Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0129

 

     


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс 171/2015/0149/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000057 дугаартай хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын***тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***

2. Монгол Улсын иргэн,  -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 6, эцг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
           Яллагдагч *** нь яллагдагч ***тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журам ноцтой зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 20 дугаар байрны гадна 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 
Яллагдагч *** нь яллагдагч ***той бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журам ноцтой зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хууяин хорооллын 20 дугаар байрны гадна 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 


           2015/шийтгэх тогтоол/***, *** нар/145.2/doc
                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *** бид хоёр уулзаад кино үзэхээр Соёмбо орсон, киноны цаг арай болоогүй байсан, цагаа хүлээнгээ үйлчилгээний төвийн тэндээс том пиво авч уугаад биллъярд тоглосон. 19:00 цагийн үед тэндээс гараад Соёмбо руу явах замд ***той таарсан. *** муухай хараад байх шиг санагдаад байхаар нь чи яагаад муухай хараад байгаа юм бэ? гэсэн чинь тэгээд яаж харах ёстой юм бэ? гэсэн, тэгэхээр нь уур хүрээд би шууд цохисон, намайг зөрүүлж цохиод миний дээрээс дараад унасан, би доор нь орсон болохоор  юу ч харахгүй байсан, тэгээд *** намайг өмөөрч зодолдсон, тэгсэн чинь ах, эгч хоёр ирээд бид хэдийг салгасан, тэгээд би зам хөндлөн гараад явж байсан чинь 1 эгч хүрч ирээд чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ? гээд алгадсан, би ч гэсэн цохиулчихлаа гэсэн чинь тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Цагдаа дуудсан учир наанаа байж бай гэсэн. Тэгээд байж байтал ***ын 2 найз нь ирээд чи яасан овоо юм бэ? гээд намайг 2, 3 цохисон” гэх мэдүүлэг,
 
            Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *** бид хоёр уулзаад кино үзэхээр Соёмбо орсон чинь кино эхлээд 20 минут өнгөрсөн байсан. Тэгэхээр нь 19:00 цагийн кино үзэхээр болоод цагаа хүлээнгээ биллъярд тоглоё гээд үйлчилгээний төвийн тэнд байдаг Манхан дэлгүүрээс пиво авч уугаад биллърд тоглосон. Тэгээд киногоо үзье гээд гараад явж байтал ***той тааралдсан. *** чи яагаад муухай хараад байгаа юм бэ? гэсэн чинь *** тэгээд яаж харах ёстой юм бэ гэсэн. Тэгээд энэ хоёр зодолдсон. Унахдаа миний цамцны малгайнаас татаж унасан, би гарыг нь салгах гэж гар руу нь өшиглөсөн, тэгээд би энэ хоёрыг салгаад байж байтал, хөндлөнгийн нэг хүн миний хөл дээр гишгэсэн, би чи яагаад байгаа юм бэ? ууснаа аятайхан шингээгээч гэсэн чинь нөгөө хүн чинь яваад өгсөн. Тэгээд ах, эгч хоёр ирээд та нар яагаад зодолдоод байгаа юм бэ? больцгоо гээд, бид хоёрыг зам гаргаж өгөөд таксинд сууцгаа гэсэн, нэг такси ирж зогсоод суух гэтэл *** хүрч ирээд би гомдолтой байна, гээд явуулаагүй. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз ***ын хамт Дархан Соёмбо кино театарт “Танхай тээгч” гэдэг кино үзэх санаатай 2015.01.16-ны шинэ Дарханд орж ирсэн. Уг кино 19 цаг 10 минутаас гарна гэсэн тул киноны цаг хүлээнгээ нэг байрны доод талын подволын биллъярдны газар ***ын хамт билльярд тоглохоор болоод үйлчилгээний төвийн тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн нэг савтай Боргио пиво худалдаж авч ***ын хамт биллъярд ороод тэндээ биллъярд тоглонгоо ***ын хамт тэр пиво хувааж уусан. Биллъярдны газраас 19 цаг болж байхад ***ын хамт гараад хуучин хорооллын 20 дугаар байрны орчим ***ын хамт явган явж байхад хажуугаар нэг танихгүй залуу /одоо бол танина нэргийг нь  *** гэдэг гэсэн/ надруу муухай хараад зөрөөд өнгөрөөд явахаар нь би тэр залууг муухай хараад байна уу чи гэтэл тэр залуу миний өөдөөс яаж харах ёстой юм гэсэн. ... би халамцуу байсан болохоор уураа барьж чадалгүй тэр залуу руу очоод өөр зүйл хэлээгүй нүүрний хэсэг рүү нь цохисон... Тэгээд бид доор нь ороод хөдөлгөөн хийж чадахгүй байтал *** хөөш чи яагаад байгаа юм гээд тэр залууг нилээд хэдэн удаа цохиж байхыг нь би харсан боловч тухайн үед ***ыг би тэр зулуугийн яг хаашаа нь хэдэн удаа цохисоныг хараагүй. ...Тухайн үедээ *** бид 2-н хэн хэн маань согтуу байсан тул биеэ барьж чадахгүй ийм хэрэг хийчихлээ. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас/,

            Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20-р байрны тэнд байж байтал хохирогч *** тэрэнгээр явж өнгөрсөн чинь *** *** руу чи муухай хараад байна уу пизда минь гэтэл *** тэгээд би чамруу яаж харах юм гэтэл *** ***ыг очоод нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгсэн чинь *** ***ыг дараад газарт унагаасан. Тэгэхээр нь би очтол *** миний хувцаснаас татсан. Тэгхээр нь би гар луу нь өшиглөөд үргэлжлүүлэн ***ын нуруу руу нилээд хэдэн удаа цохисон. ...Тэгтэл *** ***ыг барьж аваад би гомдолтой цагдаа дуудна гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/,
 
             Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим найз охин ***ыг шинэ хорооллын 2 дугаар байрны хажууд хүлээж байхад 2 үл таних залуу ирж байхаар нь нэг нь *** сүүлд нэрийг нь мэддэг болсон. Намайг юугаа хараад байгаа юм бэ гэсэн, тэгэхээр би тэр залууруу чамайг яаж харах ёстой юм гэхэд шууд үгийн зөрүүгүй миний уруу л руу гараараа цохихоор нь би ***ыг тэвэрч унагаагаад 2 удаа гараараа цохихоор нь ***ыг тэвэрч унагаагаад 2 удаа гараараа шанааруу нь цохисон. Тэгэхэд цаанаас нь *** гэх банидтай хамт явсан саяханаас таньдаг болсон *** гэх залуу нь ирж миний цээжрүү өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад ***ын хувцаснаас нь зуураад авсан чинь *** *** 2 бүлэглэн *** нь миний биеийн гар хөл рүү гар хөлөөрөө цохиж харин *** нь миний биеийн толгой нуруу хөл хэсэг рүү өшиглөж тал талаас маань цохисон. Энэ үед миний баруун нүдний хөмсөг орчимоос цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

             Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ажил тарах болсон байсан учир хогоо хаях гээд гарахад найз залуу *** замын цаанаас Хишигээ нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь би арай болоогүй байна гэж хэлсэн. Тухайн үед *** 3 хүнтэй зогсож байсан буцаад ажил руугаа ороод цүнхээ аваад зам гарч *** руу очиход зодуулчихсан байсан. Тэгээд би яасан юм бэ юу болсон бэ гэхэд энэ 2 залуу намайг муухай харлаа гээд зодчихлоо гэж хэлээд 2 үл таних залууруу заасан. Тэгэхээр нь би аль нь зодсон юм бэ гэхэд энэ 2 нь зодсон гээд 2 согтуу залуу руу заасан, хажууд нь бас 1 өндөр ах байсан. Намайг очиход тэр ах энэ 3 зодолдож байхад ах нь салгалаа гэсэн. Би тэр хоёр залуугийн нэрийг одоо ч гэсэн мэдэхгүй. Намайг очиход нэг улаан малгайтай залуу байсан. Тэр нь олон юм яриад байсан. ...Тэр 2 залуу явуулчих иргэний үнэмлэхээ орхиод явчихъя гээд байсан. Тэгэхээр нь *** бид 2 үгүй гээд тэр залуугийн хувцаснаас бариад цагдаа ирэхийг хүлээж зогссон....” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хуучин хорооллын 20 дугаар байрны орчим зодоон болж байна яаралтай яваад оч гэсэн. Тэгээд яваад очтол нэг өндөр залуу 1 бандийг бариад авсан, тэр залуу ярихдаа энэ банди найзтайгаа намайг зүгээр явж байхад муухай харлаа гээд зодсон гэсэн. Тэгээд би зодсон гэх 2 залууг шалгахад хохирогч өөрөө тэр 2 бандийг зааж өгсөн согтуу байсан ба эрүүлжүүлсэн. Тухайн үед хохирогчийг эмнэлэгт үзүүл, цагдаад очиж мэдүүлэг өг гэж хэлээд явуулсан. Хохирогч бандийн уруул нь хавдсан байсан. Холбогдогч 2 бандийг нь сайн хараагүй ээ, тэгээд дараагийн дуудлага гараад яараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

    Шинжээчийн 2015 оны 01 дгээр сарын 20-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт “... ***ын биед хөмсөгөнд шарх, сорви, уруул, нүдний салстанд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГТЗЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашдийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. /хэргийн 31 дүгээр хуудас/
    
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64, 75 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ***, *** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 20 дугаар байрны гадна 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***, *** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 16 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 21 дүгээр хуудас/ нарын мэдүүлэг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны 
өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 
Иймд шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэд нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах  үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч ***, *** нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно. 

            Шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
            Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж,  нийгмийн хэв журам ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус   тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***од 3 /гурав/ жил 1 /нэг / сар  хорих ял,   шүүгдэгч  ***т  3 /гурав/ жил 10 /арав/ хоног  хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 3 жил 1  сарын  хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3. жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10.хоногийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг  ***, *** нарт мэдэгдсүгэй.

    6. Шүүгдэгч ***, *** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэээр үргэлжлүүлсүгэй.

    
7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн
304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

               
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА