Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0102

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0131/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч ***, ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт  *** холбогдуулан яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн 201509000040 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн,*** өдөр  Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй бүрэн дунд боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй *** /РД:***/,

Шүүгдэгч ***нь  *** тоотод байрлах иргэн ***эгийн гэрээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний орой хамт согтууруулах ундааний зүйл хэрэглэж байгаад гарахдаа гэрт нь байсан 4 ширхэг булга шуба, гар утас, үсний хавчаар зэрэг эд зүйл хулгайлж, 6,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 
-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би ажлаасаа тараад гэр рүүгээ байрны дундуур гараад явж байтал нэг эгч “хөөе, хөөе миний дүү” гэж орилсон. Тэгээд хоёр тал руугаа харахад хүн байхгүй байсан. Тэгтэл дээрээс нэг эгч “эгч нь гэртээ цоожлогдчихлоо миний дүү эгчдээ хаалга онгойлгоод өгөөч” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг цонхоор над руу шидсэн. Түлхүүрийг аваад гэр рүү нь орох гэтэл орцны хаалганы кодыг мэдэхгүй байсан учраас цаг гаран зогсож байтал орцноос хүн гарч явсан. Тэгэхээр нь дагаж ороод дээшээ гарч ирэхэд энэ хоёр эгч хаалгаа онгойлгосон байсан. Би “яаж та хоёр хаалгаа онгойлгосон юм бэ” гэхэд эгч нь “өшиглөсөөр байгаад онгойлгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд ***э эгч “миний дүү баярлалаа” “хоёулаа цуг дэлгүүр ороод ирье” гэж хэлсэн. Дэлгүүрээс нэг шил архи, компот, нэг шилтэй огурцы авч буцаж гэррүүгээ орсон. Гэрт нь ороод юм ярьж сууж байгаад энэ хоёр эгч нилээн уугаад халсан. Гэтэл нэг эгч нь тасарч унасан. Тэр тасарч унасан эгчийг орон дээр гаргаж унтуулах гэтэл бид хоёр даахгүй байсан. Тэгээд нөгөө эгчтэй юм ярьж сууж байгаад би нөгөө эгчид “би ингээд харьлаа явахгүй бол оройтчихлоо” гэж хэлээд гарсан. Гарах гэтэл миний цүнх олдохгүй байхаар нь хайхад угаалгын машины хажуу талд цүнх маань байсан. Тэгтэл орны хажууд нэг хар том ууттай юм байхаар нь тэр чигээр нь аваад гарч явсан. Тэр айлаас гараад шууд гэртээ харьсан. Гэртээ ороод ууттай зүйлийг задалж үзэхэд 2 хар, 1 бор өнгөтэй 3 ширхэг үстэй булган шуба байсан...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид  юм ярьж сууж байгаад нэг эгч ууж байгаад согтоод тасраад уначихсан юм. Тэгээд би нөгөө эгчтэй нь юм ярьж байгаад тэр эгч ном зохиодог гээд надад ном бэлэглээд миний нэрийг асуухад би өөрийгөө ***гэж танилцуулсан юм. Тэгээд тэр эгч бид хоёр орон дээр юм ярьж нэлээн суусан юм. Тэгээд тэр эгч би энэ найзынхаа хүүхдийг хардаг юмаа гээд байсан тэгээд би өндөрлөе дүү нь одоо эртхэн явахгүй бол болохгүй байна гэсэн, тэгээд цүнхээ авах гэсэн чинь орны толгойд хар уутттай үстэй зүйл харагдсан юм. Тэгэхээр нь очоод харсан чинь шуба байхаар нь би гоё юм байна гээд ууттай нь аваад гэртээ харьсан..” гэх мэдүүлэг /хэргийн 84 дүгээр хуудас/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз ***гийн хамт 2014 оны 12 дугаар сарын дундуур Хятад улс Манжуур руу явж 7 ширхэг булган шуба авч ирээд оны өмнө нэг булган шуба зараад нэгийг нь оны дараа зарчихаад бид хоёр баярлаад 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** тоотод байрлах гэртээ нэг шил архи уугаад дуусгаад дахиж архи авах гээд гарах гэтэл манай гэрийн хаалга дотроосоо гацаад онгойхгүй байсан юмаа, тэгээд нэлээн ноцолдоод дийлэхгүй болохооор нь *** блокон дээр гараад доор явж байсан нэг танихгүй эмэгтэйгээс тусламж гуйсан чинь тэр эмэгтэй зөвшөөрөөд хаалганыхаа түлхүүрийг өгөөд нөгө эмэгтэй орж ирэх хооронд би хаалгаа түлхсээр байгаад онгойлгочихсон юмаа, тэгээд нөгөө эмэгтэй ороод ирэхээр нь баярлалаа гээд мөнгө өгөх гэтэл *** бид хоёрт мөнгө байхгүй байсан юм. Тэгээд би дэлгүүр орох гэж байсан болохоор нөгөө эмэгтэйг дагуулж гараад дэлгүүр ороод нэг шил архи, ундаа компод зэргийг аваад нөгөө эмэгтэйг би гэртээ дагуулж ороод хамт суухийг хүсэхэд нөгөө эмэгтэй зөвшөөрөөд гэрт ордд хамт суусан юм. Тэгээд *** нөгөө эмэгтэйд архи хийж өгөхөд уудаггүй юмаа гээд бид хоёрт архи  хундагалж өгсөн. Тэгээд *** нөгөө эмэгтэйд номоо бэлэглэх гээд тэрийг хаанаас ирсэн болохыг асуухад тэр эмэгтэй өөрийгөө Архангай аймгаас ирсэн, энд жил болж байна, энүүхэнд манай гэр байдаг, намайг ***гэдэг гэж танилцуулсан. Тэгээд тэр эмэгтэй бид хоёрт архи хундагалж өгөөд бид гурав нэлээн удаан суусан. Тэр эмэгтэй бид хоёрт архи их ихээр хундагалж өгөөд байсан ба тэгээд нэг мэдсэн чинь би тасраад унтчихсан байсан. Тэгээд би маргааш өглөө 10 цагийн үед хаалга тогшоод байхаар нь сэрээд хаалга онгойлготол манай эгч *** хүүгийнхээ хамт байсан юм. Тэгээд эгч маань бид хоёрыг арх уулаа гээд загнаж байгаад гэрт чинь үнэтэй цайтай зүйл байхад хамаагүй архи уулаа гээд нөгөө шубанууд чинь хаана байна гэхэд би жижижг өрөөнд байгаа гэхэд манай эгч очиж хараад байхүй байна гэхээр нь очиж харахад байхгүй байсан, тэгээд бид гурваас өөр хүн гэрт байхгүй байсан, тэгээд нөгөө эмэгтэй авсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би найз ***эгийн хамт 2014 оны 12 дугаар сарын 15-наас 19-ыг хүртэл Хятад улсын Манжуур хот руу явж би 3 булган шуба, *** 4 булган шуба авч ирсэн юм. Тэгэхдээ би ***эгээс 5,300,000\таван сая гурван зуун мянга\ төгрөг зээлж аваад 4,300,000\дөрвөн сая гурван зуун мянга\ төгрөгөндөө 3 булга шуба худалдаж авсан. Тэгээд энд ирээд бид хоёр оны өмнө 1 шуба, оны параа нэг шуба зарсан. Тэгээд миний 3 шуба болон ***2 шуба нийт 5 шуба байсан юм. Тэгээд нөгөө 4 шуба жижиг өрөөний ширээний доор хар уутанд хийгээд тавьчихсан байсан. Харин *** нэг шуба өөрөө өмсөнө гээд шкабандаа хадгалсан байсан юм. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бид хоёр шубануудаа зарсан гээд баярлаад гэртээ хоёулаа архи уусан  юм. Тэгээд орой болж байхад дахиад архи авах гээд гарах гэтэл гэрийн хаалга гацаад онгойхгүй байсан юм. Тэгээд би блокон дээр гараад хажуу талын айл руу орилсон боловч сонсохгүй байхаар нь доошоо хартал нэг хүүхэн явж байхаар нь дуудаад эгч нь хаалгаа онгойлгож чадахгүй байна, чи онгойлгоод өгөөч гэсэн чинь нөгөө хүүхэн зөвшөөрөөд тэгээд би гэрийн түлхүүр шидээд нөгөө эмэгтэйг хүлээх хооронд *** хаалгаа өшиглөөд онгойлгочихсон юм. Тэгээд байж байтал нөгөө эмэгтэй гарч ирээд түлхүүр өгөөд буцах гэхээр нь би байж бай гээд ***эг хамт гараад хэдэн төгрөг өгчих гэсэн юм. Тэгээд байж байтал гаднаас *** нөгөө эмэгтэйтэй хамт нэг архи, компот, ундаа авч орж ирсэн. Тэгээд бид гурав коридорт шалан дээр суугаад арх комподоо задлаад нөгөө эмэгтэйтэй танилцаад нэрийг нь асуухад ***гэж бичүүлээд Архангайгаас ирсэн гэж байсан. Тэгээд би баярлаа гээд өөрийнхөө номыг дурсгаж байсан юм. Тэгээд бид гурав нэлээн суугаад архиа уугаад юм ярьж байгаад *** эхлээд тасраад унтчихсан юм. Тэгээд нөгөө эмэгтэй бид хоёр орон дээр юм ярьж суугаад би гэр орон нь хаана байдаг? Нөхөр чинь юу хийдэг вэ? гэж асуухад нөхөр хаана ч гэнэ вэ нэг үйлдвэрт ажилладаг гээд харин гэрээ энүүхэн энд ойрхон гээд байсан. Тэгээд нэг мэдхэд би тасарчихсан байсан ба нөгөө эмэгтэй намайг сэрээгээд эгчээ хаалгаа түгж гэхээр нь би босож очоод хаалгаа түгжээд буцаад унтсан юм. Тэгээд бид хоёр унтаж байхад маргааш өдөр нь хаалга тогшихоор нь сэрээд *** хаалга онгойлгож өгхөд ***эгийн эгч хүүтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд эгч нь бид хоёрыг загнаад үнэтэй цайтай эд зүйл авч ирээд гэр орондоо архидлаа гээд уурлаад нөгөө шубанууд чинь хаана байна гэж асуухад бид хоёр жижиг өрөөнд толины доор байгаа гэхэд эгч нь очиж хараад байхгүй байна гэсэн. Тэгээд хулгайд алдсанаа мэдсэн юм..” гэх мэдүүлэг /хэргийн 70-71 дүгээр хуудас/,
 
Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 8 дугаар багт “Нүүдэлчин” буудлын байранд “***” гэх нэртэй ломбард ажилллуулдаг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр орж ирээд эгчээ шуба барьцаанд авахуу? Хоёр шуба байна гэж байсан. Тэгэхээр нь би авахгүй гээд хоёр удаа буцаасан боловч 1 000 000 төгрөгөнд тавьж болох уу? гэхээр нь би үгүй ээ авахгүй гэсэн. Тэгээд дахиж орж ирээд тэр залуу эгчээ 500 000 төгрөгөнд тавьж болох уу? шинэ шуба байсан юмаа гээд байсан. Тэр хэлэхдээ лизингээр эхнэртээ авч өгсөн гээд гуйгаад байхаар нь би үзээд шинэ байхаар нь 14 хоногийн хугацаатай 500 000 төгрөгөөр 8 хувийн хүүтэйгээр барьцаанд авчихсан юм. Тэгээд тэр шубаны хугацаа дуусаад би барьцаанд тавьсан утас руу залгаад шубаа ирж ав хугацаа дууссан гэж 3 удаа залгасан ” гэх мэдүүлэг /хэргийн 72 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. Манай эхнэр орой 23 цаг өнгөрч байхад гэртээ хар цүнхтэй 3 ширхэг булган шуба авч ирсэн, тэгээд эхнэр маань өөрөө хэлэхдээ хоёр эгч утсаар яриулаач гээд тэгээд утас байхгүй гэсэн чинь энийг барьж бай утсаар ярьчихаад ирье гээд яваад цаг гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь аваад ирлээ гэж ярьж байсан. Тэр хар цүнхэн дотор 3 ширхэг булган шуба байсан бөгөөд 2 шубыг нь манай хүргэн дүү ***нэгийг нь зарж нөгөөг нь ломбарданд тавьж өгөөд 1 шубыг нь эхнэр ээжтэйгээ цуг Улаанбаатар хот руу явж ломбарданд тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /хэргийн 73 дугаар хуудас/,

Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Миний найз охины эгч нь болох ***нь 3 шуба үзүүлээд зараад өгөөч гэхлээр нь би хоёр хар шубыг нэгийг нь ломбарданд тавьж нөгөөг нь зарж өгсөн юмаа. Тухайн үед би хаанаас авсан юм бэ? Гэж асуухад олсон гэж ярьж байсан. Надад харуулсан 3 шубаны хоёр нь хар байсан, нэг нь бор өнгөтэй шуба байсан. Хоёр хар шуба нь доогуураа цахилгаантай салдаг богино болгоод өмсчихдөг шуба байсан нэг нь малгайтай нэг нь малгайгүй байсан юм ...” гэх мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/,

Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би хөдөө бүрэн толгойд айлын мал малладаг юм. Тэгээд нэг сарын дундуур орж ирээд гэртээ иртэл манай охин ээж ийм 3 булган шуба байна гэхээр нь би наадах чинь юу юм бэ? Хаанаас авсан юм бэ? Арай хулгайн эд юм биш биз дээ гэсэн чинь манай охин үгүй ээ ээжээ айлтгүй зүгээр гээд байсан. Тэгээд манай охин ***хоёулаа хот руу явчихаад ирье, ажил байна гэхээр нь би наад шуба зарах гэж байгаа юмуу? гэж асуухад харин мөнгөний хэрэг гарчихаад байна, ломбарданд тавьчихаад ирье гэсэн. Тэгээд бид хоёр хот руу очоод манай дүүгийнд очоод би дүүгийндээ байж байтал манай охин гараад ломбарданд 250 000 төгрөгөөр тавьчихаад ирлээ гэсэн. Тэгээд бид хоёр Дарханд буцаж ирээд хоёр гурван хоногийн дараа би хөдөө явчихаад 2 дугаар сарын 14-нд Дарханд орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаанбаатар хотод миний ажиллуулдаг ломбарданд ***гэх хүн 1 ширхэг булган шуба авчирч 250 000 төгрөгний барьцаанд тавиад хугацаа нь дууссан боловч авахгүй байсан учраас шубыг зарж ломбардны хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/,

-    Хулгайд алдагдсан шубаны гэрэл зураг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, 
-    Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 43 дахь тал/, 
-    Эд зүйлийг зарсан баримтуудыг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хавтаст хэргийн 49-61 дахь тал/, 
-    Ломбардны бичгүүд /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, 
-    Хэрэг бүртгэгч *** тэмдэглэл /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, 
-    Гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, 
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дахь тал/, 
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь *** тоотод байрлах иргэн ***эгийн гэрээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний орой 4 ширхэг булга шуба, гар утас, үсний хавчаар зэрэг эд зүйл хулгайлж, 6,675,000 төгрөгийн хохирол   учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***нь *** тоотод байрлах иргэн ***эгийн гэрээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний орой 4 ширхэг булга шуба, гар утас, үсний хавчаар зэрэг эд зүйл хулгайлж, 6,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэгдсэн тэмдэглэл байхгүй байх тул ял шийтгүүлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6 675 000 төгрөгийн шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***аас 6 675 000 төгрөгийг  гаргуулж хохирогч ***, *** нарт олгохоор шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь 2 хүртэлх насны буюу бага насны хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.8-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд авч үзэх нт зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50, 51 дүгээр зүйлд зааснаар баривчлах болон албадан ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 
        
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрийн Үүрцайхыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ***нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1.7-д заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгийг хуулбарласан  1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

5. Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***аас 6 675 000  төгрөгийг гаргуулж, *** тоотод оршин суух *** тоотод оршин суух *** нарт тус тус  олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ