Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0127

 

     


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс 171/2015/0052/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
            Иргэдийн төлөөлөгч **г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000752 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын  13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1 1-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***, /

2. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Агро Экологийн бизнесийн сургуулийн маркетинг менежментийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***, /
                                                                             
3. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн үйлдвэрлэлийн механикжуулалтын 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***, /

            Холбогдсон хэргийн талаар: 
            Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “***” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газар ***ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож танхайрсан,
            
            Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “***” худалдааны төвийн гадаа ***ыг газар унагаж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан,
            
            Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “***” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газар болон “***” худалдааны төвийн гадна ***тай маргалдаж харилцан зодолдож ***гийн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

            Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 сарын 07-ны өдөр *** бид хоёр PС тоглож байгаад маргалдаад би ***ыг очоод 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 сарын 07-ны өдөр 17:00 цагийн үед гэртээ байж байгаад захруу ороод тэндээсээ ***тай яриад хувцасыг нь аваачиж өгөөхөөр утсаар ярьсан чинь үйлчилгээний төвийн тэнд байдаг *** төвийн ПС тоглоомын газарт байна гэхээр нь тэнд нь очоод залгасан чинь утсаа тасдаад байсан тэгэхээр нь гарч ирж байгаа юм байна гээд хүлээгээд байж байтал ***, ***той маргалдаад гарч ирэхээр нь би машинаас буугаад шугам сүлжээний ажил хийгээд нүх ухсан байсан тэрийг нь тойроод очход энэ хоёр зодолдоод харилцан цохилцоод салаад би чамайг урд хүнээс өмөөрч байсан гээд маргалдаад байсан. Эхлээд юу ч мэдээгүй байсан намайг нүх тойроод ирэхэд зодолдоод яг салж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад *** хэрэлдэж байгаад ***гийн хамар луу шууд урдаас нь цохисон тэгээд хоёулаа барилцаж авахаар нь би араас нь ***ыг татсан чинь салахгүй байсан тэгэхээр нь би хүчтэй татсан чинь эрчиндээ саваад унасан. Тэгээд газар унаад ухаан алдахаар нь түргэн дуудах гэснээ би өөрөө машинтайгаа эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 сарын 07-ны өдөр *** худалдааны төвийн ПС тоглоомын газарт тоглоод сууж байхад *** ***тэй сүүлд орж ирээд хажуу талд суугаад тоглосон тэгээд *** намайг урд ороод яв гээд хараахад нь чи юу гээд байгаа юм бэ гэхэд *** хажуу талаас орж ирээд чи зодуулаад явдаг байсан биздээ гэж намайг хэл амаар доромжлоод толгойруу 2-3 удаа цохисон би ***г сайн танихгүй сургууль дээр зүс харж байсан” гэх мэдүүлэг,

    Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр манай найзууд хотоос ирсэн байсан би үйлчилгээний төв дээрээс тосож авчихаад Гүүд лакк гэдэг газар орох гээд шатаар гарч байхад урдаас хэдэн хүүхдүүд муудалцсан гарч ирж байсан. Шатнаас бууж байх явцдаа хоорондоо жаахан гар хүрэлцэж байх шиг байсан. Тэгэхэд бид нар цаана шатан дээр байж байхад цаана нэг машин зогсоод *** гарч ирээд ***, *** энэ хоёрыг зодолдож байхад нь салгасан тэгээд олон нийтийн газарт зодолдож байсан болохоор тэрүүгээр явж байсан наад хүмүүс болиулаад цагдаа дууд гэж хэлж байсан. Тэгээд нэг хэсэг хальт зодолдохоо болчихсон байж байгаад дахиж нэг нудрага зөрүүлэх шиг болсон. Тэгээд ***, ***ыг хойноос нь татаад *** унасан тэгээд хүмүүс наад залуугаа эмнэлэг хүргэж өг гээд орилоод байсан гэв.” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон сэжигтэнээр өгсөн: “ ...2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим байх цагийн сайн мэдэхгүй байна. ПС тоглоомын газар тоглоод байж байсан чинь *** тоглоомоос болоод ***тэй маргаад байхаар нь би хажуунаас нь *** чи урдаа ороод явчихгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь *** юу гээд байгаа юм бэ? чамд ямар хамаатай юм бэ өөрөө урд ороод яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод юу гээд байгаа юм бэ гээд гараа далаасан чинь *** чаддаг юм бол цохиод ав гэхээр нь би 3 удаа баруун хацарруу нь алгадсан юм. Тэгсэн *** болъёо гээд гараад явчихсан. Намайг тоглоод байж байхад 17 цагийн үед гаднаас *** орж ирээд баруун хацар руу нь шууд цохиод, сандал дээрээс намайг татаж унагаасан, би босоод ***той зууралдаад байж байсан чинь ПС тоглоомын газар байж байсан хүмүүс бид 2-ыг гар гээд бид 2 гадаа гарсан чинь *** баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд харилцан зодолдсон гэхдээ бид хоёр нэг нэгнийхээ нүүр орчим ганц нэг л хальт цохилдож байсан, сүртэй зодоон болоогүй. Харин РС тоглоомын газар байхад *** орж ирээд цохиход миний баруун талын дээд, доод нэг, нэг араа шүд хугарчихсан юм. Гадаа харилцан зодолдож байгаад болиод маргаж байхад *** миний хамар руу гараараа гэнэт цохиод авсан тэр үед миний хамар гэмтчихсэн юм. ***ыг  ***г хувцаснаас арагш татсан чинь *** арагшаагаа хүчиндээ уначихсан. *** газар ухаан алдаад, чихнээс нь цус гарахаар нь эмнэлэг рүү ***гийн машинаар аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12, 41 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед гэрээсээ гарахдаа ***гийн ажлын хувцасыг машинд байхаар нь хүргэж өгөхөөр ***руу утсаар ярихад *** ПС тоглоомын газар байна гэж хэлсэн. Би Дархан зах ороод гэртээ сантехникийн зүйл аваад захаас гараад *** худалдааны төв рүү очоод *** руу машиндаа сууж байгаад залгахад *** утсаа салгаад удалгүй ПС тоглоомын газраас хохирогч хүүхэдтэй зодолдоод гарч ирсэн. Тэгээд хохирогч *** хоёр дахиад барьцалдаад  авахаар нь би салгах гэж ***ын ар нуруу хэсэг буюу хувцаснаас хоёр гараараа бариад эхлээд татахдаа салахгүй байхаар нь хоёр дахь удаагаа арагш нь татахад *** хойшоо хүчиндээ савж унаад босож ирэхгүй ухаангүй байхаар нь би эмнэлэг рүү өөрийнхөө машинаар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/,

            Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон сэжигтэнээр өгсөн: “ ...2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр РС тоглоомын газар ***, ***, би дахиад нэг хүүхэд байсан бид нар нэг баг болоод тоглоом тоглож байхад *** эхлээд намайг тоглоомноосоо болоод хараасан, би яг юу гэж хараасаныг мэдэхгүй байна, ***ийн өөдөөс би чи юу гээд байгаа юм бэ гэх мэдээр үг сөрөөд байж байхад хажуунаас *** “Чи хэзээ ийм байсан  юм, зодуулаад л явдаг биз дээ” гэж хэлээд над руу шууд толгойны баруун хажуу талаас гараараа 2 удаа цохихоор нь би за больёо гэж хэлээд ПС тоглоомын газраас гарч явсан. ПС тоглоомын газраас гараад найз Хүдрийн гар утас руу залгахад Хүдэр байрандаа байна гэхээр нь ангийнхан утасаа авахгүй байна, чи гараад ирээч найз нь байрны чинь гадаа байна гэж хэлсэн. 16 цаг өнгөрөөд 17 цаг болж байсан байх Хүдэр байрныхаа гадаа гараад ирэхэд би намайг зүгээр байхад *** зодлоо, би очоод ***тай уулзъя, чи хараад байж бай гэж хэлээд Хүдрийг дагуулаад ПС тоглоомын газар очоод Хүдэрийг чи гараад байж бай, би дээшээ ороод ***тай уулзаад ирье гэж хэлээд Хүдэрийг гадаа үлдээгээд би дотогш ороход *** тоглоод байж байхаар нь эхлээд толгой руу шууд гараараа 2 удаа цохиход *** сандалнаасаа шалан дээр унасан. *** босож ирээд надтай барилцаж авахад тоглоомын газар байсан хүмүүс бид хоёрыг гадаа гарч хэрүүлээ хий гээд бид хоёр гадагш гарч байхад *** хүнтэй утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Гадаа гараад бид хоёр харилцан бие биенийхээ нүүр бие рүү цохиж зодолдсон, тэгж байгаад салахад *** би чамайг өмөөрөөд явдаг биз дээ тэрийгээ санаж байна уу гэж хэлээд над руу ойртоод байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг цохисон чинь *** надруу дайраад миний мөр дээгүүр гараараа оруулаад тэврээд авахаар нь би ***гаас салах зорилгоор гэдэсээр нь гараа оруулаад тэвэрч аваад цааш нь бас түлхсэн, тэр үед миний ардаас хүн тэврээд авах шиг болсон, тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн ухаан орсон” гэх мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/,

            Гэрч ***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10 дугаар хуудас/,

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Одоо сар өдрийн сайн санахгүй байна. *** худалдааны төвийн ПС тоглоомын газар тоглож байхад хажуугийн өрөөнд хүмүүс тоглоомноосоо болоод маргаад байх шиг байсан би яг ямар хүмүүс тухайн үед маргаад байсан талаар хараагүй ээ. ПС тоглоомын газраас гараад яг үүднээс нь харахад ***, *** хоёр хоорондоо маргаад хажуунаас нь хүмүүс боль гээд байсан, тэгээд нэг харахад ***, *** хоёр маргахаа болиод салсан чинь, *** муудалцаж байгаад ***гийнхаа хамар руу цохьсон чинь ***гийн хамарнаас цус гарч байгаа харагдсан. Тэр үед *** машинтай ирж таараад тэр хоёр дээр очоод салгах гээд боль гээд ***ыг хувцаснаас нь 2 гараараа барьчихсан боль гээд татаж байхад *** *** руу дайраад байсан. Тэгсэн ***ыг *** 2 гараараа ард талаас нь угзараад татаж харагдсан. Нэг мэдэхэд *** газар уначихсан байсан. Би ***ыг яг тухайн үед яаж байгаад унасан талаар нь сайн хараагүй. ....Би зодоон болж байхад наанаас наадахаа болиул гээд хэлж байгаад өөр тийшээ анхаарал саринсан зүйл байгаа, нүдээ салгахгүй зодоон харж байсан зүйл байхгүй, намайг харахад *** ***ыг салгах гээд ардаас нь хоёр гараараа татаж байсан. Нэг мэдэхэд тас гээд чимээ гарахад нь харахад *** газар ухаан алдчихсан байсан. Тиймээс би *** ***ыг салгах гээд ардаас нь хоёр гараараа татахдаа өргөөд шидсэн, эсвэл *** ***г татахад арагшаагаа унасан талаар бол хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн ... дүгээр хуудас/,

            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.10.07-ны өдөр 15 цагийн үед бид нар тав таваараа хуваагдаад “***” худалдааны төвийн ПС-нд тоглож байгаад ***, *** бид 3 нэг баг байсан юм. Тэгээд би ***ыг замаа гэрэлтүүлээд өгөөч, чи ямар муу тоголдог юм, урд ороод яв гэж хэлсэн. *** явж чадахгүй гэж хэлсэн. Харин ***тай яриагүй байхад хажуунаас *** *** руу уурлаад чи ер нь аятайхан тоглооч, ер нь яагаад байгаа юм, ямар том болчихсон юм бэ гэсэн *** би яачихсан юм зүгээр байгаарай гээд тэр 2 хоорондоо үг сөрсөн, *** босож очоод ***ын нүүр рүү нэг удаа алгадаад, толгой орчим нь хоёр удаа цохьсон би босоод ***г салгасан юм. *** босож ирээд та нар бүр ингэдэг болсон уу гэж хэлээд  гараад явсан юм. Би нар үргэлжлүүлээд тоглоод байж байхад *** 17 цагийн үед гаднаас орж ирээд ***г сандалтай нь унагаад нүүр орчим нь ганц нэг цохиж аваад гаръя гээд гадагшаа гарсан. *** би чамайг 2-р курст чинь өмөөрч байсанг чи мартчихсан уу гэж ***од хэлсэн чинь *** хэзээ хаана гээд, дунд хуруугаа гаргаад байсан. Тэгээд ганц нэг биерүүгээ цохилцсон. Нэг мэдсэн *** ирчихсэн хараад байж байгаад *** ***г наадахаа алаад хаячихаач гэж хажуунаас нь хэлсэн. Хүдэр ***г татаж салгаад жаахан цаашлуулсан тэгсэн *** ***ын араас баруун гараараа гэдсээр нь ороогооод дээш нь өргөөд газар шидчихсэн, тэгсэн *** явган хүний хатуу цементэн зам дээр толгойгоороо эвгүй унаад таталт өгөөд огиод бөөлжөөд эхэлсэн, Хүдэр бид хоёр *** дээр очиход зүүн талын чихнээс нь байсан байх, би санахгүй байна цус гарч байсан. Тэгээд би өвдөг дээрээ тавиад толгой нь  хагарсан юм болов уу гэж үзэхэд толгойноос биш чихнээс цус гарч байсан юм. *** холдож байгаач гээд ***ыг сэрээрээ гээд хацарруу нь аяархан алгадаж үзээд тэгээд шууд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.10.07-ны өдөр *** худалдааны төвийн Гүүд РС тоглоомын газар тоглож байхад *** алга болдог баатар авчихсан байсан, тэгсэн ***ээ ***од урдаа гараад замаа гэрэлтүүлээд явчих чи муу тоглож байна, урдаа гараад явчих гэж хэлсэн тэгсэн харин *** би чадахгүй гэсэн тэгсэн *** хажуунаас нь ***ыг чи ямар төм юм бэ гэж хэлээд ***той маргаад байх шиг байсан, би чихэвч зүүсэн байсан болохоор хоорондоо юу яриад маргаад байсан талаар сайн сонсож чадаагүй, тэгтэл *** босоод ***ыг сууж байхад нь толгой нүүр орчим нь 2-3 удаа гараараа цохиж байсан. *** больёо гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа *** ганцаараа гаднаас орж ирээд ***г тоглож сууж байхад нь гараараа ***гийн нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод гараад ир, хоёулаа үзье гэсэн. РС тоглоомын газар байсан хүмүүс хамт гарцгаасан намайг гарахад гадаа ***, *** хоёр хоорондоо холоос нэг нэгнийхээ биерүү ганц нэг цохилцоод, хааяа зууралдаа байж байсан, гэхдээ уг үйлдэл 5-10 минут л үргэлжилсэн. Хэн нэгнийгээ газар унагааж цохиж зодсон үйлдэл болоогүй ээ. Тэгээд тэр хоёр маргаад цохилцож байхад *** хаанаас гарч ирсэнг мэдэхгүй ирчихсэн байсан. ***г Хүдэр гарнаас нь бариад салгаж байхад *** ***ын ар талаас баруун гараараа гэдэс хэсгээр нь тэврээд дээш өргөхөд *** маш хүчтэй  толгойныхоо баруун ар талаар явган хүний хату узам дээр унаад шууд баруун чихнээс нь цус гараад амнаас нь цус гарах гээд байгаа юм шиг цус шиг улаан зүйл гараад *** “Өө өө” гээд маш зөөлөн дуугараад байсан. Тэгээд *** зүгээрүү гээд ***ыг зөөлөн хоёр алгадаж үзээд шууд өөрийнхөө машинаар эмнэлэг аваад явсан.  ” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,
 
     Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014.10.07-ны орой 17 цагийн  орчим байх үйлчилгээний төв дээр ганцаараа явж байгаад найз Ганзаяатай таараад *** худалдааны төвийн урдуур явж байхад хүүхдүүд зодолдож байсан дөхөөд очиход Намуундарийн ахыг том биетэй залуу биеийх нь хойд талаас нь нэг гараараа оруулаад тэврээд өргөөд шидсэн. Намуундарийн ах газар унаад ухаан алдчихсан. Би аль талын гэдгийн санахгүй байна. Нөгөө шидсэн залуу Намуундарийн ахыг машинтай эмнэлэгрүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн .. дүгээр хуудас/,
     
            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.10.07-ны өдөр 17 цагийн үед би дотуур байрандаа усанд орж ороод байж байхад над руу *** утсаар яриад байрны чинь гадаа байна хурдан гараад ирээч гэсэн. Намайг гараад очиход *** ганцаараа байж байсан, чи л утсаа авлаа найз нь ПС тоглоомын  газар тоглож байгаад нэг хүүхэдтэй  маргасан, тэгсэн намайг босож ирээд цохьчихлоо, чи гхажууд байж байгаач би нөгөө хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм гэж хэлсэн. Би ***ын хамт *** худалдааны төвийн гадаа очоод гадаа нь  үлдсэн *** дотогшоо ороод удалгүй дотор зодолдох чимээ гарахаар нь ардаас нь би ороход *** гэх залуутай барьцалдаад  зогсож байсан. Тэгсэн ПС тоглоомд байсан хүмүүс гар гээд хөөгөөд тэр хоёр гадагшаа гарсан. *** надад байж байгаарай бид хоёр ийшээ буугаад уулзчихаад ирье гэж хэлээд ПС тоглоомын шатнаас доошоо уруудаад явган хүний зам дээр очоод *** нөгөө бандитайгаа юм яриад 2-3 минут л болсон байх харилцан бие биенээ цохилцож байхад *** гэх залуу машинтай ирж таарсан. ***, *** хоёр хоорондоо цохилцохоо болиод хэсэг маргалдаж байгаад дахиад ганц нэг цохилцсон чинь *** ***ыг ардаас нь бариад авсан. Тэгэхээр нь би салгах гэж байгаа юм байх гэж бодоод ***гийн ардаас барьж аваад арагшаа болгочихоод эргээд хартал *** газар уначихсан толгой нь далийгаад хүзүүгээрээ татаад байсан. Би сандараад гүйгээд очиход ***ын чихнээс цус гарч байсан. ***гийн машинтай ***ыг аваад шууд эмнэлэг явцгаасан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

            Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдэд: 
1. Шинжээч эмч ***ийн дүгнэлт: “***ын биед учирсан суурь хугарал, баруун чамархайн хатуу хальсны доорх цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр, хатуу гадаргуутай зүлй дээр унах үед үүсэж болно” /хэргийн 19 дүгээр хуудас/

2. Шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1166 тоот дүгнэлт: “... ***гийн биед хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд 7-р шүд, доод 8-р шүд эмтэрсэн, салстад сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хэргийн 21 дүгээр хуудас/,

3. Шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1212 тоот дүгнэлт: “... ***ын биед суурь ясны хугарал, баруун чамархайн хатуу хальсны доорх цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /хэргийн 23 дугаар хуудас/ 

4. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 335 дугаартай давтан хийлгэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт “1.2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1212 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.***ын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу бүрхүүл дээрх цус хуралт, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. ***ын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаана. 4. 2014.10.10-ны  өдрийн 1166 тоот акт үндэслэлтэй байна. 5. Рентген зургийг уншуулахад хамрын яс хугаралтай байна”  /хэргийн 276-277/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53, 70, 80 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч  *** *** нар нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “***” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газар тоглож байгаад муудалцан *** бусдыг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн ***ын толгойн  тус газар цохиж зодон нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  шүүгдэгч  *** ***д цохиж зодуулснаасаа болж тоглоомын газраас гарч явсан ба хэсэг хугацааны дараа тоглоомын газарт эргэж ирэн ***г цохиж түүнд хандан “зүгээр байхад цохих ямар байна” гэж хэлэн маргалдан тоглоомын газраас гарч “***” худалдааны төвийн гадна ***тай харилцан зодолдож ***гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч *** нь  ***д хувцас өгөхөөр “***” худалдааны төвийн гадаа  очих  үед  ***, *** нар муудалцан ноцолдож байхад нь *** ***ыг салгахаар  тэвэрч өргөн явган хүний засмал зам дээр унагаснаас түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10 дугаар хуудас/, гэрч Б.***ийн  /хэргийн 13 дугаар хуудас/, гэрч ***ийн  /хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч ***ийн  /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч ***гийн /хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Д.***ын /хэргийн 17 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1166, 1212 акт /хэргийн 21,23 ху/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн  335 дугаартай дүгнэлт /хэргийн 276-277 хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, ***г бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг,  ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ***, *** нарт хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

     Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчид гаргасан шүүмжлэлдээ: Шүүгдэгч  ***гийн  өмгөөлөгч  Ц.Гэнэндулам ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэргийн сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй. Хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч ***гийн үйлдлээс болоогүй. Хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах санаа зорилго байгаагүй. Хохирогч ***ыг салгах зорилгоор татаж тавихад унасан байх боломжтой тул бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах  Эрүүгийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн  97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар ***д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн   зөвшөөрөхгүй шүүгдэгч ***, *** нарын үйлдэл холбоотой, зодооныг салгахын оронд шүүгдэгч *** “Наадахаа алаад хаячих” гэж хэлээд ***ыг өргөж шидсэн байдаг тул танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсэн гэж үзэж байгаа тул шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 болгон өөрчлөн зүйлчлүүлэх санал гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй  гэж үзэв. 

Учир нь  шүүгдэгч *** нь ***, *** хоёрыг ноцолдож байхад  ***ыг салгахаар тэвэрч өргөн явган хүний засмал зам дээр унагасан тэр агшинд   хохирогч *** ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний бие махбодид  хүнд гэмтэл /тархиндаа/ учирсан байсан нь ***гийн хийсэн гэмт үйлдэлтэй хохирогчид учирсан гэмтэл шууд шалтгаант холбоотой болохыг нотолж  байна. 

     Харин шүүгдэгч *** нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа шууд бус санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүгдэгч ***г танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа боловч хэрэг гарсан шалтгаан болсон үйл явдал зэргээс дүгнэхэд  ***г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна. 

     *** нь хохирогч ***од эмчилгээний зардалд хавтас хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдсон төлбөрийг төлсөн болох нь мөнгө өгсөн баримт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам хохирогчид цаашид гарах эмчилгээний зардалд  20 сая төгрөг өгөхөөр авчирсан өгнө гэснийг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байцаалт өгч байсан хохирогч ***ын ээж *** мөнгийг хүлээн авахгүй хохирогч ***од цаашид эмчилгээ хийлгүүлэхдээ ***гийн гэрийхэнтэй хамт явуулж хийлгүүлнэ гэж мэдүүлсэн болно. 

Иймд  хохирогч ***  нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа тул цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
         
Шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
         
Шүүгдэгч *** нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн  бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөхгүй тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч *** нь  хорих ял оногдуулах гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн хохирлыг төлсөн, хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.  
           
Шүүгдэгч  *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон боловч энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул түүнд ял оногдуулах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан болно. 

Гэтэл шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул ***од холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан үндэслэлээр мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар ***ыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      Шүүгдэгч ***, *** нар мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг  дурдаж шийдвэрлэв. 
  
             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
 
1. Шүүгдэгч ***г бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг, шүүгдэгч ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
             
            3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч ***г 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн  хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
                5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,               1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.        
              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***д  мэдэгдсүгэй
               7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.


               
                                     ДАРГАЛАГЧ 
    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Б.МАНЛАЙБААТАР

                  ШҮҮГЧИД                  Ж.МӨНХТУЯА
                                    
                                   Т.ЭНХЖАРГАЛ