Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0124/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201509000137 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд нь 2009 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т тус тус зааснаар 4 жил 8 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, хорих ял эдэлж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан *** / регистерийн дугаар: ***/.

Шүүгдэгч ***нь ялтайд тооцогдох  хугацаа дуусаагүй байхдаа Дархан-Уул аймгийн *** подвальд  2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар ***ыг шилээр зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүүхдээ тосох гээд вокзал орсон чинь воган ирэх болоогүй байхаар нь Дархан сумын 4 дүгээр баг 6 дугаар байрны 1 дүгээр орцны подвальд ***ахынд орсон чинь ***тэр хоёр  архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав 0.75 литрийн хоёр шил архи уусан чинь ***ах тасраад унтчихсан. Тэгээд ***бид хоёр дахиж архи ууж байгаад би ***чи манай эхнэртэй уулзаад байдаг юм уу? гэж хэлсэн чинь ***би танай эхнэртэй юу гэж уулздаг юм, таныг шоронд сууж байхад би эхнэрт чинь тусалдаг байсан  гэж хэлэхээр нь би худлаа яриад бай гээд заамдсан чинь ***намайг цохисон, тэгтэл цаанаас ***гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би вокзал ороод воган ирсэн байна уу? гэж үзсэн чинь ирээгүй байхаар нь эргээд ***ахынд очсон чинь ***намайг юу хийгээд яваад байгаа пизда вэ гээд хэвтэж байгаад босч ирээд цохисон. Тэгээд би гарах гээд үүд рүү явсан чинь архины шил байхаар нь айлгах санаатай ***ыг цохисон ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”.. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, *** 1 дүгээр орцны подвальд ***, ***нарын хамт 3 шил архи ууж байтал ***гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар тэр 3 шил архиа хамт дуусгаад ахиад нэмж 2 шил 0.75 литрийн архи авч уусан. Тэгээд архи ууж байгаад ***бид хоёр ам мурийсан. Яагаад гэвэл ***ах эхнэртэйгээ намайг харддаг байсан. Тэгээд би тийм асуудал байхгүй гэж ***ахад хэлсэн. ***ахад таныг шоронд сууж байхад би гэрийнхэнд чинь туслахыг л боддог байсан шүү гэж хэлсэн. Тэгж л бид хоёр хальт ам мурийсан. Тэгээд бид нар архиа ууж байгаад ***ах тасраад унтсан, үлдсэн архийг нь би ***тэй ууж дуусгаад унтсан. Тэгээд унтаж байтал ***ах намайг татаад архи дуусчихсан юмуу? гэхээр нь би дуусчихан гэтэл ***ах тэгвэл би явлаа шүү гээд гарсан. Тун удалгүй ***ах буцаж орж ирээд намайг шилээр нүүрний дух, нүд хэсэгт зүссэн, тэгэхээр нь би ***ахын шилтэй гарыг нь барьж аваад дараад би ***ахаа яагаад байгаа юм бэ? гэтэл ***ах намайг тавь гэхээр нь би гарыг нь тавьсан. Тэгтэл хүзүү хэсэг рүү араас шилээр ахиад зүссэн. Тэгээд бид хоёр дээр доороо ороод би үхлээ цагдаа дуудаарай гэтэл ***ах гараад зугтаасан, тэгтэл *** босож ирээд цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг\хэргийн 10-11 дүгээр хуудас\

Сэжигтэн ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүүхдээ тосох гээд вокзал ортол ирэх болоогүй байхаар нь Дархан сумын 4 дүгээр багийн *** орцны подвальд ***ахынд орсон. Тэгтэл *** тэдний гэрт сууж байсан ба тэр хоёр архи ууж байхаар нь би тэр хоёртой хамт уусан. Тэр хоёртой 0,75 литр архи хоёрыг авч уусан ба ***ах тасраад унтсан. Харин *** бид хоёр ахиад 0,75 литрийн архи хоёрыг авч уусан. Архи ууж байхдаа бид хоёр маргалдаад би ***ад чи манай эхнэртэй уулзаад байгаа юмуу? гэхэд *** бид хоёр юу гэж уулзахав, харин таныг шоронд сууж байхад бид хоёр л тусалдаг байсан шүү гээд бид хоёр маргалдаад, би чи муу миний эхнэртэй явалддаг биз дээ гээд заамдахад *** намайг цохисон ба бид хоёр зууралдаад байж байтал *** орж ирээд бид хоёрыг салгаад намайг гаргасан. Тэгээд би вокзал ороод вагон ирсэн байна уу, үгүй юу гэж үзтэл ирээгүй байхаар нь буцаад подваль руу ортол *** юу хийгээд яваад байгаа пизда вэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ пизда минь гэтэл *** босож ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би гаднаас шил аваад буцаж орж ирээд ***ыг архины шилээр айлгах гээд далайтал *** намайг заамдаж аваад мөргөсөн, тэгэхээр нь би архины шилээр толгой руу нь цохисон, тэгээд бид хоёр зууралдаад унасан ба *** миний доор байсан ба бид хоёр зууралдаад байж байтал *** бид хоёрыг салгасан. Тэгээд би гараад зугтаасан...” гэх мэдүүлэг\хэргийн 8, 28 дугаар хуудас\
 
- Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэн ах болох ***хот явах гээд тэднийд байсан. Тэгээд би өдөр гадуур ажилтай явж байгаад иртэл манай ахынд Б.Төвдөн, *** нар архи ууж байсан ба тэр хоёр маргалдаад байхаар нь би ***хөөгөөд гаргасан. Тэгээд би Россиягийн байранд очоод 22 цагийн үед буцаад очтол манай ах ***, *** хоёр унтаж байсан, тэгээд би хүүхдээ хөхүүлчихээд хэвтэж байсан чинь ***орж ирсэн. Тэгээд нэг харсан чинь ***, ***хоёр барьцалдаад авсан байсан, тэгэхээр нь би болиочээ гээд хоёр хүүхдээ аваад нөгөө өрөөнд оруулчихаад эргээд ортол өрөөний хивс цус болчихсон мөн ***ын нүүр хэсэг цус болсон байсан, тэгээд би ***хөөж гаргаад цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хэргийн  7 дугаар  хуудас/,
 
- Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүү болох ***тай гэртээ байж байтал орой цагийг нь сайн санахгүй байна ***манайд орж ирсэн. Би айлд ус алдаад байна гэхээр нь гарч айлд очоод гэртээ иртэл ***, ***хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёрын архинаас 3 үрүүнк уугаад согтоод унтсан. Тэгээд шөнө сэртэл гэрт хүн байхгүй байсан. Тэгтэл гаднаас манай дүү ***, *** нар орж ирсэн ба ***ын нүүр хэсэг боолттой байхаар нь юу болсоныг асуухад ***намайг шилээр цохисон гэж хэлсэн.. ”  гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

- Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн болсон явдалын талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би Орхон сум руу ажил явдал гараад явсан байсан юм. Манай нөхөр болох ***архи уухаараа ***тай намайг хардаад агсам таьдаг байсан, цагдаа дуудаж эрүүлжүүлж байсан удаатай...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/

- 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн ***дугаартай дүгнэлтэнд:
“... ***ын биед дух, хөмсөг, хүзүү, эрхий хуруу, дал, мөрөнд шархтай, зовхи, хацарт цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэжээ. \хэргийн 17 дугаар хуудас\
-    Шинжээч эмч *** мэдүүлэг, 
-    Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн хуулбар зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч ***нь ялтай байхдаа согтуугаар 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг *** байрны 1 дүгээр орцны подвальд  иргэн ***тай хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар  шилээр зүсэж бие махбодид  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 283 дугаартай дүгнэлт \хэргийн 17 дугаар хуудас\, хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг\хэргийн 10-11 дүгээр хуудас\, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг\ хэргийн 7 дугаар хуудас\  зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Шүүгдэгч ***нь урьд шүүхээр шийтгүүлээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал дуусаагүй байхад бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул ял шийтгэл оногдуулахдаа  хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***ад сайн дураараа 550 000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон  урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ***1 /нэг / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***ад 550 000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

ШҮҮГЧ             Т.ЭНХЖАРГАЛ