| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0127/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0111 |
| Огноо | 2015-04-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0127/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000876 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан гэх ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /РД:***/,
Шүүгдэгч *** нь тэнсэн хянан харгалзсан хугацаандаа буюу 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарыг хүртэлхи хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байх нийтийн эзэмшлийн байрнуудын орцноос нийт 506 ширхэг мэдрэгчтэй гэрлийг давтан үйлдлээр хулгайлан бусдад 5 060 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2014 оны 04 дүгээр сарын 05-нд хээтэй хороололын 4.3 дугаар байрны бүх орцноос гэрэл авч зараад хоолны мөнгөтэй болсон. Дараа нь хээтэй хороололын 4,5 дугаар давхарыг үлдээж 3 дугаар давхараас доош буюу 1,2,3 дугаар давхарын бүх мэдрэгчтэй гэрлийг хулгайлж авсан. Хулгайлсан гэрэл болгоноо бирж дээр наймаа хийдэг хүмүүст тараагаад 5 000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд хүмүүс надаас ямар учиртай гэрэл юм гэж асуухаар нь барилга дээр ажиллаж байгаад цалингийнхаа оронд авсан гэж хэлээд зардаг байсан. Хуучин Дарханаас мэдрэгтэй гэрэл аваагүй ..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад мөнгөний хэрэг байсан учир хамгийн эхлээд 2014 оны хавар гэж санаж байна, одоо яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Тэр үед хээтэй хороололын 4.3 дугаар байрны бүх орцноос 4,5 дугаар давхарыг үлдээж 3 дугаар давхараас доош буюу 1,2,3 дугаар давхарын бүх мэдрэгчтэй гэрлийг хулгайлж авсан. Тэр үед нийт 30 гаран мэдрэгчтэй гэрлийг хулгайлж аваад Мангиртад гэр нь байдаг *** гэдэг найзындаа аваачиж тавьсан юм. ***нд аваад очход *** эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ байж байсан ба миний хулгайлсан гэрлийг харчихаад наадах чинь юун гэрэл юм бэ, хулгай хийсэн юмуу? чи тэнсэнтэй байгаа гэдгээ мэдэж байгаа юу? гэж асуухаар нь би хулгайлаагүй, хүнээс авсан юм, энэ гэрэлнүүдийг түр үлдээгээд маргааш авья гэж хэлээд үлдээгээд явсан юм. Ингээд маргааш нь хулгайлсан гэрлүүдээ авч яваад Бирж дээр очиж нэг ширхэгийг нь 5 000 төгрөгөөр зарсан юм. Тухайн гэрлийг надаас худалдаж авсан хүн энэ гэрэлнүүдийг хаанаас яаж авсан юм бэ? гэж асуухаар нь би ажил хийж авсан юм гэж хэлээд зарсан. Түүнээс хойш хамгийн сүүлд 2014 оны намар мөн хээтэй хороололын байрнаас 5 ширхэг мэдрэгчтэй гэрэл хулгайлж аваад бирж дээр зарах гэж явж байгаад биржийн хамгаалагчид баригдсан юм. Тэр хамгаалагч юу хийгээд орцны гэрэл хулгайлаад яваад байгаа юм бэ? гэж асуухаар нь би үнэнээ хэлсэн. Биржийн хамгаалагчид баригдахаасаа өмнө 2014 оны зун 2-3 хоног өнжөөд хээтэй хороолол, шинэ хороолол, хуучин хороолол зэрэг байрнуудаас нийт миний бодлоор 200 гаран ширхэг мэдрэгчтэй гэрэл хулгайлсан юм. Хулгайлсан гэрэл болгоноо бирж дээр наймаа хийдэг хүмүүст тараагаад 5 000 төгрөгөөр зарчихсан юм. Нийт бирж дээр наймаа хийдэг 30-40 хүнд зарсан байх гэж бодож байна. ..Мөнгө хэрэгтэй байсан болохоор орцны гэрэл хулгайлж бирж дээр очиж зардаг байсан.. мөнгөний хэрэг гарах болгонд хээтэй хороолол, шинэ хороолол, хуучин хороололын байрнуудын орцны мэдрэгчтэй гэрлүүдийг дандаа шөний цагаар хулгайлан авч бирж дээр аваачиж зардаг байсан.. эхлээд тэр гэрлийг авдаг юм болов уу гэж бодоод орц руу орж үзэхэд амархан авагдсан юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод байсан учир гэрлүүдийг авч бирж дээр очиж зарахад хүмүүс амархан худалдаж авсан юм. Тэгээд л байрнуудын орцны гэрэл хулгайлж бирж дээр аваачин зардаг байсан. Орцны гэрэл хулгайлахдаа дандаа би ганцаараа явдаг байсан. .. би хулгайлсан мэдрэгчтэй гэрлийнхээ тоог нарийн тоолж үзээгүй болохоор 506 ширхэг мэдрэгчтэй гэрэл хулгайлсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57, 58-59 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 05 дугаар сараас эхлэн шинэ хороололын байрнуудын орцны гэрлүүд хулгайд алдагдах болж улмаар Дарханы нийт орон сууцнуудын гэрлүүд хулгайд алдагдах болсон юм. Нэг хүн хулгайлаад байна гэж бодож байсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 10-ний орчим гэж санаж байна, манай СӨХ-ийн дарга *** гэдэг хүн орцны гэрлээ хулгайд алдчихаад бирж дээр гэрэл авах гээд явж байгаад 20 орчим насны залуу орцны мэдрэгчтэй гэрлийг биржийн лангуун дээр зарах гээд явж байхад нь таарч түүний гэрэл зургыг авсан юм байна лээ. Ингээд Цагдаагийн байгууллагад тэр залуугийн зургийг өгч гомдол гаргах болсон юм. СӨХ-өөс хулгайд алдагдсан гэрлийн тоог гаргуулахад 506 ширхэг мэдрэгтэй гэрэл хулгайд алдагдсан байна гэдэг тоо гарч ирсэн юм. Энэ нь Шинэ хуучин Дархан гээд Дархан-Уул аймгийн хэмжээнд байх бүх байрнуудын хулгайд алдагдсан мэдрэгчтэй гэрлийн тоо байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх хуучин Дарханы *** байрны 9 дүгээр орцонд амьдардаг юм. 2014 оны 10 дугаар сард гэж санаж байна, нэг өглөө босож ирсэн чиннь манай орцны мэдрэгчтэй гэрэл алга болчихсон байсан. Тэр үеэр СӨХ-ийн дарга ***той уулзахад орцны гэрлүүд хулгайд алдагдсан байна, барилгын материал зардаг газар чинь хулгайлсан хүн зараад явж байх вий, мэдэж байгаарай гэж хэлсэн юм. Тэгтэл тэр өдрөөс хойш удалгүй нэг жижиг шар залуу 5 ширхэг мэдрэгчтэй гэрэл барьчихсан авах уу гэж хэлэхээр нь чи ямар учиртай гэрэл аваад явж байгаа юм бэ? гээд тэр залууг биржийн хамгаалагчид хүлээлгэн өгсөн юм.. ” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намар яг хэдэн сарын хэдэн байсаныг одоо санахгүй байна. Тэр үед Цагдаагийн газар дээр манай дарга нар хуралд суучихаад ирсэний дараа манай “***”ХХК-ны дэд захирал хулгайн мэдрэгчтэй гэрэл маш олноороо хулгайд алдагдсан байна. Манай зах дээгүүр л зарах байх, сэрэмжтэй байгаарай, ийм гэрэл орж ирвэл цахилгаан бараа зардаг хүмүүсдээ авч болохгүй шүү гэж хэлээрэй гэж хэлсэн байсан. Тухайн үедээ цахилгаан бараа зардаг хүмүүст хулгайн гэрэл зарж магадгүй шүү гэж анхааруулсан. Цахилгаан бараа зардаг хүмүүст анхааруулсанаас хойш 3-4 хоногийн дараа лангуунуудаар зарна гээд явж байсан. Тэр үед би барилга сэлбэгийн материалын заалны хаалгануудыг хааж лацдаад явж байхад *** гэдэг лангуу түрээсэлсэн барилгын материал зардаг залуу над дээр хүрч ирээд энэ нөгөө хулгайч банди торонд гэрэл хийсэн зарах гээд явж байна гэхээр нь тэр залуу чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад тэр явж байна гээд хаалгаар гарч яваа жижиг биетэй залууг хэлэхээр нь би араас нь гүйж очоод бариад авхад торон дотроо 4 ширхэг мэдрэгчтэй гэрэл хийчихсэн бариад явж байсан. Би тэгээд тэр гэрлийг түүнээс аваад цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би одоо цаг хугацааг нь нарийн санахгүй байна, ямар ч байсан энэ оны намар гэж санаж байна. Би биржийн лангуун дээрээ сууж байхад тэр залуу над дээр хүрч ирээд мэдрэгчтэй гэрэл авах уу? гээд 5 ширхэг цагаан өнгийн гэрлийг шар өнгийн гялгар уутанд хийгээд барьчихсан явж байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэж асуухад 5 000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан юм. Би тэр гэрлийг шинийг нь Улаанбаатар хотоос 10 000 төгрөгөөр худалдан авдаг байсан болохоор 1 ширхэгийг нь 5 000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд тэр гэрлийг худалдан авсаныхаа дараа зарчихсан юм. Би тэр үед хулгайн эд зүйл зараад явж байна гэдгийг мэдээгүй. Түүнээс хулгайн эд зүйл зараад явж байгаа юм биш биз дээ гэж асуусан чинь үгүй ээ надад ийм гэрэл 300 ширхэг байгаа. Би Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад ажил хийсэн хөлсөндөө авсан гэж хэлж байсан. Би тэр 5 ширхэг гэрлийг лангуун дээрээ тавьж байгаад зарчихсан юм. Одоо тэр гэрэл байхгүй ...” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..*** ээжийнхээ хамт 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл манайд амьдарч байсан юм. Ингээд амьдарч байх хугацаандаа 3-4 удаа цагаан өнгийн гэрэд авчирч байсан. Хамгийн сүүлд гэрэл авч ирэхдээ 16 ширхэг гэрэл авчирч байсан гэж санаж байна. .. Бирж дээр аваачин зардаг байсан. ..Өөрөө манайхаас тэр гэрлүүдийг авч явахдаа бирж дээр очиж зарнаа гэдэг байсан. .. хулгайлсан гэдгийг нь мэдээгүй байсан. Ажлынхаа хөлсөнд авсан гэрэл байна гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 38 – 39 дүгээр хуудас/,
- Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 11 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8-10 дахь тал/,
- Туршилт хийсэн тэмдэглэл\хэргийн 13-15 дахь тал\
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл\хэргийн 16-23 дахь тал\
- Гэрч *** мэдүүлэг / хэргийн 35 дахь тал/,
- Гэрч *** мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/
- Гэрч *** мэдүүлэг /хэргийн 40-41 дахь тал/
- Гэрч *** мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/
- Гэрч *** мэдүүлэг /хэргийн 47-48 дахь тал/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дахь тал/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 87-89 дахь тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 102 дахь тал/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад “200 гаруй мэдрэгчтэй гэрлийг хулгайлсан” тухай мэдүүлэг өгсөн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ***ын хулгайлсан мэдрэгчтэй гэрэл нь тоо ширхэгийн хувьд зөрүүтэй байна. Тухайлбал: Хохирогч талаас ирүүлсэн МСӨХДЗ-ийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №79 дугаартай албан бичигт: хээтэй хороололоос 104 ширхэг, хуучин хороололоос 114 ширхэг нийт 218 ширхэг алдагдсан тухай тооцоо гаргасан байх боловч шүүгдэгч ***ын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: хээтэй хороололоос нийт 120 ширхэг, хуучин хороолол 250 ширхэг нийт 370 ширхэг мэдрэгчтэй гэрэл алдагдсан” гэж хулгайлсан гэрлийн тоог 132 ширхэгээр илүү тооцжээ. Дээрхи байдлаас үзэхэд хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байх бөгөөд уг зөрүүг арилгахын тулд тухайн үед мэдрэгчтэй гэрлийн шил алдсан СӨХ-ийн дарга нарыг байцааж мэдүүлэг аваагүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нийт хулгайлсан гэх мэдрэгчтэй гэрэлээс хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *** нь 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарыг хүртэлхи хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байх нийтийн эзэмшлийн байрнуудын орцноос нийт 374 ширхэг мэдрэгчтэй гэрлийг давтан үйлдлээр хулгайлан бусдад 3 740 000 \гурван сая долоон зуун дөчин мянга\ төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь өөрийн гэсэн гэр орон, өмч хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хөрөнгө хураах ял хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3740000 \гурван сая долоон зуун дөчин мянга\ төгрөгийн хохирлоос 7 ширхэг мэдрэгчтэй гэрэл буцааж өгөгдсөний үнийн дүн 70000 \далан мянга\ төгрөгийг хасаж, шүүгдэгч ***аас нийт 3670000 \гурван сая зургаан зуун далан мянга\ төгрөгийг гаргуулж, МСӨХДЗ-ийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлд олгохоор шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ыг хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 \ зургаан \ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 \зургаан\ сар баривчлах ял дээр Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2\ хоёр\ жил 6 \зургаан\ сарын хорих ялаас заримыг буюу 1 \нэг\ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***аас нийт 3670000 \гурван сая зургаан зуун далан мянга\ төгрөгийг гаргуулж, МСӨХДЗ-ийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлд олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ