Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,     

нарийн бичгийн дарга Х.Дашням,    

улсын яллагч М.Амарзаяа,     

шүүгдэгч Д.Цэрэнпил, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.   

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Далайгийн Цэрэнпилд холбогдох 2016 2601 2508 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 62-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлэн уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Шар овогт Далайгийн Цэрэнпил /РД:ВЗ79111339/,     

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:  

Шүүгдэгч Д.Цэрэнпил нь ялтай байхдаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 1-5 тоотод 08-32 УНХ дугаартай Портер машиныг асааж хөдлөхдөө 1 нас 6 сартай Х.Сүхбатыг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:       

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :   

- иргэн Ч.Лхагвасүрэнгээс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан” 08-32 УНХ Портер маркийн машин гадаа нүүрс буулгачихаад хөдлөхдөө манай хүүгийн хүүхдийг мөргөж нас барсан тул хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх гомдол /хх-3/,

- хохирогч Л.Хишигдэлгэрийн:...би Увс аймгийн Өндөрхангай суманд ах Цэлмэгдалайгийн хүүхдийг харахаар 2016 оны 09 дүгээр сард явсан. Миний хүү Сүхбат нь манай ээж Бадамгарав, аав Лхагвасүрэн нартай Улаанбаатар хотод үлдсэн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ээжийн утас руу залгахад ах Лхагважав “...ажил ихтэй байна, ах нь тэгэж байгаад ярья” гэж хэлсэн. Тэгсэн миний өвөө, эмээ 2 надад хүү Сүхбатыг нас барсан талаар хэлсэн. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-26/,

- гэрч Ч.Лхагвасүрэнгийн:...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Бадамгарав бид 2 Орбитын тойрог орж нүүрс авахаар явсан. Тойрог дээр 2 залуу нүүрс зараад зогсож байсан. Би Цэрэнпил гэх залуугийн зарж байсан нүүрс нь арай их харагдаад байхаар нь авахаар болоод гэртээ авчирсан. Цэрэнпил нь манай хашаа руу Портер машинаа оруулаад нүүрсний амбаарын үүдэн дээр зогссон. Нүүрсээ 10 цаг өнгөрч байхад буулгаж дуусгасан. Би эхнэр зээтэйгээ гэртээ байж байсан чинь Портер асах чимээ гарахаар нь гүйгээд гарсан чинь манай хүү Пүрэвдорж хашааны хэсэг рүү түрж асааж өгсөн. Цэрэнпил машинтайгаа том хаалганд тулаад зогссон байсан. Би мөнгийг нь өг гэж эхнэр Бадамгаравд хэлчихээд, Пүрэвдорж дээр очоод амбаарын гадуур асгасан байсан нүүрсээ хамах гээд явж байхад Цэрэнпил машинтайгаа ухраад манай гэрийн үүдэн дээр ирж зогсож байсан. Манай эхнэр Бадамгарав нүүрсний мөнгийг Цэрэнпилд өгсөн. Би Цэрэнпил дээр очоод “утасныхаа дугаарыг өгчих, дараа нүүрс авна” гэхэд тэрээр “би байнга Орбитын тойрог дээр зогсож байдаг” гээд машинаа хөдөлгөсөн чинь эхнэр орилохоор нь би эргээд харсан чинь эхлээд юу ч харагдахгүй байсан. Машин урагшаа хөдлөөд явсан. Тэгээд эхнэр орилоод хүүхэд тэврээд авсан. Би сандраад тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Зээ хүү Сүхбат ямар ч амьсгаа аваагүй газар дээрээ нас барсан...гэх мэдүүлэг /хх-27-28/,

- гэрч Б.Бадамгаравын:...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Лхагвасүрэнтэй хамт Орбитын тойрог орж портероор нүүрс авсан. Цэрэнпил гэдэг залуу машинаа хашаа руу оруулаад нүүрсний амбаарын урд тал машинаа зогсоосон. Манай хүү Пүрэвдорж хамт буулгасан. Нөхөр Лхагвасүрэн нүүрснийхээ мөнгөө өгөөрэй гэж орж ирсэн. Намайг гэрээс гарахад гэрт зээ хүү Сүхбат ганцаараа үлдсэн. Тэгээд мөнгөө аваад гэрээс гараад ирсэн чинь нүүрс зардаг залуу портер машиныхаа жолоон дээр суусан байсан. Би жолооч талын цонхоор нь мөнгөө өгөөд эргээд буцсан чинь хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд харсан чинь зээ хүү Сүхбат Цэрэнпилийн машины урд талын 2 дугуйны заагаар гараад ирсэн. Би “хөөе хүн аллаа, хүүхэд” гээд орилсон чинь хүүхдийн дээгүүр Цэрэнпилийн машины арын дугуй гарах шиг болсон. Би сандраад юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан машин доороос хүүхдээ авсан чинь ухаангүй, нас барсан байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-29-30/,

- гэрч Л.Пүрэвдоржийн:...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангиасаа чөлөө аваад гэртээ ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээж, аав 2 орбитын тойрог явж портер машинаар нүүрс авсан..Цэнхэр өнгийн портер машинтай хүн орж ирээд нүүрсний амбаарын үүдэнд машинаа зогсоосон. би жолооч Цэрэнпил гэдэг хүнтэй хамт нүүрсээ портер машинаас зөөж буулгаад амбаар луу хийсэн. Цэрэнпил машиндаа суугаад асаах гэтэл машин нь асахгүй байсан. Би машиныг түрж асааж өгсөн. Цэрэнпил хашааны том хаалганы урд зогсож байснаа буцаж ухарч ирээд үүдний амбаарын урд талын товгор дээр зогссон. Нүүрсний амбаартаа нүүрсээ хүрзээр овоолж байсан чинь портер хөдлөх шиг болсон. Ээж хүү гээд орилоод байсан. Би нүүрсний амбаараас гүйгээд гараад ирсэн чинь портерын жолоочийн талын хойд талын давхар дугуй Сүхбатын толгой дээгүүр нь гарч байсан. Удахгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Миний бодлоор аккумлятор нь машинаа асааж хүчгэрэхгүй байсан. Түлхүүрээ түлхээтэй байлгаад аккумлятор нь суусан байх аа...гэх мэдүүлэг /хх-38-39/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1996 дугаартай шинжээчийн:...талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархайн ясанд цөмөрсөн ил хугарал, арагш дагз яс руу 2 салаалж цааш дагзны том нүх дайрч баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсны урагдал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа /10-15 мл/ зүүн тал бөмбөлөгийн зулайн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт зүүн чамархайн булчинд цус хуралт, няцрал, дагз, зулайн хуйханд цус хуралт, баруун хацар, шанаа, дух баруун чихний ард зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-41-42/,

- техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 660 дугаартай:...уг хэрэг учрал болсон газар нь нийтийн хэрэгцээний замд болоогүй, нийтийн хэрэгцээний бус хувь хүний эзэмшлийн хашаанд гарсан тухайн тохиолдлын хувьд жолоочид хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн үйлдэл гэж авч үзэхгүй...болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон үйл явдал болсон байх үндэслэлтэй байна...амиа алдсан Х.Сүхбат нь замын хөдөлгөөнд оролцоогүй тул замын хөдөлгөөн дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй болно...10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг асран хамгаалагчид үүрэг болгосон байх боловч тухайн айлын хашаанд доторхи газар нь нийтийн хэрэгцээний замд хамаарахгүй тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн гэж үзэхгүй...гэх дүгнэлт /хх-62-63/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/

- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-22-23/,

- автотээврийн үндэсний төв шинжээчийн дүгнэлт /хх-67-70/,

- ял шалгах хуудас /хх-101/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-114/,

            - шүүгдэгч Д.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Орбитын тойрог дээр нүүрсээ зараад зогсож байтал цагаан машинтай 50 орчим насны 2 хүн ирээд нүүрс авъя гэсэн. Тэгээд би өөрийн портер машинтайгаа уг машиныг дагаад явсан. Хашаанд очоод машинаа амбаарынх нь ар талд зогсоосон. Тэр айлын 25 орчим насны залуутай хамт нүүрсээ буулгасан. Би машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь асахгүй байхаар нөгөө залуугаар түрүүлж асаалгуулсан. Би машинтайгаа гэрийнхэн урд талын овгор хэсэг дээр зогссон. Би машинаа асахгүй бол өнхөрүүлж асаая гэж зогсоогоод мөнгөө авах гээд хүлээж байсан. Мөнгө өгөх настай эгч айл руу явсан, би хашаанд нь машин дотроо хүлээж байсан. Тэр айлын эхнэр ирээд гэрээсээ 130.000 төгрөг надад өгөөд би халаасандаа мөнгөө хийгээд машиныхаа түлхүүрийг түлхсэн чинь машин шууд асаад хөдөлсөн чинь машин “овго” гээд сонин болсон. Тэгсэн тэр айлын эгч “хөөе хүүхэд” гээд орилсон. Би машинаа зогсоогоод толинд харсан чинь машины арын дугуйны араас жоохон хүүхэд өнхрөөд гараад ирсэн. Надад мөнгө өгсөн хүн тэвэрч аваад уйлсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-90/ болон

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нүүрс зарах гээд Орбитын тойрог дээр зогсож байхад 50 орчим насны хоёр хүн цагаан машинтай нүүрс авъя гэж ирсэн. Тэгээд мөнгөө тохиролцоод Орбитын тойргоос доош уруудаад, Орбитын станцаар баруун гар тийш эргээд нэг хашаанд орж нүүрсээ буулгахаар болсон.  Нүүрсээ 25 орчим насны залуутай буулгаж дуусаад би ахын дүү мөнгөө аваад ир гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу ээж мөнгө үлдээлгүй явсан байна, та ирэхээр нь авчих гэж хэлсэн. Би машинаа холдуулах гээд асаах гэхээр асаагүй, тухайн залуугаар машинаа түрүүлж асаасан. Амбаараас нь холдоод гэрийн овгор хэсэгт машинаа тавиад хүлээж байсан. 10 орчим минутын дараа тухайн хүн ирээд надад 130.000 төгрөг өгсөн. Би баярлалаа гэж хэлсэн. Тэр эгч ахиж нүүрс авна гэж хэлсэн. Тэгээд машинаас асаагаад толиндоо хараад хөдлөх гэхэд хүүхэд гээд орилсон. Машинаа унтраагаад харахад жоохон хүүхэд дайрсан байсан. Тухайн хэрэг санамсаргүй болсон гэх мэдүүлэг зэрэг болно.  

 

Шүүгдэгч Д.Цэрэнпил нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 1-5 тоот хашаанд 08-32 УНХ дугаартай Портер машиныг асааж хөдлөхдөө 1 нас 6 сартай Х.Сүхбатыг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- гэрч Ч.Лхагвасүрэнгийн:... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...Цэрэнпил машинтайгаа ухраад манай гэрийн үүдэн дээр ирж зогсож байсан...эхнэр Бадамгарав нүүрсний мөнгийг Цэрэнпилд өгсөн. Би Цэрэнпил дээр очоод “утасныхаа дугаарыг өгчих, дараа нүүрс авна” гэхэд тэрээр “Орбитын тойрог дээр зогсож байдаг” гээд машинаа хөдөлгөсөн чинь эхнэр орилоод...зээ хүү газар дээрээ нас барсан...гэх мэдүүлэг /хх-27-28/,   

- гэрч Б.Бадамгаравын:...тэр өдөр би жолооч талын цонхоор нь мөнгөө өгөөд эргээд буцсан чинь хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд харсан чинь зээ хүү Сүхбат Цэрэнпилийн машины урд талын 2 дугуйны заагаар гараад ирсэн. Би “хөөе хүн аллаа, хүүхэд” гээд орилсон чинь хүүхдийн дээгүүр Цэрэнпилийн машины арын дугуй гарах шиг болсон...гэх мэдүүлэг /хх-29-30/,  

- гэрч Л.Пүрэвдоржийн:... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...Цэрэнпил машин асахгүй байхад нь би машиныг түрж асааж өгсөн. Цэрэнпил хашааны том хаалганы урд зогсож байснаа буцаж ухарч ирээд үүдний амбаарын урд талын товгор дээр зогссон. Нүүрсний амбаартаа нүүрсээ хүрзээр овоолж байсан чинь портер хөдлөх шиг болсон. Ээж хүү гээд орилоод байсан. Би нүүрсний амбаараас гүйгээд гараад ирсэн чинь портерын жолоочийн талын хойд талын давхар дугуй Сүхбатын толгой дээгүүр нь гарч байсан...гэх мэдүүлэг /хх-38-39/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1996 дугаартай шинжээчийн:...талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархайн ясанд цөмөрсөн ил хугарал, арагш дагз яс руу 2 салаалж цааш дагзны том нүх дайрч баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсны урагдал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа /10-15 мл/ зүүн тал бөмбөлөгийн зулайн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт зүүн чамархайн булчинд цус хуралт, няцрал, дагз, зулайн хуйханд цус хуралт, баруун хацар, шанаа, дух баруун чихний ард зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх-41-42/,

- шүүгдэгч Д.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь асахгүй байхаар залуугаар түрүүлж асаасан ба машинтайгаа гэрийнх нь урд талын овгор хэсэг дээр зогссон. Би машинаа асахгүй бол өнхөрүүлж асаая гэж зогсоогоод мөнгөө авах гээд хүлээж байсан. Мөнгө өгөх настай эгч айл руу явсан, би хашаанд нь машин дотроо хүлээж байсан. Тэр айлын эхнэр ирээд  гэрээсээ 130.000 төгрөг надад өгөөд би халаасандаа мөнгөө хийгээд машиныхаа түлхүүрийг түлхсэн чинь “машин шууд асаад хөдөлсөн чинь овго гээд” сонин болсон. Тэгсэн тэр айлын эгч “хөөе хүүхэд” гээд орилсон. Би машинаа зогсоогоод толинд харсан чинь машины арын дугуйны араас жоохон хүүхэд өнхрөөд гараад ирсэн...гэх мэдүүлэг /хх-90/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/,

-...уг хэрэг учрал болсон газар нь нийтийн хэрэгцээний замд болоогүй, нийтийн хэрэгцээний бус хувь хүний эзэмшлийн хашаанд гарсан тухай...техникийн шинжээчийн дүгнэлт /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Цэрэнпилийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Д.Цэрэнпил нь эрх бүхий жолоочийн хувьд механикжсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахад түүний учруулж болзошгүй аюулаас ямагт урьдчилан сэрэмжлэх, аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүнд ухамсарлах, мэдэх ёстой болох нь тээврийн хэрэгслийг хаана жолоодохоос үл хамааран “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх”-ээс улбаалсан үүрэг болно.    

Гэтэл шүүгдэгч Д.Цэрэнпил нь механикжсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахдаа өөрийн үйлдлийн буюу механикжсан тээврийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл ба бусдын амь хохирсон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул Д.Цэрэнпилд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.            

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь...анх машинаа асахгүй байхад түрж асаалган...гэрийнх нь урд талын овгор хэсэг дээр...дахин асахгүй бол өнхрүүлэхээр зогссон...улмаар машиныхаа түлхүүрийг түлхэхэд машин шууд асаад хөдөлсөн тухай мэдээлэл нь механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний болзошгүй аюулаас сэрэмжлэх, учрах аюул, саадыг шалгах буюу урьдчилан сэргийлэх, аюул, саадыг зайлуулахад жолоочийн хувьд анхаарал хандуулаагүйн илрэл болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.            

Хохирогч нь шүүгдэгчээс нийт 9.600.000 төгрөг хүлээн авч /хх-91/, гомдол саналгүй болохоо бичгээр /х-132/ илэрхийлжээ.     

Шүүгдэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлэн уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /хх-103-108/ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан журмын дагуу ял оногдуулах үндэслэлтэй байна.     

 Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.       

            Тус хэрэгт Х.Сэргэлэнгийн эзэмшлийн “Портер” маркийн 08-32 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай  мөрдөн байцаагчийн 2016.12.25-ны өдрийн тогтоолыг /х-22/ хүчингүй болгож, уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан шаргал цаасанд боосон цаасан аяга бүхий цустай шороог устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.       

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Д.Цэрэнпилийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилийг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилд эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Цэрэнпилийн биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилийн эдлэх 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.            

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүйг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэн Х.Сэргэлэнгийн эзэмшлийн “Портер” маркийн 08-32 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016.12.25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.     

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох шаргал цаасанд боосон цаасан аяга бүхий цустай шороог устгасугай.          

8. Шүүгдэгч Д.Цэрэнпилд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцсугай.        

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цэрэнпилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР