| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 221/2025/0040/З |
| Дугаар | 221/ШШ2026/0012 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/ШШ2026/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч З.Ганзориг, Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Д.Б
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Н.Э, Б.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Б нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 221/2025/0040/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Д.Б нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Өмгөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Жагсаалт, Төлбөрийн хэмжээ, Төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 04 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ын 5.6 дах хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 04 дугаартай "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" тогтоолын, хавсралт №3-аар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг баталсан байна. Энэ журмын 5.6 дах хэсэгт “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг ЭМБ-д төлнө. Монгол Улсаас бусад улстай байгуулсан Нийгэм хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална" гэж заасан байна. Дээрх заалт нь Олон Улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг дараах байдлаар зөрчсөн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсаар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдээлснээр 06 дугаар сарын байдлаар 682 гадаадын иргэн тус Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Мөн дээр дурдсан захиргааны хэм хэмжээний актын маргаан бүхий заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “нийтийн эрүүл мэнд” гэх ойлголтод хамаарч байгаа гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолуудын тайлбараар өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийг тухайлан тайлбарласан байдаг учраас өмгөөлөгчийн хувьд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Үндсэн холбогдох захиргааны хэм хэмжээний актын заалт, ОУ-ын гэрээ конвенц, Үндсэн хуулийг хэрхэн яаж зөрчсөн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.", Мөн Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн арван 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.” гэж тус тус заасан байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд "Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй" гэж заасан. "Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт"-ын 12 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг хүлээн зөвшөөрнө” гээд 12 дугаар зүйлийн 2-д авах арга хэмжээг (а. нялхсын эндэгдлийг багасгах, хүүхдийн эрүүл чийрэг өсөлтийг хангах; в. гадаад орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйг бүх талаар сайжруулах; с. халдварт өвчин, тухайн нутгийн өвчин, мэргэжлийн болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тийм өвчинтэй тэмцэх; б.өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох;) гэж заасан. "Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц"-ын 11-12 дугаар зүйл заасан зохицуулалтууд, “Хүүхдийн эрхийн тухай конвенц"-ын 25 дугаар зүйлд заасан утга, агуулга, хүрээ хязгаарын хүрээнд ойлгож, хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн, харьяалалгүй этгээдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх нэгдүгээрт Монгол Улсын иргэний нэгэн адил байх ёстой. Хоёрдугаарт эрүүл мэндийн эрх бол хүний бусад эрхтэй салшгүй холбоотой, хосолмол шинжийг агуулсан үндсэн эрх юм. Хэрвээ үндсэн эрхтэй салшгүй холбоотой эрх биш гэж үзвэл гадаадын иргэний хувьд тэр хүний эрхийг хязгаарлахдаа заавал хуульд заасны дагуу хязгаарлах ёстой юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно" гэж заасан. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өөрсдийн баталсан журмаар гадаад улсын иргэний эрхийг хязгаарлаж байгаа нь эрх зүйн баримт бичгийн эрэмбийн хувьд, хууль хэрэглээний хувьд ч зохисгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасан. Хүн ам гэдгийг нийгмийн шинжлэх ухаанаар тодорхой газарт нутагт амьдарч буй нийт хүнийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэхүү заалт Монгол Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүй гэсэн агуулга юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "даатгуулагч" гэж энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг", ойлгохоор заасан. Мөн энэ хуулийн 4.4-т Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэггүй гадаад улсын иргэн сайн дурын даатгалд хамрагдах боломжийг хуулиар олгож өгсөн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас оношилгоо, эмчилгээний хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгуулагчид төлүүлэхээр зохицуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нөхөн төлүүлэх зохицуулалт бол 2 асуудал байдаг. Нэг нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэнд, нөгөөх нь эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний улмаас хохирсон эрүүл мэнд, түүнтэй холбоотой тусламж, үйлчилгээний даатгалыг нөхөн төлүүлэх зохицуулалт Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд байдаг. Тэгэхээс биш Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хэрэглэж байгаа шиг тусламж, үйлчилгээ авсны дараа буцааж төлбөрийг ЭМБ-д буцааж төл гэх үүрэг бол Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд аль хуулиар олгогдоогүй эрх байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг хуульчилж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх", 60.1.6 дах хэсэгт “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус заасан. Миний маргаж байгаа журмын заалт нь уг хуулийн 2 зохицуулалтыг зөрчсөн. Нэгдүгээрт хуулиар хязгаарлаагүй хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан. Хоёрдугаарт Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд тухайлан 80 хувь, 20 хувь гэж гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийн сайн дурын даатгалын санхүүжилтэд халдах эрхийг хуулиар олгоогүй гэж харж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Жагсаалт, Төлбөрийн хэмжээ, Төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 04 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын ямар төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах, хэдэн төгрөгөөр хэрхэн яаж хөнгөлөгдөх зэргийг жагсаалтаар жагсаасан байдаг. Нийт 700 тусламж, үйлчилгээний төрөл байдаг. Үүний 561 хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, 37 амбулаторийн үзлэг, хяналт, эмчилгээ оношилгоо, шинжилгээ, 5 түргэн тусламж, 2 зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ, 55 өдрөөр үзүүлэх тусламж үйлчилгээ, 11 сэргээн засах тусламж үйлчилгээ, 1 хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, 17 уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ, 4 сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ, 7 яаралтай тусламж үйлчилгээ зэрэг байгаа. Эдгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс 349 төрлийн нь 1,000,000 төгрөг хүрэхгүй үнийн дүнтэй үйлчилгээнүүд, 250 төрлийн 1,000,000-5,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үйлчилгээ байдаг. Эдгээрээс эрүүл мэндийн даатгалаар хамгийн бага хөнгөлөлт үзүүлдэг үйлчилгээ гэвэл зайн анагаах ухааны үзлэг зөвлөгөө бол 10,000 төгрөг байгаа, мэс заслын боолт 13,000 төгрөг, эрүүл мэндэд нөлөөлж буй нөхцөл байдлын үнэлгээ 15,000 төгрөг, зарим өвчний үзэг 20,000 төгрөг зэрэг байна. Бидний хэлдгээр түргэн дуудах үйлчилгээ бол зайнаасаа шалтгаалж ойрын дуудлага гэж 25 км хүртэлх зайтайг үздэг. Ойрын дуудлага бол 49,000 төгрөгийн үнэтэй. Яаралтай тусламжийн үйлчилгээг тухайн эрүүл мэндийн шалтгаан ангиллаас шалтгаалж 7 ангилсан байдаг. Хамгийн хөнгөн түвшин нь 25,000 төгрөгийн үнэтэй, хамгийн хүнд түвшин нь 1,560,000 төгрөг буюу А зэрэглэлийн ангилалтай гэж үздэг. Мөн тусламж үйлчилгээний төрөлд жирэмсний хяналтын тусламж үйлчилгээ, хүүхдийн шүд амны хөндийн урьдчилсан сэргийлэх тусламж үйлчилгээ, шүдний тусламж үйлчилгээ, тулай, мухар олгойн өвчин, уушгины хатгаа, багтраа, толгойн ил шарх, сүрьеэ өвчний өвчний хяналт, хүүхдийн арьсны булаа, хатги, мундас гэх мэтчилэн хүмүүсийн эрүүл мэндэд өдөр тутамд тулгарч байдаг болон өдөр тутамд тулгардаггүй ноцтой өвчнүүд ч гэсэн бүгд тусгагдсан. Эдгээрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ гээд Легалинфо.мн /legalinfo.mn/ сайтад байдаг захиргааны хэм хэмжээний актад тодорхой дурдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Өнөөдөр гадаадын иргэд, харьяалалгүй этгээд зэрэг хүмүүс Монгол улсад хөдөлмөр эрхлэхгүйгээр оршин сууж байгаагийнхаа хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авъя гэж байгаагийнхаа хувьд сайн дураараа даатгалд хамрагдах боломжтой, гэтэл хамрагдсан даатгалынх нь 80 хувийг хууль бусаар Эрүүл мэндийн байгууллагад буцаан төл гэж байгаа нь тухайн хүмүүсийн эрхэм мөн чанарт халдаж байгаа гэдгийг дурдмаар байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэж заасан байгаа. Үндсэн хуулийн оршил хэсэг бол тухайн улс орны хөгжлийн чиг баримжаа байдаг. Үндсэн хуулиараа Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно, хөгжүүлнэ гэж заасан. Энэ утгаараа гадаадын иргэн, харьяалалгүй этгээдүүдийн эрүүл мэндийн даатгалыг хязгаарлах нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна”,
4. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хариу тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д: "Монгол улсын үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол улсын нэгдсэн олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлалт тогтоож болно" гэж заасан. Түүнчлэн "Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль"-ийн 7-р зүйлийн 7.1-д "Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно" гэж заасан. Дээрх хуулийн заалтууд нь хүний салшгүй эрхээс бусад эрх /эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах/-ийн хувьд гадаадын иргэнд хязгаарлалт тогтоож болсон эрх зүйн үндэслэл болж байна. Манай улс нь Оросын холбооны улс, Чехословак, БНСУ, Унгар зэрэг олон улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тухайн улстай нь хоёр орны хооронд хэрэгжих гэрээ, хэлэлцээрийг батлуулан ажиллаж байна. Тухайлбал, БНМАУ, ЗСБНХУ /Орос улс/-ын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хоёрдугаар зүйлд "Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч аль нэг тал нь нутаг дэвсгэр дээрээ байнгын оршин суугаа хэлэлцэн тохирогч нөгөө талын иргэдийг нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны бүх асуудлаар өөрийн иргэдтэй адилаар үзнэ", наймдугаар зүйлд "эмнэлгийн тусламж хэлэлцэн тохирогч аль нэг талын нутагт оршин суугаа хэлэлцэн тохирогч нөгөө талын иргэнд өөрийн иргэдэд тогтоосон журмаар эмнэлгийн тусламж үзүүлнэ" гэж заасан. Энэ нь манай улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн салшгүй бусад эрх /эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах/-д хязгаарлалт тогтоохгүй олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу зохицуулагдаж болохыг нотолж байна. Энэ бол олон улсын түвшинд хэлэлцээр байгуулсан улсуудын гадаадын иргэний хувьд үйлчилж байгаа заалт байгаа юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т: "... гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулж болно", Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүн амын бүлэг гэсэн 6 дугаар зүйлийн 6.4-т "... гадаадын иргэн, харьяалалгүй хүн" гэж заасан нь гадаадын иргэн, харьяалгая хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөөд, эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангагдана. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь дараах хууль, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж байна” гэв.
4. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гадаад иргэний хувьд 20, 80 хувийн харьцаатай байх нь зөв” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Д.Б нь “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан гаргажээ.
2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г, хоёрдугаар хавсралтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга”-ыг, гуравдугаар хавсралтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ыг, дөрөвдүгээр хавсралтаар “Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ыг, тавдугаар хавсралтаар “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун”-г тус тус шинэчлэн баталж, уг тогтоол батлагдсантай холбоотойгоор тус зөвлөлийн 2024 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 06 дугаар тогтоол, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 14 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгожээ.
3.1. Дээрх тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээний төрлийг тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулах худалдах авах зориулалтаар эрүүл мэндийн даатгалын санд улсын төсвөөс шилжүүлж нэгтгэсэн сангаас санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулжээ.
3.2. Уг журмын 5.6-д “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг ЭМБ-д төлнө. Монгол Улсаас бусад улстай байгуулсан Нийгмийн хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална” гэжээ.
3.3. Өмгөөлөгч Д.Б нь “... журмын 5.6 дахь хэсэгт 80 хувь гэж заасан нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гадаадын иргэн, харьяалалгүй иргэний төлсөн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоох эрхийг хуулиар олгоогүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Формаль эрх зүйн шаардлагын тухайд:
4.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Сангийн яам болон Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг батлах эрхтэй этгээд байна.
4.3. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 01/429 тоот албан бичиг, мөн өдөр Сангийн сайдад хүргүүлсэн 01/430 тоот албан бичгүүдээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”, “Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын төслүүдэд тус яамнуудаас гаргасан саналыг хэрхэн тусгасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн байна.
4.4. Улмаар хуулийн дээрх шаардлагыг хангаснаар маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7154 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар хэвлэлд нийтлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/09 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл уг журмыг батлах эрхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
4.5. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”, 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.3-д “тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”, 60.1.5-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, 60.1.7-д “тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх”, 60.1.8-д “бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх”, 60.1.9-д “баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, 60.1.10-д “хуульд заасан бусад шаардлага” гэж тус тус заасан.
4.6. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоол нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.12, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус баримталсан, тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам” нь хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн, шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөөгүй, хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэсэн буюу захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
4.7. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д “Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно”, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно”, 7.4-т “Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үүрэг хүлээнэ” гээд 7.4.6-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж тус тус заасан.
4.8. Маргаан бүхий Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6-д “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг ЭМБ-д төлнө. Монгол Улсаас бусад улстай байгуулсан Нийгмийн хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална” гэж заасан нь гагцхүү гадаад улсын иргэн болон харьяалалгүй даатгуулагч буюу Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар сайн дураар даатгуулж буй иргэнд хамааралтай зохицуулалт бөгөөд уг асуудлаар бусад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр байгаа бол гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтлахаар хуульчилжээ.
4.9. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Монгол улсын иргэн ч бас гадаадад эмчлүүлэхдээ төлбөр төлдөг. Жишээлбэл, Чехословак улсад 3 сар эмчлүүлэхэд 1000 евро, 6 сарын хугацаагаар эмчлүүлэхэд 2000 евро, дахиад 6 сарын хугацаагаар сунгуулахад 2000 евро төлдөг. Энэ манайтай гэрээтэй улсууд мөртөө Монгол улсын иргэн Чехословак улсад эмчлүүлэхээр очихдоо төлж байгаа төлбөр юм. Тэгэхээр аль ч улс орон өөрийнхөө даатгалын санг бүрдүүлэхтэй холбогдуулаад эмнэлгийн байгууллагад төлсөн төлбөрийг эмнэлгийн байгууллагууд өөрсдийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байгаа. Үүнийг аваад өөр зүйлд зарцуулж байгаа асуудал биш. Даатгал, шимтгэлийн төлбөр төлж байгаа гэдэг нь тусламж, үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэсэн хэрэг биш. Эдгээрийг салгаж ойлгох хэрэгтэй” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй.
5. Материаллаг эрх зүйн шаардлагын тухайд:
5.1. Материаллаг шаардлага нь актын агуулгын буюу хэм хэмжээний актыг батлан гаргахад үндэслэл болсон хуулийн зүйл заалт нь хүчин төгөлдөр эсэх, бодит байдалд болон хуулийн зорилгод нийцсэн эсэхээр тодорхойлогдоно.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, 64 дүгээр зүйлийн 64.3-д “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, 64.4-т “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
5.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь маргаан бүхий хэм хэмжээний актыг батлах гаргахдаа дээрх хуульд заасан ажиллагааг хийж, гүйцэтгэсэн, нөлөөллийн шинжилгээ хийсэн, холбогдох төрийн байгууллагуудаас санал авч, тусгасан болох нь тогтоогдож байх ба хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тухайд:
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
6.2. Нийтийн ашиг сонирхлыг буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс өмгөөлөгч Д.Б нь өөрийн нэрийн өмнөөс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд нийцсэн, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шүүх үзсэн.
6.3. Захиргааны хэрэг шүүхэд 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй”, 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8.захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
6.4. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсэгт гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлөхөөр журамласан нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын хуримтлалыг эрсдэлээс хамгаалах зорилготой, олон улсад тогтсон практик байна.
6.5. Маргаан бүхий заалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гадаадын иргэний эрх зүйн байдлыг дордуулсан, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул журмын холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “... гадаадын иргэдийн хувь 80/20 хувь гэсэн нь зөв гэж үзэж байна. Бид нар ч гэсэн адилхан эрүүл мэндийн даатгалаа төлөөд, эмчилгээ үйлчилгээгээ авдаг. Гадаадад очсон ч гэсэн иргэн хүн биш болж байгаа учраас адилхан л байх ёстой гэдэг үүднээс хариуцагч талын зөв гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасныг шийдвэрт үндэслэл болгосныг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.12, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, өмгөөлөгч Д.Бэс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН