| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171\2015\0114\Н\Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0116 |
| Огноо | 2015-04-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171\2015\0114\Н\Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000953 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух, 2011 онд онц буудагч, хилийн төлөө зэрэг медалиудаар шагнагдаж байсан, 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 148 д угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 209 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүлйин 4.4-д зааснаар 11 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /РД:***/,
Шүүгдэгч ***нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын 18-наас 2014 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах *** цэцэрлэгийн хашаанд байх чингэлэгийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хонины гулууз мах нийт 110 кг, шүдлэн үхрийн мах нийт 140 кг-ийг тус тус хулгайлсан, мөн 2014 оны 12 дугаар сарын 19-нөөс 2014 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 26 дугаар брак байрны гадна байх иргэн ***гийн өмчлөлийн агуулахын зориулалтаар ашигладаг амбаарын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 569 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шөнө брак байрны амбаараас гахайн толгой, шуудайтай бууз авсан. Тэгсэн чинь нэмээд зөндөө юм авсан гээд байгаа уг авсан хоёр зүйлийг таксины жолоочид зарсан юм. Цэцэрлэгийн хашааны контейнерээс 2 хонины мах, 1 ямааны мах аваад микрын 24 цагийн дэлгүүрийн урд том бүхээгтэй машинд 95 000 \ерэн таван мянга\ төгрөгөөр хоёуланг нь зарсан, нэг хонины махыг нь байрны буланд нэг эгч, ах хоёрт 95.000 \ерэн таван мянга\ төгрөгөөр зарсан, хоёр гуяны махыг нь вокзал ороод шагийн архи зардаг *** авгайд 60 000 төгрөгөөр зарсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр цагийг нь санахгүй байна. 18-ийн буудлаас таксинд суугаад бракад байх цэцэрлэгийн урд буугаад цэцэрлэгийн хашаан дотор байх чингэлэгийн хажуугаар хашааг нь давж ороод бэлтгэж очсон артамур төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгоод асаагуурын гэрэл тусгахад модон вандан дээр үхэр, хонины махнууд хураасан байсан. Тэндээс үхрийн хоёр гуя, хонины гурван гулууз мах зэргийг авсан. Захын зогсоолоос такси хөлслөөд цэцэрлэгийнхээ урд машинаа зогсоогоод хулгайлсан хоёр үхрийн махаа\ гуя\ авчирч вокзал ороод шагийн архи зардаг *** авгайд 60 000 төгрөгөөр зараад нэг шил 0,5 литрийн архи аваад мах ачсан машинаар микро хороолол хүргүүлж байсан. Микро хороололоос такси хөлслөөд эргэж очиж хонины 3 гулууз махыг ачаад микро хороололын урд шөнийн дэлгүүрийн урд зогсож байсан амбаартай ачааны автомашины жолоочид хоёр хонины махаа 85 000 төгрөгөнд зараад шөнийн дэлгүүрийн харалдаа байх 5 давхар байрны үүдэнд зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёрт нэг хонины махаа 60 000 төгрөгөөр зарж ***гээс авсан нэг шил архиа байрны гадна сууж байгаад ганцаараа уугаад микро хороололын урд талын 9 давхарын аль нэг орц руу нь орж 9 давхарт нь гарч цаас дэвсэж байгаад унтсан. Цэцэрлэгийн хажуу талын чингэлэгээс хулгай хийсний маргааш нь юм уу нөгөөдөр нь шөнийн цагаар цагийг нь нарийн санахгүй байна. Бранк байрны \байрных нь дугаарыг мэдэхгүй байна\ гадна талд байсан төмөр амбаарын хаалганы зүүдэг цоожийг бэлдэж явсан төмрөөр хөшиж онгойлгоход амбаар дотор гахайны хуйхалсан толгой, 25 кг орчим шуудайтай бууз зэрэг байсныг аваад 18-н буудал дээр зогсож байсан суудлын тэрэгний жолоочид 40 000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “***” ХХК нь “***” хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулдаг юм. Манай цэцэрлэгт хүнсэнд хэрэглэдэг мах болон бусад эд зүйлсийг цэцэрлэгийн хашаанд чингэлэг байрлуулж хадгалдаг. 2014 оны 12 дугаар сарын 18-наас 2014 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө цэцэрлэгийн хашаанд байх чингэлэгийн хоёр цоожийг эвдэн орж дотроос нь 3 ширхэг хонины гулууз мах, үхрийн бүтэн мах 2 гуя, 2 хаа, гар тастагч, түрдэг хөрөө, плита зүсэгч зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан. Хонины гулууз махны 2 ширхэг нь нэг бүр нь 40 кг жинтэй, харин 1 гулууз мах нь 30 кг жинтэй, ний 110 кг хонины мах байсан. 1 кг тус бүрийг нь зах зээлийн ханшаар 6030 төгрөгөөр үнэлж байна. Үхрийн мах нийт 140 кг байсны 1 кг тус бүрийг нь 7465 төгрөгөөр үнэлж байна. .. хонины гулууз мах, үхрийн мах зэргийг алдахад гар тастагч түрдэг хөрөө, плита зүсэгч зэргийг алдсан гэж мэдүүлсэн. Чингэлэгт байсан дээрхи багажуудыг Сэлэнгэ аймгийн Жавхланд суманд барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд ашиглахаар авч явсан. Үүнийгээ 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдөр мэдсэн ..” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрөөгөөд босоод цонхоороо амбаар руугаа хартал хаалга нь онгорхой цоожгүй байхаар нь гарч хартал хаалганы цоож нь байхгүй болсон, хаалга нь дэлгэгдсэн байсан. Хаалганы нугас болон цүү нь эвдрээгүй зөвхөн цоож нь байхгүй байсан. Тэгсэн хаалганы доод талд цоож зүүлттэй байсан хэсэгт шар өнгийн жижиг төмөр дугуй зүйл унасан байсан. \цоожноос унаж үлдсэн бололтой\. Тэгээд амбаартаа орж амбаарт байсан эд зүйлээ бүртгэхэд амбаарт байсан цагаан сараар хэрэглэх гэж байсан нэг хонины ууц, мөн цэнхэр поошигонд байсан үхрийн нэг бүтэн гуя, сүвээний 3 хавиргатай мах, 25 кг-ийн шуудай дүүрэн шахуу хонь, адууны мах хольж хийсэн 15 кг орчим бууз, мөн хуйхалсан гахайн толгой, 3 литрийн ундааны савтай хөлдөөсөн түүхий сүү зэрэг зүйлс алдагдсан байсан .. ” гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим ажил дээрээ ирсэн. Цэцэрлэгийн хашаанд байх чингэлэгээс арцны тавиур авахаар очход цоож нь байхгүй хаалга нь онгорхой байсан болохоор эргэж цэцэрлэг рүү ороод ажилчидаасаа чингэлэг рүү орсон хүн байна уу? хаалга нь онгорхой байна гэхэд манай цэцэрлэгийн ажилтнуудаас чингэлэг рүү тэр өдөр орсон хүн байгаагүй. Урьд өдөр нь буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хамгийн сүүлд чингэлэг рүү орсон цэцэрлэгийн жолооч ***руу утасдаж, чингэлэгийг цоожилсон юмуу? онгорхой байна шүү дээ гэж хэлэхэд ***би цоожилсон гэж хэлсэн. Тэгээд би хулгай орсон гэдгийг мэдэж орж шалгахад цэцэрлэгийн хүнсэнд хэрэглэхээр хураасан байсан үхрийн бүтэн мах, хүзүү, толгой хоёр нь үлдсэн байсан. Мөн захирал ***, жолооч ***нарын цагаан сараар хэрэглэх гэж байсан 2 ширхэг хонины гулууз мах зэрэг алдагдсан байсан. Тухайн үед бид нар чингэлэгээс гар тастагч, түрдэг хөрөө, плита зүсэгч зэргийг алдсан байна гэж бодож цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан боловч цэцэрлэгийн удирдлагууд хувьдаа барьж байсан байшингийн барилгын ажилд хэрэглэхээр авч явсан байсаныг 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдөр мэдсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч Л***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2014 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим цэцэрлэгийн жижүүр *** эгч над руу утасдаж чи өчигдөр чингэлэг цоожлоогүй орхисон байна гэхэд нь цоожилсон шүү дээ гэж хэлэхэд тэгвэл чингэлэгийн хаалга онгорхой байна, хулгай орчихсон байна, дотроос нь мах, цахилгаан дрилл, тастагч, плита зүсэгч зэрэг алдагдсан байна гэж хэлсэн. Би цэцэрлэгийн хүүхдүүдээ гэрээс нь аваад цэцэрлэг дээрээ ирэхэд цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тухайн үед чингэлэгнээс 3 ширхэг хонины гулууз мах, цэцэрлэгийн хүнсэнд хэрэглэхээр нөөцөлсөн байсан бүтэн үхрийн мах зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би 2014 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө найз ***ын хамт өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай соната 5 маркийн автомашинтай Дархан сумын 7 дугаар баг, Буян захын урд хэсгийн машины зогсоол дээр зогсож байхад “Гялс гялс” машин угаалгын урдаас танихгүй 30-35 насны залуу гүйж хүрч ирээд шинэ Дархан яваад өгөөч 3 000 төгрөг өгье гэсэн юм. Тэгэхээр нь би тэр залууг машиндаа суулгаад *** миний машиныг жолоодож явсан юм. Дөнгөж хөдлөөд явахад “Гялс гялс” угаалгын төвийн урагшаа явчих, би тэндээс 1 юм аваад машины чинь багажинд хийгээдхэе гэсэн юм. “Гялс гялс” машин угаалгын төвийн урагшаа очоод зогсоход тэр залуу өөрөө гүйж гараад “Гялс гялс” машин угаалгын төвийн ардуур нь гараад 2 ширхэг үхрийн гуя авч ирээд миний багажинд хийсэн юм. Ингээд хөдлөөд явахад нөгөө залуу 18-ийн буудал руу явья гэсэн. *** миний машиныг жолоодоод 18-ийн буудал орчмоор явж байхад тэр залуу зогсож бай гэж машин зогсоогоод ард зогсож байсан приус 10 маркийн машин руу очоод мах авах уу гэж асууж байсан. Тэгээд буцаж машинд орж ирж суугаад Төмөр замын вокзал орьё гэсэн. Төмөр замын вокзал дээр очоод хот явдаг машинуудын араас нь тулаад зогсоход тэр залуу машинаас буугаад явсан юм. Миний нойр хүрээд суудлаа налуулаад хэвтэж байгаад нэгмэдхэд унтчихсан байсан. Би машин асахад сэрсэн. Намайг сэрээд хархад нөгөө залуу машинд орж ирж суугаад 24 цагийн дэлгүүр рүү явчих гэсэн юм. Ингээд “Сод Монгол” шатахуун түгээх станцын хажууд ирэхэд тэр залуу за за би энд буугаад 24 цагийн дэлгүүр рүү орж тамхи авлаа, та хоёр ингээд явчих гээд 10 000 төгрөг өгөөд машинаас буугаад явсан. *** бид хоёр буцаад “Буян” захын зогсоол дээр очоод зогссон юм..” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч С.Сэржидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим би вокзал дээр гар дээрээс архи худалдаалж байсан юм. Тэгэхэд зүс таних ***гэж залуу саарал өнгийн суудлын тэрэгтэй ирсэн. Тэр машинаас бууж ирж надтай уулзаад найзын идэшний махыг зарах гэсэн юм. Хоёр үхрийн гуя байна гэсэн. Түүний зарах гэж байгаа гэх махыг харахад хөлдсөн 2 ширхэг үхрийн гуя байсан. Нэгийг нь 60 000 төгрөгөөр зарна гэхээр нь эгчид нь тийм их мөнгө байхгүй, авч чадахгүй гэхэд ***таньд яг хэдэн төгрөг байгаа юм бэ, та мөнгөнийхөө боломжоор авчихаач гэхэд нь бэлэн 60 000 төгрөг байна гэж хэлэхэд 80 000 төгрөгөнд зармаар байна, та 20 000 төгрөгөнд нь нэг шил архи өгчих гэхээр нь би түүнд 0,75 литрийн Улаанбаатар архи өгсөн. Мөн бэлэн 60 000 төгрөг өгөөд махыг нь авч такси хөлсөлж гэртээ хүргүүлээд маргааш нь гэсгээж шулаад хүнсэндээ хэрэглэчихсэн. Үүнээс хойш 4-5-н өдрийн дараа ***вокзал дээр явж байсан. Тэр шуудайнд хуучин монгол гутал хийчихсэн ирээд намайг авахуу? гэхэд нь би түүний зарах гэж байгаа гэх гутлыг харахад нилээн хуучин гутал байхаар нь би худалдаж аваагүй. Тэр гутлаа ***гийн дүү *** гэгчид зарах гэж байхад цагдаагийн машин вокзал орчмоор явж ***зугтаагаад барьж байсан шуудайтай гутлаа хашааны хажууд хаяж зугтааж байгаад цагдаад баригдаад явсан. Түүний хаясан гутал нь хэсэг хугацааны дараа алга болчихсон байсан. ***хэлэхдээ манай найзын гэрийнх нь идэшний мах байгаа юм эгчээ, мөнгөний хэрэг болоод зарж байна гэж хэлсэн болохоор би итгээд авсан. Түүнээс худалдаж авсан мах хэдэн кг болсоныг би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Цагаан сараар хэрэглэх гэж байсан эвдэж янзалсан хонины ууц, шүдлэн үхрийн гуя, үхрийн сүвээний хавирга, 3 литр хөлдөөсөн сүү, 25 кг-ийн шуудайтай бууз, гахайн толгой зэргийг алдсан. .. Тухайн хэрэг гардаг орой нөхөр *** ганцаараа байсан юм. Өглөө нь буюу 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим *** надтай утсаар яриад амбаарт цоожийг эвдэлж хулгай орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бид нар гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу явсан. Гэрт ганцхан аав *** маань үлдсэн. Тэгээд Сэлэнгэд байж байхад 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад аав ээжрүү утсаар яриад амбаарт хулгай орсон байна, амбаарт байсан хонины ууц, гахайн толгой, шуудайтай бууз, үхрийн мах, үхрийн гуя, сүү зэрэг зүйлсийг маань аваад явчихаж гэж ярьсан. Хулгай ордогийн урд орой нь манайхан баяраар хэрэглэх буузаа аавынд ирж бөөндөө хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас\
- Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 11-17 дахь тал/,
- Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хавтаст хэргийн 49 дахь тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт \хэргийн 3-4, 41-43 дахь тал\ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ***нь 2014 оны 12 дугаар сарын 18-наас 2014 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах *** цэцэрлэгийн хашаанд байх чингэлэгийн цоожийг эвдэн орж 3 ширхэг хонины гулууз мах, хулгайлж, иргэн ***од нийт 1 708 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн 2014 оны 12 дугаар сарын 19-нөөс 2014 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 26 дугаар брак байрны гаднах амбаарын хаалганы цоожийг эвдэн орж, хонины ууц, үхрийн гуя, гахайн толгой, сүү, шуудайтай бууз, үхрийн хавирга зэргийг хулгайлж иргэн ***д нийт 502 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад шүүгдэгч ***аас иргэн ***гийн амбаараас хонины ууц, үхрийн гуя, сүү, үхрийн хавирга зэргийг хулгайлаагүй тухай мэдүүлэг өгсөн байх боловч энэхүү мэдүүлэгийг няцаасан үгүйсгэсэн үндэслэл нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ***нь давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***нь урьд 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар 11 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүнийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь өөрийн гэсэн гэр орон, өмч хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнд хөрөнгө хураах ял хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***аас 1 708 400\ нэг сая долоон зуун найман мянга дөрвөн зуу\ төгрөгийг гаргуулж хохирогч ***од 502 000 \ таван зуун хоёр мянга\ төгрөгийг гаргуулж хохирогч ***д тус тус олгохоор шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Хохирогч ***од 502 000 төгрөгийн хохирол учруулсаныг Прокурорын яллах дүгнэлтэд 569 000 төгрөг гэж ташаа бичигдсэнийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ыг хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 \ хоёр \ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***ы эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар гадаргуутай 7.8*2.4 см хэмжээтэй асаагуур 1 ширхэг, 1.2*1.2 см хэмжээтэй шар өнгийн голдоо нүхтэй 3 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***ы урьдчилан цагдан хоригдсон 127 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***аас нийт 2 210 400 /хоёр сая хоёр зуун арван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж, түүнээс 1 708 400\ нэг сая долоон зуун найман мянга дөрвөн зуу\ төгрөгийг ***тоотод оршин суух *** \РД:***, 502 000 \таван зуун хоёр мянга\ төгрөгийг *** тоотод оршин суух *** \РД:***\ нарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ