Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0121

 

     


                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 Хэргийн индекс: 171/2015/0119/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Отгонсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, *** нарт холбогдох 201309000219 дугаартай хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** тоотод оршин суудаг, Тээврийн дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** /

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум *** тоотод оршин суудаг, Политехникийн коллежид оюутан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** /

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг *** хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэнд 310 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                             Тодорхойлох нь:
                                               
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3-р сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө найз *** бид хоёр ярилцаж байгаад шийдвэр гаргаад шөнийн 02 цагийн үед Шарын голд байдаг “***” дэлгүүрийн барилгын ар талын цонхоор нь орсон. Дэлгүүр дотроос гар утасны нэгж болон бэлэн 20,000 төгрөг авсан. Дэлгүүрээс авсан нэгжний талыг нь нуучихаад олохгүй байсан” гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр *** бид хоёр “Улаан уул” дэлгүүр лүү орж нэгж болон бэлэн мөнгө авсан” гэх мэдүүлэг, 
 
             Хохирогч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай хүнсний бараа зарж борлуулдаг дэлгүүрийн лангуун доод талд байсан нэгжний хайрцагнаас мобикомын 1000 төгрөгний нэг 190 ширхэг, 2500 төгрөгний нэгж 20 ширхэг, жи-мобайлын 2000 нэгж 10 ширхэг, бэлэн мөнгө ойролцоогоор 50 000 төгрөгнүүд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар хуудас/, 
         
             Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би Энх-Эрдэнийг цэвэрлэгч ***ээр дуудуулаад цагдаад мэдэгдсэн. Мобикомын 1000 төгрөгний 190 ширхэг, 2500 төгрөгний 20 ширхэг, нэгж, жи-мобайлын 2000 нэгж 10 ширхэг, бас мөнгөний хайрцганд байсан бэлэн мөнгө ойролцоогоор 40 000 төгрөгнүүд алдагдсан байсан” гэх мэдүүлэг / хэргийн 18 дугаар хуудас/, 

       Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 09 цагийн очим     цэвэрлэгч *** надруу утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход миний суудаг гэр ахуйн барааны дэлгүүрийн хойд талын хананд байрлах цонхны шил хагарчихсан, хамгаалалтын төмөр нь сөхөгдчихсөн, хана дагуу байрлуулж тавьсан төмөр тавиур түүн дээр өрж байрлуулсан байсан шилэн болон шаазан аяга тавагнууд газар унаад хагарчихсан байдалтай харагдсан. Тэгээд Энх-Эрдэнэ цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

     Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийн санахгүй байна. Тухайн өдөр би найз ***, *** нарын хамт юм ярьж сууж байхад ***, *** *** дэлгүүрээс эд зүйл хулгайлъя гэж хэлсэн. Тэгэхэээр нь би юу яриад байгаа юм бэ хулгай хийхгүй гэж хэлчихээд гэртээ харьсан. Тэгээд 2015.03.12-ны өдөр *** над руу утсаар яриад 2 жилийн өмнө *** бид 2 *** дэлгүүрээс хулгай хийсэн, цагдаа нарт баригдчихсан, тухайн үед чамтай хулгай хийх талаар хэлж байсан. Тэрний талаар чамаас асууж байцаалт авна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр Улаанбаатар хотоос ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 59 дүгээр хуудас/

    2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 65 дугаар хуудас/

    Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... найз ***ийн хамт *** дэлгүүрээс эд зүйл хулгайлахаар очоод хойд талын өргөтгөл браилгын цонхны хамгаалалтын төмрийг нааш татаж сөхөөд цонхных нь шилийг хагалж ***ийг дотогш оруулсан. *** дэлгүүрт орох үедээ хана дагуу байрлах лангууг унагааж түүн дээр тавьсан эд зүйлийг хагалчихсан. Тэгээд *** дэлгүүрээс гарч ирэх үедээ гар утасны цэнэглэгч картууд барьчихсан гарч ирсэн. Тэгээд хулгайлж авсан картныхаа талыг нь өгсөн. Яг хэдийг өгч байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/

    Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн орой найз ***ын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй дэлгүүрийн хойд талын өргөтгөлийн барилгын цонхны шилийг нь цохиж хагалаад би дотогшоо орох үед хөлөнд хана дугуй байрлах лангуу тээглэж улмаар лангуу нурж унан түүн дээр байсан аяга, тавагнууд газар унаж хагарсан юм. Тэгээд би цаашаа яваад хүнсний бараа зардаг хэсэг рүү орж гар утас цэнэглэх карт болон орлогын мөнгө хийдэг саван дотороос мөнгөнүүдийг аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан юм. Тэгээд *** бид 2 хулгайлж авсан нэгжнүүдээ 2 хувааж авсан. Нэгжний картуудаа гэр лүү авч орохоос айгаад гэрийн гудамжинд байрлах овоолсон аргалын доод талд хийгээд орхичихоод орж амарсан юм. Тэгээд 2 хоногийн дараа хулгайлсан нэгжнүүдээ авах гээд очиход байхгүй болчихсон байсан. Дэлгүүр лүү би ганцаараа орсон. *** цонхны хамгаалалт төмөрийг татаж өгчихөөд хүн хараад зогсож байсан юм. Бахь, овтерка 2 ашигласан. ***ын гэрээс авч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 81 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 91-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

           Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг *** хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж /цонхоор/ гар утасны нэгж, 50 орчим мянган төгрөг /эд зүйл/ хулгайлан авч хохирогч  *** 310 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч *** /хх 17 дугаар хуудас/, гэрч *** /хх 18 дугаар хуудас/, гэрч  *** /хх 19 дүгээр хуудас/, гэрч *** /хх 59 дүгээр хуудас/ нарын мэдүүлэгүүд, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

 Иймд шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд  заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Харин шүүгдэгч нарын хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.
 
       Шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч ***, ***  нараас  хохирогч хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь бичгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

 Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***ын нокиа маркын 3500 загварын гар утас, яллагдагч ***ийн нокиа маркын гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болсны  дараа устгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:                                                                          
    1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ад,  *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр ***ад 2 /хоёр/ жил хорих ял,  ***т 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 2 жилийн хорих ял, ***т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар              ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж,                 ***ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, ***ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.3, 134 дүгээр зүйлийн 134.10-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, ***, *** нар цагдан хоригдоогүй болохыг дурдсугай

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   
                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.МӨНХТУЯА