Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0119

 


       
                                        
                                              


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0024/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000042 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг Олон Улсын их сургуулийн татварын нягтлан бодогчийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ***, 
Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Дархан-2 өртөөний төмөр замын гарамын ойролцоо ***улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэгийн 9.1, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1а, 10.6-д заасан заалтуудыг зөрчин иргэн Ч.***гийн жолоодож явсан Портер маркийн 99-27 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Д.***ы биед хүнд, иргэн ***ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан 2 төмөр замын өртөөний ойролцоо явж байсан. Тэр үед зам маш их халтиргаатай болсон байсан. Машин гулгаад урд явж байсан машиныг мөргөх нь гэж бодоод зүүн тийш дараад гартал урдаас ирж явсан цэнхэр өнгийн Портер маркын автомашинтай мөргөлдсөн. Тэгээд би эмнэлэгт сэрсэн. Энэхүү ослын улмаас миний машинд сууж явсан хохирогч ***хүнд,  *** хүндэвтэр гэмтсэн ба 3 хүний биед хөнгөн гэмтэл учирсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг зохих хэмжээгээр төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,                                                   
             2015 он/Шийтгэх тогтоол/ ***/215.2/ 
Хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 8-11 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “201412.30-ны өдөр найз ***ын хүү ***ын жолоодож явсан машинд сууж Дархан явсан. Дархан луу орж явахад жолоочийн хажууд сууж явсан ***тай юм ярьж байсан. Тэгтэл бидний сууж явсан машин машинтай мөргөлдчихсөн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн юм. Ослоос болж аарцагны яс хугарсан, хавирга, дал гэмтсэн. ***ын ар гэрээс эмчилгээний зардал мөнгө өгч байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.12.30-ны өдөр би 2 настай охиноо дагуулж найз ***гийн хамт түүний *** улсын дугаартай портер маркийн автомашинтай Сэлэнгэ аймгийн Сайхан сум явж байсан. Бид 3 Дархан 2-ын төмөр замын гарам гарах гэж байхад хар өнгийн суудлын тэрэг урсгал сөрөн гарч ирж ***гийн машины урдаас мөргөсөн юм. Энэ ослоос болж миний баруун гар тохойн дээд хэсгээрээ хугарсан. ***гийн хөмсөг язарсан. Харин миний охин биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй ээ. ***ын аав *** гэх хүн надад тухайн үед эмчилгээндээ хэрэглээрэй гээд 700 000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөнөөс 500000 төгрөгийг эмнэлэгт хэвтэж байхдаа зарцуулсан, үлдсэн 200000 төгрөгөөр эмчилгээнээс гарч ирээд эм тариа авахад зарцуулсан юм. Миний гэмтсэн гар эдгээгүй дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч З.*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.12.30-ны өдөр би найз ***ын хүү ***ын жолоодож явсан ***улсын дугаартай машинд дайгдаж Дархан-Уул аймаг руу хувийн ажлаар явсан. Тэр машинд мөн ***ын эхнэр ***, миний найз ***, ***,  ***ын ажлын залуу, найз эмэгтэйгийн хамт сууж явсан. Би жолоочийн хажууд сууж явсан. Дархан луу орж явсан. Төмөр замын гарам орчим явж байгаад хойноо сууж явсан ***, *** нартай ярилцаж эргэж харчихаад урагшаа харахад урдаас ирж явсан хөх өнгийн портер машинтай мөргөлдсөн. Энэ ослоос болж миний баруун талын хавирга хугарч гэмтсэн. Одоо миний биеийн байдал гайгүй болсон гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.12.30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Дарханы чиглэлд найз залуу ***ын хамт түүний ажлын газрын *** гэж хүний  хүүхэд болох *** гэж залуугийн Мазда Демо маркийн автомашинд зорчиж явсан. Найз залуу *** бид 3-аас ганда тэр машинд Сайхан сумын иргэд болох 3 хүн зорчиж явсан. Дархан 2-ын төмөр замын гарамын орчим урд нь явж байсан машины хажуугаар гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тийш дарахад өөдөөс ирж явсан хөх өнгийн портер машинтай мөргөлдсөн. Би осолд орж хэсэг ухаан балартчихсан байсан. Дарханы нэгдсэн эмнэлэг дээр ирээд ухаан орсон. Миний бодлоор 60-70 км цагийн хурдтай явсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч Ч.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.012.30-ны өдөр найз *** болон түүний 2 настай охин Буянзаяа нарын хамт гурвуулаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу мал худалдаж авахаар өөрийн өмчлөлийн    *** улсын дугаартай портер маркийн машинтай 13-14 цагийн хооронд Дархан 2-ын төмөр замын гармаар гарах гээд явж байтал өөдөөс хар хөх өнгийн суудлын тэрэг урд явсан суудлын машины зүүн талаар нь буюу миний явж байсан чиглэлийн өөдөөс урсгал сөрж гарч ирээд миний машины урд талаас мөргөчихсөн. *** энэ ослоос болж гараа хугалсан. Миний дух хэсэг шалбарсан гэмтэл авсан. Харин ***ын 2 настай охин Буянзаяа биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй ээ. Миний мэдэхээр тэдний нэг эмэгтэй биедээ маш хүнд гэмтэл авсан. Бүх хохирлыг барагдуулсан учир надад ямар нэгэн гэмтэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.12.30-ны өдөр найз эмэгтэй Цэмпилмаагийн хамт тухайн үед цуг ажилладаг байсан *** ахын хүү ***ын Мазда Демо маркийн автомашинтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Дархан руу явж байгаад 13  цагийн орчим Дархан 2-ын төмөр замын гарам дөхөж ирэхэд урд явж байсан тээврийн хэрэгсэл хурдаа хассан энэ үед миний сууж явсан машин тормоз гишгэсэн боловч хальтиргаатай байсан учраас гулгаж урд талын тээврийн хэрэгсэлийг мөргөх гээд байсан учир зүүн гар тийш бултуулж дарахад өөдөөс ирж явсан портер машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/,

Зам тээврийн байдал дээр тогтоосон осолын дүгнэлт: “ Жолооч *** овогтой *** нь Мазда Демо маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын ЗАмын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн  хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 10 дугаар зүйл 10.1а “... жолооч уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино гэсэн заалт мөн бүлгийн 10.6г төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Чулуун овогтой ***гийн жолоодож явсан Х.Портер маркийн *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан” гэх дүгнэлт /хэргийн 72 дугаар хуудас/

Шинжээчийн 114 дугаартай дүгнэлт:“... ***ын биед бугалага яс сэлтэрч хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. ГЗТЖ-ийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тудл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 78 дугаар хуудас/

Шинжээчийн 134 дугаартай дүгнэлт: “***ы биед хавирга, далны хугарал, аарцаг яс, умдагны хэсгээр хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ийн 3.1.15-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 82 дугаар хуудас/ 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2014.12.30-ны өдөр аав ***ын ***улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг жолоодоод ээж ***, аавын найз ***, *** нар болон аавын ажлын газрын залуу болон түүний найз эмэгтэй нарын хамт 6-лаа Дархан-Уул аймаг руу явсан. Дарханы дунд гарам дээр төмөр замын гармаар гарах гэж явтал урд явж байсан машин хурдаа хассан би араас нь мөн хурдаа хасахад замын гөлөөн дээр машин гулгахад нь зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу нь дарахад өөдөөс ирж явсан хөх өнгийн портер машины урдаас мөргөчихсөн. Тэнд байсан хүмүүс цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би портер машин дотор байсан хүмүүс болон өөрийн машин дотор байсан хүмүүсийн хамт эмнэлэгт хүргэгдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 130 дугаар хуудас/
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 150 дугаар хуудас/ зэрэг болно
*** нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Дархан-2 өртөөний төмөр замын гарамын ойролцоо ***улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэгийн 9.1, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1а,    10.6/г-д заасан заалтуудыг зөрчин иргэн Ч.***гийн жолоодож явсан Портер маркийн 99-27 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн ***ы биед хүнд, иргэн ***ын биед хүндэвтэр 3 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***/хэргийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 31-32 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, гэрч З.*** /хэргийн 36, 42 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 38 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, гэрч *** /хэргийн 45 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 44 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Зам тээврийн байдал дээр тогтоосон осолын дүгнэлт /хэргийн 69 дүгээр хуудас/, шинжээчийн 114 дугаартай дүгнэлт /хэргийн 75 дугаар хуудас/, шинжээчийн 134 дугаартай дүгнэлт /хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. 
Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах  үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтэнд шүүгдэгчээс хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэв.    

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж тогтоол хүчин төгөлдөр болмогц Делл маркийн компьютер битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хураагдаж ирсэн №864329 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхээр тогтов. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.   Шүүгдэгч ***ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин нэг хүний бие махбодид хүндэвтэр, нэг хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг/ хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан шүүгдэгч ***ад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

5.  Энэ хэрэгт хураагдаж ирсэн №864329 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц “Делл” маркийн компьютер битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид  төлөх төлбөргүй бөгөөд хохирогч ***цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг   гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
      9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           
                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА