Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2020/00789

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ц-д холбогдох зээлийн барьцаанд байгаа 800 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, мөн 335 882 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хамт ажиллаж байсан Л.Э нь Орхон аймгийн Чандмань худалдааны төвийн зүүн талд орших Төрийн банкнаас цалингийн зээл авахад нь батлан даагчаар байтал 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Түүний төрсөн хүүхдүүд Г.Гантуяа, Г.Ганзориг, Г.Ц нар төлнө гэсээр төлөлгүй өдийг хүрсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлийн үлдэгдэл 3 407 645,6 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бусдад туслах гэсэн сэтгэл 0-12 насны 4 хүүхдээ хараад гэртээ нөхөр тогтсон ажил эрхлээгүй зэрэг амьдралд хүнд нөхцөл байдал үүсч байна. Иймд түүний хүү Г.Ц-гээс 3 407 645,6 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: “...Миний бие нь 2017 оны 5 сард БОЭТөвд хамт ажиллаж байсан Л.Э нь “надад туслаач, охин Гантуяа Сингапур улсаас ирсэн, буцаад явах зардлыг өгөх гэсэн юм, надад туслаач” гэж 7 хоног гуйхад нь 2017 оны 5 сарын 24-нд Орхон аймгийн Чандмань худалдааны төвийн зүүн талд орших Төрийн банкнаас зээл авахад нь батлан даагчаар оролцож 6 500 000 төгрөгийн цалингийн зээл авахад түүнд туслан гарын үсгээ зурсан. Би уг зээлээс данс руугаа нэг зуун төгрөг оруулаагүй, аваагүй юм. Гэтэл Л.Э нь 2018 оны 7 сарын 10-нд нас барсан. Түүний төрсөн хүүхдүүд Г.Гантуяа, Г.Ганзориг “бид төлнөө, төлнө” гэсэн боловч нэг ч төгрөг төлөгдөөгүй байсаар шүүхээс хариуцагчаар дуудаж 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 256 тоот шийдвэрээр зээлийн үлдэгдэл 3 407 645. 60 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хурлаар орохоос өмнө хүү Г.Ганзориг, охин Г.Гантуяа нар “төлнө, та орчих” гэсэн боловч өнөөдөр хүртэл нэг төгрөг ч төлөөгүй, өгөөгүй, өөрсдөө сураггүй, гадаадад гарсан зэргээр олдохгүй, холбогдохгүй болсон. Энэ байдал амьдралд минь хүндээр тусч шүүхийн шийдвэр гүйцэтгэлд гэрийн эд хөрөнгө хөргөгч, угаалгын машин, телевизор, хашаа байшин битүүмжлэгдэж, хүүхдийн мөнгө, бүх дансыг хаасан, нөхөр Өмнө-говь аймгийн Гашуунсухайтад хүний машин ээлжээр барьж байсан боловч хөл хорионы улмаас нөгөө газар нь нам зогсож одоо ажил, орлогогүй, би бага хүүгээ хараад гэртээ сууж байна. Ээжээрээ зээл авахуулан уг зээлийн мөнгийг авсан Г.Гантуяаг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж байна. Түүний бага хүү Г.Ц нь өөрөө тахир дутуугийн тэтгэвэртэй хэдий ч ээжтэйгээ хамт амьдрахдаа ээжээсээ байнга мөнгө авдаг, ээж нь тэжээж, тэтгэж, хооллож, хувцаслаж, банкнаас авсан зээлээ түүний хэрэгцээнд зарцуулж байсныг хамт ажиллаж байсны хувьд маш сайн мэднэ. Төрийн банкны Орхон салбартай 130400461464 тоот дугаартай зээлийн гэрээний барьцаанд талийгаач Л.Э нь өөрийн эд хөрөнгө болох 400 000 мянган төгрөгийн гэрийн эд хогшил, 260 000 мянган төгрөгийн soni маркийн 32 инчийн 2016 оны телевизор, 240 000 төгрөгийн Toshiba маркийн 2016 онд үйлдвэрлэгдсэн угаалгын машин, хөлдөөгч зэргийг барьцаалсан байгааг Иргэний хуулийн 520.4 “гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ” гэсэн заалтыг үндэслэн хууль ёсны өвлөгч түүний отгон хүү Г.Ц-гээс зээлийн барьцаанд байгаа 800 000 төгрөгийн гэрийн эд хогшлыг, мөн түүнд ногдох 335 882 төгрөгийн зээлийг гаргуулах шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Ц-гийн өмгөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...О.Огийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Г.Ц нэхэмжлэгч О.О-д 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны зээлийн гэрээнд заасан 3 4078 645,6 төгрөгийг төлж барагдуулна гэсэн бичгийн нотлох баримт байхгүй. Зохигчдын хооронд хийсэн хэлцэл болон гэрээ хийгдээгүй болно. Мөн барьцааны зээлийн гэрээнд зээлдэгч нас барсаны дараах үүргийн гүйцэтгэлийг хангах талаар зохицуулаагүй байна. Иймд тус шүүхэд гаргасан О.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.......Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ц-д Э-гаас эд хөрөнгө өвлөгдөөгүй. Энэ нь нотариачдын танхимаас ирсэн албан бичгээр нотлогдоно. Э, О нар 6.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй ижил үүрэгтэй. Эрдэнэтуяа нь өөрийн төлөх төлбөрөө 50 хувиас хэтрүүлээд төлсөн. Гэр бүлийн 5 хүний барьцаанд тавихыг зөвшөөрсөн баримт байхгүй, гарын үсэг зуруулаагүй учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдож байна. Барьцааны гэрээний 2.1.8 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг тодорхой тусгаагүй байна. Энэ барьцаа хөрөнгийг банкинд барьцаалсан болохоос О.О-д барьцаалаагүй. Барьцаанд тавьсан гэдгийг гэр бүлийнхэн бүгд мэдээгүй байгаа. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрлэснээс хойшхи бүх эд хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө байна гэж заасан байгаа. Барьцаанд тавихаар бол гэр бүлийн бүх гишүүдэд мэдэгдэж, гарын үсэг авах ёстой. Насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс хүртэл ээж аав нь гарсан үсэг зурдаг. Барьцаа болон өв залгамжлал ярих хууль зүйн үндэслэлгүй. 2019 онд банк болон О.О нарын хооронд гарсан захирамжаар аль хэдийн хэрэг шийдэгдээд дууссан хэрэг дээр өөрийн болон бусдын цаг хугацааг үрэх шаардлагагүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О хариуцагч Г.Ц-д холбогдуулан 3 407 645,6 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Г.Ц-гээс зээлийн барьцаанд байгаа 800 000 төгрөгийн гэрийн эд хогшлыг, мөн түүнд ногдох 335 882 төгрөгийг гаргуулна” гэж өөрчилсөн.

Зээлдэгч Л.Э, хамтран зээлдэгч О.О нар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Төрийн банк” ХХК-ийн Орхон салбартай 130400461464 дугаартай зээлийн гэрээ байгуулж 6 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэйгээр зээлж барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн тавилга эд хогшил, 32 инчийн телевизор, хөлдөөгч, угаалгын машиныг барьцаалсан байх бөгөөд зээлдэгч Л.Э нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас баржээ.

“Төрийн банк” ХХК-ийн Орхон салбар хамтран зээлдэгч О.О-д холбогдуулан 3 407 645,6 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00256 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж, хариуцагч О.О-гаас үндсэн зээлийн төлбөр 3 175 619,28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 232 026,55 төгрөг, нийт 3 407 645,60 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч О.О дээрх төлбөрийг Л.Э-гийн 3 хүүхэд хувааж төлөх ёстой бөгөөд Г.Ц Л.Э-тай хамт амьдарч байсан тул зээлийн барьцаа болох 800 000 төгрөгийн гэрийн эд хогшлыг, мөн түүнд ногдох 335 882 төгрөгийн зээлийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, дээрх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “О.О болон Г.Ц нарын хооронд уг зээлийг төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, гэрийн эд хогшлыг охин Г.Гантуяа нь авч өгсөн Л.Э-гийнх биш” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.Үндэслэл нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2.-д Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520.4.-д Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ, 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасан.

Г.Ц талийгаач Л.Э-гийн төрсөн хүү, түүний хууль ёсны өвлөгч мөн болох нь зохигчдын тайлбар, 112/002588 дугаартай Г.Ц-гийн төрсний бүртгэлийн лавлагаагаар, тэрээр эх Л.Э-г нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа.

Тиймээс гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ.

Өвлүүлэгч Л.Э нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Төрийн банк” ХХК-ийн Орхон салбараас 6 500 000 төгрөгийн зээл авахдаа О.О-г хамтран зээлдэгчээр буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан, шүүх О.О-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасныг баримтлан түүнээс зээлийн үлдэгдэл 3 407 645,60 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-нд олгож шийдвэрлэсэн.

Хэдийгээр О.О нь банкны өмнө үүрэг хүлээсэн боловч 6 500 000 төгрөгийг банк Л.Эгийн 130400461464-20002000 гэрээт цалингийн дансанд шилжүүлсэн, энэ зээлээс О.О мөнгө авсан болох нь тогтоогдохгүй байна. Тиймээс өвлүүлэгч Л.Э-г О.О-гийн өмнө үүрэг хүлээсэн, түүний үүргийг өвлөгч Г.Ц өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээнэ гэж үзлээ.

Иймд хариуцагч Г.Ц-г өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй тул өвлүүлэгч Л.Эгийн өвийг хүлээн авсан, гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч Г.Ц-д шилжсэн, тэрээр өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж үзэж хариуцагчаас үзлэгийн явцад тодорхойлогдсон гэрийн эд хогшил буюу улаан өнгийн гал тогооны өрөөний тавилга, бор шаргал өнгийн зочны өрөөний тавилга, улаан хүрэн өнгийн буйдан, sony 32 инчийн телевизор, rotenzo угаалгын машин зэргийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үзлэгийн явцад хөлдөөгч байгаа нь тогтоогдоогүй, дээрхи гэрийн эд хогшлоос өөр өвийг хариуцагч хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул 335 882 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрийн эд хогшлыг Г.Гантуяа өөрөө худалдаж авсан, Л.Э-гын эд хөрөнгө биш” гэж маргаж байх боловч энэ тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй ба Л.Э өөрийн хөрөнгө гэж барьцааны зүйл болгон банкинд барьцаалуулсан, банк уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд хандаагүй, шүүхийн шийдвэрээр хариуцагч О.О-гаас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үнээс нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлээгүй тул Г.Ц-д шилжсэн гэрийн эд хогшлыг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 480 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2., 520 дугаар зүйлийн 520.4.-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гээс гэрийн эд хогшил буюу улаан өнгийн гал тогооны өрөөний тавилга, бор шаргал өнгийн зочны өрөөний тавилга, улаан хүрэн өнгийн буйдан, sony 32 инчийн телевизор, rotenzo маркын угаалгын машин зэргийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хөлдөөгч, 335 882 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 480 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА