Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02401

 

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02401

Улаанбаатар хот

                                                  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Н.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Б Д ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөрт 16 579 040 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Н.Снь газар шорооны ажил хийх зориулалттай ковш, экскаваторыг ББСБ-ын зээлээр худалдан аваад ашиглаж байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүртэлх хугацаанд Б Д ХХК-д 42-48 УБ улсын дугаар бүхий ковш, 01-38 УН улсын дугаар бүхий экскаваторыг түрээсээр эзэмшүүлсэн. Дээрх хугацаанд ковшийг 10 хоног, экскваторыг 27 хоног түрээслэж, 2 тал тооцоо нийлэхэд ковшийн түрээс 8 000 000 төгрөг, экскваторын түрээсийн төлбөр 8 579 040 төгрөг нийт 16 579 040 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Иймд Б Д ХХК-иас 16 579 040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тэнд манай техникүүд байсан, тэд нарыг ажилд оруулаад өгөөч гэж амаар тохиролцсон. Овоо мөнгө төгрөгөө төлөөд явж байсан. Би түлшийг нь хийдэг байсан. Тэгээд би Э.Эд миний дүү очоод тооцоогоо нийлчих гэсэн. Эднийхээс мөнгөө нэхээд 2 жил болж байна. Баярсайхан гэдэг хүн манайх мөнгөө тараагаад дууссан. Эксел машин авах уу гэхээр нь харъя гэж тохирсон боловч хаягаа солиод алга болсон. Сүүлдээ утсаа ч авахаа болиод шүүхэд хандахаас өөр аргагүй болсон, 2020 оны 02 сард Болд-Эрдэнэ гэдэг захирал нь зөвшөөрөөд цувуулаад өгье гэсэн боловч одоо Э.Эд өгнө гэдэг зүйл яриад байна. Н.Стүлшээ өөрсдөө хийгээд жолоочийн цалин хөлсийг Н.Сөөрөө өгсөн. Энэ техникүүд нь Н.С-ийн нэр дээр байдаг, 4 500 000 төгрөгийг хариуцагч талаас төлсөн, одоо 12 079 040 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ЭЭ-тэй харилцан тохиролцож 42-48 УБ улсын дугаар бүхий ковш, 01-38 УН улсын дугаар бүхий экскаваторыг түрээсэлж байсан ба тухайн үед Э.Э нь манай ахын техникүүд би хариуцан ажиллуулж болно гэж ажиллуулж байсан, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай компанитай тооцоо нийлж байсан бөгөөд бидний ажил гүйцэтгэж байх явцад Н.Согт уулзаж байгаагүй, бид мэдэхгүй, техникийг хариуцан ажиллуулж байсан Э.Этэй хэлцэл хийсэн тул Н.С-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани экскаватор, ковшийг ажиллуулсан нь үнэн, 16 579 040 төгрөгийг өглөг үүсгэсэн. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн тооцооны баталгааг Э.Э гэдэг хүнтэй хийсэн, 2 сард Энхтүвшин гэдэг хүн байсан. Э.Э гэдэг хүн энэ техникийг амаар тохироод ажиллуулсан, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг Энхтөрийн 5020838317 тоот дансанд шилжүүлсэн. Тооцоо нийлсэн актыг 2018 онд хийсэн. Тухайн үед Н.Сгэдэг хүн техникийн эзэн, түлшээ өөрсдөө хийсэн гэж ярьж байгаа боловч манайх 382 литр түлш өгсөн байдаг. 8 579 040 төгрөг болж байгаа. Манай зүгээс Э.Э гэдэг хүнтэй Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар амаар хэлцэл хийсэн. Манайх Э.Э гэдэг хүнд энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Н.Э гэдэг хүнд Э.Э гэдэг хүнтэй санхүүгийн тооцоо нийлнэ гэдэг талаар хэлсэн. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Н.Снэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Э.Э нэхэмжлэл гаргавал төлөхөд татгалзах зүйлгүй, Н.Энхтөр гэдэг хүн үнэхээр ойр дотнынх нь хүн юм бол энэ хүнд өгөхөд татгалзах зүйлгүй, эсвэл иргэний үнэмлэхийг нь нотариатаар гэрчлүүлээд, итгэмжлэл аваад Э.Эийн өмнөөс нэхэмжлэл гаргасан бол төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Снь хариуцагч Б Д ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 579 040 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн дүнгийн 4 500 000 төгрөгөөс татгалзаж, 12 079 040 төгрөгийг Б Д ХХК-иас гаргуулна гэж шаардаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай компани Э.Этэй тохиролцож 42-48 УБ улсын дугаартай ковш, 01-38 УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлж байсан тул Н.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 DOOSAN маркийн 01-38 УН улсын дугаартай экскаватор нь Н.С-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь 2018 онд олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Н.Снь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ингүүн Од Финанс ББСБ-тай Фидуцийн гэрээ байгуулж, 42-48 УБ улсын дугаартай ковшийг И Од Ф ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

Н.Снь дээрх 2 тээврийн хэрэгслийг түрээслэх тухай хэлцлийг Б Д ХХК-тай хийсэн тухайгаа хуульд заасан журмаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл Н.Снь тодорхой хөрөнгийг Б Д ХХК-д шилжүүлсэн, Б Д ХХК нь түрээслүүлэгчид гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг Б Д ХХК нь Э.Этэй хийсэн байхад энэхүү баримтыг үндэслэн Н.Снь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан Б Д ХХК-иас 12 079 040 /арван хоёр сая далан есөн мянга дөчин/ төгрөг гаргуулах тухай Н.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН