Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0106

 


                                           

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


              Хэргийн индекс: 171/2015/0122/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Отгончимэг 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***, ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000103 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ***тоотод оршин суух 
Урьд: 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 09 тоот шийтгэх тогтоолоол эрүүгийн хуулийн 145 дугаар зүйийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/

Монгол Улсын иргэн,  -нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, Эмт наран уурын зууханд галч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1 дүгээр баг, Атарын 3-19 тоотод иргэн ***ийн хашаанд нэвтрэн орж 2 тооны хонь хулгайлж бусдад нийт 400.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэм хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: *** 2015 оны 02 дугаар сарын 10-ны орой 21:00 цагийн үед 2 гөлөг авч ирж өгсөн. Ирэхдээ жижиг машинтай ирсэн. *** үлдээд машин нь явсан. Бид 2 юм ярьж байгаад айлаас хонь авъя гэж ярилцаж тохироод иргэн ***ийнхээс авахаар болсон. Хашааны хойд талаар давж ороод пүнзнээс нь 2 хонийг нэг нэгээр нь авч гараад *** хашаан дээр гарч би доороос нь өргөж өгөөд хашааг нь давуулж гаргасан. Хойшоо яваад *** нөгөө машинаа дуудаж, ирэнгүүт нь 2 хонийг багаажинд хийсэн. Тэгээд буцаж явах замдаа постон дээр баригдсан гэсэн. Би хамт яваагүй. Дараа нь 1 хонь нь багаажан дотор нь үхсэн байсан гэсэн. Буцааж 1 хонийг нь хохирогчид өгсөн. *** хохирогчид 100,000 төгрөг бэлнээр өгсөн, би 2 төлөг өгсөн.” гэх мэдүүлэг     

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгээ өгсөн учир дахин өгөхгүй гэхэд улсын яллагчаас ***ын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулав. 
     
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.02.10-ны орой 23 цагийн орчим *** надтай ирж уулзаад 2 нохойн гөлөг өгсөн. *** ирэхдээ жижиг суудлын тэрэгтэй ирсэн ба хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд *** бид 2 хонь хулгай хийх талаар ярилцаж байгаад ***гийн хашаанаас 2 хонь хулгайлаад тэдний гэрээс холдуулсаны дараа *** жолоочоо дуудаад машины багаажинд ачаад Дархан луу явсан...” гэх мэдүүлэг / хх 44-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2015.02.10-ны орой 19 цагийн орчим 21 цагийн үед манай найз *** залгаад надад өгөх нохойн гөлөгөө аваад ирээч гээд байхаар нь би танил Хүрлээ ах руу яриад Хонгор хүргээд өгөөч гэхэд за гэсэн. Тэгээд бид 2 Хонгорлуу яваад ***ын гадаа ирсэн ба би гөлөгөө өгөөд байж байхад Хүрлээ ах найзтайгаа уулзчихаад ирье гээд явсан. Тэр хооронд *** бид 2 ярилцаж байгаад хонь хулгай хийхээр болоод ***гийн хашаа руу *** давж ороод би гадаа нь хүн хараад байж байсан. Тэгээд *** эхлээд улаан хүзүүтэй цагаан хонь гаргаж ирсэн, дараа нь улаан зүсмийн хонь гаргаж ирсэн. Тэгээд бид 2 тэр хонио зөөгөөд ***ын гэрийн гадаа ирээд байж байтал Хүрлээ ах ирээд машинд нь хийгээд Дархан луу явсан... постон дээр цагдаад саатуулагдаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 47-50 дугаар хуудас/,

            Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.02.10-ны орой хонь ямаагаа хашаан дотор байх өвөлжөөндөө хийсэн 21 цагийн үед манай хүүгийн найз *** орж ирээд утсаар яриад орж, гараад байсан. Тэгээд үүрээр 05 цагийн орчим манай хүүгийн найз ***ын эгч Ганчимэг над руу утсаар яриад танайхаас ***, *** 2 хонь хулгайлаад, Хүрлээгийн машинаар Дархан луу явж байгаад цагдаад баригдсан байна гэхээр нь би хонио үзэхэд 4-5 настай казак, 4 настай Монгол хонь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,

            Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.02.10-ны орой 20 цагийн орчим танил *** гэх залуу над руу яриад Хонгор сум руу яваад ***т гөлөг өгөх хэрэгтэй байна та яваад өгөөч 10 000 төгрөгөөр газ хийж өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Хонгор луу яваад 22 цагийн орчим ***ын гэрийн гадаа ирсэн чинь *** авч явсан 2 гөлөгөө аваад буусан, *** Дархан луу буцах болохоороо над руу утсаар яръя гэж хэлсэн.Тэгэхээр нь би Хонгор суманд морь уядаг Галдан гэдэг хүнтэй уулзахаар тэднээс салж яваад Галдан ахтай уулзаад байж байтал 00 цагийн орчим *** яриад ***ын хашааны урд хүрээд ир гэсэн. Намайг очиход ***, *** хоёр нэг нэг хонь барьчихсан зогсож байсан ба юун хонь юм бэ гэхэд ***ын хонь гэж *** надад хэлсэн. Тэгээд хоёр хонио багаажинд хийгээд Дархан руу орж ирж байхад цагдаа зогсоосон чинь *** надад хулгайн хонь гэдгийг хэлсэн....“ гэх мэдүүлэг / хх 22 дугаар хуудас/,

            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.02.10-ны орой 21 цагийн орчим *** хүнтэй утсаар яриад гарсан, түүнийг жорлон орсон эсвэл дүү Гантулгын гэр лүү орлоо гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд 03 цагийн орчим цагдаагаас яриад ***ыг цагдаа дээр саатуулагдсан байна гэхээр нь очиж уулзахад Батка гэх залуутай хамт Хонгор сумаас 2 хонь хулгайлсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг / хх 23 дугаар хуудас/,

             Эд зүйлийн үнэлгээ /хх-28 дугаар хуудас/

             Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/

  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 дүгээр хуудас/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

             Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1 дүгээр баг, Атарын 3-19 тоотод иргэн ***ийн хашаанд нэвтрэн орж 2 тооны хонь хулгайлж бусдад нийт 400.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хэргийн 19 дүгээр хуудас, /гэрч *** /хэргийн 22 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 23 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож  байна. 
 
              ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

    Шүүгдэгч  Б.***  урьд  нь насанд  хүрээгүй байхдаа 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь 09 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 77-80 дугаар хуудас/ ял шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна. 
             Гэвч шүүгдэгч ***ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.2.1-т зааснаар  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан  хугацаанд  гэмт  хэрэг шинээр  үйлдээгүй тул ялгүй болсон гэж үзэв. 

Шүүгдэгч ***, *** нар нь хохирогчид учруулсан хохирол болох 2 хонины нэгийг нь хүлээлгэн өгсөн, үлдсэн нэг хонины төлбөрт 2 тооны төлөг, 100.000 төгрөгийг баримтаар хүлээлгэн өгсөн байх тул 2 хонь буюу 400.000 төгрөгийн хохирол  бүрэн төлөгдсөн гэж үзэв.      

             Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 , 55.1.9-т зааснаар ял оногдуулахдаа  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

   Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
     Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,  хэрэгт Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөлдөөгч 1, 2 хаалгатай хөргөгч 1 зэргийг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 595, 596 дугаартай тогтоолуудаар битүүмжилсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
      
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар              ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж,             Х. ***ыг 2 жилийн хугацаагаар, ***ыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

  5. Шүүгдэгч ***, *** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
    
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 595, 596 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

           7. ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА