| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 123/2026/0029/З |
| Дугаар | 221/МА2026/0398 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0398
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Р.Н
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0042 дугаар шийдвэр
Хэргийн индекс: 128/2025/0362/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0042 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалын хэмжээ нэмэгдүүлсэн, солбицол өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурьдаж тус газартай холбоотой үйл ажиллагаа явуулж байсныг нь дурьдсан атлаа “газар дээр хашаа, үйлдвэрийн барилга эхлүүлээгүй” нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Гэтэл үзлэгээр тус газарт очиход дээж авсан нүхнүүд болон төмөр замд ашиглахаар буулгасан шороо зэрэг нь байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан байдаг. Газраа ашиглаж геологийн судалгаа хйисэн байхад газраа шаиглаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль бус үндэслэлгүй дүгнэлт гарсан байна. Нэхэмжлэгч талаас ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болохуйц нотлох баримтуудаас үнэлэх боломжгүй, хамааралгүй гэх зэргээр үнэлж, дүгнээгүй нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна ... газрын төлбөр төлөөгүй гэж дүгнэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар тайлбар хийсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “О” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар захирамжаар нэхэмжлэгч “О” ХХК-д Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг, Зүрх уулын хойд талд байрлах 40 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
3.2. Гэтэл Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар тогтоолоор “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай дээрх газар давхацсан гэсэн үндэслэлээр “О” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршлыг шилжүүлж, мөн сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар Эрдэнэ-Уул 4 дүгээр баг, хуучин нисэхийн баруун урд, Оорцог уулын ард талд 15 га, Бүрд 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг, Баян уулын баруун талд 15 га, Бага баян уулын баруун талд 10 га газрыг тус тус үйлдвэрийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
3.3. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/362 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна ... Захиргааны ерөнхий хуульд зааснаар тайлбар, санал, нотлох баримтуудыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх”-ийг “О” ХХК-д мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч компаниас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25/108 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ.
3.4. Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр “О” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон мөн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсоноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
4.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын Тайлбарлах нь: хэсгийн 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж, 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
5. “Эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
5.1. Хариуцагчаас “… нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөр төлөх үүргээ удаа биелүүлээгүй” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар газар эзэмшигч “О” ХХК нь Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг 2 удаа болон түүнээс дээш зөрчсөн гэж үзэхээргүй байна.
5.2. Хэрэгт авагдсан “О” ХХК-ийн газрын төлбөр төлсөн баримтаас нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрын төлбөрийг 2021 оноос хойш төлөөгүй болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан үндэслэлд хамаарах тул маргаан бүхий Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталсан нь буруу болжээ.
6. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
6.1. Нэхэмжлэгч нь “… “Т” ХХК, “Ту” ХХК зэрэг компанийн үйл ажиллагаанаас хамаарч манай ажлууд хойшилсон … “Л” ХХК-иар инженер геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн, “О С” ХХК-иар геодези зураг зүйн ажлыг хийлгэсэн, гангийн үйлдвэрийн зураг БНХАУ-ын компаниар хийлгэсэн” гэж тайлбарлан маргасан.
6.2. Гэтэл “О” ХХК нь 2019 онд маргаан бүхий газруудыг эзэмших эрх олж авснаас хойш тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, мэргэжлийн байгууллагаар зураг төсөл батлуулаагүй, дүгнэлт гаргуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, зургаар тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудал:
7.1. “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 042 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирж, гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийхээр товлон зарласан.
7.2. Тухайн өдрийн шүүх хуралдааны зар албажсан 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдод товыг мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “... шүүх хуралдаанд оролцохгүй”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж “... за, ойлголоо” гэсэн хариу өгсөн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-О 9911-3333 утасны дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан тул дуут шуудан үлдээсэн, энэ талаарх ярианы бичлэг хадгалагдсан байна.
7.3. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ