Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2019/0011

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, шүүгч Д.Зоригтбаатар, Ч.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: иргэн Б.Тгийн нэхэмжпэлтэй

Хариуцагч: Төв аймгийн З Дад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн З Дын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, хариуцагч Төв аймгийн З Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжпэгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Т миний бие Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийг тохиролцооны дэлгүүрээс эхлэн 25 жил тогтвортой ажиллуулж байна. Манай "Шинэ оргил төв" XXК нь 042817067 дугаар бүхий "Спиртийн өндөр агууламжтай" согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулан "Хэрэглэгч- Хаан" үйлчлүүлэгч, худалдан авагчиддаа үйлчилдэг. "Архидан согтуурахтай тэмцэх" тухай хуулийг орон нутагтаа бид хэрэгжүүлэн ажилладаг. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтад заасан "Аймаг, нийслэлийн З Да, чөлөөт бүсийн захирагч харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын цагийн хязгаарыг тогтооно" гэж заасны дагуу Төв аймгийн З Дын 2018.05.16-ны өдөр А/340 дугаар бүхий захирамж аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгддөг. Аймгийн З Дын гаргасан энэхүү захирамж нь хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн оронд "Хэрэглэгч Хаан"-ы үйлчлүүлэх эрхийг зөрчөөд зогсохгүй бидний тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхэнд маань халдаж Монгол улсын хуулиас давсан захиргааны хэм хэмжээний акгыг тулган мөрдүүлж байгааг бид эсэргүүцэж байгаа юм. Дээрхи захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх хэсэгт "Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гарагт" архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэсэн заалт нь Монгол улсын хуулиас давсан, эрхээ хэтрүүлэн ашигласан, хуулиар эрх олгогдоогүй хориглосон заалт болжээ. Энэ хориглосон заалтаас болж 1 сард 5 хоног, жилд 2 сар буюу 60 хоногийн хугацаанд хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлийн эрхээ эдэлж чадахгүй, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот /Улаанбаатар хотод согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаар байхаас хориглосон өдөр байдаггүй/ Төв аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт оршдог учраас нийслэл хот руу орох, гарах бүх замын хөдөлгөөн зүг найман зовхистоо манай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөс гадна орон нутгийн болон гадаад, дотоодын жуулчид, ажил хэргээр явдаг хүмүүс, овоо тахилгад өргөл өргөх, сархадтай ном уншуулах сүсэгтэн, архичин нэртэй өдөр болгон архины хэрэглээтэй иргэд, худалдагч нарын хооронд үл ойлголцох байдал байнга гарахаас гадна зарим сарын 1-ний өдөр, лхагва гараг дараалсан 2 өдөр таарах тохиолдол гарах, улс орон даяар тэмдэглэлт баярын өдрүүд таарах нь элбэг байдаг нь маш их хүндрэлтэй. Иймд уг захирамж нь бодит амьдралд нийцэхгүй байгаа нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

 

Тиймээс орон нутгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид 2018 оны 8 дугаар сарын 17- ны өдөр мөн 2019 оны 04 дүгээр сарын 3 ны өдөр Төв аймгийн З Дад уг захирамжийн зохих заалтыг хүчингүй болгох шаардлага тус тус гаргасан боловч З Да шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд ханд гэдгээ аймгийн телевизүүдийн өмнө бидэнд амаар хариугаа өгсөн.Тиймээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн З Дын гаргасан "Цагийн хязгаар тогтоох тухай" А/340 дугаар бүхий захирамжийн хавсралтын 1 дэх хэсэгт Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт" архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэсэн заалт нь миний хуулийн дагуу эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн эрхэнд хууль бусаар халдсан, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн, хуулиас давсан захирамж болсноос гадна хэд хэдэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд "Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно". Үүнд тус хуулийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно";

Өрсөлдөөний тухай хуулийн 13.2 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллага, орон нутгйин өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байх бөгөөд тус хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.1-д "Аж ахуй эрхлэгчдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан"

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд болон "Цагийн хязгаарлалт тогтоох тухай" захирамжийнхаа агуулгатай нийцээгүй;

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтын "З Да эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана";

Мөн дээрхи хуулийн 29.1.6 дахь заалтын "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх"

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын "Аймаг, нийслэлийн З Да, чөлөөт бүсийн захирагч харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно"

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармаклпей, жор түүнчлэн хууль тогтоомж гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй" гэсэн заалт зэргийг тус тус зөрчсөн байх тул Төв аймгийн З Дын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Цагийн хязгаар тогтоох тухай" А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох "Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт" архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжпэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн З Да намайг Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дараа иргэдээс санал асуулга авсан. Монгол улсын хууль хориглоогүй байхад хориглосон заалт гаргачихаад түүнийгээ ард түмэнд тайлбарлахгуйгээр санал авсан. Энэ нь өөрөө хууль бус зүйл хийж байна. Тайлбар дээрээ сар болгоны 01-ний өдөр гэж байгаа. 7 хоног болгоны лхагва гарагт гэх байтал сар болгоны 01-ний өдрийг саналын хуудас дээр орхисон байгаа. Тооллогын комисс байгуулсан юм шиг байгаа юм. Надад мэдэгдээгүй, миний нэр орчихсон байсан. Бид хоёрыг дуудаад тооллогын комиссод ороод тоол гэсэн бид хоёр оржтоолохоос өөр арга байхгүй. Комисс байгуулсан бол бидэнд танилцуулж, ямар асуудлаар санал авахаа зөвшилцөх хэрэгтэй. Энэ хориглосон заалтаас болоод 1 сард 5 хоног, жилд 60 хоног болж байгаа. Тусгай зөвшөөрлийг анх удаа авахад 800.000 төгрөг, сунгуулахад 200.000 төгрөг байдаг. Ийм шийдвэр гаргаж байгаа бол тусгай зөвшөөрлийн үнийг хасаж өгөх ёстой. Улаанбаатар хотод 3 дахь өдөр гэсэн асуудал байдаггүй. Улаанбаатар луу орж гарч байгаа бүх зүгт Төв аймгийн нутгаар дайран өнгөрдөг. Тийм учраас тэр үйлчилгээг Төв аймагт байх ёстой. Ганц өдөр архи худалдаалахыг хорьчихсон чинь бидний орлого 40%-иар буурсан. Хөдөө гадаа салхинд гарахдаа бүх зүйлийг нэг дороос авах сонирхолтой. Худалдан авагч нарын хуулиар олгосон эрх бүгд зөрчигдөж байгаа. Хүний хэрэглээг хорино гэдэг одоо үед утгагүй байна гэжээ.

 

Нэхэмжпэгчийн өмгөөлөг Б.Сэндэнпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны нэхэмжпэлийн шаардлага нь захиргааны актыг хүчингүй болгох шаардлага байсан. Нэмэгдүүлсэн шаардлага нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Одоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар уг захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн эхнийхээ шаардлагаа дэмжээд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байна. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн З Дын А/340 тоот цагийн хязгаар тогтоох тухай захирамж гарсан. Энэ захирамжийн 1 дүгээр хэсэгт “аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай гэсний хавсралтын сар бүрийн 01-ний өдөр болон 7 хоног болгоны Лхагва гарагт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэсэн заалт орж ирсэн. Энэ заалт оруулж ирснээр миний үйлчлүүлэгч Б.Тгийн спиртийн өндөр агууламж бүхий согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлөөр авсан эрхийг зөрчиж байна. Энэ зөвшөөрөл 2017 оны 02 дугаар сарын 23-нд аваад 2019 оны 02 дугаар сарын 23-наас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 2 жилээр сунгагдсан. 042316067 гэсэн тоот байгаа. Үүгээр худалдаалах эрхийг зөвшөөрсөн байтал энэ хавсралтын 1 дэх заалт зөвшөөрсөнөөс бусдыг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийг хүчингүй болгох хүсэлтэй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн иргэн хуулийн этгээд хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй гэж үзэж байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд цагийн хязгаарыг тогтоож болно. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд мөн цагийн хязгаарлалтыг тогтоож болно гэж заасан. Цагийн хязгаарлалтыг тогтоох асуудал дээр маргаагүй. Худалдах, худалдаалахгүй байх асуудал дээр энэ асуудал үүсээд байгаа. Хавсралтын 2, 3 дахь заалттай маргаагүй. Тухайн байгууллагын нээх, хаах цагийг зохицуулсан гэж ойлгож байгаа. Гэтэл сар болгоны 01-ний өдөр болон 7 хоног болгоны Лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэдэг нь хориглосон заалт болж байгаа. Худалдаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл худалдан авсан эрхтэй холбоотой эрх зөрчигдөж байна. Тусгай зөвшөөрлийг тодорхой үнэ төлж авдаг. Сард 5 хоног, жилд 2 сар орчим хязгаарлагдаж тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, хохирч байгаа. Төрийн байгууллагууд ойлгохдоо согтууруулах ундаан зардаг гэж үзэж байгаа боловч 12 градусын спиртийн агууламжтай пиво орж байгаа. Энэ талаар 70 гаруй худалдаа эрхлэгч нар 2 удаа З Дад хандсан байдаг. Аймаг 18000 хүн амтай. Гэтэл үүний 1 хүрэхгүй хувиас санал асуулга авсан. Бүх хүмүүс хамрагдаж чадаагүй. Процессын асуудал дээр маргаагүй. Судалгаа хийж захиргааны акт гаргах гэж байгаа бол бүх хүмүүст мэдээлэл өгч, бүх хүмүүсийг оролцуулах санал гаргасан бол энэ судалгаа арай өөрөөр гарах байсан гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зуунмод сумын иргэн Б.Тгоос Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтанд: "б.б.Аймаг, нийслэлийн З Да, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тоггооно" гэж , Захиргааны ерөнхий хуулийн 64.1-т "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална." гэж заасны дагуу Төв аймгийн З Дын "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар"-ыг тогтоох тухай захирамжийн төслийг боловсруулсан. Захиргааны ерөнхий хуулийн 61-р зүйлд заасны дагуу Төв аймгийн З Дын 'Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар тогтоох тухай" захирамжийн төсөлд нөлөөллийн шинжилгээ хийсэн. Мөн захирамжийн төслийг боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62-р зүйлд заасны дагуу 2018.02.20-ноос 2018.03.30-ныг хүртэлх хугацаанд 27 сумдын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдийн дунд хэлэлцүүлж санал авах ажлыг зохион байгуулах талаар сумдад албан бичиг хүргүүлж, худалдаа эрхлэгч 314 хүн, иргэд болон төрийн албан хаагч 1393 хүн, нийт 1707 хүнийг хамруулсан хэлэлцүүлэг санал асуулгыг явуулахад захирамжийн төслийн дагуу 7 хоногийн лхагва гаригт болон сар бүрийн 1-ндхориглох заалтыг 940 хүн буюу 55,06 хувь нь дэмжиж, үлдсэн 44,94 хувь нь сар бүрийн 01-нд 1 удаа болон сард 2-3 удаа хязгаарлах гэсэн саналтай байсан. Зуунмод Заамар зэрэг дэлгүүр үйлчилгээний цэг олонтой сумдууд долоо хоногт нэг удаа цагийг хязгаарлахыг санал асуулгад оролцогчдын олонхи нь дэмжээгүй байсан болно. Мөн архидан согтуурахтай тэмцэх талаар тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг 6 байгууллагаас бичгээр санал авахад захирамжийн төслийг 4 байгууллага дэмжсэн болно. Аймгийн хэмжээнд "Элэг бүтэн Төв аймагчууд" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, "Нийгмийн эрүүл мэндийн өдөр" бий болгон амжилттай хэрэгжиж байгаа, "Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх хяналт тавих" аймгийн хөтөлбөр"-т архины хэрэглээг бууруулах, хязгаарлахаар зорилт тавьсан, иргэдийн зүгээс архины хэрэглээг бууруулах, хязгаарлах талаар арга хэмжээ авахыг шаардаж байгаа, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгаа, согтуугаар хүчирхийлэл дарамт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж, эдийн засгийн дарамт, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн зөрчил их гарч байгаа, зам тээврийн осол зөрчил ихсэж байгаа зэрэг шалтгаан нөхцөлийг зайлшгүй харгалзан үзэх нөхцөл шаардлага үүссэн. Иймд аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрүүдийн зорилт болон иргэдийн олонхийн саналыг харгалзан согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх өдрийн тоог нэмэгдүүлэх, цагийг богиносгох шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд "Цагийн хязгаар тогтоох тухай" аймгийн З Дын А/340 дүгээр захирамжийг 2018 оны 05 сарын 16-ны өдөр баталж, Захиргааны ерөнхий хуулийн 64.3- т заасны дагуу тус хуулийн 66.1-д заасан бүрдлийг ханган Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3975 дугаарт бүртгүүлсэн болно. Аймгийн З Дын 2018 оны А/340 дугаар захирамж нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд гаргаж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулан захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл болон \ллллл/.1едаНп?о.тп вэб хуудсанд албан ёсоор нийтлэгдэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болсны дараа 2018.08.17-наас эхлэн нийтээр дагаж мөрдүүлж эхэлсэн хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Мөн иргэн Б.Тгийн нэхэмжлэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7 дахь заалтуудын аль ч заалтыг зөрчөөгүй, илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн З Да Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заалтын дагуу хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох тухай захирамжийн төслийг 2018 оны 2 дугаар сард боловсруулсан. 3 дугаар сараас эхпэн 27 сумын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн болон иргэдийн дунд хэлэлцүүлгийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулсан байгаа. 27 сумаас эдгээр хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулсан дүнгээ нэгтгээд 2 удаагийн З Дын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сард А/340 дугаар захирамж гаргасан. Хэлэлцүүлгийн дүнг гаргахад хэдэн хэдэн санал гарсан. Зарим нь сард 1 удаа, сард 2-3 удаа эсвэл 7 хоног болгоны лхагва гараг гэх зэрэг саналууд гарсан. Зуунмод Заамар сумдад хүн амын төвлөрөл ихтэй, худалдаа үйлдвэрлэгчид нь олон хүн байсан. Эдгээр сумдаас сар болгоны 01-ний өдөр, сард 2-3 удаа хязгаарлана гэсэн саналууд илүү гарсан. Бусад 25 сумд нь захирамжийн төслийн дагуу явуулъя гэсний дагуу авч үзээд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонгох боломжийг хэрэглээд аймгийн нийт сумдын дүнг нэгтгээд иргэдийн олонх нь сар болгоны 01-ний өдөр болон 7 хоног болгоны Лхагва гарагт гэхийг дэмжсэн байдаг. Иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзээд энэ шийдвэрээ гаргасан. Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлж хянуулаад Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. 2018 оны 04 дүгээр сард иргэн Б.Т гомдол гаргасны дагуу аймгийн З Да уулзсан. Аймгийн худалдаа үйлдвэрлэгч нарын төлөөлөл цуглаад 6 багийн иргэдээс асууя гээд А/210 гэсэн захирамж гаргаад хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд Б.Т орсон. Өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв мөн орсон байгаа. Иргэдийн олонх нь дэмжээгуй учраас боломжгүй. Шүүхийн шийдвэрийг харъя гэсэн хариулт өгсөн. Захиргааны хэм хэмжээний актын хувьд Архидан согтуурах тэмцэх тухай хуулиар тусгайлан эрх олгосон заалт мөн гэж үзэж байгаа. Худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа үйл ажиллагаа биш. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг ард, иргэдийн эрх ашиг байгаа. Энэ 2 талын эрх ашгийг хэрхэн тэнцвэртэй болгох вэ гэдэг үүднээс захиргааны акт гаргах асуудал яригдана. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонгох боломжоор иргэдийн олонхын эрх ашигт чиглэсэн гэж үзэж байгаа. Энэ шийдвэр гарсанаас хойш Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн 2018 оны 1 дүгээр улиралд 37, 2019 оны 1 дүгээр улиралд 29 болж буурсан байгаа. Зөрчил 2018 оны 01 дүгээр сард 3570 гарсан бол 2019 оны 01 дүгээр улирлын байдлаар 3120 болж буурсан байгаа. Лхагва гарагт аваад үзэхэд согтуугаар саатуулагдсан хүн гэхэд 2018 оны 01 дүгээр улиралд 192 хүн саатуулагдаж байсан бол 2019 оны 01 дүгээр сард 168 хүн болж буурсан. Үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 онд 30 гарч байсан бол 2019 онд 21 болж буурсан байгаа гэсэн Цагдаагийн газраас авсан мэдээлэл байгаа. Цагийг хоногоор хязгаарласан гэж яриад байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д цаг хугацааг бодохдоо хоногийг 24 цагаар тоолно гэж заасан. 2006 оноос хойш нийт 4 удаагийн согтууруулах ундааны цагийн хязгаарлалт тогтоосон шинжтэй шийдвэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан байдаг. 2008-2013 он хүртэл 5 жил 7 хоног болгоны Лхагва гарагт болон сар болгоны 10, 25-ны өдрүүд гэж шийдвэрлэсэн байдаг. 2013 оноос хойш зөвхөн сар болгоны 01-ний өдөр гэж нийслэлээ дагаад өөрчлөгдсөн байдаг. З Да өөрийн эрх ашгийн төлөө гаргасан зүйл биш. Төв аймгийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Монгол улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байгаа. Энэ эрхийг хуулиар дамжуулан олгосон эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлэх нь З Да. Аливаа зүйл 2 талтай байдаг. Худалдаа үйлдвэрлэгчдийн эрх ашиг тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа нь үнэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжпэгч иргэн Б.Т шүүхэд хандан “Төв аймгийн З Дын 2018 оны дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээрхи маргаан бүхий актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн боловч шүүх хуралдаанд энэхүү өөрчилсөн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Төв аймгийн З Да 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалтаар “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийг сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй” гэсэн /ХГ хязгаар тогтоож шийдвэрлэжээ.

 

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрхи А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй" гэсэн заалт нь Монгол Улсын хуулиас давсан, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн, цагийн хязгаар тогтоох биш хориглосон заалт тул бидний хуулийн дагуу эзэмшиж байгаа Спиртийн өндөр агууламж бүхий согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлөөр авсан эрхэнд хууль бусаар халдсан шийдвэр байна гэж, хариуцагч нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн 6.5-д заасан З Дын бүрэн эрхийн хүрээнд согтууруулах ундаа худалдах . . . цагийн хязгаарыг тогтоосон болохоос нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөөр олгогдсон согтууруулах ундаа худалдаалах эрхийг хааж, хориглоогүй, олон нийтээс санал асуулга авсан, нийтийн эрх ашигт нийцүүлж гаргасан захирамж гэж тус тус маргажээ.

 

Шүүх нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлага буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

Нэхэмжпэгч Б.Т нь Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнийн баталгаажуулсан аймгийн З Дын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/97 тоот захирамжаар олгогдож,

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2 жилээр сунгагдсан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр 042316067 дугаар бүхий “Спиртийн өндөр агууламжтай” согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн дагуу Шинэ- Оргил 2 хүнсний дэлгүүрээр согтууруулах ундаа худалдаалж иржээ. Энэхүү тусгай зөвшөөрлөөр согтууруулах ундааг худалдах эрхийг 2 жил тутамд сунгахаар тогтоосноос биш худалдах хоног, өдөр, цаг хугацааг тусгайлан зааж тогтоогоогуй байна.

 

Харин Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн /2015оны 06 дугаар сарын 11-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн/1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа . . . худалдах, /үйлчлэх/ . . . үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.5-д "Аймаг, нийслэлийн З Да, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална." гэж тус тус зааснаас үзвэл Төв аймгийн З Да хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрхи захиргааны хэм хэмжээний актыг гаргажээ.

 

З Да нь дээрхи А/340 дугаартай захирамжаа гаргахын өмнө уг захирамжийн төсөлд нөлөөллийн шинжилгээг явуулж, 27 сумын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн болон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг авсан, архидан согтуурахтай тэмцэх талаар тусгайлсан чиг үүрэг бүхий 6 байгууллагаас бичгээр санал авсан болох нь хавтаст хэрэгг авагдсан маргаан бүхий захирамжийн төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний танилцуулга, сумдуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны зөвлөлийн дарга болон З Дын Тамгын газрын дарга нарт хүргүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 21 -ны өдрийн “Шийдвэрийн төсөлд санал авах тухай” албан бичиг, саналын нэгтгэл дүн зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах” гэсэн заалтуудтай нийцэж байна.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянаж, бүртгэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас уг актыг мөн хуулийн 64.4-д заасны дагуу Л6 Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлж улмаар 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ" гэж заасны дагуу 60 дугаар зүйлд заасан “Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага, 61 дүгээр зүйлд заасан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх”, 62 дугаар зүйлд заасан "... төсөлд санал авах” гэсэн шаардлагуудыг хангасан гэж үзэж улсын нэгдсэн бүртгэлд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3975 дугаарт бүртгэсэн болох нь талуудын тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” сэтгүүл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд маргаан бүхий актыг эрх бүхий байгууллага дээрхи хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох хуульд заасны дагуу зохих ёсоор хянаж, аливаа зөрчилгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэн хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий аюын хавсралт хэсгийн цагийн хязгаарлалтыг тогтоох асуудал буюу 2, 3 дахь заалттай маргаагүй, 1 дэх заалт буюу сар болгоны 01- ний өдөр болон 7 хоног болгоны Лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй гэж хориглосон заалт нь худалдаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн эрхийг хөндөөд байна гэсэн тайлбарын үндэслэлийг дүгнэвэл:

 

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “Цаг хугацааг тоолохдоо 1 хоногийг 24 цагаар тоолно”, 33 дугаар зүйлийн 33.12-д “Гаригаар тогтоосон хугацаа тухайн товолсон гариг дуусах эцсийн цагт дуусна” гэж тус тус зааснаас үзвэл цаг хугацааг гаригаар тогтоох, нэг гариг нь нэг хоног буюу 24 цагаар тоологдох ёстой байх тул нэхэмжлэгчийн маргаж буй сар бүрийн 01-ний өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй байж болох ч долоо хоног бүрийн Лхагва гаригт худалдаалахгүй байх нь миний 042316067 дугаар бүхий “Спиртийн өндөр агууламжтай” согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрхийг хориглосон шийдвэр гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд харин Лхагва гариг буюу 24 цагаар согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх цагийн хязгаар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас . . . тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 38 дугаар зүйлийн 38.2.1-д “эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр”, 38.2.2-д “эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хожим бий болох үйл явдлаас хамаарч болох, эсхүл болохгүйг тогтоох”- ыг зохицуулахаар зааснаас үзвэл хариуцагч нь Төв аймгийн хэмжээнд болон улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх зэрэг олон шалтгаан нөхцөлүүд, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины хэрэглээг бууруулах, хязгаарлах гэсэн нийтийн эрх ашиг сонирхолыг хамгаалсан захиргааны хэм хэмжээний актын зорилт, агуулга нь мөн хуулийн 38.3-д заасан “нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Төв аймгийн З Дын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалтаараа нэхэмжлэгчийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37, 33 дугаар зүйлийн 33.7, 33.12, 64 дүгээр • зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тгийн “Төв аймгийн З Дын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                        Б.ХАЖИДМАА

ШҮҮГЧ                                        Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                        Ч.ОДСҮРЭН