Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0109

 


                                            
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс 171/2015/0115/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч *** өмгөөлөгч Ц.Отгонсүх,
Хохирогч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000615 дугаартай хэргийг 2015 оны 03 дүугаарр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, лам, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** аялал жуулчлалын 2-р дамжааны оюутан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, Эрүүл мэндийн Анагаах ухааны үндэсний их сургуулийн лабораторийн техникчийн 2 дугаар дамжааны оюутан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***  

Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг DD баарны гадаа иргэн ***г илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,        
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, DD баарны гадаа иргэн ***г илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
           Шүүгдэгч ***. Д.аринбилэг нар нь 2014 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг DD баарны гадаа иргэн ***г илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан зодож танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Ч.***ийнг зодож танхайрсан хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд дурьдсанаар/                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2014 оны 08 дугаар сарын 02-ны орой 22.00 цагаас хойш найзуудтайгаа “DD” гэдэг бааранд орсон. Тэнд их олон хүн байсан. Бид нар бүжиглэж байсан. Гэтэл хүмүүс бужигнаад ***, хохирогч *** хоёр хоорондоо үсдэлцэж байсан. Дараа нь гадаа гараад бас хоорондоо маргалдсан. Би хохирогч ***г хэл амаар доромжилсон. 250 000 төгрөгийг ***гийн хохирлыг барагдуулж өгсөн.
... ДД бааранд 22 цагийн орчим орсон юм. Тэндээсээ бид нэг нэг пиво захиалж уугаад бүжгийн талбайруу гараад бүжиглэсэн. Тухайн үед би ***тэй бүжиглээд байж байхад одоо хохирогч гээд яриад байгаа хүүхнүүд бид нарыг тойроод бүжиглэж байсан. Тэгж байхад *** нэг хүүхэнтэй нь ойрхон бүжиглээд байсан чинь тэр бүжиглэж байсан хүүхэн нь түлхсэн.  ... 3 дахь удаагаа очоод бүжиглэтэл нөгөө охин нь шууд ***ийн үснээс зулгааж доош дараад сэгсэрээд байсан. Тэгээд тэндээсээ шууд гарцгаасан юм. ...чи жаахан юм байж сэгсийчээд яаж бүжиглээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ***ийг наад халтар юмнуудаа хая, яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд *** гэх охин над руу дайраад унсан, тэгэхээр нь би жаахан хэл амаар доромжилсон, тэр *** нь нөхрөөрөө зодуулна, барина гээд гарын салаавч гаргаад ам руу 3 удаа хийчих гээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд түлхсэн, тэр охин газар унсан” гэх мэдүүлэг /хэргийн 88 дугаар хуудас/

            Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 08 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа “DD” гэдэг бааранд орсон. Манай найз ***ийг *** гэдэг охин зодсон байсан. *** намайг хэдэн охин өдөөд байна,  зодох уу гэсэн. Би хэрэггүй гээд тэгээд салцгаасан. Тэгээд баарнаас гараад явж байгаад энэ хэдтэй тааралдаад, зодоон болоод би ***г үсдсэн.
...  *** нөгөө маргалдсан гэх охидуудын араас очиж хэрэлдээд байхаар нь араас нь очсон. Тэгсэн чинь эсрэг талын нөгөө хэдэн охидууд над руу та нар бид нарыг өлөгчин гэж дуудлаа, бид та нарыг тэгж дуудаж болохгүй юу гээд дайраад байсан. Тэрнээс өмнө ***тэй хамт явж байсан халзан толгойтой залуу жирэмсэн гэх охиныг болон хамт явж байсан хүмүүсийг гэр хорооллын шороо үнэртүүлсэн өлөгчин охидууд гэж хараагаад доромжлоод байсан. *** тэр үед тэр залуугийн өөдөөс салаавч гаргаад байсан. Дундуур нь ороод салгах гэтэл над руу дайраад байсан, нэг мэдэхэд би тэр ***г үсдчихсэн, хажуунаас хэн хэн рүүгээ дайраад байгаа нь мэдэгдэхгүй шамбааралдчихсан байсан. ...таксинд сууж явахаас өмнө халзан толгойтой залуу нөгөө *** гэх эмэгтэйг өшиглөөд газарт толгойгоор унагааж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 95 дугаар хуудас/
    
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 08 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа “DD” гэдэг бааранд орсон. Бүжиглэж байсан чинь ***, хохирогч *** хоёр үсдэлцэж байсан, тэгээд сууж байсан чинь ***, *** хоёр гарч явсан. Араас нь гадаа гарсан чинь муудалцаж байсан, тэгээд хэрэлдээд бөөн юм болоод зодолдсон. Би салгах гээд очсон чинь *** бид хоёрын хооронд зодоон үүссэн. Би ***д хүрээгүй... нэг харахад *** тэр жирэмсэн гэх охиныг үсдээд дарчихсан байхад хажуунаас нэг охин чихэн дээр одоо юу гэж хэлсэнийг санахгүй байна ямар ч байсан нэг муухай үг хэлэхээр нь би чи дуугүй байлдаа яасан чанга дуутай юм бэ? гэхэд тэр охин намайг шууд түлэхсэн. Тэгээд би хойшоо болохдоо нэг хүүхдийн толгойг өөрийнхөө толгойгоор мөргөсөн. Тэгээд би уурлаад тэр охинтой үсдэлцээд зодолдсон. Нэг мэдэхэд би түүний дээр гарчихсан зодож байсан. Тэгээд биднийг ДД баарны хамгаалагч настайдуу ах ирж салгасан. Тэгээд харахад цагдаа нар ирж байхад нөгөө өндөр дүү залуу нөгөө охидуудын жирэмсэн гэх охиныг жийгээд унгаачихсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ДД баарнаас гарсан чинь шар үстэй охинтой байсан хэсэг охидууд дагаж ирсэн. Тэгсэн баарны гадаа байсан охидууд дунд нэг залуу миний араас хашгираад байсан. ... над дээр 4, 5 охин ирээд нөгөө шар үстэй охин руу заагаад энэ охинтой учраа ол, үзчих гээд байхаар нь чадахгүй гэж хэлсэн чинь хамт явсан махлаг хар үстэй охин намайг ямар арчаагүй юм бэ гэснээ миний нүүр лүү гараараа мангасдаад  хөлөөрөө гэдэс рүү жийсэн.  Тэгсэн газар унаад гэдэсээ бариад өндийж байтал нэг нь намайг үсдээд чирсэн. Тэгээд намайг газар унахад баахан хөл гар орж ирээд өшиглөөд байсан. Зодуулсаны дараа *** бид 2 пиццаны үүдэн дээр сууж байтал нэг охин гарч ирээд ус хийж өгсөн, уугаад байж байтал халзан толгойтой залуу дуу нь чангараад ***, *** нартай юм яриад зогсоод байхаар нь би очоод ***, *** 2-ыг явъя гэхэд тэр халзан толгойтой залуу над руу манай найз охиныг яаж байгаа юм бэ гээд хөлөөрөө миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би газар унасан. Манараад байж байтал түргэний машин ирээд эмнэлэг дээр ирсэн. 
... Тэр халзан толгойтой залуу намайг өшиглөхөд доошоо пүл хийгээд цус гарчихсан  юм. Тэрнээс биш тэр охидууд хэдэн талаас өшиглөж зодож байхад би доошоо хараад гэдэсээ дараад өшиглүүлээгүй... мэдүүлэг /хэргийн 13-14, 16, 119 дүгээр хуудас/

Гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ДД бараанд  22 цаг өнгөрч байхад бүжиглэхээр орсон. ... бүжгийн талбайд дээр зөндөө их хүнтэй байсан болохоор шахдалцаад байсан. Тэгж байтал гэнэт нэг эмэгтэй хүн намайг үсдээд татсан юм. ...Тэгээд гадаа гараад ДД баарны гадаа байж байтал нөгөө бүжгийн талбайд байсан хүүхнүүд гараад ирсэн. ...би тэд нарыг хөөе гэж дуудаад та нар яахаараа намайг зүгээр байхад үсдэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл тэр хүүхнүүд чи өөрөө эхэлсэн биз дээ гэж  хэлсэн. Тэгээд би нар маргаж эхэлсэн. Энэ үед манай найз намайг дагуулаад цааш явсан. Тухайн үед зодоон болсон талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 23 цаг 30 минутын үед баарнаас гараад явсан чинь нөгөө шар үстэй охинтой хамт явсан бололтой охидууд баарны гадаа бид нарыг гарч ирэхэд дагаж гарч ирсэн. Тэгээд бид нарын араас элдэвээр хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Ноён пиццаны урд талд суугаад утсаар ярих гэж байтал нөгөө шар үстэй охин гарнаасаа цус гаргачихсан бид нар дээр ирээд хамт явсан залуу нь ***г өлөгчин, гичий энэ тэр гээд байсан. *** уурлаад чи өлөгчингөөс төрөөгүй юу гээд хэрэлдээд байсан. Шар үстэй охиноос өөр бүдүүн охин ***г хогийн саван дээгүүр үсдээд чирээд явж байсан. Би наанаас нь очоод наадах чинь жирэмсэн хүн гэж хэлээд салгах гэтэл нэг урт буржгар үстэй бүдүүн охин намайг үсдээд газар унгасан. Тэр охин миний үснээс барьж байгаад толгойг цементэн дээр цохиод би ухаан алдсан, нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Миний гар хөл татаад тариа хийлгээд гайгүй болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... саарал өнгийн биеийн тамирын юм шиг цамцтай охин наад 2-оо зүгээр орхиод зодолдуулчихаач гэсэн, тэгтэл нэг охин ***гийн үснээс зулгаагаад чирсэн. ... хажууханд нь ***ийг нэг охин газар унгаачихсан зодож байсан. Тэгтэл хаанаас нь юм бэ *** гарч ирээд тэр 2-ыг надтай хамт салгасан. Архан талд *** ёо ёо гээд орилоод байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэрч ***ын мөрдөн байлцаалтын шатанд өгсөн: “... нэг охин гүйж ирээд ***ийг үсдэж аваад шатны хашлага мөргүүлсэн. Тэгэхээр нь би салгах санаатай нөгөө үсдэж авсан хүүхнийг салгасан. Хажууд байсан Оюун-Эрдэнэ, хоолны газрын хамгаалагч нар ирж салгасан. Эргээд харахад *** газар унчихсан байсан бөгөөд яасан бэ гэж асуухад цаана нь байсан өндөр нуруутай залуу өшиглөсөн гэж хэлсэн, тэгээд цагдаа түргэн дуудсан, цагдаа маш хурдан ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 121 дүгээр хуудас/

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Бид нар 23 цагийн үед баарнаас гарахад нөгөө шар үстэй охин чинь өөр 3 охинтой бас нэг халзан толгойтой залуутай 5 хүн болчихсон зогсож байсан. Бид 6 тэд нарын урдуур нь гараад явж байтал манай охидуудыг нэг охин нь дуудаад тэд нар үлдсэн. ..... араас хамт явсан охидууд ирэхгүй болохоор нь яваад очсон чинь тэд нарын наахан нь нөгөө халзан толгойтой залуу нь зогсож байхаар нь очиж ярилцаад охидуудаа аваад салцгаахаар болсон. Тэгээд эргээд очсон чинь нөгөө хэд чинь хоорондоо зодолдож байсан. Нийтдээ 7-8 охидууд зодолдож байсан. Тэгээд очоод салгасан. Тэгж байтал нөгөө өндөр халзан толгойтой лам залуу ***г гэдэс рүү нь жийгээд унгасан. Тэгээд удалгүй цагдаагийхан ирээд зодоон салаад тэр халзан толгойтой лам залууг цагдаагийхан аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 23 цаг өнгөрч байхад бид нар баарнаас гарахад нөгөө бааранд бүжиглэж байсан 2, 3 охин бас нэг халзан толгойтой залуутай ирсэн. Тэгээд тэр шар үстэй охин ***г чи намайг үсддэг хэн бэ гээд маргалдаад байхаар нь Оюун-Эрдэнэ дундуур нь ороод боль гэхэд саарал өнгийн биеийн тамирын хувцас өмссөн байсан охин наад 2-оо зүгээр орхичих зодолдог гэж хэлээд гэнэт ***гийн үснээс татсан чинь тэнд байсан хогийн савны дээгүүр давж унгаасан чинь хажуу талаас нь нэг эрээн өнгийн десант хувцастай охин орж ирээд ***г өшиглөөд байсан. Тэгээд Оюун-Эрдэнэ орж ирээд салгах гэж байтал *** нэг охиных нь доор орчихсон зодуулж байсан. Тухайн үед ДД-гийн хамгаалагч нэг настайдуу ах ирээд ***г зодож байсан охидуудаас салгасан. Оюун-Эрдэнэ ***тай нийлээд ***ийг зодож байсан охиныг салгасан. Тэгж байтал тэнд байсан нөгөө халзан толгойтой залуу ***г яасанг мэдэхгүй жийгээд унгаачихсан. ...саарал өнгийн биеийн тамирын цамц өмссөн охин үсдэж дарж унагаахад хажуу талаас нь өөр бас нэг десант маягийн цамцтай охин цохиж байсан. Хоёр хүн зодсон.
... тэнд десантан хувцастай 2 охин байсан, нэг нь дээгүүрээ десантан яктай, доогуураа десантан шоорттой, нөгөөх нь десантан даавуун цамцтай байсан, энэ охин болохоор шар үстэй, маргааныг үүсгэсэн охин, нөгөөх хослолтой охин нь ***г өшиглөсөн охин байгаа юм, надаас жаахан өндөрдүү, ойролцоогоор 165 см өндөр нуруутай, бага зэрэг махлаг, жижгэвтэр буржгар үстэй, энэ охин ***г өшиглөсөн, мөн тэнд байсан лам гээд байсан банди ***г өшиглөсөн. Тэр десантан хувцастай охин намайг харахад 2-3 удаа өшиглөж байсан, тэр охин ***г баруун талаас гуя, бүсэлхий, гэдсийг гараараа тэвэрсэн байхад гар орчим өшиглөх шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29, 163 дугаар хуудас/

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... *** тэд нарыг дуудсан чинь 4 охин хүрээд ирсэн, 2 залуу цаана нь зогсож байсан. Тэгээд чи яагаад миний үснээс зулгааж байгаа юм бэ гээд *** гэдэг охинтой хэрэлдсэн, тэр охин ***тэй хэрэлдээд байсан. Тэгж байтал Ариука дундуур нь ороод салгах гэсэн чинь ***ийг чи хэн юм бэ цаашаа яваа гэдэг байдлаар ***тэй *** нь маргалдсан. Тэгтэл Ариукаа тэр охиныг ямар ч байсан тэнд байсан хогийн саван дээгүүр давж унагаад тэр охиныг өшиглөж  зодоод байсан. Хажууд нь бас нэг десантан хувцастай охинтой зодолдоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/

2014 оны 08 дугаар сарын 06-ны 88 дугаартай шинжээчийн дүгнэлт: “***гийн биед тархи доргилт, умайн доргилт, баруун хацар, цээж, нуруунд зулгаралт, баруун мөрөнд, хоёр гуя, баруун шуу, бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *** нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭХО-д 6-7 хоногтой жирэмсэн. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../хэргийн 54 дүгээр хуудас/

2014 оны 08 дугаар сарын 06-ны 890 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... ***ийн биед дух, зүүн зовхи, хүзүү, зүүн шуунд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй .../хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч  ***   ***  нар нь  тусдаа  үйлдлээр   /бүлэглээгүй /   2014 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг DD баарны гадаа бусдыг  илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин  ялимгүй зүйлээр шалтаглан иргэн ***г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, шүүгдэгч *** дээрхи танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Ч.***ийг зодож эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 80, 88, 95 дугаар хуудас/, хохирогч нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 13-14, 16, 119, 19-20, дугаар хуудас/, мөрдөн байцаалтанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч Г.***ын мэдүүлэг /хэргийн 121 дүгээр хуудас/, гэрч М.***ын мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хэргийн 28-29, 163 дугаар хуудас/, гэрч ***гийн мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/, 2014 оны 08 дугаар сарын 06-ны 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 54 дүгээр хуудас 2014 оны 08 дугаар сарын 06-ны 890 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 155-156 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн157-158 дугаар хуудас/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 165-166 дугаар хуудас/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 168-169 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарыг бүлэглэн иргэн ***г зодож танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2..5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч ***  ***тэй бүлэглэн хохирогч ***г зодож танхайрсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй харин *** хохирогч ***г зодож байхад ***ийг салгахаар очсон Ч.***ийг *** зодож эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шүүгдэгч,  хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нарын мэдүүлэг үйл  явдал болсон цаг хугацаа /***г зодуулж  байхад  ***  ***ийг зодож байсан/ зэргээр нотлогдож байх тул Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар яллах дүнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл  холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

            Шүүгдэгч  ***,  *** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан хэргийн зүйлчлэл зөв гэж үзэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
 
           Иймд шүүгдэгч ***, *** нарыг /тусдаа үйлдлээр/ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг, ***ыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн  иргэнийг  эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 
 
      Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчид гаргасан шүүмжлэлдээ: Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэн шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн 181.2.2, 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй *** өмгөөлөгч Ц.Отгонсүх, ***ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нар шүүгдэгч  нарт  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэн  хөөн хэлэлцах хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч ***ы өмгөөлөгч Ц.Гэнэндулам ***д холбогдох хэрэг танхайрах болон бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгох санал гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, санаатай үйлдсэн уг гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд таслан зогсоох үйлдэл хийсэн иргэнийг эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл хийсэн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх үзэв.   

Шүүгдэгч ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт  хэрэг үйлдэж  учруулсан  хохирлыг төлсөн  /нотлох баримттай болон баримтгүй/ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.13, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов
           
           Шүүгдэгч ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалах нь зүйтэй байна.    

Хохирогч  *** нь  хохиролд  850 000 /найман зуун тавин мянга/  төгрөг мөн хэрэг болох үед алга болсон монетон бөгжний үнэ гэж нэхэмжилж байгаа боловч хохирол нэхэмжилсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боложгүй бөгөөд хохирогч нь нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно. Харин мөрдөн байцаалтын шатанд ***гийн алга болсон гэх монетон бөгжийг эрх бүхий байгууллагаас 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгөөр үнэлсэн болох нь баримтаар тогтоогдож  байна. 

Шүүгдэгч *** хохирогч ***д хохиролд тооцон 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг өгсөн хохирогч мөнгийг авсан нь тэдний өгсөн мэдүүлэг мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдосон тул бөгжний үнэ 110.000 төгрөгийн хохирол  төлөгдсөн гэж үзэх  үндэслэлтэй байна.  

             Хохирогч *** эмчилгээнд гарсан зардал гэж нотлох баримттай 215 000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч  *** төлсөн болох нь хохирогчийн бичиж өгсөн баримт тодорхойлолтоор /хх-160 ху/ тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэв.
   
           Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг дурьдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  2 ширхэг цамцыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч нарт нь буцааж олгохоор тогтов.
         
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2-т заасныг 
Баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
       
         2. Шүүгдэгч ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах  гэмт хэрэг, ***г  танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн гэмт  хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.
        
            3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***д 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял, ***т 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар ***г 3 /гурав/ жил 10 /арав/ хоног  хорих ял тус тус шийтгэсүгэй.  

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч ***т оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног, ***д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ***, ***т, *** нарт  тус бүр  оногдуулсан 3 /гурав/  жил 10 /арав/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, ***г 1 /нэг/ жилийн хугацаагаар, ***ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, ***ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай. 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ***, ***, *** нарт мэдэгдсүгэй.

          7.  Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц  эзэмшигч  ***,  ***  нарт буцаан олгосугай. 

         8. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  
   
         9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                           
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА