Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0118

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0074/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт  *** холбогдуулан яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн 201409000809 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс захчин, тусгай дунд боловсролтой,  хүнсний технологич мэргэжилтэй,  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нөөцийн салбарын харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт  *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ***.   /РД: ***/

Шүүгдэгч ***нь 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 20 минутын орчим Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр баг Буурал толгой гэх газар Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөпдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэгт заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлийг хэрэглэх, хэрэв жолоочийн нүд гялбн зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрэл асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчиж уг замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч ***г мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа тараад 18 цаг 40 минутын орчимд Хонгороос Дархан руу хөдөлсөн ба тэр үед харуй бүрий болсон байсан. Дархан хаалганаас наашаа уруудаж явж байхад өөдөөс 2 машины гэрэл гялбасан, би гэрлээ ойрын зайд тавьсан явж байсан, тэгээд эхний машин өнгөрөнгүүт гэрлээ хол дээр нь шилжүүлсэн чинь  замын хажууд эхлээд эрэгтэй хүн харагдсан, цаашаа ахиулаад харахад замын голд эмэгтэй хүн харагдсан, тоормоз гишгээд зогсох боломжгүй учир тормоз гишгэж дарсан, тэгээд толиороо шүргээд зогссон ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
 
Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах улсын үрийн  нөөцийн ажлаасаа харуулаас буугаад өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашинтайгаа Дархан гэр рүүгээ явж байтал замд миний өөдөөс 2 машин ирж байхаар нь би гэрэлээ ойр дээрээ тавиад эхний машин зөрөхөөр нь хол дээрээ гэрэлээ шилжүүлэхэд зам дээр 2 хүн гэнэт нэг харагдсан. Тэгээд наад талд зогсож байсан хүнийг өнгөрөөгөөд цаана зогсож байсан хүн нь зам дээр хөндлөн гар утсаар ярьчихсан зогсож байсан. Тэгээд замын эсрэг талаас машин ирж байсан болохоор тормос гишгээд нөгөө хүнийг яах ч аргагүй шүргэсэн. Тэгэд замаа чөлөөлөөд зогсоод хартал эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд очтол хамт явж байсан залуу нь нөхөр нь бололтой согтуу нөгөө эмэгтэйг өвөр дээрээ тавьчихсан миний эхнэрийг авраач гэчихсэн сууж байсан. Тэгээд очход хамт явж байсан хүмүүсээ буулгаад нөгөө эмэгтэйг нөхөртэй нь хамт Дархан руу эмнэлэгт авч явсан. ..” гэх мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос автобусны үнээр жижиг тэргэнд нөхөр Буянтогтохын хамтаар Дархан гэр рүүгээ явсан. Тэгээд замдаа явж байгаад машины дугуй хагарч запас дугуйгаа солиод Төв аймгийн Баянчандмань орж хагарсан дугуйгаа янзлаад манай нөхөр дэлгүүр орно гэж яваад дэлгүүрийн үүдэнд 2 хүнтэй цаашаа хараад зогсож байсан. Тэгээд манай нөхөр архи үнэртүүлчихсэн халаасанд нь архины шил цухуйчихсан байхаар нь би нөхөр рүүгээ уурласан. Тэгээд машинд суугаад цаг гаран явж байгаад манай нөхөр бие засна, энд зогс гээд бие засаад тамхи татчихаад машинд суухдаа архи үнэртүүлчихсэн орж ирж суусан. Тэгээд замдаа явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараа ороод хүнсний дэлгүүр дээр зогссон. Тэгээд манай нөхөр дэлгүүр рүү орж надад жижиг ус аваад бас том шилтэй архи халаасандаа хийчихсэн харагдаж байсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөөд хэсэг явж байгаад замын хажуугаар дагасан хашааны хажуу талд 3 залуу зогсож байхаар нь харалдаа зогсоод өгөөч гэж жолоочоос гуйгаад тэр 3 залуу дээр очиж уулзаж халаасандаа байсан архийг гаргаж ирж уугаад байхаар нь би нөхөр рүүгээ уурлаж хурдал гэж хэлэхэд одоохон гээд гүйгээд ирсэн. Тэгээд би эгчийн охин *** руу залгаж 16 цаг 39 минут болж байхад Баруун хараа өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Дархан хаалга өнгөрөөд постноос Улаанбаатар талдаа байрлах улаан яндан хараад жолоочийг зогсож бай, бид хоёр энд буулаа гээд цүнхнүүдээ аваад буусан. Тэгээд баруун гартаа утсаа бариад зүүн талын гарандаа гар цүнхээ бариад Улаанбаатарын зүг рүү харахад нэг жижиг тэрэг өнгөрөөд дотор нь дүүрэн хүнтэй байсан. Тэгэхээр нь ер нь машин олдохгүй юм байна гээд дүү *** руу залгаад нөхөр бид хоёрыг ирж аваач гэж хэлчихээд цаг хархад 17 цаг 35 минут болж байсан. Тэгээд засмал зам гарчихсан утсаар яриад явж байхдаа Улаанбаатар зүг рүү харахад цагаан өнгийн жижиг тэрэг нэлээд зайнаас ирж явсан. Тэгээд нөгөө тийшээ хараад утсаа баруун талын халаас руугаа хийгээд баруун талын гарнаасаа зүүн талын гарандаа цүнхээ бариад нөгөө машинаа харах гээд зүүн тал руугаа хартал яах ч аргагүй машин ирээд мөргөсөн. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/,

Гэрч  *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан руу тоёота приус маркийн автомашинтай явсан. Тэгээд Улаанбаатар холоос холгүй зам засвартай шороон замаар явж байгаад машины дугуй хагарсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань ороод хагарсан дугуйгаа засуулах хооронд би дэлгүүр ортол намайг таньж байна гээд нэг залуу уулзсан. Тэгээд тэнд тэр залуутай 0,33 граммтай Хараа архи авч уусан. Тэгээд дугуй засуулж дуусаагүй байхаар нь дахиад 0,33 граммтай Хараа архи авч тэндээ уусан. Тэгээд машиндаа суугаад явж байгаад замдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дээр хүрч очиж тэндээс дэлгүүрээс дахиад 0,75 граммтай Улаанбаатар гэх архи аваад машиндаа суугаад Баруунхараа өнгөрөөд замтай ойрхон дэлгүүрийн гадна зогсоод гадна саадан дотор нь нөгөө архиа талд нь ортол уусан. Тэгээд Улаанбаатараас гараад 3 удаа машин зогсооож бие зассан, тэгээд Дархан ойрхон харагдаж байсан болохоор эхнэртэйгээ цуг машинаас буусан. Тэгээд машинд суух гээд гар өргөтөл нэг машин хурдтай дайвалзаж чахрах дуу гарахаар нь хартал зам дээр нэг хүн хэвтэж байсан, тэгэхээр нь очоод үзтэл манай эхнэр хэвтэж байсан. Мөргөсөн машин нь манай эхнэрийн хэвтэж байсан газраас 10-12 метрийн зайтай зогсож байсан. Тэгээд намайг очиход хамаг хувцас нь сөхөгдсөн, цус болсон ухаангүй хэвтэж байсан. Тэгээд нөгөө машиныг зугтааж болохгүй шүү эмнэлэг явна гэж орилсон. Тэгэхэд машинаас хүн бууж ирэхгүй хэсэг хугацаа болоод урд хоёр хаалганаас 2 залуу бууж ирсэн. Тэгээд машиныхан ар талаас хүмүүс нь буугаад би эхнэрээ тэврээд 1 залуу хөлнөөс нь бариад машинд суугаад эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг  болж байхад Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Улсын үрийн нөөц буюу ажлаасаа харуул Г*** эзэмшлийн ***улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашинд тогооч *** нарын хамтаар Дархан гэр рүүгээ явсан. Тэгээд Дархан хаалга өнгөрч уруудаад явж байтал замын эсрэг талаас тод гэрэлтэй хоёр машин гэрэлээ шилжүүлэхгүй ороод ирсэн. Тэгээд эхний машин өнгөрөөгөөд гэрлээ шилжүүлэхэд бид нарын явж байсан эгнээний голд зам хөндлөн гарч явж байгаа бололтой эмэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Бас наад талд нь нэг эрэгтэй зам дээр зогсож байсан. Тэгээд жолооч эмэгтэйгийн араар тойроод эсрэг урсгалын зам руу орох гэтэл өөдөөс нь машин тулаад яах аргагүй эмэгтэйг шүргэсэн. Тэгээд 5-6 метрийн зайд зогсоод хархад мөргүүлсэн эмэгтэй замын голд уначихсан хажуу талд нь нөхөр нь бололтой нэг эрэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэйг шууд машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн  ...” гэх мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2014 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Улсын үрийн нөөцийн ажлаасаа харуулаас буугаад өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашинтайгаа Дархан руу гэр рүүгээ явж байтал замд миний өөдөөс хоёр машин ирж байхаар нь би гэрэлээ ойр дээрээ тавиад эхний машин зөрөхөөр нь хол дээрээ гэрлээ шилжүүлэхэд зам дээр хоёр хүн гэнэт харагдсан, тэгээд наад талд зогсож байсан хүнийг өнгөрөөгөөд цаана зогсож байсан хүн нь зам дээр хөндлөн гар утсаар ярьчихсан зогсож байсан. Тэгээд замын эсрэг талаас машин ирж байсан болохоор тормос гишгээд нөгөө хүнийг яах ч аргагүй шүргэсэн. Тэгээд замаа чөлөөлөөд зогсоод хартал эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд очтол хамт явж байсан залуу нь нөхөр нь бололтой согтуу нөгөө эмэгтэйг өвөр дээрээ тавьчихсан миний эхнэрийг авраач гээд сууж байсан. Тэгээд очход хамт явж байсан хүмүүсээ буулгаад нөгөө эмэгтэйг нөхөртэй нь хамт Дархан руу эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн №1208 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.***гийн биед баруун шагайн хоёр талын хавчаар ясны хугарал, хуйх болон дух, зүүн хөмсөг зовхинд шарх, хоёр зовхи баруун хацар баруун дал, хоёр бугалга баруун мөр хэвлий нуруунд цус хуралт, хамрын нуруу, эрүү, хэвлий, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн     чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй \ хэргийн 46 дугаар хуудас\
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр  сарын 19-ны өдрийн №1105 дугаартай дүгнэлтэд:
1.2.6. ***гийн биед 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн толгойн КТГ-ын шинжилгээнд нэмэлтээр зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, дух зулай дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 
3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
7. 2014 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 1208 тоот дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэжээ.\хэргийн 51-52 дугаар хуудас\,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.Шинжээч Эмч *** гаргасан 2014 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 1208 тоот дүгнэлт, мөн шинжээч эмч Номинцэцэгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1105 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 
2.***гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун шагайн гадна, дотно хавчаар ясны далд хугарал, хуйх болон дух зүүн хөмсөг зовхинд шарх, хоёр зовхи баруун хацар баруун дал, 2 бугалга, баруун мөр хэвлий нуруунд цус хуралт, хамрын нуруу, эрүү, хэвлий, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. \хэргийн 111-112 дугаар хуудас\,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 
1.***гийн 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын Монгол Хьюндай эмнэлэгт үзүүлж авхуулсан баруун хөлийн тавхайн зурагт долоовор, дунд\2,3-р\ хурууны шивнүүрийн бүрэн мултрал гэмтэл учирсан байх ба шагайн үений мултрал гэмтэл тогтоогдсонгүй. 
2.***гийн биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун шагайн гадна дотно хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн тавхайн 2,3-р шивнүүрийн бүрэн мултрал, хуйх болон дух зүүн хөмсөг зовхинд шарх, 2 зовхи баруун хацар, баруун дал, 2 бугалга, баруун мөр хэвлий нуруунд цус хуралт, хамрын нуруу, эрүү, хэвлий, баруун тавхайд зулгаралт гэмтэл учирчээ. 
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна гэжээ.\хэргийн 223-225 дугаар хуудас\,
2014 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн №10.07.025.037 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт \хэргийн 56-58 дугаар хуудас\,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас \хэргийн 59 дүгээр хуудас\,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас\ хэргийн 72 дугаар хуудас\,
    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 9-10 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 18 дугаар хуудас/,
 Хохирогч ***гийн өвчний түүх /хэргийн 23-35 дугаар хуудас/,
Эм тарианы баримт, гэрэл зургийн үзүүлэлт, зардлын баримтууд \хэргийн 132-133, 134-138, 161, 170-182, 183 дугаар хуудас\ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 20 минутын орчим Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр баг Буурал толгой гэх газар Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  15 дугаар бүлэгт заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлийг хэрэглэх...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрэл асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”  мөн бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ  авна”  гэсэн заалтуудыг  тус тус зөрчиж, иргэн ***гийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
    
Шүүгдэгч ***нь хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул ялаас чөлөөлөх нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 72 дугаар хуудсанд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч *** нь эмчилгээний болон бусад зардлаа нэмэгдүүлэн  нийт 9 223 650 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатнаас өмнө төлөгдсөн 750 000 төгрөгийг хасаж, шүүгдэгч *** хавтаст хэргийн хэмжээнд нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний болон замын зардал 1 268 000 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх ирээдүйд гарах бусад зардлын талаар нотлох баримт бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан эд хөрөнгөгүй, Самсунг маркийн 800 000 төгрөгний үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хүчингүй  болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “В” ангиллын 262921 тоот жолооны үнэмлэхийг шүүгдэгч Г.Г***, компьютер томографийн зураг, Си ди зэргийг хохирогч ***д тус тус буцааж өгөхөөр шийдвэрлэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэд учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн  298.1.2-т зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэргийн хамт ирүүлсэн В ангилалын 262921 дугаартай жолооны үнэмлэхийг ***, компьютер томографийн зураг, Си Ди-г  *** тус тус шилжүүлсүгэй.
4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***эзэмшлийн самсунг маркийн 800 000 төгрөгний үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 144 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугээр зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *** 1 268 000 \нэг сая хоёр зуун жаран найман мянга\ төгрөг гаргуулж, *** тоотод оршин суух хохирогч ***д олгож, ирээдүйд гарах бусад зардлын талаар нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** авсан бусдын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ