Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

   2020          5               21                                        2020/ДШМ/652

 

 

О.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/824 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр О.Гт холбогдох 1805045330328 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн О.Г, 1998 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 36 дугаар гудамжны 37 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ВЮ98071413/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “3 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” тус тус үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд компьютер тоглоомын газарт очихыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн;

            О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын орчим иргэн Д.Ононзулыг гутал зарж байхад нь “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, “Самсунг жи-7” загварын 700.000 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулах боломжтой гэх саналыг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг оногдуулалгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн тохиолдолд мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэх боломжгүй тул прокурорын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батаа “яллагдагч нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдэхдээ 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь оруулан тооцуулах саналтай байна” гэв.

Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэв.

Үүнд: Яллагдагч нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн байна. Гэтэл яллагдагч О.Гт Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгджээ. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн энэ нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэснийг хэрэглэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг оногдуулалгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх үүднээс прокурор өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул зохих арга хэмжээг авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч О.Гт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч нь О.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж дүгнэлт өгсөн болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасны дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүх хууль зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ", 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана... “ гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/824 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч О.Г: “...Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Б.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан бөгөөд “тэнсэхээс өмнө” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг хуулиар зохицуулах боломжгүй байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл О.Гт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан зохицуулалтыг хэрэглэсний дараагаар энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн” бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч О.Г тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч О.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Прокуророос “О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын орчим иргэн Д.Ононзулыг гутал зарж байхад нь “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, “Самсунг жи-7”  загварын 700.000 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлджээ.  

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Учир нь, хохирогч Д.Ононзулын “...утсаа өгч байгаач гэж гуйхаар нь би утсаа өгөөд бараагаа янзлаад хэсэг хугацааны дараа хартал нөгөө хүүхэд миний утсыг аваад явсан байсан. ...”  /хх-12-13/ гэсэн мэдүүлэг байх бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар хүч хэрэглэхгүйгээр шилжүүлэн авсан байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааасан гэмт хэргийн хувьд довтолсон шинжгүй буюу хүч хэрэглэхгүйгээр авахдаа хуурч мэхлэх арга хэрэглээгүй байдагт анхаарвал зохино.

Дээрх үндэслэлээр яллагдагч О.Гт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/824 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/824 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Цэрэндоржийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ