samsung Plus S10” загварын 334.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас болон бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2218001790118 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг 20-3 дугаар байрны 30 тоот иргэн Г.*******ийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах "Чулуу бичил уурхайн нөхөрлөлийн ажилчдын амьдардаг гэр кеймп дотроос /тус нөхөрлөлд жолоочоор ажиллаж байх үедээ/ иргэн Н.*******ын эзэмшлийн “Samsung Plus S10” загварын 334.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас болон бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
гэх мэдүүлэг,
2. Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 22:00 цагийн үед өөрийн найзууд болох Соёмбо, Тогосоо, ******* нарын хамтаар гадуур явж байгаад шөнийн 01 цагийн үед манай гэрт очоод ганц юм ууж хэсэг юм ярьж суусан юм. Тэгээд 03 цагийн үед манай найз болох Соёмбо явах гээд түрүүлж гараад араас нь ******* надтай юм ярьж байгаад гарахдаа ширээн дээрээс гар утас аваад халаасандаа хийгээд гарсан. Би бодохдоо өөрийнхөө гар утсыг авч байна л гэж бодсон. Тэгээд би гар утсаа хайгаад олоогүй. Тогосоо манай гэрт хоносон. Би өөрийнхөө дугаарт залгатал утас дуудаад байсан ч авахгүй байсан. Миний утас цэнэгтэй бас дуу нь нээлттэй байсан. Миний алдсан гар утас "Самсунг А52" маркийн цэнхэр өнгийн утас байсан. Гадуураа бор өнгийн гэртэй, ардаа карт хийдэг байсан. Бид нар шөнө хоол захиалж идэх гээд би утсаараа залгаж байсан тэгтэл захиалга аваагүй. Тэрнээс хойш ашиглаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
3. Гэрч Т.Бат-Соёмбын өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд цэргийн он жав болох *******, *******, Тогосоо нарын хамтаар уулзаад хэсэг сууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн үед *******ийн гэрт очоод нэг виски задлаад сууцгааж байгаад 03 цагийн үед харих гээд гарсан. Би түрүүлж гараад тамхи татаад байж байтал манай найз ******* араас гарч ирээд микрийн "Скай" зочид буудлын гадна буулгаад гэртээ харьсан. Тэгтэл өдөр манай найз ******* залгаад "******* миний гар утсыг аваад гарсан авчирч өгсөнгүй" гэхээр нь "Скай" зочид буудлын хүн рүү нь залгаад *******ийг байна уу? гээд асуухад дөнгөж сая гараад явсан гэж хэлсэн. Манай найз ******* утасгүй байсан ба өнөөдөр *******ийг над руу залгахын өмнө өөрийнхөө 99591454 гэсэн дугаараас залгаад "зах дээр явна, сим картаа сэргээгээд нэг утас олж бариад явж байна" гэж ярьсан. Би ээжийнхээ гэрт орж хувцсаа солиод гараад иртэл манай найз ******* над руу залгаад хаана байна гэхээр нь ээжийн гадаа байна гээд уулзсан юм. Би *******тэй уулзаад "....Чи хүний утас авсан юм уу гэхэд аваагүй гэхээр нь "... *******тэй уулзуулна гээд шинэ хорооллын "Чандмань" дэлгүүрийн гадна зогстол ******* "Би дэлгүүр ороод ундаа аваад ирье" гэхээр нь хүлээж байтал гарч ирэхгүй болохоор нь араас нь ортол арынх нь хаалгаар гараад зугтчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
4. Гэрч Ү.Тогосоогийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим найз *******тэй уулзаад хамт явсан найзууд нь болох Бат-Соёмбо, ******* нарын хамтаар хэсэг сууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн үед найз *******ийн гэрт^очоод "00" ороод бөөлжөөд нөгөө өрөөнд нь ороод унтсан. Нэг мэдсэн чинь шөнийн 03 цагийн орчим ******* миний утас алга болчихлоо. Соёмботой хамт явсан нөхөр аваад гарчихлаа гээд байсан. Тэгээд залгаад утсаа аваагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
5. “Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр “Самсунг А52” загварын гар утас 700,000 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
6. Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажилчдын гэр кеймп дотроос гар утсаа хулгайд алдсан юм. Ийм учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн өдөр хамт ажилладаг Сүхбаатарын ******* гэдэг залуу гэр дотор байсан миний цэнхэр өнгийн “Samsung Plus S10” загварын гар утас болон цүнхэн дотор байсан нэг зуун мянган төгрөгийг хулгайлаад Улаанбаатар хот руу аваад явсан байсан. Би *******ийн 99782196 дугаарын утас руу холбогдож ярихад би УБ хот ороод гар утасны мөнгө зуун мянган төгрөгийг чинь шилжүүлнэ гэж байсан. Би *******тэй ямар нэг наймаа хийгээгүй, мөнгө төгрөг зээлээгүй юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
7. Гэрч Д.Ганцэцэгийн өгсөн: "...С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажпаасаа гарч явахдаа манай ажлын Н.******* гэдэг залуугийн гар утас болон бэлэн нэг зуун мянган төгрөгийг цуг байдаг кеймп дотроос аваад явсан байсан. С.******* нь ажиллах хугацаандаа 900.000 төгрөгийг Болортуяа гэдэг хүний ХААН банкны 5751094216 тоот дансанд хийлгэж авсан...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/,
8. “Тольдох Оюуны Өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №23045 дугаартай: “Samsung Plus S10”маркийн гар утсыг 334,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122-126 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг 20-3 дугаар байрны 30 тоот иргэн Г.*******ийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах "Чулуу бичил уурхайн нөхөрлөлийн ажилчдын амьдардаг гэр кеймп дотроос /тус нөхөрлөлд жолоочоор ажиллаж байх үедээ/ иргэн Н.*******ын эзэмшлийн “Samsung Plus S10” загварын 334.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас болон бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч хохирогч Г.*******т 700.000 төгрөг, хохирогч Н.*******ад 334.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч С.*******ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тус тус шүүх хуралдаанд оролцсон болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******т 700.000 төгрөг, хохирогч Н.*******ад 434.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохиролыг нөхөн төлөх завсарлага авч, хохирогч нарт хохиролыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох оногдуулсан 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох саналыг,
Шүүгдэгч С.*******: Тусгайлан гарах саналгүй гэх байрь суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 58 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, оногдуулсан 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 68-97 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, “Хас банк” ХХК-ийн *******-Уул салбарын тодорхойлолт, “Хаан банк” ХХК-ийн *******-Уул салбарын тодорхойлолт, “Голомт банк” ХХК-ийн *******-Уул салбарын тодорхойлолт, “Капитрон банк” ХХК-ийн *******-Уул салбарын тодорхойлолт, “Төрийн банк” ХХК-ийн *******-Уул салбарын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.******* нь Улаанбаатар хот ******* дүүрэг 4 дүгээр хороо 010-00 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 33 настай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 05 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Сүхбаатарын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 464 / дөрвөн зуун жаран дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож, оногдуулсан 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, уг ялыг эдлэсэнд тооцсугай.
4. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтооол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ